Чөлөөт зах зээлд шилжээд 30 орчим жилийн нүүр үзсэн ардчилсан Монгол Улсын хамгийн том дайсан нь бизнесмэнүүд болж хувирлаа. Тэдний бүтээсэн, босгосон бүхнийг хураая, нураая гэсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр нь тачаалаа яаж тайлахыг бултаараа харах адын хүсэлтэй. Өнгөтөй өөдтэй яваа нэгнээ өөр шигээ ядуу болгож “гар хангалаг” хийх юм байх. Шударгаар бизнес хийж хөл дээрээ боссон хэнийг ч уурхай, үйлдвэр, компаниас нь салгачихаад эргээд харахад нь дахиад овоож оцойсон хөрөнгө хуримтлуулчихаж өлхөн чадна. Бизнесмэнүүд бол мөнгө хийхээр төрчихсөн уран бүтээлчид. Бизнес нь тэдний хувьд бүтээл туурвил юм.

Бизнесмэн

Бизнесмэн гэж бизнесийн аль нэг салбарт хүний биеийн болоод оюуны хүч, санхүүгийн боломжийг түшиглэн ашиг олох зорилгоор мөнгөн урсгал үүсгэж эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангадаг этгээд. Хүн гэдэгт нь бизнесмэн өөрөө ч багтах тул хувиараа аж ахуй эрхлэгчээс аваад компани, үйлдвэр, фирм, корпораци удирдаж буй захирлыг ч багтаана. Монголд Цайны замтай хамт үүссэн дамчин, панзчин бол бизнесмэн биш, тэдэнд бүтээлч онгод сох дутна. Гэтэл бид дамчин, панзчингаас өөр “бизнесмэн” мэдэхгүй. Соцреализм нь байсан ганц “бизнесмэн”-ээ хүний адаг болгоод ойлгуулчихсан болохоор монголчуудын цусны онцлог болчихож уу гэтэл бас үгүй. “Төрөөд” хоёрхон зуун жилийн нүүр үзэж яваа бизнесмэнийг хүн гэдэг амьтан нэг нүдээрээ үздэггүй. Ядаж капиталист ертөнцийн урлаг, уран сайхан нь ч “хүний дайтай” харуулаагүй байдаг. Олон еврейн амь аварсан Оскар Шиндлерээс бусдыг нь төсөөллийнхөө хэмжээгээр зүхсээр өнөөг хүрцгээжээ. Шиндлерийн бүртгэл кино “Нэг амь амарвал бүтэн ертөнц аварна” гэдэг Талмудын (Еврейн шашны хөлгөн судар) эшлэлд суурилсан учир “зэрлэг капиталист” Оскар Шиндлер л хараалгалгүй мултарчээ. 

Бурхны нүгэл

Хүн төрөлхтний амьдралын философи шашны сүүдрээс салж ядан гасалж байна. Сэргэн мандалтын үеэс хаяагаар нь бага сага гэрэл туссан энэ хөмөрсөн тогоо бидний дээр дор хаяж 2 500 жил дараатай хэвтээгээс тэр. Бурхан гээч этгээд бидний төлөө аль байдгаа барьсан тул хүмүүс яг өөр шиг нь бусдын өмнөөс өөрийгөө зольж гэмээн сая шан харамж хүртэнэ гэж шашин сургадаг учраас альтурист үзэл амь бөхтэй өнөөг хүрлээ. Тиймээс амиа хичээх алив тохиолыг хүн төрөлхтөн байж болшгүй мэтээр ойлгодог оёгтой. Хүмүүс хүй хамтлагаараа нэгдэж өөрийгөө үл хайхран сүргийнхээ төлөө амьдрах ёстой гэдэг үзэл санаанд тулгуурласан нийгэм ч байгуулсан. Гэтэл национал-социализм, коммунизм хоёр манай гаригийг цусанд хутгаж орхисон. Ер нь бол бурхны санаа зориг жам ёсны чанх эсрэг юмаа гэдгийг сая сая хүний амиар харуулсан ч бид ойлголгүй хоцорчээ. Тэгэхээр бурхан гуайн нүгэл хилэнцээр зарласан хувиа борлуулж, довоо шарлуулах үзэл санаа заяагдмал болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй нэрэлхүү зандаа хүлэгдээд тарчилж зогсоо юм. Гэхдээ бизнесмэнүүд “Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг биелүүлдэг Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий хуц!” гэж омог бардам хэлдэг улс аа. 

