2021.01.12

Тэмцэгчдийг төлөөлсөн зарим нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй уулзаж уржигдрын ярилцлагын талаар тайлбар нэхжээ. Хариуд нь, намайг огцруулах тухайд Үндэсний зөвлөлтэй ярь, Ерөнхий захирал ярилцлага хийж болохгүй гэсэн хууль байхгүй, төрийн өндөрлөгүүдийн ярилцлагыг тэд өөрсдөө зохион байгуулдаг учраас Херог оролцуулсан нь буруу биш, харин өөр телевизээр давтаж гаргасныг мэдээгүй, тэдэнд хэлнэ ээ гээд зүйл дуусгах шиг болов.

2021.01.11

Хамт олны тэмцэл дуусаагүй байна. Тэд Ерөнхий захирлын өчигдрийн ярилцлагыг эсэргүүцэн дотроо цуглаан маягийн юм хийж шууд дамжууллаа. Мэдээж телевизээрээ биш, нийгмийн сүлжээгээр. 

2021.01.10. 

Өнгөрсөн намар эхэлсэн МҮОНРТ-ийн ажиллагсдын тэмцэл үр дүнгүй шувтарч байх шиг. Үндэсний зөвлөл дахиад л УИХ-ын гишүүдийн тааллаар сэлбэгдэж, Ерөнхий захирлаар эрх баригч намын шилдэг ухуулагч томилогдож ирэв. Бүх юм хуулийн дагуу явагдсан гэж байгаа. Юун нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол... 

Өнгөрсөн Ням гаригт хөтөлбөр дайран орж ирсэн Ерөнхий захирал, Ерөнхийлөгч хоёрын ярилцлага бол зөвхөн эхлэл. Амралтын өдөр Ерөнхийлөгчийн Херо студиэр тайз засуулж, Ерөнхийлөгч оффшорын асуудлаар ямар нэгэн ноцтой чухал мэдэгдэл хийхийг зарлан анхаарал татаж байгаад МҮОНРТ-ийн хоймрыг эзлэн авснаа Ерөнхий захирлын хувьд зарласан пиар ярилцлага байлаа. Ингээд Н.Дэмбэрэлийн ярилцлага хэмээх шинэ брэнд мэндлэв. Одоо салахгүй. Дараачийн сүртэй ярилцлагууд хөвөрч энэ байтугай элдэв юм хийнэ. Олон нийтийн радио телевизийн ухуулга сурталчилгаа дараачийн түвшинд гарна.  

Тэр ярилцлага Ерөнхий захирлын сэлфи сурталчилгаа учраас мундаг асууж харагдах гол зорилготой. Тийм учраас Ерөнхийлөгчөөр ямар нэгэн шинэ юм хэлүүлээгүй, лавшруулж нэхээгүй бөгөөд хариултыг дуулгавартай залгисан яриа. Сэтгүүл зүй биш пиар. Харин Ерөнхийлөгчийг тойрсон, түүнтэй холбоотой бүх сэдвээр асуулт хэлж амжсан, зөвхөн үүгээрээ МҮОНРТ-ийн сэтгүүлчдээс хавьгүй илүү байсныг хэлэх хэрэгтэй. 

"Ноцтой дүгнэлт хийх хэрэгтэй" гэж хэллэг бий. Үүнийг МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчдэд хандаж хэлэх нь зүйтэй. Энэ олон жил дарга, захирлуудаа дуулгавартай даган баясаж төрийн өндөрлөгүүд, сайд дарга нарын амыг сахин, заримдаа элдэв компани, мөнгөтэй эрхмүүдийг дагаж гүйсээр нэг мэдэхэд олон нийтийн телевизээ пиарчдад бүрмөсөн булаалгаж, сэтгүүл зүйтэйгээ хамт шахагдлаа шүү! Одоо үлдээд байгаа цорын ганц гарц бол "редакцийн хараат бус байдал" гэж яриад байдаг тэр юмыг чадвал олж авах. Бие даасан хуультай, түүгээр хамгаалагдсан хэрнээ хууль муу, дарга загнаад байна, дээрээс зөвшөөрөхгүй, сүлжээ, төлөвлөгөөнд оруулахгүй гэж гомдоллохоо болих. Мэдээж үүрэг даалгавар биелүүлж хий гэснийг хийнэ, гэхдээ бас өөрсдөө санал гаргаж санаачилдаг байх, тэдгээрт оруул гэсэн хүмүүсийг оруулна, хэлсэн асуултыг нь тавина, гэхдээ өөрсдөө мэдээд асуухаа асууна, бүр асуухгүйгээр сурвалжилж сурах цаг болсон. Тус байгууллагын тухай хуулийн 5.1-д "Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" гэж бичиж өгөөд 15 жил өнгөрчээ. Жишээлэхэд, улс төрийн намуудын, 2020 оны сонгуулийн санхүүжилтийг Монгол Ардын намаас эхлэн эрэн сурвалжилж яагаад болохгүй гэж? 

