-    Дипломат албаны 105 жилийн  ойд

Монгол Улсад орчин цагийн Дипломат алба байгуулагдсаны 105 жилийн  ой 2016 оны 12 дугаар сарын 29-нд тохиож байна. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэдгээр “1911” оноор  авч хэвшсэн нь ГХЯ-ныхны хувьд маш зөв, ухаалаг алхам, гэтэл зэвсэгт  хүчний ойг 1921 оноор, Санхүүгийн албаны ойг 1921 оноор гэхчлэн бүтэн 10 жилийг орхигдуулсан нь түүхийн харалган бодлого гэж дүгнэхэд хилсдэл болохгүй.

Учир нь 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдахдаа Гадаад, Дотоод, Цэрэг, Сангийн, Шүүх гэсэн 5 яамыг байгуулсан ба “1911.12.29” бол яалт ч түүхэн эхлэл нь. Ой тэмдэглэх энэ гажиг засагдах биз гэж найдаад ГХЯ байгуулагдсан түүхэн замналын зарим хэсгээс хэсэглэн толилуулъя.                



1919 оноос 1921 оны 7 дугаар сар хүртэл олон улсын харилцааны түүхэнд байгаагүй, ямар ч Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй Монгол улсын гурван Түр Засгийн газар байжээ. Нэг дэх нь 1919 онд Читад байгуулагдсан “Нармай Монгол”-ын Түр Засгийн газар ГЯЯ-ны сайдад Ж.Цэвээнийг томилсон боловч оролцоогүй, дэд сайд нь Баргын Норомпил, хоёр дахь нь 1921 оны 2 дугаар сард сэргээн байгуулагдсан Автономит Монголын ГЯЯ, түүний тэргүүн сайд шанзоб Дашжав, гурав дахь нь Хиагтад байгуулагдсан Ардын Түр Засгийн газрын анхны гурван яамны Дотоод Яаманд Гадаад хэргийн хэлтэс гэж байв. Гадаад хэргийн тэр хэлтэс нь Яамны хэмжээний эрх мэдэлтэй байсан бөгөөд дарга нь Д.Бодоо. Тус  хэлтэс  нь  бусад  хэлтсүүдээс  илүү  чухалд  тооцогдож  байсан  учир  зарим  албан  бичигт  «Гадаад  Яам»  хэмээн  нэрлэсэн  явдал бий. Чухамхүү  энэ  үеэс  (1921.03.24) Монгол  улсын  дипломат  алба  сэргээн  байгуулагдах  эхлэл  тавигдсан  гэж  үзэж  болох  юм.

Гарчигт өгүүлсэн “анхны” гэх тодотголтой дипломат албаны тухайд 105 жилийнх нь ойгоор өргөн олон уншигчиддаа мэдлэг мэдээлэл болгон дор толилуулсан болно.

Ардын  Засгийн  газрын  Ерөнхий  сайдаар  Хиагтын Засгийн газрын Гадаад  хэргийн  хэлтсийн  дарга  Д.Бодоог,  эрхэлсэн  түшмэлээр  бэйл  Б.Цэрэндорж,  нарийн  бичгийн  даргаар  Э.Батхаан  нарыг  томилж, яамдын  сайд, дэд  сайд  нарыг  Засгийн  газрын  гишүүн  болгожээ. Гадаад  Яамны  тэргүүн  сайдыг  Ерөнхий  сайдад  хавсарган, дэд  сайдаар  гүн  Жигмэддорж, эрхэлсэн  түшмэлээр  бэйл  Б.Цэрэндоржийг ийнхүү  хавсарган  томилж,  туслах,  орчуулагч,  бичээч  зэрэг  ГХЯ-ны  орон  тоог  28-аар  тогтоожээ.  ГЯЯ-ны  зохион  байгуулалт  нь үндсэндээ  Богд  Хаант  Засгийн газрынхтай  адил, яамны  удирдлагаас  гадна  үндсэн гурван  хэлтэстэй  байв. Эдгээр  нь  Орос, Туватай  харилцах  асуудлыг  хариуцах  1)Умард хэлтэс; Хятад,  Түвдийн  хэрэг  эрхэлдэг  2)Өмнөд хэлтэс;  Хяналт,  шалгалт, бичиг  хэрэг,  санхүү  хариуцсан 3)Ерөнхий  хэлтэс юм. Яамны  ажиллагсдын  дотор  бэйл  Б.Цэрэндорж, бэйл  А.Амар,  гүн  Жигмэддорж,  Хатанбаатар,  гүн  Ж.Даваа,  Г.Гүрсэд,  А.Данзан,  Л.Амгалан  зэрэг  Богд  Хаант  Засгийн  үед  төрийн  алба  хашиж  байсан  бичгийн  түшмэд, эх  оронч  үзэлтэй  хүмүүс  байв.

