(Буриадад аялсан замын тэмдэглэл)


Буриадын их дархан Дашийн тоонот, Байгал нуурын зүүн хойд эрэг, эртний бичлэгт Хилго мөрөн, эдүгээн нутгийн буриад зоны хэлэхээр Хялга горхоны эхэнд Укурик хэмээх бяцхан тосгон бий. Үхэртийн хөндий юм билээ, харин сүүлийн жилүүдэд хамтрал, сангийн аж ахуй тарснаас бэлчээр ойжиж, хонь өсгөдөг нутаг болжээ. 

Буриад ахас биднийг шөнө дүл ирлээ гэж хойргошсонгүй урт ширээгээ засаж, ууртай цайгаа чанаж угтав. Даш дарханыг ирнэ гэж хандгай унагаж, хангайн хишгээр хонины сүүлтэй бууз боожээ, нударган чинээ буузнаас хоёрыг идээд гэдийж байна.

Буриадууд үр хүүхэддээ “Баасаа худалдаж авав чи!” гэж захидаг гэлцдэг. Энэ нь хоол хүнсэндээ мөнгө зарах бол арчаагүй хүний шинж гэсэн үг л дээ. Тиймээс ногоо цагаа, мах шөлөө өөрсдөө л тарьж хүнсээ бэлддэг нь бүр ёс, ажилсаг хичээнгүйн нэг жишээ энэ үг! Хятадын хортой ногоо идээд хорт хавдраар үхэж байна, ЗГ ажилласангүй гэдэг манай Монголчуудаас тэс өөр. Алгын чинээ газар хагалаад ногоогоо тарьчихад ер нь яах вэ дээ, ялангуяа манай гэр хорооллынхон... Баасаа бэлдэх бол засгийн ажил биш хүний өөрийн ажил юм л даа! Дарсан өргөст хэмх, чанасан төмс, элдэв салатыг 10-аад метр урт ширээнд зайгүй өрж тавьжээ. 

Хоёр ширэмтэй урт пийшин саравчны дор галлаад том цагаан кострульд мах чанасан нь сайхан үнэртэж байна. Монголоос зочин ирнэ гэж бас хонь гаргажээ. Эд хонины мах л идэхгүй бол юм идсэн болдоггүй улс гэж бодсон бололтой. Ямар ч монгол айлын хөргөгч ногоо цагаагаар дүүрэн байлаа гээд хонь, үхрийн махгүй л бол хоосон хонохдоо тулдаг нь үнэн л дээ. 

Даш дархан Улаан Үдээс гарахдаа машиныхаа хонины хонхорт хайрцагтай юмнуудыг нямбайлан ачаад байв. Шинэхэн, тэр үед дөнгөж гараад байсан “Ниссан Патрол Y-62” унажээ. Улаан-Үдээс гарахдаа би Даш дарханы хажууд сууж таарсан юм. Дунд сургуульд 6 жил нүдүүлээд олигтой сураагүй ч бас яах вэ нэг муу хальт оростой, халх, буриад, орос холиод яриад байвал яриад байхаар тул зам хорох нь хурдан. 

Улаан-Үдэд дайлуулж цайлуулсаар оройхон гарсан юм. Даш дарханы урлангаар зочилсны дараа буриадын соёл, урлагийн төлөөлөгчид биднийг нэг тохилог ресторанд урьж буриадын шинэ брэнд “давхар бууз”-аар дайлсан юм. Оросын нэг томоохон зоогийн уралдаанд энэ брэндээрээ энэ ресторан шагнал авч ид алдаршиж байсан юм билээ. 

Хоолны цэсээс буриадын хоолны нэрс монголжиж байгаа нь илт харагдана. “Позы” нь “бууза” болж, чебурек нь “хуушуур” болж, цуйван төрөл төрлөөрөө... Чанасан мах, шөл бол ярилтгүй. Борщ, солянка, щи, харчо тэр хойгуурхан л бичигдэж. Улаан-Үдийн төв талбайн руу харсан “Цуйван Баярович” л орж, якут хутга авч л амжаагүй дээ... 

Шатахуун авах зуур Улаан-Үдэд өдөр бүр шахуу гардаг нэг хүндхэн хэрэг гарсан тухай яриа сонсов. Даш дархан: “Залуучууд ажилгүй байна, хөдөө тосгоноос зугтаж хот газар ирж шигдээд байх юм. Ажилгүй залуус архи их ууна, түүнээсээ хэрэг төвөг гарах нь олширлоо, орос буриад ялгаагүй ээ!” гэж шогширч байв. 

