Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван дөрөв дэх өдөр
Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
Нохойн дуу ч ойртож байна даа. Нэг л мэдэхэд хоёр долоо хоноод маргааш өглөө бидэн хэд гарах гэж байна. Солонгосоос тусгай үүргийн онгоц ирлээ. Гадаад, дотоодоор цөөн биш явдаг, дээр нь гэрээсээ гараад 2 сар гаран болж буй миний хувьд карантинд байхдаа иргэдээ авч ирж буй МИАТ-ийн онгоцоо ТВ-р хараад эморохгүй байж чадсангүй. МИАТ хэдий хийх ёстой ажлаа хийж байгаа ч гэсэн. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүст ямар гоё мэдрэмж төрүүлсэн бол? Шинэ оны өмнөхөн Баттөр захиралтай хийж байсан ярилцлагаа эргэж уншив. МИАТ бүтэн үйлчилгээ үзүүлдэг үндэсний агаарын тээвэрлэгч бөгөөд төрийн далбаагаа тээгч (National flag carrier) компани. МИАТ-ыг хувьчлах ёстой. Гэхдээ хувьчлалын гэрээн дээрээ талуудын эрх, үүргийг маш сайн зааглан ялгаж оруулах ёстой. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлын асуудал зайлшгүй яригдаж таарна. Харин бизнесийн хувьд чөлөөтэй, бие даан ажиллахад төрийн оролцоо аль болох бага байх хэрэгтэй гээд энэ нөхцөл байдлыг урьдчилж харсан мэт ярьж байжээ. Жилийн дараа МИАТ Боинг 787 Dreamliner онгоцоо хүлээн авахаас гадна Улаанбаатараас АНУ руу алсын зайн шууд нислэг хийж эхлэхээр бэлдэж байгаагаа ярьсан шүү. Ярилцлагыг бүтнээр нь уншихийг хүсвэл доорх холбоосоор дамжин ороорой.
http://baabar.mn/article/sindikat-yariltslaga-eksklyusiw-2-undesnii-agaariin-teewerlegch
Онгоцноос хүмүүсийг хэрхэн буулгаж хүлээн авч буй шууд бичлэгийг анхааралтай үзэв. Биднийг хоёр долоо хоногийг өмнө авч байх үеийнхээс зохион байгуулалт бүх юм нь эрс сайжирчээ. Маш их бэлдэж, багагүй туршлагажиж байгаа нь илт мэдэгдэж байв. Биднийг бага байхад иргэний хамгаалалт гээд жилдээ нэг билүү, хоёр хийдэг байсан даа улс даяараа. Гэрэл асаахгүй байх ёстой, өөр юу юу ч билээ. Тэрэн шиг байгалийн гамшиг болон болзошгүй аюул учирсан нөхцөлд, онц байдал зарласан үед юу хийх ёстой вэ гээд хэдүүлээ улсаараа жилдээ нэг удаа иргэний хамгаалалтын сургалтыг хийж байвал...
Өнөөдөр бас маш сайхан дулаахан өдөр болж байна. Эмчээсээ зөвшөөрөл аваад нөгөө талын өрөөний тагтан дээрээ нарлаад зогсож байхад ялаа, зөгий хүртэл гарчихсан нисч явна лээ шүү. Анх удаа ялаа, зөгий хоёрт атаархаж үздэг юм байна. Дулаахан наранд эрх чөлөөтэй нисч, дуртаа газраа бууж буй хоёр муу шавьж гээл үү .... кккк Яах аргагүй урин цаг ирж байна даа. Номоо үргэлжлүүлж жаахан уншиж байгаа ч шинжилгээний хариу ирэхгүй байгаад дотроо түгшээстэй. Бүгд л шинжилгээний хариугаа хүлээгээд дуугүйдүү л байна манай өрөөнийхөн...
Өдөр нэлээд нухацтай байрын хүн утсаар залгаад өдрийн тэмдэглэлийг чинь ном болгож хэвлүүлэх юм ярьж хүн ичээв. Бараг коверийг нь дотроо бодчихсон, хэвлэх тоог нь 1000 ширхэг гэж хүртэл хэлж байна хаха. Дэмий биз дээ, миний энэ жон жон гэсэн юмыг хэн худалдаж аваад л уншив гэж дээ.