1921  оны  сүүлчээр  ГЯЯ-ны  орон  тоог  35  болгож  мөн  Шуудан  бичиг- цахилгаан  мэдээний  Ерөнхий  хороог  тус  яамны  бүрэлдэхүүнд  оруулжээ. ГЯЯ нь улс  хоорондын  харилцааг  эрхлэхээс  гадна  гадаадын  харьяат  иргэд, пүүс  компани  болон  гааль,  мөн  гадаадад  гарсан  монгол  иргэдийг  эрж  сурвалжлах,  тэднийг  нутаг  буцаах  асуудлыг  хариуцан  ажиллах  болжээ.

Монгол  Улсын  Ардын  Засгийн  газар  Зөвлөлийн  засагт  Орос  улстай  1921  оны  11  дүгээр  сарын  5-нд  байгуулсан  Найрамдлын  Гэрээний  дөрөв,  тавдугаар  зүйлийг  үндэслэн  өөрийн  улсын  Бүрэн  эрхт  Элчин  төлөөлөгчийг  Москва  хотноо  томилон  суулгах  талаар  ихээхэн  анхаарал  тавьж, Олноо  өргөгдсөний  12  дугаар  оны  цагаан  сарын  28  буюу  1922  оны  2  дугаар  сарын  10-ны  өдрийн  хуралдаанаар  уг   асуудлыг  хэлэлцээд  Ерөнхий  сайд  бөгөөд  ГЯЯ-ны  сайд  асан Д.Бодоог  Бүрэн  эрх  барих  Элчин  төлөөлөгчөөр  Москвад томилох  шийдвэр  анхлан  гаргажээ. Юу гэвэл РСФСР-тай  хэлэлцээ  хийхээр  Москвад  очоод  байсан  Монголын  төлөөлөгчдөөс  ийм  хүсэлт  Засгийн  газарт  ирүүлсэн  байжээ.

Гэвч  Д.Бодоо  бие  өвчтэй  хэмээн  чөлөө  гуйсан  учир  Засгийн  газрын  мөн  оны  3  дугаар  сарын  3-ны  өдрийн  хуралдаанаар  энэ  тухай  хэлэлцээд  оронд  нь  Цэргийн  явдлын  яамны  дэд  сайд  Хатанбаатар  дархан  ван  Магсаржавыг  тохоон  тохимилж, 3 дугаар  сарын  17-ны  өдрийн  хуралдаанаар  Москва дахь ЭСЯ-ны  орон  тоог  8  хүний  бүрэлдэхүүнтэй  баталж  өгчээ. Х.Магсаржав  аанай  л  бие  өвчтэй  гэж  мөн  чөлөө  гуйжээ.