Байгалийн урд үзүүрээс зүүн биеэр нь эмжиж хойд үзүүрт хүрэх зам хол, замдаа “Цагаан даль” хэмээх цэцгийн нэртэй хоолны газарт нэг ундлаад цааш хурдлав. Амжилттай яваа буриадын бизнесмэний өмч гэнэ. Зам гэж толь, бүр шивэр ойн дундуур ч адил, Сибирийн чанад ийм зам тавьсан нь Номхон далай хүртэлх эзэмшлээ ногтлох гэсэн Оросын хүч чадлыг мэдрүүлэх мэт. Хэсэгхэн төмөр зам дагаж явахад төмөр замын цахилгааны цамхагууд эгнэсэн нь харуй бүрийд их ойгоос ялгарах гэсэн мэт цоройн харагдана. Ойгоос ялгарах нь цахилгааны утас...

“Харуй бүрий боллоо, харгуйдаа гаръя дах” гэж Даш дархан шавдуулна. Сонин шүү, Даш дархан Улаан-Үдэд бараг 70 хувь нь орос үгээр яриад байсан мөртлөө нутагтаа дөхөх тусам буриад үг нь олшроод байх юм. “Зам урт ч зав их” юунд яарах вэ гэж бид налайна. Ер нь ажаад байхад, олны буянаар олон газар явсных, ялангуяа урдны Монголын нутгаар аялах дуртай мань мэтэд манай халхууд л нэг тийм цалгар назгай, найр наадамд дуртай нь илт харагддаг. Бусад Монголчууд биднийг “халх” л гэдэг. Назгайгаа эрх чөлөөнийх нь гэгээн тусгал юм шүү дээ гэж өмөөрч бодох. 

Түвшээ аваргыг Улаан-Үдийн “томчуул”, багш нь угтаад нэг “Мерседэс бенз”-ээр “үйлчилж” байв. Тэд урд давхиж, машины гэрэлд орж гаран харагдана. Баатар хэсэг хамт ярьж явснаа “Энэ “бенз”-нд Монголын эрдэнэ яваа юм шүү дээ, хар шөнөөр хамаагүй давхиад санаа зовоочих юм” гэж өндөлзсөөр нэг гадаалахад өнөө машинд нь орж суув. Хямгадаж явах гэсэн санаа л даа, үргэлж юманд санаа зовж явдаг үйлтэй хүн шиг байгаа юм. Ер нь хол зам, бусдын нутагт баг ахалж явна гэдэг тэр тусмаа эрчүүл голдуу хүмүүсийг “маллаж” явна гэдэг ямар лайтайг та бүхэн юу эс андах вэ? Тэр эрчүүл нь нэр төртэй, урлаг уран сайхны хүмүүс бол уяа нь уртсаад, уудаг нь ихдээд ирдэг газар даа!

Ийнхүү явсаар шөнө дүл Укурикт ирэв. Тосгоныхон бүгдээрээ цуглаж, хөл болон бэлдэж угтсан нь тэр. Коммунизмын жилүүдэд 60 шахам айлтай, хамтралтай байсан тосгонд өдгөө Даш дарханы үеийн 15 айл л үлджээ. Хөгшид нь яс амарч чилээд, залуус нь хотод шигдээд энэ...

Хоолны даруулга нь харин өнөө Даш дарханы сүрхий ариглаад, ачаад байсан хайрцгуудад байжээ. Газар газрын гоёмсог цагаан архинууд гарч ирдэг юм. Татарстан, Москва, Ленинград, Уфа...-гийн. Хүмүүс Даш дарханд водка их дурсгадаг бололтой, орос газар аргагүй л дээ. Түүнийгээ цуглуулж хадгалсаар жилдээ заавал нэг нутагтаа ирж амрахдаа эндэхийн найз нараа дайлдаг бололтой юм. Өөрөө бага хүртдэг ч найз нөхдөө боддог эр хүний л зан...

Бид ч цагийн бүс алгасаад баримжаа алдчихжээ. Миний бодох нь шөнө 12 цагийн үед л ирсэн шиг. Сайхан хооллож ундлаад хундаганы үг хэлж аян замаа ерөөгөөд, ажил үйлсээ даатгаж сууцгаав аа!

