Хаан банк хэрэв...
Хаан банк хэрэв...
Францчууд хэдэн жилийн өмнө нэгэн сонирхолтой судалгаа хийсэн юм. Цахим ертөнцөд ашиг орлого хийж буй инфлюенсерүүдийн үйл ажиллагаа, тэдний буруу нөлөөллийн талаар хийсэн тэрхүү судалгаагаар бараг 60 хувь нь огт сурталчилгааны хууль журмийг мөрддөггүй бөгөөд хэрэглэгчдийг асар их төөрөгдүүлж, мэхэлдэг болох нь тогтоогдсон. Үүний дараа тус улсын парламент цахим орчноо аюулгүй болгох, нийгмээ хамгаалах зорилгоор албан ёсоор хууль баталж гаргасан байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө шүү. Энэ хуулийг батлах болсон шалтгаан ойлгомжтой. Ухаалаг улс үндэстэн бол нийгмийнхээ аюулгүй байдлыг, нийгмийнхээ гоо зүйг, улс үндэстнийхээ эв түнжинг нэн тэргүүнд бодддог юм байна л даа. Манайх шиг ниргэсэн хойно нь хашгирдаггүй.
Уг хууль гарахаас өмнө Францад цахим залилангийн хэрэг огцом өссөн байдаг. SMS болон и-мэйлээр дамжууланиргэдийг хууран мэхлэх, тэр бүү хэл банкуудынхаа мэдээллүүдийг хулгайлах цахим луйврын гэмт хэрэг асар их нэмэгдсэн. Мэдээж дээрээс нь Европын Холбооны шинэ дүрэм ч нөлөөлсөн. Европын Холбооноос гаргасан цахим зах зээлийн тухай хуулийг улсынхаа дотоод эрхзүйн тогтолцоонд нийцүүлэх шаардлага тулгарсан гэсэн үг.
Гол зүйл хууль гарахын өмнөх нөхцөл байдлыг нь сонирхож үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд онлайн орчинд зохисгүй контент үзэх, түүнээсээ буруу нөлөөлөл авч элдэв хэрэг төвөгт орох, мөн цахим дарамтад өртөх явдал асар ихэссэн байх юм билээ. Мэдээж хууль гаргахын өмнө Францын Сенат болон Засгийн газар нь өргөн бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний баг гаргаж ажилласан. Тэр багт нь Анагаах Ухааны ҮндэснийАкадеми нь өндөр байр суурьтай оролцсон байх жишээтэй. Хийгдсэн судалгаанууд, авагдсан баримтуудыг сонирхож үзэхэд үнэхээр нарийн ширийн зүйлс рүү оржээ.
Өнөөдөр манайд энэ сэдэв дөнгөж л яригдаж эхэлж байна. Учир нь баахан цахим залилангийн хэргүүд дэгдсэн. Эрх баригчдынх нь хийсэн их наяд гэдэг тоогоор л хэмжигдэх болсон хулгайн хэргүүд дээр иргэд нь цахим залилангийн хохирогч болцгоосон давхар давхар зовлон нэмэгдэх нь тэр.
Хамгийн сүүлд “ХААН” банкны 35 жилийн ойн урамшуулал гээд томоохон залилангийн хэрэг гарлаа. Одоогоор нийт хохирлын хэмжээ хараахан гараагүй ч албан ёсоор цагдаагийн газраас сэрэмжлүүлэг хийж харагдсан. Залгуулаад KFC болон Pizza Hut- ын нэрийг барьсан цахим залилангийн хэрэг дэгдээд байна. Энэ залиланд 310 гаруй иргэн өртөж, нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсаад байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар лавлахад “Энэ хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байгаа” гэх хариуг өгч байна. Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, ЦЕГ-тай хамтран ажиллаж, сэрэмжлүүлэг анхааруулга байнга цацаж байгаа ч цахим залилангийн хэргүүд тасралтгүй гарсаар байна.
“Хямдралтай пицца захиалга" гэсэн хаяг руу банкны мэдээллээ оруулаад байр авахаар цуглуулсан 67 сая төгрөгөө алдчихсан иргэн байх жишээтэй. Иргэний дугаар луу “Та 50 сая төгрөг хожлоо” гэж ганц хуурамч мессеж илгээгээд л, 10 хувийг нь буюу таван сая төгрөг авч залилсан хэрэг бараг жижиг хэмжээний залиланд орж байна.
Судалгаанаас үзэхэд цахим залилангийн хохирогчдын 52 хувь нь дээд боловсролтой иргэд байна гэхээр бид хэнийгээ ч буруутгах билээ. Залилах бүх боломж задгай байж байхад залилангийн хэрэг буурахгүй нь тодорхой боллоо.