Ингээд  3  дугаар  сарын  29-ний  хурлаар  мэйрэн  Жамсрангийн  Давааг  Бүрэн  эрхт  Элчин  сайдаар,  Сангийн  яамны  дэд  сайд  Н.Жадамбааг  зөвлөх  түшмэлээр  томилоод  шалтгаан  зааж, чөлөө  мэдүүлж  хэрхэвч  үл  болно  гэсэн  заалт  гаргажээ.  Ингэж  түшээ  гүн  Ж.Даваа  Монгол  улсаас  РСФСР-д  суух  анхны  Элчин  сайд  болсон  бөгөөд  түүний  Итгэмжлэх  жуух  бичигт  ГЯЯ-ны  сайд  хичээнгүй  гүн  Б.Цэрэндорж  (Д.Бодоо  1922  оны  нэгдүгээр  сарын  7-нд  өөрийн  хүсэлтээр  Ерөнхий  сайд  бөгөөд  ГЯЯ-ны  сайдаас  чөлөөлөгдөж, Ерөнхий  сайдаар  Жалханз  хутагт  С.Дамдинбазар  томилогдсон)  4  дүгээр  сарын  24-ний  өдөр  гарын  үсэг  зурж  Зөвлөлт Орос Улсын  Гадаад хэргийн Ардын  комиссар  Г.В.Чичеринд  илгээсэн  байна. Элчин  Ж.Даваа  1922  оны  5  дугаар  сарын  22-нд  Москва  хотноо  хүрэлцэн  очжээ.  Ирсэн  даруйдаа гүн  Ж.Даваа  албан  хаагчдынхаа  хамт  Москвад  хүрэлцэн  ирснээ  Гадаад хэргийн Ардын комиссарын газарт (ГХЯ)  мэдэгджээ. Орос  улсын  Гадаад хэргийн Ардын комиссарын газрын  түшмэл  нь Монголын  элчин  сайдын  ирэх  хугацааг  урьдчилан  мэдээгүйн  улмаас  хожимдсонд  уучлал  илэрхийлэж, төлөөлөгчдийг  цахилгаан  тэргэнд  суулган  тусгай  бэлтгэсэн  байранд  буулгасан  ажээ. Дараагийн  өдөр Гадаад хэргийн Ардын комиссарын газрын Алс  дорнодын  хэлтсийн  дарга  С.И.Духовский, мөн  яамны  хамаарсан  комиссар  Л.М.Карахан  нар тэднийг хүлээн  авч  уулзжээ. Элчин  сайд Ж.Даваа  Ардын Ззасгийн газраас  илгээсэн  бичгийг  Л.М.Караханд  барьж  Засгийн  газрынхаа  өмнөөс  найрамдлын  үг  хэлж, Монгол  орны  дотоод  байдлын  талаар  товч  танилцуулан  харилцан  ярилцсан байна. Ардын  эрхт  Монгол  Улсын анхны элчин, түшээ  гүн  Ж.Даваа  1922  оны  6  дугаар  сарын  2-нд  ЗСБНХОУ-ын  Бүх  Оросын  Төвийн  Гүйцэтгэх  Хорооны  дарга  М.И.Калининд  Итгэмжлэх  жуух  бичгээ  барьж, дараа  нь  М.И.Калинин,  хорооны  бусад  гишүүд, нарийн  бичгийн   дарга  зэрэг  өндөр  албаны  хүмүүс  хүлээн  авч  уулзжээ. Уулзалтад  Элчингийн  нарийн  бичгийн  дарга  Н.Жадамбаа, ардын хувьсгалт  цэргийн  дэд  жанжин  Х.Чойбалсан, ардын хувьсгалт цэргийн  штабын  дарга В.А.Хува  нар  оролцжээ. Ийнхүү анхны Элчин сайдын яам Москва хотноо шаваа тавьсан түүхтэй.



Улсын  анхдугаар  Их  Хуралд  ГЯЯ-ны  сайдаас  оруулсан  илтгэлд зориулж  1924  оны  11  дүгээр  сарын  12-нд  гаргасан  тогтоолын  9  дүгээр  зүйлд «...Гадаад  улс  оронд  одогчдод  түүний  төрсөн  газар,  нас,  төрөл  садан,  аж  явдал  зэргийг  тодорхойлсон  паспорт  гэдэг  үнэмлэх  бичгийг  шийтгэн  олгуулж  оруулбал  зохино» гэж  тогтоожээ. Энэ  саналыг  1925  оны  4  дүгээр  сарын  3-нд  Засгийн  газрын  11 дүгээр  хурлаар  хэлэлцээд  «Энэхүү  паспорт  бичгийг  олгуулах  нь  зүйтэй  болох  тул  эл  бичгийг  дэвтэр  болгон  үйлдүүлбээс  зохино» гэжээ. Ийнхүү  Монгол  улсын  гадаад  паспорт түүхнээ бий  болсон  бөгөөд  түүнийг  цаашид  боловсронгуй  болгох  талаар 1926  онд  Засгийн  газрын  хурал, Улсын  III  Их  Хурал, 1927  оны  Улсын  IV  Их  Хурал  тус  тус  хэлэлцсэн  байна.  

1924  оны  Улсын  анхдугаар  Их  хурал  анхдугаар  Үндсэн  хуулийг  баталж, БНМАУ-ын  засаг  төрийн  байгууллага  нь  төрийн  эрх  барих  дээд  газар  УИХ,  түүний  чөлөө  цагт  Улсын  Бага  Хурал,  тэдгээрийн  чөлөө  цагт  Бага  хурлын  тэргүүлэгчид  ба  Ардын  Засгийн  газар  болно  гээд  Засгийн газар  нь  Бүх  Цэргийн  ба Эдийн  засгийн  Зөвлөл, Дотоод, Гадаад, Цэрэг, Санхүү, Шүүх, Ардыг  гэгээрүүлэх, Аж  үйлдвэр, Хянан  байцаах  яамдаас  бүрэлдэхийг  зааж  ГЯЯ-ны  орон  тоог  нэмж  тус  яамны  сайдаар  Улсын  Бага  Хурлын  гишүүн  Санжийн  Гиваабалжирийг  баталж байжээ.