Хоорондоо ярьж байх зуур Даш дарханы өнөө орос хэл оргүй болоод шижир буриадаар ярьж байдаг юм. Баатар уг нь амсдаггүй л дээ, гэтэл сүрхий халаад “Би ер нь бол буриад хүн” гээд сууж байна, Даш дархан халамцчихсан “hогтуу буряд-hайнг буряд” гээд дал мөрийг нь алгадан инээж байна.

Б.Баатарыг өсгөсөн, овоглодог аав Бат-Өлзий нь буриад хүн санжээ. Зургаан настайгаас л буриадуудын дунд өсөж, зуныг Хэнтийн Биндэрт л өнгөрөөдөг байж. Багадаа Биндэрт зусах гоё л байдаг, ганцхан гэм нь махсах л хэцүү гээд инээж байна. Буриадууд талхаа барьчихна, цөцгийгөө цохичихно. Талх, элсэн чихрээр өссөн хотын хүүхдэд ялангуяа комунизмын жилүүдийнхэнд бол цөцгийтэй талх бол сайхан л хоол. Намар дөхөөд ирэхээр мойлтой тостой золгоно. Мань хүний булиа нь тэр цөцгийнийх байх өө... 

Гэснээс Укурик тосгоны Бат ах, багадаа чөлөөтөөр барилддаг байж. Бахим, чийрэг эр. Аваргыг хараад гар зөрүүлэх санаатай, хэлж чадахгүй эргэлдээд байх. Тэгэхээр нь бид хэлж байгаад барилдуулав. Аваргатай золгонгуутаа нурууг нь алгадаад “Ай хүдэр байна шүү!” гэж байна. Орчин үеийн бид “бакь” гэдэг үгэнд дасч. Баянмөнх аварга л “Ярыгин болжим ёста бөк, гар нь ёста бакь” гэж хэлсэн тухай онигооноос эхтэй үг л дээ. Яахав ойролцоо монгол үг бий, бахим гэж. Гэхдээ энэ бол хүдрээс өөр багашаархан чанга биетэй гэсэн үг! 

Манай буриадууд Хэнтийн уулархаг, модорхог газруудаар голдуу нутагладаг тул үхэр л маллана. Хадлан тэжээл ахиу бэлддэг нь цас ихтэй, бэлчээр давчуу учраас тэр. Үүнд халх залхуу, буриад хөдөлмөрчийн ялгаа байхгүй л дээ. Тал нутгийн мал маллагааны арга, арчилгаа бас өөр юм. Гэхдээ л буриадууд ясны ажилсаг улс... Зундаа үхэр унагах хэцүү, халуун махаа хадгалах арга байхгүй. Тиймээс зундаа голдуу бог гаргадаг нь, түүнийгээ дор нь айл саахалтаараа хуваадаг нь Монголын ахуй цаг уурын л онцлогоос шалтгаалж буй хэрэг ээ... Тиймээс буриадуудын дунд удвал махсах нь аргагүй, Укурикийнхан тэрийг мэдээд л хонины мах чанаж дээ...

Баатар энэ наадмаар сарлагтай буриад гаргадаг нь буриадыг мэдэхгүйдээ биш. Сарлаг бол хэдэн мянган жил манай мал байсан юм. Одоо ч Оросын харьяат монголчууд Буриад, Тува, Алтайн БНУ-д малладаг. Ялангуяа уулархаг нутгаар, Алтай, Саяны нуруунд, гэхдээ цөөн юм. Буриадын баруун биеэр Хонгоодорууд сарлагтай гэнэ. Хонгоодорууд коммунист хядлагаас зугтаж Хөвсгөлөөр Халхад орж ирсэн нь өдгөө Хөвсгөл, Булганд нутаглаж буй.

Түвдүүд сарлагийг “яага” гэдэг, Европ зүгийнхэн үүгээр баримжаалж “Як” гэдэг. Харин Монголчууд сарлаг, наран, саран хайнаг, ортоом гэж нарийн ялгаж нэрлэж, уналга ачилганд хэрэглэж, маллаж ирсэн улс. Бүр сарлагийн тугалыг “торой” гэж өөрөөр нэрлэнэ. Бүр Хүн гүрний үед сарлаг байж л байсан, нотолгоо нь Козловын малтлагын үед Ноён уулаас сарлагийн дүртэй толь олдсон, өнөө алдартай ширмэл ширдгийн хээнд ч сарлаг ноцож буй ирвэс дүрсэлсэн нь бий. Буриадууд Монголын л нэг болохоор сарлаг уналгүй л яах вэ? 

