“Хөдөлмөрийн баатар Л.Чинбат” гэвэл “нэр төр”, “алдар хүнд”-д халдсан гэж үзэх үү?
“Хөдөлмөрийн баатар”-ыг “Хөдөлмөрийн баатар” гэхгүй юм бол өөр хэнийг “Хөдөлмөрийн баатар” гэх юм бэ?!?
(Сургамжит нийтлэл)
... хэвлэл мэдээллийн салбарт гарч буй алдаа дутагдалд хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтээс
Миний бие 2018.11.06-нд newspress.mn сайтад “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ” гэдэг мэдээ бичсний учир 2019.01.17-ний өдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр сая төгрөгийн торгуулийн шийтгэл сонслоо. Бас болоогүй дээрх сайтыг эзэмшдэг компанийг хорин сая төгрөгөөр торгохоор болсон юм.
Долоон өгүүлбэр бүхий энэ мэдээ сайтад анх нийтлэгдэхдээ “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн урамшууллын талыг авчээ” гэдэг гарчигтай байсан. Алдаагаа удалгүй анзаарч “урамшуулал”-ыг “үрийн буудайн төлбөр” болгож зассан юм. Хэдий хугацаанд зассан нь хэргийн материалд бий. Харин гомдол гаргагч мэдээний анхны хувилбарын скрийншотыг баримт болгон нэхэмжлэл гаргасан байдаг.
Нэр томъёо андуурсан шалтгаан
Тухайн үед “Гацууртын Чинбат ТЭДС-аас их хэмжээний үрийн буудайн урамшуулал авсан хэргээр шалгагдаж байгаа” гэх мэдээлэл нийгэмд нэгэнт тарчихсан байлаа. Үүнийг 2019.02.02-ний өдөр СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн цагдаагийн албанаас гаргаж өгсөн “... Гацуурт ХХК болон түүний салбар нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь хуурамч материал бүрдүүлэн их хэмжээний улаан буудайн урамшуулал авсан гэх мөрдөн байцаалтын 1702000830005 дугаартай хэрэг шалгагдаж байна” гэдэг лавлагаа нотолдог. Түүнчлэн иргэн Л.Чинбат дээрх мэдээ нийтлэгдсэний дараа сайт, нийтийн сүлжээнд нийтлэсэн мэдэгдэл болон цагдаад гаргасан өргөдөлдөө ч “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-ийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ” гэдэг мөнөөх гарчгийг дурдсан буй.
Алдаа
Нээлттэй, баттай эх сурвалж ашиглан мэдээгээ бэлтгэсэн. Гэхдээ бусад сайтаас өрсөж гаргахаар хэт яарснаас нэгэнт толгойд тогтчихоод байсан “урамшуулал” гэдэг нэр томъёо ашигласнаа эхэндээ анзаараагүй. Түүнчлэн редактороор хянуулалгүй шууд нийтлэсэн.
Сургамж
Хэдийгээр баттай эх сурвалжийн найдвартай мэдээлэл ашиглан материал бэлтгэж байгаа ч нэр томъёо зөрүүлэх, ялангуяа олон оронтой тооны цэг таслал андуурах зэрэг алдаа гаргавал таны нэр дээр цагдаагаас зарлан дуудах хуудас гарцаагүй ирнэ.
Хуулийн тайлбар
Анхан шатны шүүхээс « ...“Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн урамшууллын талыг авчээ” гэсэн гарчигтай мэдээллийг цахим сүлжээнд байршуулж иргэн Л.Чинбатын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу... ...“Гүтгэх” зөрчлийг үйлдсэн болох нь үндэслэлтэй байна» гэж үзсэн юм.
Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019.04.04-д гаргасан магадлалдаа «... хууль зүйн техник буюу хуулийн үг, найруулгын үүднээс авч үзвэл тус заалтад “... Нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл...” гэсэн 3 нөхцөл нь үг хоорондоо таслалгүй байгаа нь хууль тогтоогчийн санамсаргүй алдаа биш бөгөөд 3 нөхцөл нэгэн зэрэг хангасан байх шаардлагыг тавьсан байна. Нийтлэл нь иргэн Л.Чинбатын нэр хүндэд “гутаан доромжилж” хандаагүй, мөн “үнэн” байсан тул “Гүтгэх” зөрчлийн урьдчилсан нөхцөлийг бүрэн хангаагүй байсан» гэжээ.
Анхан шатны шүүх “... Л.Чинбатын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг... ” гэж тухай бүрд нь таслал тавьсан байгааг хэлүүлэлтгүй анзаарсан биз ээ.
