ХАР ХУНГИЙН АНАТОМИ  

Бүтэн мянга гаруй жилийн турш Газар дундын тэнгисийн дорно этгээдэд оршдог Syria Lebanensis буюу Ливан ууланд багадаа л тав зургаан угсаатан, шүтлэгтнүүд оршин сууж байв. Тус газар Ойрхи Дорнодоос илүүтэй Дундад тэнгисийн дорно зүгийн (Лэвант гэж нэрлэдэг) том хотуудтай илүү төстэй (тус нутгийн өндөр уулсыг мацаж давснаас хооронд нь тэнгисийн усаар зорчих илүү хялбар). Лэвантын хотууд цаанаа л нэг худалдааны өнгө аястай тул хүн ардууд нь ч өөр хоорондоо найрсаг харилцдаг болсон нь амар тайван худалдаа хийхэд тусалж байв. Эл амгалан байдалд нь үе үе лал, христийн шашинтнуудын дунд гардаг зөрчил саад болно. Эндхийн хотууд герег гаралтай худалдаачин ард ихтэй бол уулархаг нутгуудад нь Византи, лалын эрх баригчдаас зугтсан гэж ярьдаг бага шашинтнууд суурьшжээ. Аливаа эрх баригчдаас зугтахад уулархаг нутаг ер нь их тохиромжтой. Тэнд учрах цор ганц дайсан нь өөртэй нь ижил зугтаж, хэрсэн өөр дүрвэгч л байх болно. Сүлэлдсэн олон өнгийн соёл нь зэрэгцэн оршихын үлгэр жишээ болж байв. Бүх төрлийн христийн шашинтнууд энд бий (Маронит, армени, герег-сири маягийн византи ортодокс, Византийн католик, тэр бүү хэл загалмайн дайнаас хоцорсон зарим нэг ромын католик шашинтнууд ч бий). Дээр нь лалын шашинтнууд (шийт болон сунничууд); друзууд, болон зарим нэг жүүдүүд. Энэ нутгийнхан эв найртай байж сурсан. Сургуульд байхад биднийг Балканчуудаас ч мундаг, соёл иргэншилтэй, ухаалаг гэж заадаг байсныг санаж байна. Балканчуудыг усанд ч ордоггүй, хоорондоо байнга байлдаж байдаг гэж заадаг байсансан. Биесээ тэвчин, хөгжиж дэвжих хүслээс тэнцвэрт байдал үүсэж байжээ. Ташрамд дурдахад тэнцвэр, баланс хоёрыг ер нь хүмүүс их хольж, сольж хэрэглэдэг л дээ.

Эцэг эх минь хоёул герег-сири гаралтай. Хойд Сири дэх Византийн сүүлийн угсаатнууд гэсэн үг. Чухам ийм нутагт өнөөгийн Ливан гэдэг улс оршдог юм. Византичууд заримдаа өөрсдийгөө “ром хүмүүс” гэж нэрлэдэг байв. Нутгийн хэлээр бол “румчууд”. Бид Ливан уулын бэлд оршдог чидун жимс тариалагчдаас гаралтай бөгөөд манай өвөг дээдсийн тосгон байсан Амиун тосгоны нэрээр нэрлэгдсэн алдарт Амиуны тулалдааны дүнд бид христчин маронитуудыг уул өөд хөөж чаджээ. VII зуунд болсон арабын байлдан дагууллаас хойш бид лалын шашинтнуудтай худалдаа хийн амар жимэр амьдарч байгаа бөгөөд хааяа л уулнаас Ливаны христчин маронитууд бууж ирж асуудал уддаг юм. Арабын эрх баригчид, Византигийн хаадын хооронд байгуулсан зарим нэг гэрээ, тохиролцооноос болоод бид энэ хоёр талаар хоёулангаар нь хамгаалуулангаа хоёуланд нь алба гувчуур өгдөг болжээ. Ийнхүү ахиж нэг их цус урсгалгүй бид бараг мянга гаруй жил амьдарсан байх юм. Бидэнд тулгарч байсан сүүлийн том асуудал загалмайн шашны аян дайчид байсан болохоос биш лалын шашинт арабчууд байгаагүй. Гагцхүү дайн (яруу найраг) л сонирхдог юм шиг арабчууд болон дайн (зугаа цэнгэл) сонирхдог илүү сүүл үеийн Оттоманы туркууд харин биднийг тийм ч сонирхолтой бус зүйлс болох худалдаа, аюул багатай зүйл болох эрдэм ном (арамей, герег судруудыг орчуулах) хөөвөл хөөнө биз гэж зөнгөөр нь үлдээжээ.