ЗХУ-ын үед сарлагийг Арменд, кавказын нуруунд өсгөх гэж оролдоод бараагүй юм гэдэг. Гэхдээ Азербайжан, Ираны Памирын хэсэгт бол сарлаг малладаг. Монгол, Түвдээс өөрөөр сарлагийг нэрлэсэн нь Киргизүүд, тэд топос гэдэг. Ташрамд, ноднин бас “Хонгор оо” дууг наадамд дуулуулсанд “Ойрдыг хядсан Манжийн үеийн гунигт дуу” гэж баахан шуугисан. 

Энэ дууг Киргизэд ч дуулдаг. Үнэндээ Манжтай ч холбоотой бус Енисейн эхээр байсан Хонгорын 13 овог улсыг Ойрадууд дайлахад гарсан дуу бололтой юм билээ. Киргизүүд тэр үед Тэнгэр уул руу шахагдсан, харин зарим овог-улс зүүнш нүүжээ. Хонгоодорууд тэд бололтой байдаг. Манайхан л Хонгорай, Конгурей гэж орос, хиргис аялгаар нэрлэснээс уг нь “Хонгороо” гэдэг дуу л. Тувагийн 1940-өөд оны наадмын бичлэгт “Хонгор оо” гэж дуулж байна. Харин найз, Сарт халимаг Жумагаас би ойрад дуу байж магадгүй гэж үгийг нь хэрэг болгож автал ойрад дуу биш байна билээ. Түрүү дөрвөн ойрадын нэг нь барга, буриад байсан, дуу зохиогдсон тэр үед XV зууны эхээр ойрад-буриадыг Хотгойдын ханлиг, Халхын дөрөв дэх ханлиг хүчирхэг Алтан ханы улс зааглачихсан байна. Енисейн эхний Хиргис, Харахалпак, Хонгорын овгуудыг ойрадтай булаацалдахад тэр орчмоор дайны хөл болж, олон овог аймгууд тарж нүүжээ. Дуу ч хамт таржээ. Одоо Монголоос урианхай, соёдууд дуулж байна. 

Укурик тосгоныхныг ямар овог болохыг ч ярилцаж билээ. Гэтэл бидэнд альбом авчирч үзүүлээд Дорнод, Хэнтийн буриадын төлөөлөгчид “Алтаргана” наадмын үеэр зочилсон. Бид уулзаж, дээлийнхээ энгэрээр овог ясаа мэдэж, хамт зургаа татуулсан гэж сонирхуулав. Хорь, цонгоол, хамниган, хуасай овгийнхон лав байсан. Даш дарханы аав нь баруун талаас ирсэн хорь, ээж нь хуасай байсан санагдана. Андуурсан байх вий, “Монгол тулгатны 100 эрхэм”-д ээж нь тодорхой ярьдаг...

Буриадууд цуглаж, уг удмаа мэдэлцэж, ёохор хатирч сайхан л наадам болсон гэнэ. Буриадын овог бүрийн ёохорын хөдөлгөөн өөр гэнэ. Түүгээр бас овгоо мэдэлцдэг аж. Халимаг бүжигт “Хэдрис, хэдрис” гэж уухайлаад байгаа нь Буриадын “хатариш” л даа. Ойрад аялгад “а”-г “а, э”-ийн голоор дууддагаас тэгж сонсогдоод байгаа юм. Хатариш, хатарийч нь халхаар “хатираач, бүжээч” гэсэн үг. Төгсгөлийн “ш”, “ч” нь “чи” гэсэн үг. Төгсгөлд “т” орвол “та” болно. Хатарийт гэвэл “бүжиглэ та”, нэг барьтн гэвэл “Та барина уу!” гэсэн үг. “Барийч” гэвэл дүү хүнд хандсан үг.