Философи

Яруу найрагчид өөрийгөө “Бурхны алдаа” гэж хөлчүүрхэх дуртай. Харин бизнесмэнүүд бол бурхны бүх нүглийн зөвтгөл гэж боддог. Хүний төлөө амьдар, хувийн ашиг сонирхол чинь хэнд ч хэрэггүй гэдэг философитой нийгэмд бизнесмэн харин яаж амьдрах вэ? Манайхан, ер нь бүх бизнесмэнүүд өглөг хандиваар авлигадаж, “нийгмийн хариуцлага” гэгчээр нүдийг нь хуурчих гээд үзэж тарж харагдах. Үнэхээр нийгмийн өмнө хариуцлага хүлээмээр байгаа бол тэр л биз. Гэхдээ ямар гэм хийсэн болоод хариуцлага (хариуцлага шүү дээ!) хүлээх ёстойгоо эхлээд бодоорой доо. Уул шугамандаа бол хорыг хороор л дардаг жамтай. Танд философи хэрэгтэй. Философи бол хүний оршихуйн суурь зарчмыг судалдаг шинжлэх ухаан. Дахиад хэлье. Бизнесмэн бол уран бүтээлч. Нэг нь шүлэг бичих гэж, нөгөө нь ая зохиох гэж, нэг нь тоосго өрөх гэж, бас нэг нь жолоо мушгих гэж төрдөг. Харин бизнесмэн хоосон чанарын огторгуйд мөнгө ургуулах авьяас билгээ цалгиулан энэ хорвоод ирсэн байдаг. Ичгүүртэй юм огтоос үгүй. 

Би энэ хүрээд зогсох нь зүй буй заа. Уншигч та харин Айн Рэндийн Атлантын нуруу тэнийв романы капиталистуудад зориулсан тайлбар толь: Бизнесийн философи номоос тодорхой үндэслэл, гаргалгаатай уншиж хувиа хичээх муухай гэж боддог энэ нийгэмд чухам хэрэгтэй ёс суртахууны хуяг дуулгатай болоорой. Энэ ном бол таны болоод хүн төрөлхтний ирээдүйг заасан судар юм шүү.

Ц.Лоохууз хэмээх үзэгдэл


Мөнгө хийх чадвар төрмөл гэж боддог. Бодит жишээ авах хүсэлтэй байна. Авчиг өнөөгийн бизнесмэнүүдээс жишээ авбал ая тал татсан болох биз. Харин одоогоос 55 жилийн өмнө марксист засагтай заалдаж нийт 25 жилийг цөллөгт, түүнийхээ зургааг нь шоронд өнгөрөөсөн Ц.Лоохуузын “XX зууны монголчууд”: “Социалист Монголын улс төрийн амьдрал” сэдвээр И.Лхагвасүрэн нартай 2007 онд хийсэн ярицлагаас нь хүргэе. Түүний туулсан замыг харвал капитал гэдэг биеийн хөдөлмөр гэхээсээ оюун ухааны, рациональ сэтгэлгээний үр дүн гэдэг дүгнэлтэд хүрнэ. 

.....................................................................................................................................................

Яагаад цөллөгт явуулж байгаа талаар ямар ч тайлбар хийсэнгүй. Тэр цөллөг нь хугацаагүй, насаараа хавчигдаж, гадуурхагдах тийм цөллөг болж хувирсан юм.

.......................................................................................................................................................

Намайг Өвөрхангай аймгийн говийн бүсэд байдаг Сант суманд хоньчиноор явууллаа.

.......................................................................................................................................................

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан тэр зүйлүүдэд нэг ч үнэн юм байгаагүй юм. “Намын эсрэг бүлгийн удирдагч Лоохууз бол хятадын эрлийз! Түүний эцэг бол Хятадын Шинжан-Уйгурын нутгаас Монголд орж ирсэн хятад хүн байсан!” гээд л ярьж байлаа шүү дээ. Бүгд худлаа. Гэхдээ итгэдэг хүн байсан байх. Арай л “Лоохууз Японы тагнуул!” гэж хэлээгүй байх. 

.........................................................................................................................................................

Гэтэл 100 толгой хонь нэг сар хариулсан ажлын хөлс 17 төгрөг 50 мөнгө өгч байна. Энэ бол миний бүх цалин юм гэнэ.

.........................................................................................................................................................

