УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнгөрөгч баасан гаригт нэгэн хэлэлцүүлэг өрнөлөө. Эрүүгийн багц хуульд шинээр орж ирж байгаа “Гүтгэх” гэмт хэргийн тухай...

Энэ зүйл анги нь сүүлийн үест ихэвчлэн нийгмийн сүлжээний хэрэглэгчид болон сэтгүүлчдэд хамаатайгаар олны анхааралд өртөөд байгаа. Хамгийн сүүлд ихээхэн дуулиан тарьсан нэг тохиолдол бол “Элийрэгч” нэрээр твиттерт жиргэдэг Ц.Уянга гэх бүсгүйг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь гүтгэсэн хэргээр цагдаад өгсөн явдал. Үүнээс болоод твиттерт Ц.Уянга бүсгүйг хамгаалах бүтэл бүтэн аян өрнөсөн билээ. Жиргээчид өөрсдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн эрх барьж буй өндөр албан тушаалтнуудын үг болоод үйлдэлд шүүмжлэлтэй хандах эрхээ хамгаалахын тулд нэгдсэн хэрэг.

Өнгөрөгч өвөл УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” гэж бичсэнийхээ төлөө бас нэг сэтгүүлч Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээж авсан нь твиттер хэрэглэгчдийн дунд бас нэг донсолгоон үүсгэж, жиргээчид #Х.Нямбаатар #Утсан хүүхэлдэй гэсэн хаштагаар нэг өдрийн турш жиргэсэн. ОХУ-ын нэг иргэн “Путин тэнэг” гэж бичсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэнд оросууд эсэргүүцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээнд нэгэн зэрэг “Путин тэнэг” бичсэнтэй агаар нэг юм.

Зөрчлийн хуульд бичсэн “гүтгэх” заалт нь хувь хүнийг 2.000.000 төгрөг, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэлтэй. Овсгоотой, эрх мэдэлтэй зарим нөхөд сэтгүүлчийг хоёр сая, хэвлэлийн байгууллагыг нь хорин саяар торгуулаад зогсохгүй араас нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад нэр төрөө сэргээлгэхээр хэдэн зуун саяыг нэхэмжилдэг. Тэр маргаан нь хэдэн сар жилээр үргэлжилж, сэтгүүлчдийг ийм аргаар залхаан цээрлүүлдэг болоод байгаа. “Аймгийн Засаг дарга 15 удаа гадаадад зугаалжээ” гэж бичихээр “13 удаа зугаалсан байхад 15 гэж гүтгэлээ” гээд ялалт байгуулж байх жишээтэй.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа сэтгүүлчдийн байгууллагаас хуулийн хэрэглээг шүүмжилж, нэгэнт Иргэний хуульд байгаа заалтыг Зөрчлийн хуулиар давхардуулан хэрэглэж, маргааныг шүүхээр шийдвэрлэхийн оронд цагдаагийн байгууллагаас шууд шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна хэмээн үзэж, “гүтгэх” заалтыг Зөрчлийн хуулиас хасуулахаар хууль санаачлагчид /Хууль зүй, дотоод хэргийн яам/ удаа дараа санал хүргүүлсэн байдаг юм.

Гэтэл хууль санаачлагч нь тэгэхээс тэгэх гэсэн шиг Зөрлийн хуулиас хасаад Эрүүгийн хууль руу эргүүлээд оруулаад ирснийг хууль тогтоогчид буюу УИХ одоо дэмжээд явж байна.

Хууль зүйн, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа 30 гаруй байгууллагын саналыг тусгаж авсан” гэх боловч тэдгээр дотор нь МСНЭ-ээс өгсөн санал багтсангүй. /Эрүүгийн багц хууль гэдэгт нь Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай нийт таван хуулийн нэмэлт өөрчлөлт багтсан/ Эсрэгээрээ гүтгэх заалт нь Эрүүгийн хууль руу эргээд ороод ирсэн байна. Энийг одоо юу гэх вэ?

Ердөө хоёрхон жилийн өмнө баталсан /2015 онд баталсан Эрүү, Зөрчлийн хуулийг энэ УИХ татаж аваад ийнхүү бантагнуулсан хэрэг/ хуулиа ингэж яаравчлан өөрчлөх болсон шалтгаан нь хуульчдын дунд маргаан дагуулаад байгаа “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой байлаа.

2017 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд /1.10.2/ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн байна. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна хэмээн шүүмжлэгдэж, хуульд өөрчлөлт оруулахаар болсон билээ. Одоогийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жил өнгөрөхөд ялгүй болж байгаа. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд “гэмт хэргийг илэрсэн цагаас  эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох”-оор хуульчилсан байсныг 2017 онд өөрчлөөд ийм болгосон.

Үүнээс болж “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг жишээ нь хэдэн удаа шүүхээс буцсан билээ дээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй л бол хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаад гэмт хэрэгтэн ялгүй болж байгаа юм. Гэтэл үүнийг “шүүх дээр хэрэг цавчдаг, шүүгч авилга авдаг” хэмээн хамгийн их шүүмжилж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө хэргийн “цавчааг” мөрдөн байцаалт, прокурорын шат руу татаж авчирч байгаа бололтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолдог байсан хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл“ болгож наашлуулсан юм байна. Мөн ялгаагүй гэмт хэргийн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацааг тоолоод, хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ял, хариуцлагаас чөлөөлнө л гэсэн үг.

