Бодол ч зогсох мэт...
Нам гүмийн дотор жинхэнэ жинхэнэ бусын ялгаа гэж бас байдаг ажээ. Энийг би яагаад мэддэггүй байсан юм бол. Өрөөгөө түгжээд суудаг, эмнэлэгт өнгөрүүлдэг, ганцаараа байх гэж л байдаг, мэдээллийн дарангуйллаас, эргэн тойрноос өгөгдөх ядаргаатай дарамтуудаас зугтан, хүчээр олж авдаг тэр зохиомол нам гүм бол жинхэнэ нам гүм биш аж.
Энд би Нью Жерсигийн хамгийн энгийн хашаан дотор, хамгийн ядуу жижиг байшингийн гадаа зогсож байна. Энд заларч байсан Их Хутагт эдүгээ энхжингийн оронд морилж буй.
Дилов Хутагт Жамсранжав амьдралынхаа сүүлийн жилүүдэд унасан газар угаасан ус, өлгий болсон Монгол орноо мөрөөдөн санагалзаж, монголчуудынхаа сайн сайхны төлөөх чин залбиралаа шингээн байж энэхүү сүмийг барихаар идэвхийлэн хичээж байжээ. Тийм ч учраас гэрээслэл нь бүхэлдээ энэ сүмийн тухайд өгүүлээ биз. Хүнд бэрх амьдрал туулсан Хутагтын өв хөрөнгө гэж тийм ч их байгаагүй нь ойлгомжтой. “Ницан” сүмийг Америкийн зүүн эргээр оршин суух халимагуудын голдуу тусламжтайгаар босгожээ. Багшийнхаа гэрээслэлийг биелүүлсэн Хутагтын хамгийн дотны шавь Жамбалдорж бол1930аад оны эхээр Өвөр Монгол руу оргон гараад, хутагттай танилцан шавь орж, улмаар түүнийг даган Америкт ирж суурьшсан лам хүн юм. Тэрбээр юм их оёдог, уран гартай, буддын ухаанд Хутагтын дэргэд насан турш суралцсан, шашны томоохон зүтгэлтэн байж.
Ер бусын амар тайван энэ газар ерийн биш их Хутагт аж төрөн суужээ. Түүний дурсамж, түүний гуниг, түүний тэмцэл, түүний мөрөөдөл, түүний монголоо гэсэн цуцашгүй сэтгэл энэ л газар шингэжээ. Гадаа зогсоод л баймаар, гараараа юм болгоныг нь барьж үзмээр...
Зорьж ирсэн хүнтэйгээ уулзах цаг болжээ. Угтан гарч ирсэн хувраг биднийг дагуулсаар дотогшоо орлоо. Цомхон, цэвэрхэн зочны өрөө. Ханаар дүүрэн шоголтой номнууд, харин хоймор бурхан тахил өрөөтэй. Тэдний дотроос нүүрийг нь цагаан даавуугаар боочихсон хоёр бурхан шууд л нүдэнд тусав. Нуугдаж тоглож байгаа бурхад ч юм шиг. Ямартай ч миний үзээгүй төрх. Бурхад нүүрээ нуух мэт урдуураа унжлага хөшиг татсан байхыг үзсэнээс толгойгоо жимбийтэл боочихсон байхыг нь хараагүй юм байна. Энэ сүмд дөрвөнлам амьдардаг ажээ. Тэдний хамгийн өндөр настай нь Өвөр Монголын Жирэмаймгийн Сөнөд Вангийн хошуунаас ирсэн Ёндонжамц гуай. Түүний нас сүүдэр эдүгээ 94 хүрчээ. Түүний удаах настан 80 гарсан төвд лам байх. Сүмийн бурхан шүтээнүүдээ арчилж тордох, засварлах үйлийг олон жилийн турш тасралтгүй хийж ирсэн энэ буурайн бие чилээрхүү байгаа гэнэ. Үлдсэн хоёрын нэг нь төвд, нөгөө нь өвөр монгол лам нар. 40 гаруй насны хоёр хувраг үндсэндээ хоёр хөгшнөө асрах тойлох ажлыг эрхэлдэг аж.