Элдээгүй хурганы арьс нэг төгрөг байдаг. Зарим үед 2-3 төгрөг хүрдэг юм. Манай энд арьс элддэг хүнгүй болчихсон юм. Элдсэн арьсыг бол 15 төгрөгөөр авдаг юм! гэж тэр хүүхэн ярьж байна.

Тэгээд арьсаа нөгөө хүүхэнд өгвөл: “Ёстой сайхан элдсэн байна. Бүгдээрээ ийм байсан бол сайхан дээл болох байж!” гээд 15 төгрөг өгч байна. Ингээд 15 төгрөгөө аваад, нэгдлийн нярав дээр дахин очлоо. Түүнд 15 төгрөгөө бас хүчээр өгөөд 3 хурганы арьс өөрөө сонгож авлаа. Түүнд мөнгө өгөхөөр тэр их гайхаад, учрыг нь ерөөсөө олохгүй байх шиг л байлаа. Дахиад нэгдлийн нярваас 45 төгрөгөөрөө 9 арьс авлаа. Энэ мэтээр 20 хоногийн дотор арьс элдэж зараад, 800 төгрөгтэй боллоо.

........................................................................................................................................................

Нэг булигаар 100 орчим төгрөгийн үнэтэй юм байна. Нэг булигаараар хоёр гөлөм хийх боломжтой юм. Энэ чинь бүтэн үхрийн шир шүү дээ. Булигаарыг дээр үед манай Аж үйлдвэрийн комбинатад хийдэг байж. Сүүлийн үед Хятадаас жаахан авдаг болсон юм байна. Жирийн нэг гөлөм бол 600 төгрөгийн үнэтэй, бүтэн угалзтай гоёлын гөлөм 1000 төгрөгний үнэтэй юм. Энэ бол орон нутагт тогтсон үнэ ханш шүү дээ. Ингээд хоёр хүн миний хийсэн гөлөмнүүдийг дор нь худалдаж аваад явлаа. Нэг зуун төгрөгөөр авсан булигаар 1 200 төгрөг боллоо шүү дээ.

........................................................................................................................................................

Ингээд мөнгөөр дутахаа байлаа. Амьдрал ахуй маань сайжирч ирлээ. Гэрээ дулаан эсгий бүрээс, цагаан даавуун бүрээстэй болголоо. Тэгээд тэр үед ЗХУ-аас импортоор орж ирдэг байсан 3 дугутай “Урал” гэдэг мотоцикль авлаа. Монголчууд түүнийг “Шаахайт” гэж нэрлэдэг юм. 

........................................................................................................................................................

Нэг жилийн дараа Польш улсад үйлдвэрлэсэн “Варшав” гэдэг суудлын машин Оросын элчин сайдын яамнаас 18 000 төгрөгөөр авлаа. Ингээд өөрийн олон малтай боллоо. Манайх Улаанбаатараас хов хоосон ирсэн шүү дээ. Жил болгон 15 гүү саадаг боллоо. 20 орчим үхэртэй боллоо. 100 гаруй хоньтой боллоо.

.........................................................................................................................................................

Тэгээд гоёлын гөлөм хийж туршиж үзлээ. Гоёлын гөлөм бол 1 200 төгрөгт хүрсэн үнэтэй байлаа. Тийм гоёлын гөлөмтэй, мөнгөн хэрэглэлтэй эмээл 6 000 төгрөгний үнэтэй байсан юм. 

.........................................................................................................................................................

Тэгээд мөнгөн хэрэглэлтэй гоёлын эмээлийн захиалга ирдэг боллоо. Ингээд жилд нэг гоёлын эмээл хийдэг боллоо. Сүүлдээ жилд 2-ыг хийдэг болоод, дараа нь 4-ийг хийдэг боллоо. Зун хоёр эмээл, өвөл хоёр эмээл хийдэг боллоо. Улам дадлага сууж байна шүү дээ. Дандаа захиалгаар хийнэ шүү дээ. Дөрвөн эмээл 24.000 төгрөг болж байгаа юм. Эмээлээс олох жилийн орлого маань 24 000 төгрөг болж байгаа юм.

.........................................................................................................................................................

