ЖАР ХҮРВЭЛ ОДОН ӨГЬЕ
Монголчуудын эрүүл мэнд
Сүүлийн үед энд тэндгүй хөвгүүдийг зодож байгаа, бүр нэлээн өршөөлгүй, харгислан зодож байгаа охидын тухай их дуулддаг болвоо доо? “Манай хүүг ангийнх нь охин алгадаж гэнэ”, “охин хэрнээ хүүг маань шилбийг нь хэгз хөшиглөөд, толгойг нь хавдтал үсдсэн байх юм” гэсэн постууд харагдах болсон. Энэ бол сүүлийн хорь гаруй жилд моодонд орсон “эр юм байж” гэсэн хүмүүжлийн үр дүн.
Нэг л гундуу хүйс
Эр юм байж гоншгонож болдоггүй олон зүйл байна. Эмэгтэй хүнтэй маргаж, хэрэлдэж болохгүй. Хүнд юм өргөж даахгүй байж болохгүй. Уйлж бүр болохгүй. Би харин энэ бүгдээс “эр юм байж өвчин яриад гоншгоноод байж болохгүй” сэдвээр нь гоншгонох гэж байна. Ингэхийн өмнө хамтдаа Улаанбаатарын гудмаар 1 минут аялаадхая:
-Гудамжаар зүсэн бүрийн хүмүүс холхиж байна. Мундаг ба сул дорой. Сул доройг нь дагаад харвал хамгийн сүүлийн дугаарт нь хэдэн архичид байх аж. Тойроод зогсох арваад архичдын дунд ганц эмэгтэй хааяа харагдана. Бусад нь чанга чанга ярьсан эрчүүд.
-Хорооны ахмадын хурал болж байна. Уламжлал ёсоор хэдэн эмээ нар иржээ. Дунд нь хоёр өвгөн сууж байна. Нодлин гурав байсан юм
-Гавьяатуудын тоглолт болох гэж байгаа гэнэ. Тоотой хэдэн хүмүүс л “аав ээжийгээ тоглолт үзүүлнэ” гэж ярьж байна. Бусад нь ээжтэйгээ үзнэ гэнээ.
-Алдар гавьяатай, өндөр настай эрхмүүдээ нэг тойруулаад харлаа. Өвөө нар үнэхээр нүдний гэм аж.
-Анд нөхдөө бодлоо. Сүүлийн хэдэн жилд нэг биш аавын буяны ажилд явжээ. Аяга пиаванд халамцахдаа ээжийгээ амьд дээр нь хайрлаарай гэлцсэн л улсууд болж бид.
Нийгмийн бүлэг бүрт, ялангуяа 55-60 наснаас дээшхи хүмүүсийн дунд эрчүүд эрс цөөрөөд явчихаж байна. Эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан 2021 оны статистик мэдээлэлд “сүүлийн 33 жилийн дунджаар монгол 10 эрэгтэй хүний 6 нь 60 наснаас өмнө нас бардаг” гэсэн тоо харж болно.
Даанч тийм байх аа! Ийм л болоод ямар сайндаа хэдэн муусайн харцуулаа жаран нас хүрчихвэл одон өгье гэвэл гүрийх болов уу гэсэн хийсвэр гарчиг өгч суухав дээ ☹. Ахмадууд гэлтгүй, дунд насныхны амьдралын хэвшлийг сонирхоод харахад ч мөн л ихээхэн хэврэгших замдаа тууж яваа харагдах юм. Гэхдээ энэ тухай хойно өгүүлээд, эхлээд гялс нэг юм хальт дурдаатая.
Сэтгэл гэдэг эрхтэн
Өөрснөө бид нар чинь их нялцгай улсууд юм аа. Тэгээд тэрийгээ нуух ч гэдиймуу, албаар чанга байх гээд бөөн уур унтуу болдог юм бишүү дээ. Хөгжингүй орнуудад бол “чи эрэгтэй ч гэсэн уйлмаар санагдвал уйлчихаж байгаарай” гэсэн уриалга гараад нэлээд удаж байгаа. Манайд бол ярихым биш. Гэхдээ амьдралд нэвтрүүлж эхлэхгүй бол чимээгүй явсаар байгаад нэг мөсөн балардаг гэмтэй болчихлоо.
