Дорнын философи (4-р хэсэг)
“БИ” оршин байдаггүй
Өмнөх хэсгийг ЭНДЭЭС
02
“БИ” оршин байдаггүй
- Будда
“Би (аатман) хэрхэвч гэмтэхгүй.”
Энэ бол арш хэмээн өргөмжлөгдсөн Упанишадын философич Яжнавалкьягийн үнэн байв. Түүний энэхүү философийн нөлөөн дор эртний энэтхэг нийгэмд асар том хөдөлгөөн өрнөх нь тэр ээ.
Юу гэвэл, тухайн үеийн Энэтхэгт хүмүүсийг “зайран, язгууртан, энгийн ард, боол” гэсэн дөрвөн ангид хувааж, тэр дундаа “бярман (зайран)” гэх онцгой анги давхарга хамгийн оройд нь заларч, дураараа дургидаг байсан бол Яжнавалкьягийн философиор тийм төрөлхийн анги давхарга гэж байх учиргүй болж таарав.
Ердөө л бярман хүн бярманы тухай кино үзэж, боол хүн боолын тухай кино үздэг төдий. Ямар кино үзсэнээс хамаарч үзэгч (танин мэдэгч) өөрөө бярман ч юм уу боол болно гэж байхгүй.
Яжнавалкьягийн нээн илрүүлсэн “Би (аатман)”-гийн мөн чанараар бол “○○ биш” гэсэн үгүйсгэлээс өөр юу ч байх боломжгүй тул шууд утгаараа “Би бярман биш”, “Би боол биш” нь мөрдөн гарна.
Тиймээс үнэн хэрэгтээ тэр мэт ялгаварлан хавчсан ангит нийгэм гээч нь үндсээрээ шал худлаа байжээ гэсэн үг юм.
Мөн бярманууд “Туйлын үнэнтэй (брахмантай) нэгдэх боломжтой нь зөвхөн агуу бярманууд” гэлцэн эртнээс нааш толгой угааж ирсэн хэдий боловч түүнийг ч бас Яжнавалкьягийн философиор шүүн харвал ор үндэсгүй яриа болох нь илэрнэ. “Би (аатман)”-д төрөлхийн анги давхарга гэж байхгүйгээс л хойш хэн бэ гуай нь ч “Би (аатман)”-гийн мөн чанарыг таньж чадах л юм бол эгнэшгүй зэрэг, түүхэн дэх хамгийн хүчирхэг оршихуй болж чадах учиртай.
Эндээс харж буйчлан Яжнавалкьягийн философи нь бярмануудын онцгой эрх дархыг ганхуулаад зогсохгүй ангит нийгмийн дарамтад байсан бярманаас бусад хүмүүсийг зоригжуулах хувьсгалт санаа ч бас мөн байв.
Түүний үр дүнд олон хүн бярманд найдалгүй өөрийн хүчээр “Би (аатман)”-г эрэлхийлэн философиддог болж, нэг мэдэх нь ээ тэндээс “Тийм ээ, туйлын зэрэгт хүрч, бүх зовлонгоос чөлөөлөгдөхийн төлөө!” гэсэн моодны хөдөлгөөн газар аван дэлгэрэх болжээ.
Буддизмыг үндэслэгч Будда ч бас тэрхүү хөдөлгөөнд нэгдэгсдийн нэг байлаа. Тэрээр кшатрия гэх “язгууртан” ангид харьяалагддаг буюу бярман биш байсан хэр нь ээ эгнэшгүй туйлын зэргийг олохоор гэрээ орхин гарсан гэдэг.
- Гэрээ орхих
Будда буюу Гаутама гэрээ орхисон тухай ийм нэгэн домог байдаг.
Нэгэн улсын ханхүү болон төрж, дутагдаж гачигдах юу ч үгүй баян тансаг амьдарч явсан Гаутама нэгэн өдөр ордныхоо гадна гарч зугаалахаар шийдэж гэнэ. Тэрээр дорно хаалгаар гарах гэтэл хаалганы цаана үрчийж атирсан нэгэн хөгшин үлгэн салган алхаж харагдав.