Тэнд би гахай, тахианы бригадын тоо бүртгэгч гэдэг ажилд орлоо. Сард 320 төгрөгийн цалин авахаар боллоо. Ингээд ажиллаж байлаа. Тэгээд гахайн тоорой хоёрыг хүнээс худалдан авч, өөр хүнээр маллуулдаг боллоо. Сүүлдээ өөрийн гахайны байртай, олон гахайтай боллоо. Тэр үед Зөвлөлтийн цэргийн анги Өвөрхангайд, Хар Хорины САА-гаас ойрхон байрлаж байсан юм. Би нэг кг гахайны махыг 8 төгрөгөөр бөөнд нь энэ цэргийн ангид зардаг боллоо. Зөвлөлтийн цэргийн анги мах байхгүй учир маш дуртай авдаг боллоо.

....................................................................................................................................................

Би Хар Хорины САА-д ирээд, бас нэг шинэ юм хийж сурлаа. Энэ бол монгол гутал юм. Нэг гутлыг 3000 төгрөгөөр зарна шүү дээ. Гутал өмсөх сонирхолтой хүн нь нилээд байсан боловч түүнийг хийж чаддаг хүн нь ховорхон байсан юм.

.......................................................................................................................................................

Тэгээд тэр хүн энэ бодолдоо дийлдээд “Дамын наймаа хийдэг, хувийн үйлдвэрлэл явуулдаг!” гэсэн үндэслэл гаргаад, намайг шалгуулахаар прокурорт мэдэгдэл өгчээ.

.......................................................................................................................................................

Тэгээд миний бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураалаа. Гэр, байшин, машин, мотоцикль, мал, гахай бүгдийг нь хурааж улсын орлого болголоо. Давж заалдах эрхгүйгээр хэрэг тасаллаа. Уг нь ямар ч хүн давж заалдах эрхтэй байдаг шүү дээ. Ингээд би Зүүн Хараа дахь Бэрлэгийн шоронд орсон юм.

........................................................................................................................................................

Прокурор намайг “Дамын наймаа хийсэн!” гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч би “дамын наймаа” огт хийгээгүй юм шүү дээ. Би өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээсэн зүйлүүдйиг л зарж байсан юм. Хүмүүст миний хийсэн тэр зүйлүүд хэрэгтэй байсан юм. Тэдэнд тийм хэрэгтэй зүйлүүдийг авах өөр газар байгаагүй юм. Түүнийг хийж чаддаг өөр хүн ховор байсан юм. Би өөрөө хийсэн болохоор түүнд улсын тогтоосон үнэ байгаагүй юм. Би хүмүүстэй тохиролцоод нутгийн ханшаар зарж байсан юм. Үүнийг “дамын наймаа” гэж үзэх үндэс байхгүй юм. Манай хуулиар бол улсаас тогтоосон үнэтэй юмыг хүмүүст илүү үнээр зарсан бол “дамын наймаа” гэж үздэг юм. Би улсын тогтоосон үнэтэй юм зараагүй шүү дээ. Намайг “олон мал зарлаа!” гэж буруутгасан юм. Энэ хонийг чинь би өөрөө өсгөж олон болгосон юм.

........................................................................................................................................................

Би шоронд байхдаа ном уншиж хоол хийхээс гадна бөгж хийдэг байсан юм. Хоолны халбага сэрээг зэвэрдэггүй гангаар хийдэг юм. Бас хоёрдугаар хоолны тавагийг ийм материалаар хийдэг юм. Манай хорих ангид халбага, сэрээ, таваг их гэмтэж хэрэгцээнээс гардаг байсан юм. Ингэж хэрэгцээнээс гарсныг нь байсхийгээд актлаад, хаядаг байлаа. Би ингэж хэрэгцээнээс гарч, актлагдсан халбага, сэрээнүүдийг хаяхаас нь өмнө авдаг байв. Ингээд тэр зэвэрдэггүй гангаар нь бөгж хийдэг болсон юм. Би төмрийн хайч, гагнуурын алх, гагнуур хийхэд хэрэгтэй кислота, цагаан тугалга зэргийг захиад авсан юм. Ингээд хайчаараа хайчлаад бөгжөө эсгэчихнэ. Түүний яг дээр нь хоёр хунгийн дүрс гаргана. Тэр хоёр хүзүүгээрээ нийлсэн байна шүү дээ. Цэнхэр фоноор шигтгээ хийнэ. Зэвэрдэггүй ганг өнгө оруулахаар шил шиг тунгалаг, хаанаас нь харсан ч нүүр харагдахаар болдог юм. Ийм бөгж хийж байлаа. Түүнийгээ 25 төгрөгөөр зардаг боллоо. Шоронд хоригдож байгаад, хугацаа нь дуусаад, суллагдаад гарч байгаа хүмүүс миний хийсэн бөгжийг авдаг байлаа. Би эхнэрээ ирэх болгонд нь 1000 төгрөг өгдөг байлаа.