Монгол маягийн сүүтэй цай, жигнэмэг таваглан хэрдээ л биднийгээ дайлах гэж хичээж байгаа ч халгиж цалгисан элбэг дэлбэг амьдралын үнэр эндээс ханхалсангүй. Дөнгөн данган л хүргэж байдаг нь мэдрэгдэнэ. Улаанбаатарын гандангийн хашаа руу ормогц л ханхалж байдаг шар тосны хамар цоргим үнэр, мөнгөний урсгал, их хөл энд үгүй. Хүний газар ажиллаж амьдрах гэж хугас эрх чөлөө, хагас алхаагаар амьдралаа хэмжүүлж яваа нутаг нэгтнүүдэд маань тэр бүр ийш зүглэх боломж гардаггүй биз. Сүүлийн жилүүдээс “Ницан” сүмээр ирэх монгол сүсэгтнүүдийн тоо цөөрсөн гэнэ.Монголоос хувраг очвол тэд яасан их баярлах бол. Гэвч өнөөдрийг болтол энд суурин суух монгол ламхай морилж ирсэнгүй. Мэдээж Их Хутагт, түүний шадар Жамбалдорж гуай нараас өөр шүү дээ. Хэдэн жилийн өмнө нэгэн залуу лам ирж хэд хоносон ч, эхнэр авч олны хөл бараадаж амьдрана гээд талийжээ. Мэдээж энд ирэхэд, энд үлдэхэд өөр газрын шүншиг, өөр газрын зурлага хэрэгтэй. Тэр нь үгүй бол хэн бугай ч ирэхгүй, ирсэн ч тогтохгүй бизээ. Бүх юм цаг хугацаатай. Газар дээр, хүмүүний хорвоод ирсэн хуврагийн үйл ч хугацаатай. Насан өндөр энэ хоёр ламыг хэн залгамжлах нь ч бүрхэг. Туслахаар ажилладаг хоёр залуу лам нь хар бор ажил хийж хэд гурван доллар олж амьдралаа залгуулах ч үе тэдэнд байдаг гэнэ. Хэдий өнөөдөр ийм байвч, жам ирэхэд тэдний зам яаж эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Монголын төр шашны агуу зүтгэлтэн, тэнгэрлэг Хутагт Дилов Жамсранжавынсүүлчийн мөрөөдлөөр боссон энэ сүмд монгол лам нар нь хөл тавиасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тэгж гэмээнэ тэнгэрт заларсан Дилов Хутагтын ч таалал оршино.
Биднийг өрөөнд орж суумагц Ёндонжамц гуайг түшсээр оруулж ирэн хоймор заллаа. 100 дөхсөн энэ буурай ямар ч өөр аялгагүйгээр халх монгол хэлээр ярих ажээ. Монголчуудаа үзээд хөөрөн баярласан тэрбээр бидэнтэй багагүй хугацаанд саатан хөөрөлдсөн. Харин нүдээ нээмээр байв ч залхуу нь хүрдэг ч юм уу, эсвэл нээсэн аньсан хоёр түүний хувьд огтын ялгаагүй үргэлж “харж” байдаг учраас ч тэр үү ярианы эхэнд нэг нэг тогтоон хараад нүдээ аньчихсан. Шашны мөр хөөн хүүхэд ахуй наснаас Сөнөд хошуугаа орхин Энэтхэг Төвдийн зүг гарсан тэрбээр мөн л амаргүй бэрх амьдрал туулжээ. Төвд Хятадын заагт агууд бүгэн ном сурч, ганжуур данжуурын хөлгөн их сударт нэвтэрч, бүхий л шат дамжлага, даваа гүвээнүүдээ давж ирснээ зарим үед хөгжилтэй инээн байж, зарим үед гүнзгий санаашран байж удаан ярьсан. Тэмээгээр хөлгүй их элсэн цөлийг туулж явснаа, агууд хэдэн сараар бүгэж амьдарснаа, Нью Жерсид ирснээ гээд бүтэн зууныг тээсэн урт амьдралынхаа талаар хүүрнэсээр л байсан. Түүнд энэ сүм рүү ирэх замыг Далай лам заасан юм байна гэж би хувьдаа бодсон.
94 нас гэж өндөр дээд нас ажээ. Одоо тэрбээр ямар нэгэн урт замд биеээ бэлдэн байх шиг. Тэгсэн хэрнээ ер бусын амирлангуй, өчүүхэн ч эргэлзээ тээнэгэлзээ үгүй. Миний бие түүнээс ганц хоёрхон зүйл асууж үзээд энэ бол Гэгээнтэн байна гэж дотроо дуу алдсан.
-Та их сайхан насыг зоогложээ. Гэхдээ энэ газартай холбогдсон хувь заяаныхаа тухай юу боддог бол. Танд ямар нэгэн мөрөөдөл байдаг уу. Тухайлбал, ар Монголд очиж үзэхсэн ч гэх юм уу, эсвэл төрсөн нутагтаа очих хүсэл төрдөг үү?