“Тэр хүн яагаа вэ? Яагаад ийм төрхтэй болов?”
Гаутама анх удаагаа хөгшин хүн харсан нь тэр байж. Үнэндээ түүнийг ордон дотроо байх үед хаашаа ч явсан зарц нар нь түрүүлж очоод замыг нь цэвэрлэж, чимэж гооддог байсан тул Гаутама хэзээ ч муухай замаар алхаж байсангүй. Тэр бол “Гаутамад зөвхөн үзэсгэлэнтэй зүйлийг үзүүлж байхтун” гэх хаан эцгийн зарлиг бөгөөд үнэхээр ч төдийг хүртэл Гаутама хатсан навч ч үзэлгүй явсаар “хөгширч, гундах” гэдэг ойлголтгүй хүн болон өсөж торнисон байв.
Гаутамагийн асуултад дагалдаж явсан туслах нь хариулж гэнэ.
“Тэр бол хөгшин хүн.”
“Зөвхөн тэр хүн хөгшин юм уу?”
“Үгүй ээ, та ч бас, таны хаан эцэг ч бас, мэдээж би ч бас, хүн л бол хэн бүхэн урт наславал гарцаагүй тэр мэт хөгшин болно.”
Үүнийг сонссон Гаутама эвгүйрхэхдээ дорно хаалганаас гэдрэг буцав.
Удаах өдөр өмнө хаалгаар гарах гэтэл хаалганы цаана турж хорчийсон хүн зовиуртай нь аргагүй мөлхөж харагдав.
“Тэр юу вэ?”
“Өвчтэй хүн байна аа. Хүн өвдөхөөрөө тийм болдог юм.”
Айсан Гаутама өмнө хаалганаас гэдрэг буцаж, дараагийн удаа өрнө хаалгаар гарах гэтэл хаалганы цаана оршуулгын цуваа харагдаж гэнэ.
“Энэ бас юу вэ?”
“Хэн нэг нь үхсэн бололтой. Хүн гарцаагүй үхдэг юм.”
“Би бас үхэх үү? Заавал үхэх ёстой юм гэж үү?”
“Тийм ээ. Та ч би ч хэзээ нэгэн цагт үхнэ. Түүнээс зугтах ямар ч аргагүй.”
Дагалдагчийн үгнээс гүнзгий цочирдсон Гаутама өрнө хаалганаас гэдрэг буцаж, эцэст нь умар хаалга тийш хүрч ирэв. Тэгтэл хаалганы цаана шар орхимж нөмөрч, чив чигээрээ алхах нэгэн хүн явж байна гэнэ.
“Тэр юун хүн бэ?”
Гаутамагийн асуусанд туслах нь хариулав.
“Тэр бол гэрээ орхисон даяанч хувраг байна. Даяанч хувраг гэдэг бол туйлын үнэнд хүрч, өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонг гэтэлгэхийг зоригч юм.”
“Тийм зам…, тийм амьдархуй байдаг гэж үү… Тэгвэл би ч бас тэр замаар орж даяанч хувраг болъё. Тэгээд өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонгоос ангижирах минь.”
Ийнхүү Гаутама гэрээ орхихоор шийдэж, ханхүү хэргэмээ ч гэр бүлээ ч хаяад ордноос гарч явсан гэдэг.
Дээрх бол “Дөрвөн хаалганы домог” хэмээх үлгэр юм. Үүнийг болсон явдал гэхээсээ хожмын хүмүүсийн зохиосон үлгэр болохыг супер гоё зохиомжоос нь төвөггүй анзаарч буй болов уу. Гэхдээ тэр нь чухал биш, ямартай ч “Гаутама өвдөлт, өтлөлт, үхлийн зовлон хийгээд амьдрал зуурдын болохыг мэдэж, түүнээс ангижрах арга замыг эрэлхийлэн гэрээ орхисон” тухайд бол гарцаагүй болсон явдал биз ээ.