.........................................................................................................................................................

Мал маллах, мөнгө олох аргыг мэддэг байсан болохоор тэнд очоод малтай боллоо, мөнгөтэй ч боллоо. Тэр үед би Монгол дээлийн мөнгөн товч хийж байсан юм. Тэр нутагт дээлийн мөнгөн товч хийдэг хүн бас л байгаагүй юм. Гэхдээ хэрэглэх сонирхолтой хүн нилээд байсан юм шүү дээ. Ингээд хүмүүс надаас мөнгөн товч авахаар ирдэг боллоо. Бас олон захиалга ирдэг болов. Тэр үед би хонины нэхийгээр гутал хийдэг аргыг сурсан байсан юм. Хонины нэхийгээр хийгээд модны будгаар буддаг юм. Би өөрөө нэг тийм гутал өмсөөд Улаанбаатараас ирсэн чинь хүмүүс их сонирхож байна. Тэгээд түүнийгээ дахиж хийгээд сонирхсон хүмүүст өгдөг боллоо. Хүмүүс түүнийг 250 төгрөгөөр авдаг боллоо. Ингээд мөнгөөр дутагдах зүйлгүй боллоо. Малынхаа тоог өөрийн маллаж чадах хэмжээнд тогтоочихно шүү дээ. Ийм байдлаар амьдраад хотод байгаа эхнэр хүүхэддээ өвлийн идэш, цагаан идээ, мөнгө, төгрөг өгч явуулдаг боллоо.

.........................................................................................................................................................

Ингэж би зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг болсон юм. Ерөөсөө манай нийгэмд ийм атмосферийг буй болгочихсон юм. “Лоохууз бол эсэргүү хүн! Бүр эсэргүүгийн цаад талын эсэргүү хүн!” гэдэг тийм ойлголтыг нийгэмд буй болгосон юм. Нөгөө талаар ХАА-н нэгдэл зэрэг нь өөрсдөө аж ахуйгаа өөд татаад, өөрөө өөрийгээ санхүүжүүлээд явах ёстой байтал дандаа дээрээс ирсэн тушаалыг л биелүүлдэг, өөрсдөө бодож сэтгэдэггүй, юм хийдэггүй байдалд сургачихсан юм. Ийм учраас манайд тэр үед ашиг орлогтой ажилладаг ХАА-н нэгдэл бараг байсангүй шүү дээ. Дандаа улсаас дотаци авдаг байлаа шүү дээ. Аж ахуйн тооцоо, ашиг, орлого гэдэг юмыг огт мэддэггүй байсан юм. Тэгээд мэддэг юм нь үзэл суртал байлаа шүү дээ.

.........................................................................................................................................................

Тэнд байхад “Ременин гөлөмний эцэг Лоохууз” гэсэн нэг яриа гарсан юм. Би “ременин гөлөм” хийж зарсан юм. Налайхын нүүрсний уурхайд нүүрсийг газрын гүнээс дээш нь татаж гаргадаг өргөн хавтгай ремень байдаг юм. Түүний өнгөн тал нь хаймар, дунд нь брезент байдаг юм. Тэр хаймарыг нь хуулах сайн арга олдвол сайхан гөлөм болох юм байна гэж би боддог байлаа. Тэгээд тэр ременийг халуун зуухан дээр хүчтэй халаагаад үзсэн чинь хаймар нь амархан хурч байна. Хаймарыг нь хуулах арга олсон учир ременээр гөлөм эсгээд, хаймар дээр нь гөлөмний угалз зураад, түүнийгээ хурц хутгаар дагуулаад зүслээ. Тэгээд ременээ халаагаад, нөгөө зүссэн хаймараа хуулахаар сайхан угалз гарч байгаа юм. Ингээд угалзныхаа нүднүүдийг нь будгаар будчихна л даа. Маш бөх гоё гөлөм болж байгаа юм. Ингээд тэр хавийн бүх сумдын малчид ременин гөлөмтэй болж байгаа юм. Сүүлдээ ийм гөлөмийг Монгол улс даяараа малчид хэрэглэдэг болсон шүү дээ.