2021.01.09.

Сүүлийн үед Монгол улсын архивын баримт материалыг Хятадын талд бодлогогүйгээр өгсний улмаас шүүмжлүүлж, бусад сэтгүүлчдийн эрэн сурвалжлагын гол баатар болсон Соёлын сайд С.Чулууныг хамгаалах ажлыг олон нийтийн телевиз нэлээн холоос, бодлоготойгоор хийлээ. Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа түүний хөтөлсөн монголын түүхийн цуврал нэвтрүүлгийг дахин нэг удаа үзүүлэхээс эхэлсэн.  

Тэгвэл өнөөдөр том хөзрөө дэлгэв. Саяхан хамт олны тэмцэлд нэгдэж "Та хариулахгүй байж болно" нэвтрүүлгийг хийснийхээ төлөө, зочин урьсныхаа төлөө ялсан намын удирдлагуудад зануулж, ажлаас халагдахдаа тулж байсан, ер нь МҮОНРТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм бэ” хэмээн хилэнтэйгээр  мэдэгдэж байсан сэтгүүлч Ш.Гүрбазарт ялсан намаас татгалзахааргүй санал тавьсан бололтой, тэрбээр нэвтрүүлгээ сэргээж буйгаа зарлаад, ганц хоёр сарын өмнө илүү дутуу юм ярьсан дутагдалдаа зөв дүгнэлт хийж ариун мөрийн замд орсноо илэрхийлэн Cоёлын сайдыг "бэлэгшээн" (өөрийнх нь үг) урьж өөдөөс нь харж байгаад хамрын самсаагаа шархируулж гарлаа. 

Ш.Гүрбазар бол монголын хамгийн алдартай сэтгүүлч, яруу найрагчдын нэг. Бүр домог болсон хүн. Харин үе үе үзэл суртлын фронтод дайчлагддаг нь байдаг л зүйл. Нэлээд хэдэн жилийн өмнө бас л олон нийтийн телевизээр өөр нэг том нэвтрүүлгийг эхлүүлж хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч нэгнийг тэнгэрт тултал магтаж өгөөд хаачихсныг санаж байна. Тэгвэл энэ удаад арай хэтэрхий нялуурсны заримыг буулгаснаа сонирхуулья. 

Ш.Гүрбазар: Би заримдаа гайхдаг юм. Би хувиасаа асууж байна шүү. Жаран хэдэн онд Чингисийн хөшөөг байгуулах гэж нэг хэсэг хүн бараг хэлмэгдэх нь хэлмэгдэж, эр зориг гаргаж байгуулж байсан, нэг хэсэг нь юу болж байгаа юм. Одоо нийгэм эдийн засгийн байгуулал гараад одоо ч Чингэсийн музей байгуулах гэхээр, одоо юу болоод байна гээд хашгираад байх юм. Дургүй хүчин гэж арай байдаг юм биш биз дээ, би бүр тэгж айгаад байгаа шүү.

С.Чулуун: Бараг хариулмааргүй юм байна наадахыг чинь... Бид нар энэ их хаандаа зориулж монголчууд газар нутаг дээр нь төр улсыг нь авч яваа үр хойч нь энэ хаандаа зориулж юм бүтээх нь зүйн хэрэг. Би бол энийг эсэргүүцэх битгий хэл энэний тухай бараг ярих эрхгүй гэж би боддог. Сөрж.