Өмнө ч өгүүлсэнчлэн тухайн үеийн Энэтхэгт урьд хожид үзэгдээгүй философийн бүүм дэлгэрч, “Туйлын зэрэг”-т хүрэхийг санаархагч даяанч хуврагууд олон байж. Ялангуяа “Өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонгоос гэтэлгэе” гэх нь тэдний дунд тун ч түгээмэл амбиц байлаа.
“Гэрээ орхих = өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонгоос ангид зэргийг зорих”
Олны дунд энэ уламжлалыг бүхэлд нь Будда анхлан санаачилж, түүнээс эхэлсэн мэтээр ойлгох нь олонтоо харагддаг ч үнэндээ огтоос тийм биш. Үүнийг “Дөрвөн хаалганы домог”-т даяанч хуврагийн дүр гарч буйгаас ч илэрхий харж болно. Энэ уламжлал Буддагаас хэдэн 100 жилийн өмнөх Яжнавалкья тэргүүтэй Упанишадын философи, тэгээд түүнийг нь өвлөн залгуулсан бусад олон мэргэдийн гараар урт удаан цаг хугацааг элээн байж тогтсон зүйл юм.
Угаасаа Буддагаас хамаагүй өмнө, Яжнавалкьягийн эхнэр “Эд хөрөнгөтэй боллоо гээд үхчих юм бол ямар хэрэг байна аа? Түүнээс илүү үхлээс мултрах аргаа зааж хайрла” гэж өгүүлснийг эргээд сана. Өөрөөр хэлбэл, Буддагийн хүссэн “Үхлээс ангид зэрэг мөр” гээч санаа тухайн үеийн энэтхэгт аль хэдийнэ байсныг энэ өчил гэрчилнэ.
Тиймээс Будда ганцаараа юу юугүй гэнэт “туйлын зэрэг” мэтийн зүйлийг оргүй хоосноос зохиочихсон хэрэг огтоос биш. Мөн тэрээр хожим нь бодь модны дор гэгээрч, туйлын зэрэгт хүрдэг боловч тэр ч бас Будда түүхэнд хамгийн анх гэгээрсэн учиртай ч бас биш юм.
Тэр утгаар нь тунгаан харвал Будда нь хэрхэвч цоо шинэ оргиналь үзэгдэл бишээс гадна гэв гэнэт Энэтхэгт заларч буугаад бүхнийг төрүүлсэн бурхан ч бас биш. Будда бол Упанишадын философи гэх үе дамжин яригдаж ирсэн эртний энэтхэгийн уламжлалыг өвлөн авсан нэгэн бие хүн байсан гэдгийг тогтоогоод авахыг хүсье ээ.
За тэгээд, гэрээ орхисон Гаутама юу болсон бэ?
Тэрээр олон газраар явж, олон багш нарт шавь орж, энэтхэгийн философид суралцсан байдаг. Гэвч харамсалтай нь тэндээс ямар ч амжилт олсонгүй. Энэтхэгийн философид хэчнээн суралцаад сэтгэл ханахуйц үр дүн, нэг ёсны “өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонг гэтэлгэх зэрэг”-т хүрч чадсангүй. Аргаа барсан Гаутама багш нараа орхиж, өөрийг нь дагаж ирсэн 5 найзын хамт ууланд бүгэн биеэ зовоож (ном сударт хатуужлыг бүтээх гэдэг) эхэлнэ.
“Биеэ зовоох” гэдэг нь яг л тэр утгаараа амьсгаагаа таглах, хоолоо сойх зэргээр амь биеэ байдгаар нь тамлан зовоох сургуулилтыг хэлдэг. Тэгвэл яах гэж “биеэ зовоодог” юм бэ? Биеэ зовоох нь “өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонг гэтэлгэх зэрэг”-т хүрэхтэй ямар холбоотой юм бол оо?