УИХ  Монгол  Улсыг  Бүрэн  Эрхт Бүгд  Найрамдах  Ард  Улс  хэмээн  тунхаглаж,  гадаад  улстай  харилцахад  улсаа  төлөөлөх,  гэрээ  бичиг  батлах,  улсын  хил  хязгаарыг  өөрчлөх,  дайн  зарлах, найрамдал  байгуулах  зэрэг  чухал  асуудлыг  УИХ, түүний  чөлөө  цагт  Улсын  Бага  Хурлын  гүйцэтгэх  үүрэг  болгон  хуульчилсан  байна.

1926-1930  оны  хооронд  ГЯЯ  нь тус  улсын  дипломат  ба  консулын  албаны  үзэл  баримтлал, зохион  байгуулалт, чиг  үүргийг  бүрдүүлэх  эхлэлийг  тавьсан ба үүнд 1926  онд  БНМАУ-аас   ЗСБНХУ-д  суугаа  Бүрэн  эрхт  төлөөлөгчийн  газрын  дүрэм,  1927  онд  ГЯЯ-ны  түр  дүрэм, 1929  онд  консулын  дүрмийг  тус тус  анх  удаа  боловсруулан  төр  засгийн  удирдах  байгууллагуудаар  батлуулж  мөрджээ.

Гадаад улсууд руу чиглэсэн төв, чанга бодлогоо ч тэр үед дараахи байдлаар томъёолж байжээ. Англи  зэрэг  гадаадын  харьяат  нар  зөвшөөрөлгүйгээр  далбаа  хийсгэх  нь  зохисгүй,  баргууд  дураар  ирж  газар  нутаг  эзэмшиж  гажуудуулж  байгаа  учир  дагаар  орохоос  бусдыг  оруулахгүй  байх, Америк, Англи  зэрэг  шунахайчид  арга  мэх  хэрэглэн  ашиг  олж  байгааг  зогсоох, түвдүүд  шавар  бурхан  зэрэг  хуурамч  зүйлийг  өгч  монголчуудыг  мөлжиж  байна. Иймээс  гаалийг  чангатгах хэрэгтэй,  Хятад  бол  Монголын  ард  түмнийг  хэтэрхий  мөлжиж  байгаа  тул  мөлжлөгийг  устгах, Англи, Америкийн  далбаа  хэрэглэж  мал  худалдан  авч  явдаг  буриадууд  байна.  Эдгээр  асуудлыг  энэ  хурлаар  шийдвэрлэх  хэрэгтэй  гэсэн  шаардлага  Анхдугаар  Их  Хурлын  төлөөлөгчид  тавьж  байжээ.

1926  оноос  гадаадад  суралцаж  эхэлсэн  оюутны  асуудлыг  ГЯЯ  хариуцах  болжээ. Монголд  байгаа  гадаадын  иргэдийн  байдал  Монголын  төр,  засгийн  анхаарлын  төвд  ямагт  байсаар  иржээ.  Гадаадын  харъяат  нарт  хамгаалах  бичиг  олгох  тухай  дүрмийг  Ардын Засгийн газар  1921  онд  батлан  гаргажээ. Эл  асуудлыг  ГЯЯ  хариуцаж  байсан  учир  ийм  баримт  бичиг  олгох  нь  юуны  өмнө  аль  улсын  иргэн  болох,  ямар  ажил  хөдөлмөр  эрхлэн  амьдран  суугааг  тодруулан  тогтооход  чухал  байв. Хамгаалах  тэмдэгт  бичиг  нь  гадаадын  иргэдийн  Монголд  оршин  суух  үнэмлэх  юм.
 
Хилээр  нэвтрэх  гадаадын  олон  хүмүүсийн  шударга,  самууныг  хянан  сэргийлэх  тухай  дүрэм  (1923  он),  тус  улсад  суугаа  Хятад  иргэдийг  цөөлөх  ба  нэмэн  ирүүлэхийг  хэмжээлэх  тухай  дүрмийг  (1924  он)  Засгийн  газар  тус  тус  батлан  гаргажээ. Эдгээр  нь  өнөөдөр ч  сургамжтай.  Гадаадын  харъяат  хүмүүсийг  тус  улсад  дагаар  оруулан  харъяат  болгох  дүрмийг  ч  мөн  Засгийн  газар  батлан  гаргажээ.

