Буянт-Ухаад онгоцноос буугаад арын хаалгаар (онгоцны арын хаалгыг хэлсэн шүү, ар өврийн хаалга биш! Давтан хэлье онгоцны бөгсний хаалга!) тусгаарлагдан гарч карантинд ирсэн өдрөө ТЭГ өдөр гэж гарчиглаад анхны постоо оруулж байв. Өнөөдрийн тэмдэглэлтэй нийлээд нийт 16 өдрийн 31 хуудас тэмдэглэл болж байна.

Гарах гэж байгаа хүмүүс байна даа өглөө сэмбийгээд л бослоо. Цагаан сарын шинийн нэгэн юм уу хаашаа юм ккк. Өглөөний цайгаа уугаад, аяга тавгийг нь угаагаад цонхон дээр нь бид өрж тавив. Эмч өглөө 9 гэхэд гарахад бэлэн байгаарай гэсэн тул бид хэлсэн цагт нь чемоданаа чирээд үүд рүүгээ явлаа шүү. Аль нэгдүгээр сарын эхээр сургалт, ажлаар гэрээсээ гарч байв. Олон том, жижиг чемодантай явсан бид хоёр удаагийн рэйс хийж байж ачаа бараагаа гурван давхраас буулгаж гадаа гаргалаа. Амьтны хүрээлэнгийн торноос задгай байгальд гарч байгаа арслан (үс, сахал арзайтлаа ургсан тул өөрийгөө арслантай зүйрлэсэн болно. Өөр элдэв долоон санаа байхгүй) мэт би лав байшингаа тойроод хэсэг ганцаараа алхмаар л байсан ккк. Цав цагаан цастай, дулаахан, цэлмэг сайхан өдөр байлаа. Машинаа хүлээж байх зуур хажууд хийсэн цасан эмээгийн зургийг очиж авлаа. Эндэхийн ажилчид уу, эсвэл түрүүлж харинтаанаас гарсан залуус (эрчүүд л байж таараа) энэ хөөрхөн цасан гүнжийг урласан бололтой ккк

Анх орж ирэхдээ төлбөр мөнгө авах эсэхийг 2 удаа, гарахынхаа өмнө бас 2 удаа нийт лав 4 удаа асуусан. Биднээс төлбөр авахгүй гэж эмч нар хэлсэн. Сүүлд шинэ журам гараад манай онгоцноос хойшоо ирсэн хүмүүсээс төлбөр авах болсон юм уу даа? Янз бүрийн мэдээлэл гараад байхаар би ч бас өөрөө ойлгохоо байж эхэлж байна. Төлбөр мөнгийг нь төлөх ёстой бол төлөлгүй яах билээ. Авах ёстой бол хэлээд, бидний бүх утас шөрмөс байгаа тул залгаад мэдэгдэх байх аа. Гэснээс манай Багабаянгийн бүх байр манайх шиг байгаагүй юм билээ шүү. Бусад байрны хүмүүсийн бичсэнээр бол манай гэрээс илүү шахуу тухтай, дулаахан, халуун устай байсан гэсэн. Мань хэдэд л хуваарилалт шог таарчихлаа. Тэр Жаргалантад бол гарууд бүр жинхнээсээ жаргаж байгаа гэсэн. "Нэг муу бүсгүй" гайхуулаад л бичээд байна билээ тэрийгээ хэлээд онгироод зүгээр.

Унаа машинаа дуудсан бид эхний машин ирэх үед гар барилгүй баяртай гээд салцгаалаа. Пионерийн лагериас салж байгаа хүүхдүүд шиг гэртээ харьж байгаадаа баярлаж байгаа ч салж байгаадаа бас харамсаад байх шиг байна лээ зарим нэг нь ккк. Ёстой зодолдохгүйхэн шиг карантинаас бид 4 гарч ирж чадсан шүү. Гарахаас өмнө амралтын газар санал асуулга бөглүүлж авсан. 14 хоног ямар байв, ямар асуудал гарсан, юуг нь яаж сайжруулах ёстой вэ гээд бид бүгд саналаа нээлттэй, чөлөөтэй бичээд өгсөн. Би ч 14 хоногийн урт тэмдэглэлээ жижиг цаасан дээр арай гэж багтаан товчилж бичив. Энэ бол бас гоё жишиг шүү. Дараа дараагийн ирэх хүмүүсийн орчин сайжирна, амралтын газар маань өөрөө улам гоё болно.