Ш.Гүрбазар: Би бол их өөрөөр ... бараг сэжиглэж шиг болж байгаа юм. Тийм дайсан байдаг л юм байх даа.

С.Чулуун: ... Үүнийг эсэргүүцэж ярих гэдэг бол бусдын өмнө бол бол ярихгүй ч байж болох юм. Би Монголын нийгмийг яг ний нуугүй хэлэхэд бол үнэ цэнээ нилээн алдчихсан_ энэ бол ний нуугүй хэлнэ.

Ш.Гүрбазар: Би таныг монголын түүхтэй холбоотой гаднаас маш их юмыг оруулж ирсэн буянтай гэж сонссон,  энэ үнэн үү? Тэндээс эндээс гэж хэлэхгүй байх л даа. Ер нь нэлээн юм авчирсан буянтан гэж сонссон шүү, үнэн үү?

С.Чулуун: Ямар ч байсан дэлхийн бол 20 гаруй орны 40 гаруй архивын номын санд би ажилласан Монгол хүн хөл тавиагүй тал нь. За 10 гаруй мянган хуудас материал авчирсан байж магадгүй.  Африкаас бусад бүх улс орон дээр монголын холбогдолтой дурсгал байдгийн.

Ш.Гүрбазар: Шинэ жилийн өмнөхөн нэг сайхан юм боллоо. Би оролцсоон Би энд хүнийхээ хувьд бахархсан, тэгвэл яг миний бодол шүү Тэр 5,6 цагийн хооронд тэгж монголын ард түмэн нэгдэж байна гэдэг юугаар ч үнэлшгүй үнэт зүйл ш дээ. Даарч байна уу, өвдөж байна уу, өлсөж байна уу, жаахан сэтгэл эмзэглэж байна уу, тийм биз дээ? Тэгэхэд тэр нэгдэл ямар гайхамшигтай юм бэ! Монголчууд нэгдэх юманд дээрээ юмуу, зөв юман дээрээ  ард түмэн яаж цугладгийг бахархсан. Энэ санаачилга хаанаас гарсан юм бэ? Эндээс жаахан юм асуух гээд ...

С.Чулуун : Соёлын яам үр хойчийнхоо төлөө гэсэн олон ажлыг хийх ёстой. Энэ бол манай үүрэг. Хүүхдийн асуудал бол хэн нэгний, хэн нэг байгууллагын, хэн нэгэн төрийн институцийн өмчлөлийн асуудал биш... Соёлын яам зохион байгуулалт хийж өгөөд энэ тоглолтыг хийсэн. Ийм том хэмжээний цар хүрээтэй тоглолт монголын түүхэнд болсныг би хувьдаа санахгүй байна, түүхч хүний хувьд.

Ш.Гүрбазар: Би ч бас ...

Ийм том ард түмнийхээ хувьд нэгдэж нэмэр хандиваа сэтгэлээсээ хуримтлуулж, үнэн сэтгэлээсээ, үр удмынхаа төлөө, үр хойчийнх төлөө нэгэн цэг дээр төвлөрсөн тохиолдлыг бас багахан санаж байна... Магадгүй 2008 оны олимпоос хойш ингэж нэгдсэн ч юм уу үгүй ч юм уу монголчууд.

Ш.Гүрбазар: ... Тэгтэл энэ дээр ийм юм гараад байгаа.  Хүүхдийн төлөө фондын хандив цуглуулах ажлыг танай яамны ажлын хүрээнд хамрагдахгүй гэж нэг хэсэг хүмүүс ярилаа даа,  бас

С.Чулуун: Хүүхдэд урлаг хамаагүй биш. Тэр урлаг соёл чинь монголын нийгмийн бүх давхаргынханд хамаардаг юм. Хүүхэд Соёлын яаманд хамаагүй юм чинь, бас Уул уурхайн яаманд хамаагүй л дээ. Уул уурхайн яаманд орсон ашигт малтмалын мөнгийг хүүхдэд хамаагүй гэвэл больчих л доо... Манай урлаг соёлынхон ч гэсэн урам зоригтой байгаа Харин урам зоригийг нь жаахан тос биш ус хийх ийм байдал л харагдаад байгаа.