Яагаад Гаутама биеэ зовоохгүй бол болохгүй гэж? Үнэндээ энэ ч бас эртний Энэтхэгийн нэгэн “моод” байсан гэдэг.
- Биеэ зовоох (хатуужлыг бүтээх)
Биеэ зовоох гэж юу вэ? Үүнийг тайлбарлахын тулд жаахан төвөгтэй яриа хөндөх хэрэг гарна.
Гаутамагийн эрэлхийлсэн “Бүхий л зовлонг гэтэлгэх туйлын зэрэг” гээчийн эх санаа нь Яжнавалкьягийн философи байсныг сая өгүүлсэн шүү дээ. Харин Яжнавалкьягийн дэлгэж үзүүлсэн тэрхүү зэрэг мөр гээч нь туйлын оноллог бөгөөд рациональ эд байлаа.
- Би гэдэг бол танин мэдэгч (танин мэдэхүйн субъект) зүйл.
- Тиймийн учир “Би” өөрөө танин мэдэхүйн объект байх боломжгүй.
(“Танин мэдэгчийг танин мэдэх боломжгүй” учраас)
- Тиймээс би хэрхэвч гэмтэхгүй.
Гэвч эндээс ийм нэг эргэлзээ төрж болох юм.
“Би (аатман) гэмтэнэ гэж хэзээ ч байхгүй” гэх санааг “логик” талаас нь ойлгосон л доо. Гэхдээ л өвдөх муухай биз дээ? Үхэхээс ч айж байна. Явж явж, ийм яриа сонслоо гээд өдөр тутамд минь ямар нэг өөрчлөлт юу ч гарахгүй л юм биш үү?”
Нээрээ л тийм. “Логик”-оор ойлголоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Яжнавалкьягийн хэлэх гэсэн санааг ойлгож, “мэдлэг” болгон цээжилж авлаа гээд гэнэт маргааш нь учир зүггүй “Би эгнэшгүй зэрэгт хүрчлээ! Одоо юу ч надад аймар биш болсон!” гэж санагдахгүй. Үсрээд л “Хэлээд байгаа санаа нь нэг иймэрхүү л юм бололтой. Үгүй яах вэ, байж болох хөөрхөн л санаа байна” гэсхийгээд зогсох болов уу.
Гэтэл энэ бол туйлаас дотор загатнам төлөв юм. Бодоод үз дээ. Яжнавалкья “Ийм ийм учир шалтгаанаар би гэдэг чинь эгнэшгүй зүйл байхгүй юу” гээд булан тохойгүй тайлбарлаж, сонсогч ч бас “Аан мөн мөн, тийм тийм болохоор нээрээ би чинь эгнэшгүй юм байна шүү” гээд тэр тайлбарыг нь бүрэн төгс ойлгож үнэмшсэн байтал тэгээд ч ямар нэгэн эгнэшгүй зэрэгт хүрсэн мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр одоо яах ёстой болж байна аа?
“Юу…, уучлаарай. Эгнэшгүй зэрэгт нэг л хүрч чадсангүй. Та ахиад нэг заагаад өгөөч”
гээд дахиж Яжнавалкьягаас асууж болох л байх. Аягүй бол дутуу сонссон ч юм уу, нэмж тайлбарлууштай ямар нэг нууц юм хэлж өгөх ч юм бил үү?
Яалаа гэж дээ. Яжнавалкья ахиад л нөгөөхөө давтаж яриад дуусна. Учир нь түүний өгүүлж буй санаа онол талаасаа бүрэн төгс болохоор тэр. Үнэхээр ч “А бол В бөгөөд В бол С юм. Тиймээс А бол С юм” гэсэн онолын цогц гаргалгааг үүнээс илүү яаж дэлгэрүүлж тайлбарлана гэх билээ. Нэмэлтээр чихэнд чимэгтэй аятайхан үг хэдийг нэмэрлэж өгч болох ч, эцсийн эцэст хэлэх гэсэн уг санаа нь яг л хэвээрээ байх болно.