-Үгүй дээ. Одоо надад энэ туулж ирсэн бодит амьдралаас хүсэх юм юу ч байхгүй. Надад энэ насны үйл нэгэнт хамаагүй болсон. Би диваажиндаа заларч, бурхны шашныхаа үлдсэн үйл хэргийг үргэлжлүүлэхээ л мөрөөсч байна.
-Таны төрсөн нутаг Жирэмд төрөл төрөгсөд гэж бий юу?
-Миний цусан төрөл 16 өрх айл бий.
-Тэднийхээ тухай та юу мэдэх вэ?
-Улаанцэцэг гэж бүсгүй бий. Түүнээс гадна гурван залуугийн тухай мэдэж байна.
-Тэд тантай уулзаж бараалхахыг хүсдэг л байх даа.
-Олон удаа хөөцөлдөж, хүсэлт гаргаж явсан. Гэвч тэдний хөл Бээжинд очоод л зогсчихдог. Бээжин тэднийг зөвшөөрдөггүй.
-Танд Дилов Хутагтын яг өөрийн эд юмсаас хадгалагдаж ирсэн зүйл байдаг уу?
-Надад их нандин зүйл байсан. Гэвч тэрийг манай энд ирсэн нэг гэсгүй аваад зугтсан.
-Тэр нь чухам юу юм бэ?
-.....(Түүний хариулт инээмсэглэл байлаа. Би мөн ч тэнэг юм асуужээ. Амьд бурхан, агуу их гэгээрсэн хуврагаас үргэлж мэргэжлийн өвчинд хөтлөгдөж байдаг нөгөө л дадлаараа ичмээр утгагүй асуулт өөрийн эрхгүй тавьчихжээ. Ичсэндээ болоод ахиж асуулт тавих ч утгагүй байдалд ингэж орж үздэг байна шүү) Ийнхүү ичиж хар ярианы хэлээр бол “байдалд орсон” намайг хамт явсан анд Баяр маань улам явуулах мэтээр “Ганаа чи улс төрийн элдэв бохир агаарт их сүлэлдэж явдаг хүн. Илүү ойрхон суу. Мянган зул өргөснөөс илүү, мянган ном хуруулсанаас илүү ариусна шүү” гэж түлхэлсээр байлаа. Нэгэнт ингэж “алдсан” хүн нэг талаар тайвширч, туслах ламтнаас орж ирэхээс л хараа булаасан нүдээ боосон бурхдын учрыг асуугаад авлаа. Дөнгөж 40 шүргэж яваа тэрхүү өвөр монгол хувраг шивнэн байж “Аравнайлж шидийг олж амжаагүй байгаа юм. Аравнайлах ажил дуусаад боолтыг нь авдаг номтой. Аравнайлаагүй байхад нь нүүрийг нь үзүүлж болдоггүй юмаа” хэмээн хичээнгүйлэн тайлбарлалаа.
Манай Гэгээнтэнд энэ ертөнцийн гунигт амьдрал аль хэдийнэ сонин биш болжээ. Нүдээ нээсэн ч , аньсан ч хорвоогийн учир жанцанг харна. Хархад заавал нүдээ нээх ч шаардлага байдаггүй аж. Улам л саруул ухаан, ой санамжийн гайхамшигт дарааллууд, өчүүхэн ч будлихгүй цэцэн цэлмэгийг гайхуулах мэт Гэгээнтэн өмнө минь ийн заларч байлаа.
