Намайг урьж, энэ лекцийг зохион байгуулан, танилцуулж буй Харвардын Их Сургуулийн дэд Ерөнхийлөгч, профессор Марк Иллиотс, Ардчилсан засаглал ба Шинэ санаачлагын Аш төвийн захирал, профессор Антони Сайч нарт болон нэвсийтэл орсон цасыг үл харгалзан зорин ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна.

Аливаа улс орны энх амгалан, элбэг хангалуун амьдрал нь иргэдийнх нь улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөнөөс эхтэй гэж би ойлгодог, тийм эрх чөлөөг бүрдүүлэхийн төлөө тэмцэх үүрэгтэй гэж би үздэг.

Улс төрийн эрх чөлөөг ардчилал, эдийн засгийн эрх чөлөөг чөлөөт зах зээл зөвхөн хангаж чадна. Ардчилал, чөлөөт зах зээл дээр шинийг бүтээх үйл явдал өрнөж буй улс оронд энх тайван, элбэг хангалуун амьдрал бүрддэг. Гагцхүү энэ чиглэлээр замнаж байж л улс орон хөгжинө.

Монголчууд бид азтай үндэстэн, учир нь бид энэ замд 28 жилийн өмнө гарсан билээ. Гэхдээ энэ зам бол тийм жигд, амархан биш, ихээхэн саад даваатай, донсолгоотой болохыг бид биеэр үзэж, улам бүр гүнээр ойлгож байна. Энэ тухай та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хүссэн юм. Миний амьдралын яг тал нь коммунист нийгэмд, тал нь пост коммунист нийгэмд өрнөж буй учир харьцуулах, дүгнэх зүйл их юм.

Коммунизм ба гучин жилийн өмнөх Монгол

Гучин жилийн өмнө өдийд би Женев нуурын эргээр удтал алхаж билээ. 1988 оны гуравдугаар сар. Коммунист системийн задран уналтын эхлэлийн дохио болсон “Прагийн хавар” эхлэж байв. Би Прагад Олон улсын оюутны холбоонд Монголын оюутны холбоог төлөөлөн сууж байсан юм. Энэ холбоо нь зүүний, коммунист баримжаатай орнуудын оюутны байгууллагуудыг нэгтгэдэг байв. Швейцарь нь миний очиж үзэж буй анхны капиталист улс байсан юм. Тэр орой Женев хотоор, надад бүх насаар ухуулан сурталчлаад байсан олон гуйлгачин, хүчирхийлэл, дээрмийг өөрийн нүдээр үзэх гэж зөндөө удаан алхав. Тийм юм болсонгүй, намайг хэн ч дээрэмдсэнгүй, ер нь төсөөтэй зүйл юу ч харагдсангүй. Нөгөө ялзраад, задраад байгаа капиталист систем чинь их тайван, амгалан, тансаг санагдав. Тэр үдэш маш их юм бодлоо. Бүх насаараа ташаа мэдээлэл авсан санагдлаа.

Төдөлгүй Прагад оюутны сүрт жагсаал болж, улс төрийн эрх чөлөө шаардсан иргэд нь дэмжив. Төдөлгүй Засгийн газар нь огцорч, коммунист намаа татан буулгав. Ийм үйл явдал социалист орнуудад ээлж дараалан болов. Монголд ч 1990 оны эхээр тохиов. Монголчууд Оросын цэргүүдийг хөөж, Оросын тусламж байхгүй болсон тул эдийн засгийн гүн хямралд орсноор улс төр, эдийн засгийн цоо шинэ тогтолцоог хайж эхлэв. Энэхүү ардчилсан хувьсгалд миний бие оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж оролцсон юм.

Социализм хувийн өмчийг үгүйсгэж, зөвхөн төрийн өмчийг л хүлээн зөвшөөрч байсан тул задрах ёстой байжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь бүх хэрэглээг, жишээ нь хэдэн ширхэг, ямар өнгөтэй цамц тус улсын иргэд өмсөхийг Засгийн газар мэддэг байлаа. Манай гэрт цагдаа ирж, ганц хоёр ээмэг бөгж хийн зарж амиа зуудаг байсан аавын маань дөшийг хурааж авч байсныг би санаж байна. Хувийн үйлдвэрлэл явуулж хууль зөрчсөн гэж хөдөлмөрийн багажийг хураасан нь тэр.

Төр засгийг улс төрийн товчоо нэртэй цөөхөн элит удирдаж, түрүүлээд гаргачихсан шийдвэрийг нь дөрвөн жилд нэг удаа цуглаж нэгэн дуугаар баталдаг 400 гаруй хүнтэй Ардын Их Хуралтай улс төрийн тогтолцоо байлаа.

1990-ээд оны эхээр Монгол улс Үндсэн хуулиа өөрчилж, улс төрийн ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон болох шилжилтийг эхлүүлэв. Энэ шилжилт маш түвэгтэй, алдаа оноогоор дүүрэн замаар явж ирлээ. Өнгөрсөн 28 жилд Засгийн газраа 14 удаа сольж, 13 жилд нь эдийн засгийн хямрал тохиосон юм.