“«Би» гээчийн тухайд «~ бус, ~ бус» гэхээс өөрийг хэлэх боломжгүй. Тийм болохоор ー”
Хэрвээ сонсогч Яжнавалкьягийн хэлж буйг логикийн хувьд бүрэн ойлгосон гэвэл нэг яриаг хоёр сонслоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.
“Тийм ээ тийм. Түрүүний л яриа биз дээ? Наадахыг чинь ойлгосоон. Гэхдээ л надад үхэл аймар хэвээрээ л байна, ямар ч эгнэшгүй зэрэгт хүрсэн мэдрэмж алга байна ш дээ???”
Тийм бол нэг мөр Яжнавалкьяд гомдол мэдүүлж үзэх үү? Лавтайяа өөдөөс чинь мангас шиг царай тодруулж ирээд ингэж хэлэх вий.
“Мал минь ээ, чи ойлголоо гэж хоосон төөрөлдөөд байхаар яг жинхэнээсээ ойлгоод өгөөч эээ!!!”
За эндээс дорнын философийн ярвигтай тал гарч ирнэ ээ.
Дорнын философид иймэрхүү байдлаар, сонсогч нь “Таны хэлснийг бүрэн дүүрэн ойлгосон, үнэмшсэн” гэж хэлсээр байтал өөдөөс нь “Үгүй ээ, чи юу ч ойлгоогүй” гээд тэр ойлголтыг нь үгүйсгэдэг гаж үзэгдэл элбэг тохиолддог юм.
Яагаад гэхээр дорно дахинд “Мэдлэг төдийд мэдэж авах нь жинхэнээсээ мэдсэн хэрэг биш” гэж үзэх өвөрмөц уламжлал байдаг болохоор тэр.
Дорно дахинд “Аан, тийм байсан юм уу? Нээрээ тийм байна ш дээ! Одоо л яг ойлголоо!” гэсэн хүчтэй биет туршлага хийгээд бодит мэдрэмж дагуулсан мэдлэгийг л “Жинхэнээсээ ойлгосон”-д тооцдог учиртай. Тэгээд тэрхүү “туршлагаар жинхэнээсээ ойлгосон” гэдгийг бусдаас ангилж “гэгээрсэн” гэж нэрлэдэг.
“Туршлагаар жинхэнээсээ ойлгосон (гэгээрсэн)” ба “Мэдлэг төдийд мэдэж авсан” хоёр хоорондоо даанч алд дэлэм ялгаатай.
Жишээ нь ийм байна. “Тэр замын цаана могой байна лээ” гэсэн цуу яриа таржээ гэе.
Нээрээ л хар бараан зам тийш өнгийн харвал могой шиг урт юм харагдах юм. Мэдээж тийм аймар газар руу хэн ч зүглэе гэхгүй. Гэтэл нэг өдөр хамаг зүрх зоригоо чангалан байж замын цаад руу очоод ирсэн хүн хэлж байна гэнэ.
“Тэр чинь могой биш ээ. Зүгээр л олс байхгүй юу.”
Тэгээд тэр хүн тэнд могой байхгүйн шалтгааны талаар ч өдий төдий тайлбарлаж өгөв. “Угаасаа могой чинь байгалийнхаа инстинктээр тиймэрхүү газар амьдардаггүй юм аа” гэхчлэн их мэдэж гарав. Нээрээ ч тэр тайлбар нь үнэмшихгүй байхын аргагүй учир жанцантай, логиктой тул та “Аанха, зөв зөв. Нээрээ тийм юм байна. Ямар ч маргах юм алга” гэж бодсон гэе.
