2020.12.25.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн бараг тэн хагасыг УИХ-аас нөхөж  бүрдүүлсэн ч хуучин бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл нь шинэ Ерөнхий захирлыг сонгон шалгаруулжээ. Үүнийг хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийнхэн чимээ шуугиантайгаар эсэргүүцсэн боловч дийлдсэн байна.

Барагцаалбал дөрвөөс таван жилийн давтамжтайгаар дэгддэг энэ удаагийн тэмцлийн онцлог бол удаж төдөлгүй огцорсон өмнөх Ерөнхий захирлаас гадна Үндэсний зөвлөлийн эсрэг байсан явдал юм. Төчнөөн жил энд тухлан суусан хэрнээ ажиллагсаддаа хаалттай, нэр хүндгүй, юм л бол тэдэнтэйгээ хэрэлдсэн хүмүүс харагдлаа. Бодоод байхнээ МҮОНРТ-ийнхэн шиг аядуу, дуулгавартай сэтгүүлч, уран бүтээлчид Монголд алга. Улс төрийн томилолтоор ирсэн үе үеийн удирдлагууд намынхаа дайчин зэвсэг болгож, төрийн өндөрлөг, сайд дарга, яам тамгын газруудын эх захгүй сурталчилгаа хийлгэж, сувгийг нь тариф гаргаад компаниудад зарж байхад эсэргүүцлээ барилаа гэж сонсоогүй. Сая бужигнах үеэр, та нарын ямар нэвтрүүлгийг гаргахгүй цензурдэж байсан бэ гэсэн асуултын хариуд дорвитой юм дуугараагүй. Аа тийм, "Цаг үе, үзэл бодол"-д хэнийг урьж оролцуулахыг дээрээс зааж өгдөг гэсэн. Яг үнэндээ хэн ч оролцоод нэмэргүй усан ярилцлагууд билээ.

Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд болон шинэ Ерөнхий захирлыг сонгосон тухайд гэвэл эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа яг хашлаа. МҮОНРТ хэзээ ч зүүсэн нэр шигээ олон нийтийнх биш, зөвхөн төр засгийн, түүний цаана эрх баригч намынх байж ирсэн. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн телевизийг сул тавьж хэрхэвч болохгүй учраас УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд "Үндэсний зөвлөлд уг нь олон нийтээс сонгох ёстой л доо" хэмээн матрын хэд гурван нулимсыг цахимаар дуслуулж байгаад халааснаасаа найдвартай хүмүүсээ гарган Үндэсний зөвлөлд байршуулсан бол Ерөнхий захиралд шуудхан намынхаа шилдэг пиарчинг илгээв. Санал хуваах шинжтэй зарим нөхдийн нэрийг татуулжээ. Одоо эрхбиш шинэ хүн учраас шинэчлэл хийнэ, нэр хаяг зөндөө өөрчилнө, мөнгө олно, авна, том том төсөл, шоунуудыг бодож олно. Харин энэ бүгдийн цаана олон нийтийн өргөн нэвтрүүлгийн мөн чанарыг юун түрүүнд илэрхийлэх мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагуудын агуулга, зорилго өөрчлөгдөх үү?

Бид чадаагүйгээ засах гэж оролдохдоо хэрэглэдэг ганц аргатай. Тэр бол хууль гаргах юмуу хуулиа сайжруулах. УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ. Сая томилгооны сонсгол хийж байж Ерөнхий захирлыг сонгохыг уриалаад амаа алгадуулсан төрийн бус байгууллагууд бас тийм санал дэвшүүлсэн. Төсөв санхүүжилтыг баталгаатай болгох, шударга сайн хүмүүсийг өрсөлдүүлж сонгох, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах гээд яриа хөөрөө ундарна. Хэзээ нэгэн цагт хууль батална, хэсэг хугацааны дараа нь хэрэгжилт муу байгааг шүүмжилнэ, төдөлгүй өөрчлөлт оруулж шинэчлэхээр хөөцөлдөнө.  Харамсалтай нь аль ч салбарт, тухайлбал өргөн нэвтрүүлэг, тэр тусмаа олон нийтийн өргөн нэвтрүүлэгт хууль дангаараа юу ч биш гэдгийг 2005 онд ийм хуультай болсноос хойшхи арван таван жил харууллаа.