Ийм гэмт хэргийн хамгийн хортой үр дагавар нь цахим платформ дээр хэчнээн албан ёсны хаяг байгаад, түүгээрээ явуулж буй сурталчилгаа болон мэдээллүүдэд нь хэрэглэгчид итгэхээ больж байгаа явдал юм. Манай бүх байгууллагууд цахимаар албан ёсны мэдээллээ түгээдэг болчихсон. Энэ нь бараг нутагшчихсан зүйл болохоор яг адилхан хаяг хийж, данс тавиад л хуурамч мэдээлэл цацахад бөөн бөөнөөрөө залиланд өртөцгөөж байгаа болохоор ийм аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Хэрэв “ХААН” банк албан ёсны сонинуудаар зар мэдээгээ явуулдаг байсан бол өнөөдөр энэ олон зуун иргэд залиланд өртөхгүй байх байсан. Эдгээр нэр дурдагдсан болон дурдагдаагүй байгууллагуудын гол алдаа нь энэ юм. Тэд хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэдэг байсан бол ийм байдал үүсэхгүй. Тэгэхээр нэгэнт ийм төрлийн хэргүүд газар авч байгаа учраас байгууллагуудыг албан ёсны зар, мэдээллүүдээ уламжлалт сонин хэвлэлээрээ явуулж байхыг бид уриалж байна. Энэ бол эрсдлээс сэргийлэх хамгийн бодитой алхам юм шүү.
Дараагийн зүйл, ерөөсөө даруй Франц шиг тусгай хууль гаргамаар байна. Эднийх цахимд зориулсан хуулиндаа "Цахим хэрэгслээр дамжуулан өөрийн нэр хүнд, контентыгашиглаж, бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөртэйгээр сурталчилж буй хувь хүн, хуулийн этгээд"-ийг Commercial Influencer буюу Арилжааны нөлөөлөгч гэж бүр тусгайлан хуульчилж өгчээ. Тэгээд гоо сайхны мэс засал, эмчилгээнүүд, никотин агуулсан бүтээгдэхүүн, электрон тамхи, криптовалют, мөрийтэй тоглоом гээд маш олон юмыг асар нарийн зүйлчилж өгсөн байна. Манайд л бүх юм зуун задгай хэвээрээ. Удахгүй сонгууль болно. Юу юу гарч ирэх, яаж цадиг замбараагаа алдахыг таашгүй. Манайд Ерөнхийлөгчийнхөө хоолойгоор хятадаар яриулсан хэрэг ч гараад амжсан. Тэгвэл хатуу чанд хуульт ёстой улс оронд фотошоп эсвэл филтер ашиглаж хүний бие, царайг өөрчилсөн бол хуулиар хариуцлага хүлээдэг болоод байна. Хэрэв хийсэн контентынхоо тайлбар хэсэгт "өөрчилсөн, ашигласан" тухайгаа бичээгүй л бол энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Хэрэв энэ хуулийг зөрчвөл 300.000 еврогоор торгох ба хоёр жил хүртэл хорих ял оноодог болчихсон. Инфлюенсерүүдээ гоо сайхны мэс засал, никотин агуулсан бүтээгдэхүүн, эрүүл мэндэд хортой тураах бүтээгдэхүүн болон зөвшөөрөлгүй санхүүгийнүйлчилгээг сурталчлахыг бүрмөсөн хориглочихсон.Манайд л дур зорго хаанчилж байна.
Лекц сонсоод хорт хавдар эдгэдэг, амьтны цус уугаад бэлгийн чадавхи сайжирдаг гэх мэт мунхаралд ид живж яваа улс орныг хэдэн инфлүнсэр гарч ирээд юу ч гэж тархидаж болдог болчихоод байна. Монголын цахимд элдэв эм тариа, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний сурталчилгаа зах замбараагаа алдлаа. Бүгд л тураана, бүгд өндөр болгоно, бүгд хорт хавдрыг эдгээнэ гэсэн бүтээгдэхүүнүүд... Энд хяналт тавьдаг ямар ч газар байхгүй. Хамгийн гунигтай нь эдгээр хуурамч бүтээгдэхүүний залилан манайд жижиг асуудалд тооцогддог болтол нийгэм маань автчихсан.
Арай гэж зүтгэн хэдэн төгрөгтэй болсон залуучууд нь крипто валют, койн болон токентой холбоотой цахим санхүүгийн луйварт тэрбум тэрбумаар нь өгөөд алдчихсан.
Монгол Улсад виртуал хөрөнгө, койн болон крипто валюттай холбоотой залилан, кибер халдлагын хэргүүд бас л ноцтой түвшинд хүрчихсэн. Хэдэн арван тэрбум төгрөгийн хохирол яригдаж байна.
Байдал иймдээ тулчихлаа. Одоо яах ёстой вэ.