Энэ жилийн наадмын видео концертод Б.Баатар харин Халимаг “тавшур” бүжиг оруулсан байна билээ. Дөрвөдийн тавшур буюу товшуур бүжигт халимагууд дуртай. Эрэмгий, залуусын бүжиг. Торгууд бий арай намбалаг, “беркут” буюу бүргэдийн бүжиг нь зоримог. Кубань хөх каракул малгайгаар гоёод, 17-той Рая хүүхэнд тоогдох гэдэг булигласан зүрхтэй (дурласан) Окнаан хүү түүнээсээ болж “Бузав” гэж шоолуулаад ичиж, эмээсэн тухай хошин дуу л даа. Заламгайн шашинд орсон халимгууд Доны хасаг цэргийн хороонд олноор орж “Бузава” гэгдээд Кубань тоорцог өмсөж гангардгийг л хөөрхий залуу дуурайж л дээ. Харин халимгууд дөрвөлжин оройтой, босоо ширээстэй торгуудын “жатаг” тоорцогийг өөрийн гэх ба дугуй оройтой кубань тоорцог өмсвөл “бузава” гэж шоолно. Ийм л угсаатны сэтгэлгээний учрыг хэлсэн, хайр дурлалын хошин дуу. Манайхан үгийг нь сайн мэдэх биш сайхан аятай гээд л сонсоод өнгөрсөн байх.

Тэгээд буриад хөвүүн Шагай сарлаг унаж гарч ирээд “хатарч” байхдаа басганы хормой сөхөх гэж оролдоод ичээж байгаа тухай хөгжилтэй хэсэг. Аль аль нь л залуусын хурим, хөгжөөн цэнгээн наадам наадгай л даа. Тэгтлээ сүржигнээд байх юм биш... Өнчин хүн өөнтөгч гэгчээр бусдаасаа таслагдаж явцурах тусам хүн байтугай үндэстэн өөнтөгч болох юм даа, хүчжин мандаж буй үндэстэн харин ч бусдыг өөрт хамаатуулах хандлагатай байдаг.

Монголын нууц товчоонд “Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэхцэн бүжиж хуримлав” гэдэггүй бил үү? Тэгээд ч энэ жилийнх наадмын нээлт биш, урлагийн тоглолтыг олонд хүргэсэн нь энэ. Гэтэл үүнд сүржигнэх хэрэг юун... Сарваганасан бүжиг хийлээ гэнэ. Өвөрлөгч зарим нутагт ч бүжихээ савардана гэдэг, Ойрадад “савардан” гэж бий байдаг шүү! 

Ер нь Б.Баатар буриад, Халимагт очоод эрэмгий, шалбалзуур хөдөлгөөнтэй бүжгийг нь хараад “Яагаад манай Төв Монголчууд ийм эрэмгий, цог жавхаатай байж болохгүй гэж...” гэсэн бодолд авчихаад байгаа бололтой байсан. Халимагийн наадам, цэнгэлийн хагасаас илүү нь бүжиг. Аанай л явцуураад “уулынх, оросынх” гэж адлах нь явцуу жижгийнх, уг нь тэр бүжгийн манайхан аваачсан юм билээ л. Ёстой дэнж хотойтол дэвхцэн бүжиглэнэ дээ, харин! Алдарт Игорь Моисеевын аугаа их 10 бүжгийн нэг нь “Халимаг бүжиг” нь. 

Харин Төв, баруун монголд нийтээр хатирдаг ийм эрэмгий бүжгүүд байхгүй болсон мэт. Суут Сэвжид гуайгаас эхлээд үе үеийн урлагийн ихэс л бүжгийн урлагийг амилуулсан даа! Асуудал бидний сэтгэлгээнд байна. Нэг их налайсан, суусан, уусан, идсэн... Тэгээд залуусаа тийм байхыг шаардана. Гэтэл найр наадам бүжиггүй бол уйтгартай. Залууст цог жавхаа хэрэгтэй. Хөдөлгөөн, эрч хүч, эрэмгий зоримог дүр хэрэгтэй. 

Хэрэв энэ жилийнх наадмын хүндэтгэлийн тоглолт бол мэдээж тогтсон тааллаар огт өөр концепцоор хийх байсан биз. “Эртний сайхан”, “Эрхэм төр” тэргүүтэн айзам урт дуугаар манлай хийж, Их нас мордоход “Төрийн түмэн эх” айзам дуугаар ерөөл өргөөд... гэх мэт. Гэхдээ шүүмжилж байгаа нөхдийн хувьд энэ бүхэн шалтгаан биш, шалтаг л даа! Ямархуу хэмжээний тархитай улс юу бичдэгийг би нэг муу багцаалдана л даа! Аягүй бол “Түмэн эх” дуулбал Манжид орсны бэлгэдэл дуу дууллаа гэх нь ээ ядахгүй! Ганц бэсрэг урт дууны ая, цээжгүй байж...