Гэвч тэглээ гээд “За алив одоо тийшээ яваад ир” гэвэл өөрийн эрхгүй өвдөг чичрээд эхлэх вий. Нөгөө хүн ч гайхан асууна.
“Яав аа? Могой байхгүй гэж дөнгөж сая тайлбарлаж өгөө биз дээ? Мартчаа юу? Ахиад тайлбарлах уу?”
Үгүй үгүй, хэд ч хэлсэн адилхан. Наад ярианаас чинь зөвхөн “мэдлэг” л толгойд үлдээд байна. Зөвхөн “мэдлэг” төдийгөөр “Могой байхгүй” гэж бодлоо гээд ямар ч утга алга. Хар л даа, ингээд зам руу явах гэхээр л хөл өөрөө чичрээд байна. Энэ бол нэг ёсондоо толгой дотроо “Могой байхгүй” гэх логикийг дэмжиж байгаа хэр нь ээ зэрэгцээд сэтгэлийнхээ хаа нэгтээ “Гэхдээ л могой байвал яах юм?” хэмээн эргэлзэж буй төлөв юм. Ийм байхад “Могой байхгүй” гэдгийг “жинхэнээсээ мэдсэн” гэж хэрхэвч хэлэх аргагүй.
Тэгвэл “Жинхэнээсээ мэдсэн” гэж хэлж чадах нь ямар үед вэ? Тэр бол мэдээж “жинхэнэ эсэхийг” өөрийн биеэр шалгаж үзэх тэр үед байх болно.
Та зоригоо чангалан замын цаад руу явж, бэмбэгнэн байж могой шиг хэлбэртэй нэг юм руу дөхөж ирэв.
“Энэ нээрээ олс юм гэж үүү… Логикоор бодохоор уг нь түүний зөв л санагдах юм… Гэхдээ яг үнэндээ могой байвал яана аа?”
Ингээд ойртоод хартал…, нөгөөх нь олс байна. Дээрээс нь харсан ч олс. Хажуунаас нь харсан ч олс. Чимхэж өргөөд эргүүлж тойруулж хараад хараад…, гарцаагүй л олс байна!
Та яаран буцаж ирээд, өөр нэг найздаа хэлнэ.
“Харчаад ирлээ! Нөгөөх чинь олс юм байна!”
Гэвч биеэр очиж үзээгүй найзын чинь хувьд тэр бол ердөө л “мэдээлэл” бөгөөд мэдлэгээс хэтрэхгүй. Танаас мэдлэг авсан ч тэрээр огтоос тийшээ зүглэе гэсэнгүй.
“Хэлээд байна ш дээ, олс гээд. Угаасаа бодоод үз л дээ. Могой гэдэг чинь байна ш дээ…”
“Мхн, нээрээ тийм байна. Ёстой чиний түмэн зөв. Ойлголоо, ойлголоо.”
Тэрээр таны тайлбарыг сонсоод “Ойлгосон” болохоо илэрхийлэв. Үгүй ээ, тэр ч бүү хэл яг адилхан тайлбарыг бусад хүмүүст ч ярьж гарав. Сонсоод үзвэл гарцаагүй л таны хэлснийг бүрэн дүүрэн ойлгож, алдаа мадаггүй цээжлээд, мэдлэг болгон шингээсэн нь илт.
Гэвч, тэгсэн хэр нь ээ л тэрээр огтоос зам руу ойртъё гэсэнгүй.
“Могой байхгүй тэ?”, “Тэгэлгүй яах вэ, байхгүй” гээд яриа нийлж байгаа мөртлөө “За тэгвэл тийшээ явцгаая” гэхээр л өвдөг нь чичирч ирээд “Өнөөдөр жаахан…” гэсээр бултахыг завдана.
Түүнийг харсан танд ингэж хэлэхээс өөр арга үлдсэнгүй ээ.
“Чи яг үнэндээ ойлгоогүй л биз дээ?”
Үргэлжлэл бий...