Ш.Гүрбазар : Эвгүй сэтгэгдэл төрсөн. УИХ-ын эрхэм гишүүн Энхбаяр гуай ш дээ, ажил хэрэгч болгож түмэнд хүргэлээ ш дээ: мөнгө угаасан гэмт хэрэгтэн бол Чулуун бол мөнөөсөө мөн,бараг хариуцлага тооцоо. улс төрийн хариуцлага тооцоо гээд тэнд нэг хүн төрийн хэвлэл дээр үзэл бодлоо илэрхийлээд байхад таны үзэл бодлыг сонсох ёстой л доо

С.Чулуун : Хүүхэд, соёл хоёроор улс төр хийж болохгүй. энэ хоёр бол тоглоом биш. Сэтгэл зүрхээрээ оролцсон монгол туургатан, дэлхийн энэ одуудыг битгий доромжил. Монгол туургатан бол соёл, хүүхэд хоёрын төлөө л бидэнтэй нэгдсэн юм ш дээ. Ахиж энэ хүмүүс чинь харж байгаа, үгүй ээ энэ Монголд яагаад юм хийж болдоггүй юм бэ, яагаад нэмэр болж болдоггүй юм. Үндэстэн дамнасан доромжлол болж байгаа байхгүй юу... Монголын хүүхэд, ирээдүй болсон хүүхдийн төлөө зохион байгуулсан ажил маань УИХ-ын гишүүн Энхбаярын хэлсэн мөнгө угаах шинжтэй гэмт хэрэг гэж хэлсэн нь хэрвээ нотлогдвол би хариуцлага хүлээж чадна. Хэрвээ намайг нотолж чадахгүй бол энэ хүн өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Ард түмний чин сэтгэлээсээ өгч байгаа тав, арван төгрөгийг гэмт хэргийн шинжтэй мөнгө гэж хэлж байгаатай адилхан. Ард түмнээс сонгогдчихоод ард түмний сайхан сэтгэлээр хийж байгаа үйлийг гутаан доромжилж болохгүй ээ. Энэ бол хариуцлагатай хүнээс гарч боломгүй үг. Ялангуяа хуульч хүмүүс улс төрийн том албан тушаалтай, албан тушаал хашиж байсан төр толгойлж байсан ийм хүмүүс нулимс унагаснаа дурсаж ийм юм ярьж болохгүй ш дээ

Ш.Гүрбазар : Энэ улс төр нийгмийн зүтгэлтэн,  эд нар яагаад ингээд цочив оо?

С.Чулуун: Гэнэт ийм сайхан зүйл бүтээчихнэ гэж бодоогүй байлгүй, тэгэхээр цочирдоно ш дээ хүн. Гэнэт ард түмэн нэгдээд, төр засаг нь дэмжээд, тэгээд урлаг соёлынхон нь Монголд байдаггүй гадна дотныхонтойгоо  нийлээд,  ард түмэндээ сайхан шинэ жилийн бэлэг барьчихлаар чинь зарим хүн цочино ш дээ.

Ш.Гүрбазар: За за би зүгээр яг үнэндээ өөрөөс чинь энэ хариултыг авах гэсэн юм, сэтгүүлчийнхээ хувьд. Тэгээд нэг сайхан үйл явдлыг ... юмаар арилгамааргүй байна. Би монгол хүнийхээ хувьд, өдий насны хүнийхээ хувьд монголчууд цөөхөн үедээ их цугладаг их сайхан үйл явдал болсон. Энэ тэгээд учир зүй олдох байх ... ард түмэндээ хайртай байгаа. Хүүхдийн төлөө,  соёлын төлөө зөв юм бодсон байхад миний санаа бол буян ... гэдэгт итгэлтэй байгаа.... Нэлээн тийм юу учраас би танаас асуусан юм. Урилга авч ирсэнд баярлалаа. Жаахан тийм. Уг нь соёлын тухай сайхан юм яримаар байсан юм. Дараа уулзаж ярья. Түүхч хүн түүхэндээ хайртай, соёлын сайд соёлын сайддаа хайртай. Энэ хоёр юмандаа үнэнч байхад болно биз дээ. Соёл түүх нэг л юм даа... Монгол улс сайхан болно доо....