“Хөөрхий эмэгтэйчүүд бядгүй юм, хэтэрхий олон үүрэг хариуцлага хүлээдэг юм, хүүхэд гаргадаг юм, нөхөр согтуурч тэнээд голцуу өөрөө өсгөдөг юм”... энэ бүгд үнэн. Гэхдээ нөгөө талд эрчүүд нь адлагдаж, нэлээн маанаг, бүдүүн хадуун, бааайж л байдаг нөхөд, цохиур даадаг, үг ч даадаг нэг обьект болчихсон.
Эр, эм хүйсүүд шохоорхол, хандлага, булчингийн хэмжээ гурваараа тэс өөр болох нь илэрхий харагддаг. Хоёр өөр гаригийн хүмүүс ч гэгдэнэ. Тэгвэл ижил юмнууд энэ хоёр хүйст бий. Таван цул эрхтэн, яс, цуснаас эхлээд. Яг ижил өвчин тусдаг нь үүний баталгаа. Тэгвэл “сэтгэл гэдэг эрхтэн юм” гэж Д.Галсансүх хэлсэн. Сэтгэл ч бас энэ хоёр хүйсийн аль алинд нь бий. Тиймээс адилхан зовниж, шаналж, өвддөг байх нь. Гэхдээ эрчүүд ил гаргаж хэлдэггүй. Нэгэндээ ч хэлдэггүй. Хэнд ч хэлдэггүй. Тэгээд өгөгдөл нь хэр хэврэгээсээ шалтгаалаад зарим нь тэвхэлзээд явдаг, зарим нь архинд ордог. Зарим нь бүр яадгийг амиа хорлолтын статистикээс харж болно. (Эрүүл мэндийн хөгжлийн төв-өөс гаргасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” хэмээх дэлгэрэнгүй мэдээлэлд амиа хорлолтод эзлэх эрчүүдийн хэмжээ эмэгтэйчүүдийнхээс дунджаар 6 дахин их байна).
Аажуу амиа хорлолт
Одоо дунд наснаасаа эхлэн хэрхэн өөрийгөө хурдан үхүүлээд байгаа тухай ярий.
Дэлхий дээр далан настан нь дайн өдөөж, наян настан нь дэлхийн хамгийн хүчирхэг улсыг удирдаж байдаг. Харин манай монгол эрчүүд яаж өвгөрч байна вэ? Залуу байхдаа найзууд дунд өвчин ярьсан нэгийгээ учиргүй шоолдог. “Манийх нь энд нэг ингэж өвдөөд удлаа, эмнэлэгт үзүүлдэг юм уу?” гэнгүүт тал талаасаа “хахаха чи энэ маягаараа 100 наслах байхаа” гэсэн үгс сонсоно. Найз нар дундаа ч “биеэ энхрийлж” чаддаггүй нь монгол л уламжлал. Өнөөх л “иймхэн юм даахгүй байна гэж үү дээ!”, “охин шиг уйлаад!” гэсэн үй түмэн үгэн жадан доор өсдөг монгол хөвгүүд. Энэ бол эр хүйсийнхнийг аажуу амиа хорлолтыг эхлүүлж байгаа нийгмийн нөлөөлөл болчихлоо2.
Зөвхөн найз нараасаа ичээд эмнэлэг ордоггүй ч биш. Ер нь өөрснөө ордоггүй. Ээжийгээ дагаад дэлгүүр явдаг бяцхан хүү, том болоод эхнэрээ дагаад эмнэлэг явдаг болдог доо. Эрхбиш хөтлүүлэхгүй (хөтлүүлээд явж байгаа нь байдаг!) дагаад “Цөс 6 нойморт гэсэн үү?” гэцэн явж байдаг. Өөрснөө асууж байгаа юм байхгүй. Эхнэр нь хөтөч, хэлмэрч, өмнөөс нь яригч, эмчийн үгийг цээжилж дараа нь хэлж өгөгч гэсэн олон үүрэгтэй явна. Гэлээ гээд эрчүүдийгээ цагаасаа өмнө алдчихаад л байна ☹. Өвчин хэлж сураачээ эрчүүд ээ! Энд хатгаад байна, тэнд татаад байна гээд зоригтой хэл. Эмнэлэг ор!
Тэгэнгүүт ийм яриа болно:
-Ходоодоо дурандуул!
-За дараа л болы
-Яагаад вэ?
-Эвгүй хог байна лээ тэр чинь...
Ходоод руу шалаанк ороод эвгүй л дээ. Гэхдээ үхэх нээх эвтэйхэн байдаггүй байх. “Аа үхсэн нэг л үхийшд” гэж бас боддог л доо. Гэхдээ ард үлдэх хэд бас нэлээн эвгүй хоцорно. Аа тэднүүс ямар хамаатай юм гэвэл бас өөр яахав дээ.