Би шууд зочид буудал явах учраас тусдаа унаа, манай нөгөө гурав маань нэгнийхээ унаанд багтаад надаас түрүүлээд давхиад яваад өгсөн. Хот руу дөнгөж орж ирж байхад амралтын дарга эмэгтэй ярьж байна. За бас яасан юм бол оо гээд бяцхан айдастай хэрнээ байлдааны өрөлтөө аваад утсаа авав. Гэтэл таныг гарахаас өмнө уулзах гээд хичээсэн ч амжсангүй ээ уучлаарай, зуны дэлгэр цагт манай амралтын газар заавал эргэж ирээрэй, таны өдрийн тэмдэглэлийг өдөр бүр уншиж байгаа, таалагдаж байгаа гэж хэлэхэд уужраад л явлаа. Эрүүлээр хүлээж авсан танд баярлалаа! Зун гэр бүл, хамт олноо дагуулаад заавал эргэж ирнэ ээ. Амттай сайхан хоолоор дайлсан тогооч, цаг тухай бүр нь хоол зөөж оруулж өгч байсан эгчид мөн талархаж байна. Нэмээд мэдээж манай хоёр эмч, нөгөө хааяа жаахан жаахан уурлах гээд байдаг том эмч гээд тэнд бидний төлөө яг адилхан 14 хоног гэрээсээ хол карантинд цуг орж ажилласан, ажиллаж байгаа бүхий л албан хаагчдад баярлалаа гэж хэлэх ёстой.

Карантинд чинь удахаар хүмүүсийн зан чанар яг мэдэгддэг юм байна гэж бичсэн постноос болж манай өрөөнийхөн нүүгэтлээд явсан. Би уг нь онгоцны буудлаас автобусаар ирсэн мөчөөс авахуулаад карантины бараг шахуу сүүлийн өдөр хүртэлх зүйлийг хальт тоймлон бичсэн ухаантай. Гэтэл манай өрөөний нэг бус хүмүүс өөрсдийг нь хэллээ гээд гомдоод хяргах шахсан. Заа бас тэр хэдээсээ уучлал эрье ээ! Тоглоом дааж карантилж сурна шүү хаха.

Машинтайгаа давхиад захисан буудалдаа шууд ирлээ. Өрөөнд ороод хамаг хувцсаа тайлаад бушуухан шүршүүр руу үсрээд л орсон доо. Тэр цагаан банн жаахан гомдсон байх аа. 21 дүгээр зуун гарснаас хойш би анх удаагаа 16 хоног ус цасанд орохгүй явж үзэн хувийнхаа рекордыг эвдэв. Далимд нь өөрийнхөө ориг үнэрийг ч олж мэдэв. Боломжийн л юм билээ хаха. Арьс марьс халуун усанд хуулраад байв уу яав ккк. Манай ажлынхан буудлын өрөө чинь ямар байна гэж асууж байсан. Халуун устай, дулаахан л байвал ямар ч буудал миний хувьд дээд зэргийн тансаглалд тооцогдоно оо гэсэн. Халуун усанд ороод дуудлагын хоол идсэний дараа дулаахан тохьтой өрөөнд өөрийн эрхгүй нойр хүрдэг юм билээ. Дуудлагын хоолны аппууд төлбөр тооцоо бэлнээр хийхээ больсон байна. Коронагаас болоод бүх зүйл цахим руу шилжжээ. Тэр нь ч дээр дээ. Гар утсаараа хоол захихад бараг 15 минут болоогүй байхад хаалга тогшоод ороод ирж байна.