1927  оны ГЯЯ-ны  түр  дүрэмд  яам,  түүний  хэлтсүүд  болон  албан  хаагчдын  гүйцэтгэх  үүрэг,  тайлан  тооцоо  гаргах  ба  хяналт  шалгалт  явуулах  журмыг  тус тус  заажээ. Түр  дүрэмд  Өрнөд  хэлтэс  нь  Европ, Африк, Австрали  тивийн  улсууд, Дорнод  хэлтэс  нь  Дундад Иргэн Улс,  Түвд, Тагна, Герман,  Япон, АНУ-тай  холбогдсон  хэргийг  эрхлэх  тухай  дурдаад  эдгээр  хэлтэс  нь  «өөрөөр  хариуцвал  зохих  улсын  дотроос  найрамдсан  улсад  тус  улсаас  суулгах  элчин  сайдууд  ба  харъяат  албан  хаагчдын  орон  тоо,  цалин  хэрэглэлийг  батлан  тогтоолгох, мөнхүү  элчин  сайдуудад  заавар  дүрэм  олгох»  ажлыг  хариуцан  гүйцэтгэх  тухай  заасан  байна

«БНМАУ-ын  Консулын  дүрэм »- ийг  1929  оны  1  дүгээр  сарын  29-нд  Улсын  Бага  Хурал  баталжээ.  Энэ  дүрэм  Монгол  улсын  консулын  албаны  эрх  зүйн  гол  тулгуур  баримт  бичиг  болж  байв.  7  бүлэг , 67  зүйлтэй  энэ  дүрмээр  консулын  байгууллагын  эрх  үүрэг,  зохион  байгуулалт  бүтэц,  консулын  газар  байгуулах, консулын  ажилтны  үүрэг,  зэрэг  дэвийг  тодорхойлжээ. Түүнийг  боловсруулахдаа  олон  улсын  практик, Монгол  улсын  ГЯЯ-ны  консулын  салбар  дахь  үйл  ажиллагааны  тухайн  үеийн  онцлог  байдлыг  харгалзан  тусгажээ.

Консулын  дүрмийг  баталсны  дараа  1929  оны  2  дугаар  сарын  15-нд  Засгийн  газар  Зөвлөлт Холбоот Улсын  Троицкосавскт (Хуучнаар Дээд Шивээ буюу одоогийнхоор Хиагт)  Монголын  консулыг  суулгах  шийдвэр  гарч  Консулын  газрын  бүрэлдхүүн, төсвийг  баталжээ. Энэ  бол  Монгол  улсаас  СССР-т  суулгасан  анхны  бие  даасан  Консулын  газар  байв.  

Түүнчлэн  ГЯЯ  өөрийн  төлөөний  түшмэдийг  1927  оноос  эхлэн  хөдөө  аймгуудад  (Баянтүмэн, Жавхлант, Жаргалант  зэрэг)  томилон  суулгах  болсон  байна. Эдгээр  төлөөний  түшмэд  нь  эрх зүйн  хувьд  ГЯЯ-ны  эрхэлсэн  түшмэлийн  зиндаанд  байжээ. Төлөөлөгчийн  үүрэг  нь  тус  улсаас  бусад  улстай  байгуулсан  гэрээ,  хэлэлцээрийг  аймгийн захиргаа хэрхэн  биелүүлж  байгааг  хянах,  гадаадын  консулын  газрууд  болон  гадаадын  иргэдтэй  орон  нутгийн  байгууллагаас  харилцахад  туслах,  гадаадын  консулын  газартай  ГЯЯ-ны  нэрийн  өмнөөс  харьцах,  албан  ажлаар  гадаадад  явах  хүмүүст  дипломат, албан  паспортад  виз шийтгэн  олгох  үүрэгтэй  бөгөөд  төлөөлөгчдөд  ГЯЯ-ны  сайдын  гарын  үсэгтэй  үнэмлэх  олгохоор  тогтоосон  байна. 1932  оны  9  дүгээр  сарын  25-нд  батлагдсан  ГЯЯ-ны  дүрмийн  дагуу  аривлан  хэмнэх  зорилгоор  орон  тооны  төлөөний  түшмэлийг  хасаж  тэдний  гүйцэтгэж  байсан  үүргийг  орон  нутгийн  захиргааны  дарга  нарт  хавсаргасан  байна.