Уг нь бол хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаанд гэмт хэргийг илрүүлж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд уг гэмт хэргийн нийгэмд учруулсан гэм хор нь арилсан хэмээн үзээд ял хариуцлагаас чөлөөлдөг систем. Түүнээс биш хэргийг илрүүлээд, шалгаад явж байхад үйлчилдэг эд биш. Үүнийг Ц.Нямдоржийн цагдаа нарт Эрүүгийн эрх зүй зааж байгаа захын багш хэлээд өгнө.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн Эрүүгийн хуулийг өөрчлөх төсөл нь анх тавьсан зорилгоо гүйцэлдүүлж чадалгүй “таяг тойроод” буцаад ирсэн хэрэг. Хорлонтой нь ингээд зогсохгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаад ороод ирж. Харамсалтай нь “хэвлэн нийтлэх эрх” гэдгийг зөвхөн сэтгүүлчидтэй холбож ойлгож болохгүй. Үүний цаана иргэдийн “мэдэх эрх” гэж маш том эрх ашиг байдаг. Хуулийн цаад зорилго нь үүнд л заналхийлж байгаа хэрэг. 

Өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд /13-ын 14-р зүйл/ “Гүтгэх” гэмт хэргийг;

“1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Уг нь бол Иргэний хуульд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” /хуулийн 21-р зүйл/ гээд бүхэл бүтэн зүйл анги биччихсэн байгаа. Нийт 9 заалттай. Тэнд нь "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Үүний улмаас гэм хор учирсан бол гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй” гээд заачихсан.

Иргэний хуульд байгаа энэ харилцааг яагаад Эрүүгийн хууль руу оруулж ирэх гээд байгаа юм гэсэн асуултад хууль санаачлагч /ХЗДХЯ/ “Нийгмийн сүлжээнд эзэн тодорхойгүй хуурамч нэр хаягаар хувь хүний нэр хүндэд халдсан худал мэдээллийг маш ихээр тарааж байна. Шүүх хэргийн холбогдогчийг эрэн хайх үүрэггүй учраас цагдаагаар шалгуулахын тулд Эрүүгийн хууль руу оруулж ирэхээс өөр аргагүй болсон” гэв. Арай ч дээ...

Тэртэй тэргүй хэргийн холбогдогчийг олж тогтоох нь шүүхийн биш, цагдаагийн байгууллагын үүрэг. Эзэн холбогдогч тогтоогдохгүй бол дээр шүүхээс захирамж гаргаад цагдаагаар ажиллагаа явуулах эрх нь байгаа. Тэгээд ч үүгээр шалтаглаад албан ёсны хэвлэл мэдээллийн сувгаар нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээний хуурамч хаягтай хольж хутгаж, ижил түвшинд үнэлнэ гэдэг байж болох зүйл үү?  

Нэрээ нуугаад хүн гүтгэж байгаа этгээдийг илрүүлэх нь цагдаагийн үүрэг. Харин нэр хүнд гутаагдсан үйлдлийг нь тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн үүрэг. Ийм хоёр өөр чиг үүргийг нэг уутанд хийгээд сэгсэрч байгаа хууль санаачлагчид ямар ёс суртахуун байна аа. Хуулийн байгууллагууд нь хийх ёстой ажлаа хийхийн оронд хуулийн дор байгаа иргэддээ л хүч бяраа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд түүнийгээ “Аль хэдийн манай мэдлээс гарчихсан. Одоо УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа учраас Байнгын хороонд асуудлаа тавь” гэж тавлах маягтай.

Угаасаа сэтгүүлчидтэй холбоотой “гүтгэсэн” гэх хэргийн ард  “хохирогч” гээд дандаа нэг дан, давхар дээлтэй улстөрчид, төрийн албыг төрлийн болгосон сайд дарга нар л байдаг. Өөрөөр хэлбэл олон нийтийн өмнө үүрэг хүлээж сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд. Шүүмжлэлд өртөмхий бүлэг ч гэдэг. Хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан Ц.Нямдорж сайд өөрөө ч цэвэр хүн биш. Нэг ёсондоо “ашиг сонирхлын зөрчилтэй” этгээд.

Харин сэтгүүлчид бол хэзээд олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг. Тэр утгаараа сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд илүү хүлээцтэй хандах шаардлагыг дээр хэлсэн “паблик фигур” буюу шүүмжлэлд өртөмхий хэсэгт тулгадаг.

АНУ-ын Дээд шүүх гэхэд бүр 1960-аад онд “Төрийн байгууллага, албан хаагчид өөрсдийн талаар хэвлэлд мэдээлэгдсэн зүйлийг няцааж чадаагүй тохиолдолд сэтгүүлчийг хариуцлагад татахгүй” гэдэг жишгийг шүүхийнхээ практикт хийчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Иргэний хуульд ч гэсэн нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээд, нэр төрийг нь сэвтээсэн гээд хариуцагчаар татагдсан этгээд хоёр хоёр талаасаа баримтаа цуглуулж ирээд шүүхэддэг. Өөрөөр хэлбэл, шүүх тэдэнд өөрөө өөрийгөө хамгаалах тэгш боломж олгодог. Гэтэл энэ хэрэг Эрүүгийн шүүхээр явчихаар прокурор буюу улсын яллагч /өөрөөр хэлбэл төр/ нэг талд нь ороод явчихдаг учраас маргалдаж байгаа хоёр талд тэгш боломж олгогддоггүй.

Тиймээс иргэний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалья хадгалья гэвэл Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичсэн “гүтгэх” заалтыг хасч, Иргэний хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэдэг болохоос өөр аргагүй. Хэрвээ эсрэгээрээ бол хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдэх эрхэд халдаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг санаатайгаар хавчин боогдуулж байна гэж үзэхэд хүрнэ.

inews.mn