XII зуунд Оттоманы их гүрэн унасны дараа гэнэт л бидний дээр байгуулагдсан Ливан хэмээх улс ямар ч стандартаар үзлээ гэсэн амар амгалангийн диваажин шиг л байлаа. Хуваагдсан байдлаасаа болоод хүн амын дийлэнх нь христийн шашинтнууд болжээ. Тийм хүмүүст гэнэт л ард түмэн улс болж болно гэж ухуулж эхэлсэн юм.[1] Христийн шашинтнууд өөрсдийгөө өрнийн соёл иргэншлийн өлгийд нь бид байна; ингэхдээ дорно зүг харсан цонхны хажууд зогсож байна гэж үзэв. Зогсонги сэтгэлгээний үлгэр жишээг үзүүлэн хэн ч нийгмийн өрнөл хувирлыг тооцоолохдоо төрөлтийн хурдыг анзаарч, оруулж тооцсонгүй. Бүгд л христийн шашинтнууд нийгэмд үүрд давамгайлсан хэвээр байх юм шиг санажээ. Лэвантчууд Ром гүрний иргэн болсноор Гэгээн Паул хэмээх сири эр эртний тэр ертөнцөд хаа дуртай газраараа хэрэн аялах эрхтэй болсон юм. Холбогдъё гэсэн бүхэнтэйгээ хүмүүс холбогдож байв. Тус нутаг хорвоо дэлхийтэй улам бүр холбогдож, амьдрал ахуй нь улам ч боловсронгуй болж, эдийн засаг нь хөгжсөн. Калифорни шиг зөөлхөн уул амьсгалтай хэр нь Газар дундын тэнгисийн дээгүүр сүглийх өндөр шовх уулсын орой нь мөнх цасанд хучаастай. Энэ нутагт газар газрын тагнуулууд (Зөвлөлтийн ч, барууны ч), биеэ үнэлэгчид (шаргал үстнүүд), зохиолч, найрагч, хар тамхины наймаачид, адал явдал эрэлхийлэгчид, мөрийтэй тоглогчид, теннисчид, цаначид, худалдаачид гээд төрөл бүрийн мэргэжилтнүүд бие биеэ даган хүрч ирцгээв. Ихэнх нь хуучны Жэймс Бондын кинон дээрх шиг авирлах бөгөөд шоучид нь жимд явж дасгал хийхийн оронд тамхи татан архи ууж, тусгай захиалгын оёдолчидтой харилцаагаа зузааруулав. 

Диваажингийн гол шинж энд бүрдсэн байлаа: таксины жолооч нар нь эелдэг (гэвч надад лав тийм байгаагүй). Гэхдээ эргээд дурсахад тус газар бодит байдалд байснаасаа илүүтэйгээр хүмүүсийн бодолд л диваажин шиг дурсагдсан байх. 

Би дэндүү бага байсан болохоор нутгийнхаа таашаалуудаас амсаж амжаагүй ч бүр анхнаасаа л өөрийн гэсэн бодолтой байсан бөгөөд эд баялагт дурлахаас илүү даруу байдлыг илүүд үздэг ба хэт тансаглал, мөнгө цэнгэлд умбасан Лэвант соёлд дургүй болж өссөн юм.

Жэймс Бонд шиг аялагчид цөөн очдог том хотод очихыг би өсвөр наснаасаа л хүссэн. Тэгсэн ч гэсэн нутгийн минь агаараас цаанаа л нэг оюунлаг өнгө аяс үнэртдэг байсан. Миний сурдаг франц лицей бакалавриат зэрэг (ахлах сургуулийн зэрэг) хүртэгчдийнхээ тоогоор толгой цохидог байв. Франц хэл дээр хичээл орж байхад хүртэл шүү. Франц хэлийг энд хувьсгалын өмнөх Орос шиг л эрхэмд үздэг бөгөөд Лэвантын христийн шашинт жүүд язгууртан давхаргынхан (Истанбулаас Александри хүртэлх) албан харилцаандаа ихэд хэрэглэдэг байлаа. Хамгийн дээд тансаг давхаргынхан нь Франц руу явж сурдаг бөгөөд миний хоёр өвөө хоёул Францад сурсан юм. Аавын минь эцэг 1912 онд сурсан бол эхийн минь эцэг 1929 онд Францад суралцжээ. Үүнээс хоёр мянган жилийн өмнө Лэвантын тансаг язгууртнууд өдөр тутмын ярианыхаа арамей хэлээр биш харин герег хэлээр бичиж хамраа сөхдөг байв (Шинэ гэрээг манай нийслэл Антиох хотын язгууртан түг таг хийсэн герег хэлээр бичсэнээс болж Нийцшэ “Бурхан герегээр муу ярьдаг байжээ” гэж даапаалж байсан юм). Герегийн нөлөө буурсны дараа манай нутгийнхан араб хэлэнд орсон. Ийнхүү “диваажин” байхынхаа хажуугаар тус нутаг “Дорно”, “Өрнө” гэж сүржин цоллодог өөр өөр соёлуудын уулзвар, сүлэлдээн байжээ.