Ямартаа ч өөрийгөө уйдаахгүй гэсэндээ, бодит мэдээллийг бусад хүмүүст хүрэх зорилгоор, байгаа нөхцөл байдлаа улам сайжруулахын тулд 14 хоног тэмдэглэл хөтөллөө. Нэг биш хүнийг гомдоож, уурлуулсан бол дахин хүлцэл өчиж байна. Энэ тэмдэглэлийн зорилго хувь хүнийг доош нь хийх, тангараг өргөсөн эмч нарыг шүүмжлэх, хувийн зорилгоор хүний нэр хүндэд халдах тухай огт байгаагүй шүү. Сошиал медиагийн энэ их галзуурлын үед хүнд бодит мэдээллийг хүргэнэ гэдэг нь асар хэцүү болсон. Иймээс аль болох хөгжилтэй байдлаар тэмдэглэлээ бичихийг нэлээд хичээлээ. Ганц хоёр хүнд хүрч, тэр хэрээр нөхцөл байдлыг ойлгосон бол тэгээд л болоо. Тэмдэглэлийн ачаар зохих газрууд нь ч мэдээлэл авч хэд хэдэн арга хэмжээ авч буйг надад дуулгасан. Үүнийхээ “ачаар” матаач гэдэг хочтой болсон байна билээ кккк. Дахиж эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эмчтэй уулзахгүй байхыг чинь харна аа ч жигшиг сэжгийн сэтгэгдэл хүртэл байна лээ.
Бие биенээсээ улам их хамааралтай болж буй өнөө цагт ялангуяа залуус бид хүний эрх, хүмүүнлэг нийгмийн суурь мэдлэгтэй байх ёстой. Эрхээ ч мэдэхгүй, мэдэхгүйгээсээ болоод өөрсдийгөө ч хамгаалж, хүндлэж, хайрлуулж чадахгүй, үүнийхээ төлөө зориг гарган үйлдэл хийдэггүй, байгаа нөхцөл байдлаа засахыг хүсдэггүй, хувь тавилантайгаа эвлэрсэн бол ёстой нөгөө Гүндалайн хэлдгээр “Чацга царайлаад л явна”. Би үнэндээ чацга царайлж ажиллаж, амьдрахыг хүсэхгүй байна. Олон залуус ч үүнийг хүсэхгүй. Гадаадын пүү паа гээд гайхан биширдэг орнууд шиг Монголоо болгохыг хүсч байна. Хэн ч бидэнд ийм болгож өгөхгүй. Бид өөрсдөө хандлага, харилцаа, үйлдлээ засч байж сайхан, эерэг нийгмийн бүтээнэ.
Манай өрөөнийхөн хамаагүй юм битгий бич ээ гээд тухгүй байсны учрыг карантийнаас гарах энэ мөчид л ухаж ойлгож байна. Бодит шүүмжлэл, байгаа байдлыг хэлэхээсээ энэ хүмүүс чинь эр, эм, хөгшин, залуугүй айдаг болчихсон байна шүү дээ. Тэр аймаар коммунизмын үед л ийм байсан. Энэ чинь уг нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм шүү дээ.
Та нар сайн анзаарвал хүн болон ажил магтахаар сүржигнэсэн болчихно, шүүмжлэхээр шалчигнасан болдог болсон. Хорвоо ертөнцийг заавал ингэж хар, цагаан гэсэн хоёрхон өнгөөр харахаа больцгооё оо залуус аа. Алдаа, амжилтыг аль алийг нь бид хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Энэ бол том соёл шүү.
Автобус, мөөгөнцөрийн тухай бичвэр дээр тийм л сүрхий юм бол та хэд наад автобусаа сайхан угаагаач өгчихөөч, жон жон гэж байснаас наад мөөгөнцөрөө өөрсдөө цэвэрлээч, гараад чаддаг юм бол наад байшингаа янзлуулаад өгчихөөч гэсэн сэтгэгдэл цөөнгүй байсан. Миний ажил биш л дээ. Энэ бүх ажлыг хийдэг, үүнийхээ төлөө цалин авдаг хүмүүс байдаг гэж ойлгодог. Ажлыг нь өмнөөс нь хийгээд байхаар хаа хаанаа муу зан сурч, тэр хэрээр нийгэм, эдийн засгийн урвуу харилцаа үүсэх ч эрсдэл том зургаараа харагдана. Автобус, байшинг шүүмжлэхээр өөрөө хий гэдэг юм байж эдийн засаг шүүмжлэхээр тийм л лаг юм бол Сангийн сайд болооч, түгжрэл зам шүүмжлэхээр Зам, тээврийн сайд болоод л янзлаач дээ, улс орноо шүүмжлэхээр тэгвэл тэгээд Ерөнхий сайд болоод улс орноо хөгжүүлэх чинь яасан юм гэж ерөөсөө загнахгүй шүү та нар хаха.