Өөрснийгөө аварцгаая!
Цаг хугацаа бүхнийг ялдаг жамаар эрчүүдмянга хэнэггүй, гүндүүгүй байсан ч 40 гараад явахаараа нэгнээсээ даралтны эмний талаар сонирхож эхэлдэг. Улмаар элэг, бөөрний шинжилгээний туршлага хэлэлцэж, тэгээд удалгүй түрүү булчирхай руугаа орно. Тавь руу ойртсон эрчүүдийн ихэнх нь нойр булчирхайгаа “сэрээчихсэн” байх нь бий. Бас зарим нь аль хэдийнэ нөгөө ертөнц рүү “явчихсан” байдаг. Энэ бол өөрийнхөө тухай, эрүүл мэндийнхээ тухай ярих эрхгүй, “эр хүн шиг эрвэлзэж явсны” гор.
Эцсийн эцэст үнэнд ингэж гүйцэгдсэн ч үйлдэл хийтлээ бас л хол доо. 45-аас дээш насныхан дунд тогтмол шинжилгээ өгдөг нь хэд байдаг вэ? Энэ талаар ямар нэг мэдээлэл олж амжаагүй эргэн тойрноо харахад нэг багцаа мэдэгдэнэ. Гэтэл ухаант хүнийг амьтнаас ялгаруулах гол үзүүлэлтийн нэг бол урьдчилан сэргийлэлт. Урьдчилан сэргийлэх үзлэг бол зөвхөн нэг тал нь. Харин амьдралынхаа дадал зуршил болгосон урьдчилан сэргийлэлт бол хамгийн чухал тал нь.
Ердөө ч хэцүү биш. Үйлдэл бүрийг 3-5 удаа давтахад л зуршил болох зам руу гаа орно гэсэн үг. Идэх хоолны хэмжээг 30-50 хувь багасгахад 3-5 өдрийн дараа л ходоод шууд дасчихдаг. Халуун юмны араас хүйтэн юм уухаа болиход олон зүйл өөрчлөгдөнө. Явган алхаж ажлаа амжуулъя. Заал, жиймд явцгаая. Гол нь тогтмол шүү. Байж байжээснаа огцом яваад аймар хичээллэдэг хүмүүс байдаг. Тэр нь бүр хор гэнэ лээ. За тэгээд уур уцаараа больцгооё оо таминь. Уурлаад юм хождог, нас нэмдэг бол яая гэхсэн.
Товчхондоо ийм л гурван зүйл:
1. Хоол, цайгаа эм болгоё
2.Хөдөлгөөнөө дасгал болгоё
3.Харилцаагаа бясалгал болгоё.
Эр хүн танаар хайрлагдах ёстой хүмүүс, танаар бүтээгдэх ёстой зүйлс маш олон байна. Тэднийг битгий эрт орхиж яв. Өдөр бүр үүнийг сана. Товчхондоо эр хүн өөрөө бод л доо. Нээх их “тэр жинхэнэ эр хүний ёсоор дайны талбарт эрсэдсэн юм” гэгддэг эх оронч үзлийн пропаганда домогт автдаг юм биш биз дээ. Халк үзэж байгааг чинь мэднэ л дээ, гэхдээ та өөрөө халк биш шүү дээ. Тиймээс биеэ өөрснөө энхрийлэе л даа. За энэ арай нялуун үг байна. Биеэ жоохон бодоцгооё л доо. Эмнэлэг ордог болоё гэх гээд байгаан. Таны дайсан чинь утаа, түгжрэл ч биш, засгийн газар ч биш таны хэнэггүй зан л хамгийн том дайсан шүү дээ. Үүнийг санаад үргэлж ХЭНЭГТЭЙ БАЙЯ! гэж хэлэх гээд энэ өгүүллийг эхлүүлсэн юм. Тэгээд эхэлсэн бүхэн дуусдаг жамаар одоо ингээд дуусч байгаа нь энэ. Гэхдээ гялс хамтдаа ахиад нэг хэлчий “ЭРЧҮҮД ЭЭ, ХЭНЭГТЭЙ БАЙЯ!”. Заа болсон.
Sarnai
BAT
Эхлээд эдийн засгаа бодмоор бнаа... наад асуудал чинь шууд шийдэгдэнэ...
Тэнгис
Үнэн
Хөөрхий эрчүүд
Оноч