Карантинд амраад ч байсан юм шиг, ажиллаад ч байсан юм шиг, бага зэрэг тухгүй орчинд хальт зутарсан ч юм шиг, эсрэгээрээ чийрэгжээд өлчир болсон ч юм шиг өөрийнхөө ч учрыг ойлгохгүй болов. Цав цагаан, цоо шинэхэн шахуу цагаан хэрэглэлтэй ор руу шумбаад орсон. Хоёр долоо хоног бараг шахуу бүхлээрээ, хүйтэн өрөөнд дандаа хувцастай унтаж байсан би хамаг хувцсаа (ганц хоёр юм үлдээсээн үлдээсэн) тайлаад оронд ороод орой хүртэл хүүхэд шиг нам унтжээ. Хувцас тэргүүтэнгүй унтах мэдрэмжийг мартахаа шахсан байна билээ кккк. Босмогцоо бүх хувцсаа угаалганд өглөө. Буудлын үйлчилгээ шуурхай юм. Өдөрт нь багтаагаад өгсөн бүх хувцсыг угаагаад, индүүдээд, эвхээд, гялгар уутанд битүүмжлээд аваад ирж байна.

За тэгээд долоо хоногийн дараанаас “Ах нь карантин яваад ирлээ ш дээ” гээд энэ хавийнхаа гудамжийг метерлээд явна даа хаха. Урт тэмдэглэлээ ингээд энд хүрээд жаргаая аа. Зарим нөхөд Буудалд өнгөрүүлсэн анхны шөнө гээд үргэлжлүүлээд бичээд яваарай гээд байсан. Ёстой болъё доо. Хэдүүлээ бусдаараа л бууз хуушуур шиг явъя аа кккк. Ингээд бичээд явчихвал би өөрөө яг Труманы шоуны гол дүр нь болчих гээд байна. Нээрээ ах хүүг бодит биш дүр, өөрийгөө орлуулж бичсэн үү гээд хэдэн хүн асуусан байсан. Хэлэхгүй шүү. Хэлэхээр хамаг бичвэр амтгүй болчихно шүү дээ. Төсөөллөө та бүхэн өөрсөддөө үлдээгээрэй.

Хүн бүр дор бүрнээ ариун цэврээ сайн сахин, гараа сайн угааж, муухай өвчнөөс холуур, эрүүл мэндээ дээд зэргээр анхаарч, өөрийгөө төдийгүй бусдыг бодон хариуцлагатай байгаарай гэж хүсмээр байна. Нэг биш тохиолдол нэгэнт Монголд маань илэрсэн тул тэр хүмүүсийг, тэдний гэр бүлийг бодон, хүн ёсоор хандах, ялгаварлан гадуурхахгүй байх, элдэв долоон үгээр доромжилж, зүй бус үйлдэл гаргахгүй байхыг та бүхэнд бас уриалж байна. Карантинд орогчдын ТББ байгуулбал овоо том, бас хүчтэй коммунити болохоор болж байх шиг байна ккк

Bye карантин, Hi УБ! Ус цасанд ороод, хувцас хунараа сольсон хүн байна. Бас өнөөдөр цэргийн баяр даа энэ чинь одоо. Даниэл Грэйг шиг ингээд нэг цэмцийгээд ганц гожгор юмтай ханьсаад тайван сайхан сууж өөрийгөө нэмээд 7 хоног тусгаарлая даа.

Цэргийн баярын бэлэг гээд хоёр шил Калтенберг, нэг боодол бэлэн гоймон, нэг ширхэг чоклаад, том пепси зочид буудлын ресэпшн дээр үлдээсэн тэр нэг үл таних бүсгүйд баярлалаа!

ҮРГЭЛЖЛЭЛ БАЙХГҮЙ.

THE END!