Анхаарвал зохих зарим зүйл
Өнөөдөр хэвлэлд нийтлэгдсэн бараг бүх материалыг “улс төрийн захиалгатай, төлбөртэй, нэр төр гутаах зорилготой, худал мэдээлэл” гэж цоллох нь халаг болжээ. Үүнээс “Нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл” гэх ойлголтыг хуулийн тайлбартай ярьсан тул орхиё. “Улс төрийн захиалгатай” гэдгийг мөрдөн байцаагч шалгаж, хөдөлбөргүй баримтаар зайлшгүй нотлох шаардлагатай. Адаглаад л хүн бүхэнд нээлттэй байдаг мэдээллийн санг эх сурвалжаа болгосон бол “улс төрийн захиалгагүй” гэсэн үг. Мөн “төлбөртэй” гэдгийг ч мөрдөн байцаагч шалгаж баримтаар тогтоох учиртай. Ядаж л таны дансны хуулгыг шалгасан хойноо “төлбөртэй” гэж ярих ёстой юм билээ.
Хачир ба парадокс
Он дамнаж дөрвөн сар орчим үргэлжилсэн шалгах, шүүх, давж заалдах үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч иргэн Л.Чинбатын өмгөөлөгч 2-5 хүртэл нэмэгдсэн юм. Олонд нэгэнт танил болсон өмгөөлөгч нар дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, хуульч Р.Булгамаа нэмэгдэн шүүх танхимд орж ирсэн нь түгшүүр төрүүлж байлаа. Дээрх долоон өгүүлбэр бүхий мэдээ newspress.mn сайтад нийтлэгдсэн даруйд нэхэмжлэгч талаас хэнээр утсаар яриулж, ямар нөхцөл тавьсныг үл өгүүлэн парадоксыг сонирхуулъя.
Иргэн Л.Чинбатын өмгөөлөгчийн 2019.03.20-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос эшилье. «... Төрөөс авсан ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хүн бөгөөд түүнийг нийтлэлд ”... Хөдөлмөрийн баатар Л.Чинбат...” нь гэдэг тодорхойлолт гаргасан нь ... “нэр төр”, “алдар хүнд” гэдэг нэр томъёог тайлбарласан дээр дурдсан тайлбарт шууд хамаарч, нэр төр, алдар хүндэд халдсан болох нь илэрхий ойлгомжтой байгаа болно». Түүний энэ тайлбарыг яаж ч хичээгээд одоог хүртэл ойлгоогүй яваа билээ. “Хөдөлмөрийн баатар”-ыг “Хөдөлмөрийн баатар” гэхгүй юм бол өөр хэнийг “Хөдөлмөрийн баатар” гэх юм бэ?!?
Түүнээс гадна “ТЭДСангийн салбарууд болон түрээсийн агуулахуудад 2017 оны ургацаас нөөцөлсөн үрийн буудайн жагсаалтанд (найруулгын алдааг нь битгий тоогоорой) өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө үрийн буудай тарьж ургуулсан (уянгын халилыг нь хаячихаарай) улсад худалдсан компани, иргэдийн жагсаалтанд Хөдөлмөрийн баатар Л.Чинбат (одоо өөрөө доромжилчих шиг болох юм) гэдэг хүний нэр байхгүй байгаагаар хангалттай тодорхой нотлогдоно” гэх бас нэг тайлбар бий. Анхан шатны шүүх дээр энэ аргументыг яаж ч тайлбарлаад ойлгуулж чадаагүй юм. Шүүгч зөвхөн мэдээний гарчгийг эш болгон дээрх няцаалт өгч байлаа. Хэдий мэдээн дотор Л.Чинбат (нэмж доромжлохгүй нь тулд гуншиг нь орхилоо)-ын хамаарал бүхий компаниуд гэдгийг нотлох opendata.burtgel.gov.mn сайтын скрийншот байсаар атал “Л.Чинбат биш компаниуд нь авсан байна. Хуулийн этгээд, субьект хоёр ялгаатай” хэмээн шүүгч мэтгэсэн билээ.
Ерөнхийлөгчид талархал илэрхийлье
Хэвлэн нийтлэх эрх чөлөө Зөрчлийн хуулиар улам бүр боомилогдож буй цагт нийтлэл маань сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй цагдаа, шүүгч, прокуроруудын цаашдын ажилд ч хэрэг болох жишээ гэж үзээд үүнийг бичив. Урьд редакцийн хэмжээнд сэтгүүчид арга хэмжээ авдаг байсан алдааг өдгөө хоёр сая төгрөгөөр, хэвлэн нийтлэгч байгууллагыг нь ч 20 сая төгрөгөөр торгох болсон нь иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж буй гэж би хувьдаа үздэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгынХэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтийг уншаад хонгилын үзүүрт гэрэл тусах нь хэмээн харж буй олон сэтгүүлчийн нэг билээ. Сэтгүүлч нарын өмнөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж буйгаа үүгээр давхар илэрхийлье!
Зочин
Хуульч
зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
Үнэн нь
BD
Чөтшутонил
зочин
гэсгээгч бөө
иргэн
Зочин
Зочин
Зочин
Баян хүний араншаан гэж
Зочин
үиүт
house lannister