Иргэн Б.Булган телевизээр ярилцлага өгөх эрхтэй юу? Түүний зүг шүүмжийн нүдээр харахын зэрэгцээ яагаад дотогш нь өнгийж болохгүй гэж? “УИХ-ын гишүүн С.Зоригтой хамтран амьдарч байсан Банзрагч овогтой Булган” гэж тэр өөрийгөө тодорхойлдог нь одоогоос зургаан жилийн өмнө, тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид бичсэн захианаас нь харагддаг. Охин Сийлэгмаагийнхаа ээж нь. Жирийн л эмэгтэй. Тэр захиандаа “тухайн аллагын үед 13-хан настай, эмээ өвөө дээрээ амьдарч байсан охин юу л дэвтэрт юм тэмдэглэж авна гэж юу байхав, хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй бол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсье” гэж ХЗДХ-ийн сайдад хаягласан нь сэтгэл хөндүүрлэм...

Одоогоос 26 жилийн өмнө тэр ердөө өнөө маргаашгүй Монголын хамгийн том эрх мэдэлтэй хүний эхнэр болох гэж байв. Гэтэл хэний ч санаанд оромгүй аймшигт аллагын улмаас Б.Булган эрх мэдэлт Тэргүүн хатагтай болох нь байтугай хамтран амьдрагчаа алдсан бэлэвсэн бүсгүй төдийгүй Ерөнхий сайд болох гэж байсан кандидатыг хөнөөсөн хэргийн хамжигч болон хувирах нь тэр. Б.Булган энэхүү аллагын шөнөөс эхлэн 14 хоног, дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-нд баривчлагдахдаа 10 сар хоригдож дарамт амссан. Яагаад тэр өчүүхэн бяцхан бүсгүй хүнийг баривчлахад масктай, буутай, камертай 20-иод хүн ажиллагаа явуулж, яагаад өөрийнх нь гаргаж өгсөн ам зурагаар тодорсон гэх Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, элдэв доромжлолд “хаяж өгөв”? Харин Б.Булганыг хоёрхон өгүүлбэр хэлэхэд Амгаланбаатар чимээгүй болсон гэдэг. Б.Булган ямар хоёр өгүүлбэр хэлээд түүний доромжлолыг аман дотор нь гацаасан бол гэдэг нь түүнийг улам ч сонирхолтой болгодог. Ямартай ч маш хатуу, ямар ч нөхцлийг даван туулах чадвартай, хүчтэй эмэгтэй гэдгийг эндээс харж болно.

Өнгөрсөн хугацаанд хохирогч, хамжигч, хамгийн гол нь “цор ганц гэрч” нэрсээр цоллуулсаар ирсэн Б.Булганы байцаалт С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдаж, хоригдож, эдүгээ суллагдах нь байтугай төрөөс 48.9 тэрбум төгрөгийг хохиролдоо нэхэмжлээд байгаа Чимгээгийнхтэй тун төстэй байсан гэдэг. Товчхондоо “Нотол! Үгүй бол ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэсээр хэцүүг давжээ. Чимгээ ч мөн адил. Гэтэл саяхны нэвтрүүлэгт оролцон ярьснаас нь хойш Б.Булганыг мөн ч муухайгаар доромжиллоо. Монголчууд бид гадна өнгөөр л дүгнэж таалагдуулах гэж “хүчирхийлдэг” гэдгээ өөрсдөө ч мэддэггүй юм байна. Яриан дундаа орос үг хэдэнтээ хэрэглэсэн, бачуурлаа анх удаа тайлан тэсрэхдээ хатуу хөтүү үг хэрэглэсэн, тэр ч байтугай хааяа инээсэн, хамгийн гол нь бидний эр нөхөр нь гэж бодож явдаг хүнийг “УИХ-ын гишүүн” гэсэнд ихэд шүүмжиллээ. Миний бодлоор бол харин ч шударга байгаа нь тэр биш гэж үү. 

Түүний хувьд “эр нөхөр, хань ижил” гэдэг үг бодит байдалд тохирохгүй байгаа болоод л тэгж хэлсэн байх. Яг үнэндээ бид Булганы гутлыг өмсөж Булганы замыг туулаагүй учраас зөвхөн сонсоод дотроо дүгнэх нь зөв биз ээ. Түүнээс биш иргэн Б.Булган телевизээр ярьсныхаа төлөө 26 жилийн дараа элдэв батлагдаагүй домгуудын төлөө, шүүхийн бус аргаар, дахин “яллагдах” ёсгүй. Түүний хэлсэн “Айцгаа” гэдэг үг айх зүйл байдгийг мэддэг болсон хүний үг. Мөн айлгах зүйлтэйгээ нэг цогц болсон, бусдыг айлгах чадалтай байгаагаа мэдэрсэн хүний үг л гэж мэдрэгдсэн.

Сонирхолтой нэг өнцөг гэвэл Б.Булганы шоронгийн тухай ярих, мэдүүлэг өгч байгаа байдал энэ бүгдээс нэг зүйл ажиглагдана. Тэр бол өөрийг нь шоронгоос гаргах “бараг үүрэгтэй”, харилцан хамааралтай маш том хүч гадна байгааг мэдэж байгаа хүний хандлага юм. Тэр бүсгүй бүхэл насаараа шоронд сууж болох байсан. Энэ тохиолдолдд бусад хүн бол бүх боломжоо ашиглан зайлсхийх байсан. Гэтэл Б.Булган тийм зүйл болохгүй, болох боломжгүй гэдэгт маш итгэлтэйгээр асуудалд хандаж ирсэн. Харин тэр “гадна байсан хүч” нь хэн, юу бол? Тэр хүч “амьд” учраас хариуцлага нэхсэн тэсрэлтийг харуулчихаад өнөөдөр та бидэнд элдвээр хэлүүлэн ямар ч үед өөрт нь “хань болж” үлдсэн янжууртайгаа зовлонгоо хуваалцаж суугаа биз ээ…Харамсалтай. Монголын ардчилал хүний эрхийг, хэрэг илрүүлэх үүргийг өнөөдрийг хүртэл тэнцвэртэй авч явж чадсангүй. Хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Хүний эрх гэхээр хэний эрхийг ярих, эс ярихаа Монголын ардчилагчид ялгаварласаар иржээ…Эмгэнэлтэй.