За энэ ч яахав, хэрүүл уруулгүй Хялгынхаа эхэнд буцаж очих минь. Укурикийнхан биднийг хонины махаар дайлсан нь тус тосгоныхон хонь өсгөж эхэлснийх ажээ. Хуучин улсын аж ахуй устсан тул бэлчээр багасаж, мөрний хөвөөгөөр мод ургаад бод маллахад бэрх болжээ. Укурик бол уг нь Үхэртийн тосгон гэсэн үг юмсанж, одоо хоньчдын тосгон болжээ. 

Ер нь Буриад даяар тэр цагт хонины аж ахуй ихэд хөгжиж байв. Тэр нь учиртай. ОХУ-ын ЗГ-аас шашин сүм хийдийг дэмжиж мөнгө олгож эхэлсэн бөгөөд буриадын буддистууд тэр хишгийг ихэд хүртэн олон сүм, дуган бариулжээ. Улаан-Үд хүрэх замд олон дуганы барилга эхэлсэн байсан, өдийд барьж дүүргээ биз ээ. Сүм хийдүүд баригдаж, тэр хэрээр ашиг орлого ч өсөж, сүсэгтэн өглөгийн эзэд олширсон тул хийдүүд аж ахуйтай болж эхэлжээ. Иволгын дацангийн хамба Дамба Аюушиев хонь өсгөхийг чармайн оролдож эхэлжээ. 

Түвшинбаяр аваргын ярьж байснаар бол Буриадын наадмуудад оролцоход хониор байлдаг аж. Манай бөхчүүл очиж барилдаж бай авах дуртай ч басхүү ард түмнийг нь хүндэтгээд түрүүлэхийг гол болгодоггүй байж. Тиймээс барилдаж шөвгөрөөд Буриадын сайн бөхтэй аман тохироо хийдэг байсан гэнэ. Шөвгөрсөн бөхөд даваа өгч түрүүлгээд байг нь авахаар... Нэгд нутгийн бөх түрүүлбэл ард түмэн, бөхчүүл сэтгэл ханамжтай. Хоёрт хүний нутгийн наадамд ногт ганзагалж очдоггүй монгол жудгаа сахина. Тиймээс Буриадын наадмуудад залуудаа олон зодоглосон Түвшээ аварга бол буриадад газардахгүй юм билээ. Угтаж авсан нутгийн “томчуул” нь тэр бөхчүүд л дээ. Аваргын дэмээр наадам авсан нь хонио зарж мөнгө болгоод хуваана. 

Харин Дамба Аюушиев ЗГ-аас өгсөн ба бусад цугласан мөнгөөр буриад айлуудад хонь авч өгч маллуулдаг болжээ. Тэгэхдээ 100 хонь маллуулаад бүх төлийг нь малчин авах ба дацан 100 хонио л өөрт тоолно. Түрээсийн гэрээ юм даа. Өсөхөөр нь энэ хонио дараагийн айлд өгөх замаар иргэдийг малжуулахыг чармайж эхэлсэн байв. Хонины мах эрэлт ихтэй, басхүү Монголчуудын чийрэг хүчирхэгийн шалтгаан хонинд буй гэж үзэж. Хуучны эмийн дөрвөн үндсийн судруудад бичсэнээр бол хонины мах өөрөө хий дарах хамгийн сайн эм. Хий шар ба бадганад урвахгүй бол барагтай хүн өвдөхгүй. Тиймээс л тангуудыг голдуу хонины шөлөөр даруулдаг санж. Хонины шөл уусан хүмүүс өвчин багатай.

Дамба Аюушиев хамбын хоёр дахь шаардлага бол хонио оросын фермийн маягаар хашилгүй монгол аргаар бэлчээрээр маллах. Ингэвэл мах нь шимтэй, ноос нь цэвэр байна гэж үзжээ. Айхтар ухаан... Ийм замаар буриадыг буцаад малчин болгохыг зорьсон аж. 