Солонгос, Японоос ирээд харантийнд орж буй хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөөд эхэлсэн байна лээ. “Манайхаан” сошиал медиа дээрээ мэдрэмжтэй, үнэн бодит постууд оруулаарай даа. Эс бөгөөс зөрчлийн хуулиар шийтгүүлнэ шүү. Нэг биш залуус олон нийтэд биш өөртөө зориулж тэмдэглэл бичиж эхэлсэн тухайгаа над руу бас бичиж хэлсэн. Гоё ш дээ тэмдэглэл хөтлөх. Би хоёрдугаар ангиасаа эхлээд оюутан болтлоо тэмдэглэл хөтөлсөн. Ахлах ангид байхдаа оргилдоо хүрч, найз охинтойгоо тэмдэглэлээ солилцож уншиж байсан. Бие биенээ таних гоё дурсамж шүү. Магадгүй өөрөө өөрийгөө сонсох, өөртэйгээ ярилцах ховор боломжуудын нэг. Өдөр бүр өөртөө ингээд 30 минут зарцуулаад байвал бараг бясалгал юм биш үү?
Шинжилгээний хариу албан ёсоор хэлээгүй байгаа тул маргааш гараад өөрийгөө зочид буудадл дахиад 7 хоног тусгаарлахаар боллоо. Буудлаа захиад баталгаажуулав. Ажлын хамт олон, гэр бүл гээд хайртай олон хүмүүсийнхээ сэтгэлийг амрааж байж, бат араанд нь хийж байж нийгмийн харилцаанд оролцохгүй бол сэтгэлд сэвтэй хог юм аа. Яяяяг буудал энэ тэр болчихоод байж байтал оройхон эмч ирээд шинжилгээ авсан хүмүүс дунд эерэг гарсан хүн байхгүй гэж баталгаажуулав. Сэтгэл уужраад л явлаа. Буудал руу ярьж төлбөрөө буцаах гэхээр бас жон жон болчих гээд ккк. Анх төлөвлөснөөрөө 7 хоног өөрийгөө нэг сайн ажиглаад гэр орондоо очъё доо. Манай өрөөний хоёр нь лав бас гэртээ ганцаараа хэд хоног байж өөрийгөө тусгаарлана гэсэн. Мундаг ухамсартай байгаа юм шүү.
Унтахынхаа алдад чемодан саваа баглан цэгцэлж дуусгалаа. Маргааш өглөөний цайгаа уугаад карантинаас гарна гэж бодохоор нэг тийм гадаад явах гэж байгаа мэт мэдрэмж төрөх юм. Хот хүрээ ороод ус цасанд ороод, олон хүнтэй тааралдана гэж бодохоор соёл иргэншил руу буцаж очиж буй мэт догдолж энэ тэр. Манай өрөөний гурав маань надаас түрүүлж хамаг юмаа баглаад цэгцэлсэн. Би л хамгийн сүүлд чемодонаа боолоо. Ах хүү бараг гарч явах хувцсаа өмсөөд чемодонаараа барьсан нөгөө булангийн хана хэрмээ сүүлийн орой нурааж байдаг шүү. Өрсөн даалуу нураадаг шиг надад хүртэл харамсалтай санагдсан гэж хэхэ. Ах хүү өглөө гарна гээд хүлээгээд цомцойгоод суусан байсан. Энэ нөхөр өнөө шөнө унтах нь уу, эсвэл суугаагаараа хүлээгээд гарч мэднэ шүү кккк.
Маргааш гарах юм чинь одоо тэгээд Сүүлийн өдөр гээд 15 дахь хагас өдрийн тэмдэглэл орж таарах нь дээ.
Үргэлжлэл бий...
Зочин
Хэрэгт дурлагч
zochin