С.Чулуун :  ... Дахиад ч тоглоно. Манай урлаг соёлынхон хүчээ нэгтгэнэ. Яаж юм бүтээж болдогийг Соёлын яам соёл урлагийн салбарынхантайгаа харуулна аа.

Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг эсэргүүцсэн, Чингэс хааны музейг барих бол энд биш, одоо биш гэж шүүмжилсэн хүмүүсийг шууд л дайсан хэмээн цоллоод энэ талаар илүү дутуу юм бодож ч болохгүй гэж байна шүү! Гаднаас архивын олон материал оруулж ирснээ тоочсон нь Хятад руу гаргаснаа цаагуураа зөвтгөлөө. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж Хүүхдийн төлөө фонд нэрээр телевизийн шоу зохион байгуулж, дотоод гадаадын урлаг соёлынхныг эрх мэдлээрээ хуйлруулж байгаад төрийн бус байгууллагын данс руу хууль бусаар хандив цуглуулсныг УИХ-ын нэг гишүүн  шүүмжилсний өөдөөс цод цод гээд зогсохгүй салаавч харуулсан гүйцэтгэх засаглалын Чулуун сайд бол бүр дээрээс шидсэн чулуу. Бямба гаригийн оргил цагаар, хөтөлбөрт зарлахгүйгээр.            

2021.01.07,08

Номхон (дөлгөөн гэсэн утгаар) далайд хэн ч хөлөг онгоцыг залж чадна, шуурга эхлэхээр хэр далайчин болох нь танигддаг. Ердийн үйл явдлыг мэдээлэхэд ядаад байх юмгүй. Харин эгзэгтэй асуудлаар хэрхэн дуугарч байгаа нь тухайн телевизийн чадлаас гадна байр суурь, хараат бус байдлыг харуулдаг.

Нэгдүгээр сарын 6-ны "Цагийн хүрд"-ээр Солонгос Улсад гацсан монгол иргэд Сөүл дэх ЭСЯ болон консулын хэлтсийн байранд суулт хийж байгааг тусгай сурвалжлагчаараа дамжуулан үзүүлсэн нь олон нийтийн телевизийн хувьд энэ сэдвээр бараг анх удаа зориглосон хэрэг. 11-р сарын тусгай үүргийн нислэгээр ирэх гээд чадаагүй тэдний яриаг үзүүлж сонсгосноос гадна солонгосын визийн журмыг зөрчиж саатуулагдсан дөчөөд монгол иргэн нутагтаа ирэхийг хүсч өлсгөлөн зарласныг мэдээлэв. Харин тэднийг авчрах асуудлыг ОБЕГ тусгаарлах байрны нөөц ба халдварын байдлыг харгалзан шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг араас нь залгав.   

Дэлхийн баян ядуу ямар ч улс өөрийн иргэдээ заавал татан авсан, манайд ч гэсэн урин дулааны улиралд багтааж авчрахыг бүгд шаардаж ирсэн бүх хугацаанд олон нийтийн телевиз сайд дарга нарын няцаалтыг дамжуулахаас хэтрээгүй байснаа одоо хожимдсон ч гэсэн дуугарсан бол сайн хэрэг. 

Яг энэ үдэш Солонгосоос буусан огт зарлагдаагүй онгоцоор гадаадынхантай хамт хэдэн монгол, тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт багтсаныг "арилжааныхан" тэр дор нь илчиллээ. Маргааш нь эрх баригчид түргэн авч ирэх тун удалгүй Сөүл рүү тусгай үүргийн нислэг хийж суулт хийгчдийг авчрах болсноо зарлав. Үйл явдлын энэ бүх өрнөлийг маргаашийн "Цагийн хүрд" үргэлжлүүлэх нь үү гэтэл тэгсэнгүй. Нэг удаагийн зориг байжээ.  

Бас нэг зүйл. УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн тухай сурвалжлагаар М.Оюунчимэг гишүүн "...ажилчны төлөөлөл хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд" гээд сийхгүй авч байна.