Ёндонжамц гуайг өрөөнд нь оруулаад бид гарав. “Ницан” сүмд орж, их шүтээнд нь мөргөх ёстой. Сүмийн дотнохон үнэр суунаглаж, сүрлэг шүтээнүүдүүд нь хэв ёсоороо залран байна. Сүмийн хоймор байх гуутай бурхадын урд Дилов Хутагтын хоёр гурван ч зураг байх аж. Төрөлхийн хурц сэргэлэн ухаан, эрч хүч дүүрэн цоргим тодорхой харцтай хүн байжээ. Түүний харц бусад хуврагуудынхаас нэг л өөр санагдав. Энгийн даавуун дээл өмссөн жар л шүргэж байсан болов уу гэмээр сайхан тод зураг байна. Оногдсон хувь заяандаа гутарч гундан, тэргүүнээ гудайлгадаггүй эрэмгий хүн миний өмнөөс цоо ширтэж байна. Үнэхээр ч арга буюу эх орноо орхиж гарсан хүн хэдий ч өмнөд нутагт тэрбээр ёстой зүүний сүвэгчээр ч ороод гарам овсгоо самбаатай явсан гэдэг. Банчин богд, Чан Кайши, Далай лам гээд бүхий л нэр нөлөөтэй эрхмүүдэд нэвтрэн нөхөрлөж чадсан нь ямархуу сортоотой, илбэ жидтэй хүн байсныг нь харуулдаг. Тэгж хүний газар амьдарч явахдаа Америкийн эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь нэгэн сонин зураг ерөөл байсан гэлтэй. Латтимор Дилов Хутагт хоёрын нөхөрлөлийн тухай бичвэл өдий төдий урт удаан түүх хөврөнө. Одоо миний их шүтээнийх нь өмнө зогсож байгаа энэ сүм хүртэл тэр хоёр хүний зам хөвөрч ирсэн байдаг. Дилов Хутагтын түүхийн бидний хамгийн их бахархдаг баримт 1960 онд Чан Кайшийг уйгагүй оролдлогынхоо хүчээр уярааж “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяа нь байдаг. Монголыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимын арын эгнээнд даавуу дээлтэй нэгэн монгол нулимс асгаруулан залбирч суусан нь Дилов Хутагт байсан. Тэр бидний замыг энэ хүртэл засаад тэнгэрийн орноо одсон юм. 1965 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дилов хутагт Жамсранжав жанч халжээ. Түүний хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам өөрөө уншсан гэдэг.
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дилова Шаравсамбуугийн хувилгаан дүр Төвдөд Живзун Доринба , Дүлзэнлодойлэгсан зэрэг дүрээр хувилан төрж байжээ. Анхдугаар дүр Эрх Цорж Наваанданзанжамц, хоёрдугаар дүр Махурда нар нь Өвөрмонголын Ордос, Урад дунд гүний хошууны нутагт хувилан мэндэлж байсан бол гуравдугаар дүр Дамчааяринпэл ар монгол газар хувилан мэндэлжээ. Дөрөвдүгээр дүр Раашпунцаг Өвөрмонголд, тавдугаар дүр Дилов хутагт Жамсранжав нь Засагт хан аймаг буюу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1883 онд мэндэлсэн байдаг.
Ийнхүү Дилов Хутагтын гэрээслэлээр холын америкт эгэл чимээгүй боссон “Ницан” сүмийг зорьсон тэмдэглэлээ өдөрлөж байна. Монголчууд бид шашныхаа тэргүүнийг ч тодруулж амжаагүй суугаа энэ цаг дор тэндээсбас нэгэн орхих ёсгүй дуудлага гунигтайгаар дуудан байх шиг ээ...Энэ бол халхын сүүлчийн Хутагтын эзгүйрүүлж болохгүй их ором, халуун амьсгал нь шингэж үлдсэн ханат минь шүү дээ.
Анир чимээгүй Ховел тойргоос холдон сугарч явнам. Ард үлдсэн дөрвөн хуврагийн “бараа” сэтгэлд бөртөлзнөм.
Ийнхүү эргээд ирсэн замаараа мөнөөх байшингуудыг ширтэн буцаж явна. Ирэхэд төрсөн бүх догдлол хаашаа ч юм хийсэн оджээ. Харин Дилов хутагтын анхны дүрийн тэрлэж үлдээсэн “Их Мутрын дуулал” хэмээх гайхамшигт сургаалийн мөрүүдээс сэтгэлд явсан ганц нэгэн шад сэрэн орж ирнэ. Оюутан байхад монгол бичгээр өвгөн багшийн маань хичээнгүйлэн бичиж өгсөн тэр мөрүүд салан задгай надаас хийсээд алга болчихоогүй нь юутай сонин.
Тэнгэрээр хөвөгч үүлсийн цаана
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Тэгнэн хөвөгч бодлуудад
Язгуур ч үгүй, орон ч үгүй.
Чингэхээр бүх бодлоо хөөж, бүхнийг март.
Чиний бие хоосон хулс мэт амар амгалан оршиг.
Бодлоо зогсоо, юу ч бүү өг, юу ч бүү хүлээж ав.
Бодлууд чинь далайн давалгаа мэт хөөрч нэг, унаж нэг байг ээ.
Тийм ээ, бодлууд минь далайн давалгаа мэт хөөрч нэг, унаж нэг байг ээ.......хөөрч нэг... унаж л нэг.