Иволгын дацанд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг ирэхэд тосч авсан хамба ЗГ-аас малжуулах мөнгө хүссэнд ёсоор болгожээ. Тэгээд тэр мөнгөөрөө Монголоос хонь авах гэсэнд хэл үг гарчээ. ЗГ-ын мөнгийг гадагш алдсан зэм хүлээхгүйн тулд хамба өнөө л Шойгу ахаараа дамжуулж, Тувагийн танил нөхөдтэйгээ яриад тэндээс хонь авсан гэж ярьж байв. 

Укурикт багцаалдвал 100-аад толгой хонь байна. Гэхдээ “фермэрийн маягаар” л маллаад байгаа бололтой, шаравтар ноостой харагдана. Бид ч малд “нүдтэй” л дээ! Шөнөдөө битүү хашаанд хашиж хонуулаад байгаа хэрэг л дээ. Шөнө задгай хонуулах нь аа яана? Гэвэл чоноэлбэг гэв. Ойн захад гуалин дөрвөлжлөн пирамид хэлбэрээр сараалжлан өрсөн занга барьсан байв. Энэ яадаг юм гэхэд чонын занга гэнэ. Дотор нь өвчтэй, дорой хурга орхичихоор чоно оройгоор нь ороод буцаж гарч чаддаггүй ажээ. 

Эрчүүл нь намбатай, бүсгүйчүүл нь сайхан ааштай, яриа хөөрөө, дурсамж, наргиа өрнөсөөр нэг цаг асуутал үүр цайх дөхөж байна, O4 цаг болж гэв. Бид 12 цагт ирээгүй бил үү? гэтэл үгүй 02 цаг дөхүүлж ирсэн шүү дээ гэлцэв. Төдий хүртэл биднийг хүлээгээд бэлдээд байж л дээ...

Өглөө нарнаар нэвтрүүлгийн зурагтай тул бүгдээрээ унтаж амрахаар дүнзэн байшинд орцгоов. Даш дархан аавынхаа байшинг додомдоод, том хашаа хатгаж тохижуулжээ. Зочдыг ирнэ гэж нэлээд зайтай бие засах газрыг хүртэлх замыг хадаж цэвэрлэсэн нь хүртэл буриад айлд ирснийг сануулна. 

Унтахын зуурт Дамба Аюушиев хамбын тухай Монголд сонссон нэг яриаг бодов. Түүний аав ахмад дайчин Дандар баатрыг биширдэг хүн байжээ. Тэгээд нэг ачдаа гарамгай баатрын нэрийг өгсөн гэнэ. Халх голд байлдаж байсан тэрээр монгол төрхтэй тул Оросууд жаахан гадуурхангуй ханддаг байж. Гэтэл Дандар баатрын хороо ар талд нь байрласнаас хойш хандлага нь эрс өөр болжээ. 

...Их бууны галын бэлтгэлийн дараа Монголын морин хороо Японы байрлалыг атакладаг байж. Оросууд дараа нь урагш давшиж байрлалыг нь эзэлнэ. Их бууны бэлтгэл дуусмагц Оросууд нуучиндаа эргэж хараад Дандар баатарыг харахыг хүснэ. Тэгээд “Одоо танай монгол ирнэ, харцгаая!” гэлцэнэ. Дандар баатар хорооныхоо тэргүүнд алаг морьтойгоо, сэлмээ гялалзтал хуруйлан давшиж байгаа нь гайхамшигтай жавхаатай харагддаг тул биширч гүйцдэг байжээ.

Тэгээд гүехэн нуучин дээгүүр нь морьд харайлдан, хөлс нь үнэртээд, монгол цэргийн уухай хадаад л тоос манан болно, тоос намжихаар харахад японы байрлалыг нэвт гараад цааш одох буюу эсвэл эргэж дайрхаар жагсаал эмхэлж харагдана. Оросууд ч хороогоороо биширч гүйцдэг байжээ... Тэгээд л мань дайчин эр сүрхий нэр хүндтэй болж, дайныг эсэн мэнд туулжээ... гэж!

(Үргэлжлэл бий...)

Description: https://scontent.fuln2-2.fna.fbcdn.net/v/t1.6435-0/p600x600/214494730_1193163494490827_317749860259693846_n.jpg?_nc_cat=109&ccb=1-3&_nc_sid=730e14&_nc_ohc=zg43cXE0VOAAX_AQlqT&_nc_ht=scontent.fuln2-2.fna&oh=a118344175e30ded15ce9c744d4e9bac&oe=60F67010