Хууль хэзээ ч билээ, харин түүнийг хүлээхгүйгээр өөрчлөлтийг хийх боломж олон нийтийн радио телевизийн уран бүтээлч, сэтгүүлчдэд өөрсдөд нь байна. Мэдээж цалин хөлсөө шийдүүлж авах хэрэгтэй, тэгээд өнгөрсөн хоёр сарын турш уриа лоозонгоо болгож тэмцсэн шударга, хараат бус нэвтрүүлгүүдээ хийж эхлэх цаг болжээ. "Цагийн хүрд" хэмээх ганц брэндээ ил далд ухуулга сурталчилгаанаас салгаж аврах. Олон нийтийн телевизийн сурвалжлагч заавал УИХ-ын гишүүн, сайд нарыг дагахгүйгээр бие дааж хөдөө орон нутгийг айхгүйгээр зорьж үзэх. Долоо хоногийн тоймоо “Ийгл” телевизийн 25 жилийн ойд зориулсан мэдээллийн хөтөлбөрийн саяхны тусгай дугаар шиг түвшинд хүргэх, тэгээд давж гарах.

Бага тойруу, Төрийн ордон, яам тамгын газар, төрийн өндөр албан тушаалтнууд болон мөнгөө төлөөд өөрсдийгөө гаргуулж чаддаг том том банк, компаниудаас гадна тэгэж чаддаггүй ч үгээ хэлж дуу хоолойгоо гаргах эрхтэй гурван сая иргэн, хэдэн арав, зуун мянган байгууллага байдагсан.

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлагийн бэлтгэж ирүүлсэн сурталчилгааг зогсоож тэднээр заалгахгүйгээр өөрсдөө нэвтэрч сурвалжилдаг болох. Нэрээ нуугаад сумаа тавьсан, сайндаа л "2020 он" гэх мэт  хаягтай, монголын бүх дэлгэцийг нэг үдэш гэнэтхэн дүүргэдэг захиалгат нэвтрүүлгийг цацахаа болих.

Хүсэл байгаад чадал хүрвэл том, тодорхой юм барьж авах. Дөнгөж сая илчлэгдсэн Ерөнхийлөгчийн офшор дансыг сөхөж харах, УИХ-аас баталсан 2021 оны төсвийн үрэлгэн зарцуулалт, тансаглалуудыг эздийнх нь нүүрийг улалзтал дэлгэх, Монгол Улсын өр хэд болсныг өглөө бүр цаг агаарын мэдээ шиг тоолж Тан улс шиг сануулж байх, сэмээрхэн мартагнуулж чадлаа гэж тэдний бодож байгаа ЖДҮ-гийн хэргүүдийг гүйцээх, Монголд нэг ч айл цахилгаан, усны үнийг тэглэх байтугай хямдруулаач гэж гуйгаагүй байхад Эрдэнэтийн бүтэн жилийн ашиг буюу бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгийг зольчихсон Ерөнхий сайдын ээлжит цочролыг задлан шинжлэх, шоронд бөөнөөр шахам хоригдож буй өмнөх гурван Ерөнхий сайд, бас бус экс сайдууд дээр очиж юм хэлүүлэх ...

Ингэж ажиллаад эхлэхэд захирлууд муухай харах гээд байвал редакцийн бие даасан байдлыг эхлээд эелдгээр сануулах, дараагийн удаад олон нийтэд хандаж чангахан дуугарах. Жинхэнээсээ эрэн сурвалжлага хийдэг болох, шаардлага гарвал "муусайн" арилжааныхан байтугай монголын бусад бүх сэтгүүлч мөрөөдөөд ч авч чадаагүй эх сурвалжаа нууцлах онц эрхээ эдэлсэн шиг эдлэх. За тэгээд цар тахал, хөл хорионы зуун асуудал, мянган сэдэв олон нийтийн телевизийг хүлээсэн мэт гарч ирэхгүй байх шиг.

Өмнөх хийж бүтээснээ үгүйсгэж мэдээж болохгүй. Түүх соёл, уран сайхны чиглэлийн уламжлал болсон хэдэн нэвтрүүлэг, тухайлбал, "Гэгээн үдэш"-ээ үргэлжлүүлэх. Заримыг сэргээх хэрэгтэй байж магадгүй. Мартсанаас, "Гэрэлтэй цонх" гэж нэвтрүүлэг хаачсан билээ?