Гучин жилийн дараа

Хоёр долоо хоногийн өмнө, буюу гучин жилийн дараа Женев нуурын эргээр дахиад алхаж таарав. Швейцарьт байгаа бүх машин монголд байдаг болжээ. Нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж энэ гучин жилд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, орчин үеийн шил толь болсон шинэ хот болсон. Гэхдээ Швейцарьт байхгүй юм бас бий болжээ. Тэр бол манай хотын замын түгжрэл. Монголчууд аль ч орны иргэдээс ялгагдахгүй сайхан хувцас хунартай, гоё ганган болов. Ганцхан хүмүүсийн амьдралын түвшин эрс ялгаатай болжээ.

Монголчууд олж авсан улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Бид ардчиллаа хөгжүүлж, чөлөөт эдийн засгаа ажиллуулж сураагүй байгаа юм. Ардчилал бол зөвхөн чөлөөт сонгууль, эдийн засгийн тусгай хөтөлбөр зэрэг ямар нэг үр дүн биш, харин тасралтгүй хөгжиж байдаг, иргэд төвтэй процесс юм. Ардчиллын суурь нь төр засаг биш, иргэд бид өөрсдөө гэдгийг бүрэн ойлгоогүй л явж байна.

Чөлөөт зах зээлийн зарчмаар төрийн өмч багасахын оронд улам томорч ирлээ. Төрийн өмчит компаниуд үнэндээ намын өмчит болчихов. Учир нь улс төрийн намдаа өгсөн хандивын хэмжээгээрээ мөнгөтэй хүмүүс эдгээр компанийг ил далдаар удирдаж, төр засгийн удирдах албан тушаалд өөрсдөө болон төлөөлөгчөө суулгадаг болов. Улс орныг авьяас чадвараар биш авлагатай хүмүүс удирдаж байна.

Чөлөөт эдийн засгийн амин сүнс болсон үнийг зах зээл биш, төр засаг тогтоож ирлээ. Улмаар төр засаг томорсоор, чөлөөт өрсөлдөөн хумигдсаар, авлига өссөөр байна.

Нийтийн хөрөнгийг завшсан тухай авлигын олон арван хэрэг зарлагддаг ч, төдөлгүй чимээгүй болчихдог жаяг тогтлоо. Эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхээ больж, хуулийг дээдлэх зарчим алдагдав. Шүүх засаглал улс төрөөс хараат болоод удаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал харилцан бие биенээ хянаж, засаглалыг тэнцвэржүүлж чадахгүй байна. Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг нь давхар Засгийн газрын гишүүн болж байна. Тэднийг монголд “давхар дээлтэн” гэдэг. Төрийн эрхийг ээлжлэн буюу эвсэн барьж ирсэн хоёр намын хооронд үзэл бодлын ялгаа арилжээ.

Ардчилал, чөлөөт зах зээлийн дуу хоолой болох ёстой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрчид, эсвэл тэднийг спонсорддог том банк, компаниудын гарт оржээ. Манайд 400 гаруй ХМХ байгаагийн 70 хувь нь улс төрийн өндөр албан тушаал хашиж буй, эсвэл хашиж байсан хүмүүсийн эзэмшил, нөлөөнд байна.

Чөлөөт эдийн засаг ажиллахгүй, төр засаг нь авлигад баригдаад ирэхээр гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, Засгийн газрын гадаад, дотоод өр нэмэгдсээр Монгол улс эдүгээ өрийн намагт хүзүүгээ тултал шигдээд байна. Засгийн газрын гадаад өр эдийн засгийн 70 хувьтай тэнцэх боллоо. Аргаа бараад ОУВС-аас ээлжит тусламж авсан нь өрийг хямдхан зээлээр нэмэгдүүлсээр байна.

Төр засаг үнийг тогтворжуулах, хэт хямд хүүтэй орон сууцны зээл олгох зэрэг үл гүйцэлдэх, популист хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор орон сууцны үнийг хөөрөгдөж, үндэсний валютыг үнэгүйдүүлэв. Сүүлийн гурван жилд ядуурал хүн амын 20 хувиас 30 хувьд хүрч өсөв. Манай ардчиллын гучин жилийн замнал нэг иймэрхүү.

Бодит байдал ийм байгаа ч ардчилал, чөлөөт зах зээлийн зам зөв гэдгийг монголчуудын дийлэнх нь дэмждэг. Харин бид төр засгийнхаа үйл ажиллагааг улам ил тод болгох, иргэдийн хяналтыг эрс нэмэгдүүлэх, хууль гарахаас өмнө өргөн нийтээр хэлэлцэх, авлигатай тууштай тэмцэх замаар ардчиллаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. 

Эдийн засгийн эрх чөлөөг улам нэмэгдүүлж, төрийн өмчийг хувьцаат компани болгох замаар хяналттай болгох, үнийг чөлөөлж, татварыг бууруулан эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.

Монголчууд бид хэцүү боловч зөв замаар тасралтгүй урагшилсаар байна.


Бостон хот. Массачусетс муж. АНУ
(Лекцийг бүтнээр нь энд дарж сонсоно уу)

2018.04.04