Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв
Өмнөх Засгийн газруудын үед хийгдсэн хулгай луйвар, улс төрчдийн хуурамч баг энэ засгийн үед хуулагдав. Хэрэв Г.Занданшатар гэдэг хүн Засгийн газрын тэргүүн байгаагүй бол, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй бол, хулгайд алдагдсан Бортээгийн ордын төрд буцааж аваагүй бол, ерөөсөө энэ бүхний төлөө зориглож хөдлөөгүй бол иргэд, олон нийт Л.Оюун-Эрдэнийн засаглалын үеийнх шиг харанхуй хөшгин дунд дахиад гурван жил хоригдох байв.
МАН-ын түүхэнд хамгийн богино хугацаанд буюу есхөн сар засагласан Г.Занданшатарын Засгийн газар огцорлоо. Огцорсон шалтгаан нь Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх боловч үнэн хэрэгтээ улс төрийн өөр нөхцөл байдал үүссэнийг хэн хүнгүй л үзэж, сонсож, мэдэв. Ерөнхий сайд Г.Занданшатарын чуулганы индэр дээрээс сүүлийн удаа хэлсэн ”Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн болохгүй ёсгүй” гэдэг үг үүнийг гэрчилнэ.
МАН-ынхан үүнийг “МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга байх ёсгүй” гэдэг АН-ын шаардлагаас болсон мэтээр харагдуулахыг хичээж буй ч энэ ч бас бодит бус. Хэрэв тийм байсан бол МАН эхлээд намын даргаа УИХ-ын даргаас чөлөөлөх ёстой байлаа. Ямартай ч процедурын хувьд тэгж явах ёстой. Н.Учралыг УИХ-ын даргаас огцрохыг шаардаж асан АН-ынхан хүртэл “Засгийн газрыг сөрөг хүчин огцруулдаггүй юм шүү дээ” хэмээн мушилзаж зогссон нь үүний нотолгоо.
Товчхондоо, өнгөрөгч есдүгээр сард хуралдсан МАН-ын Бага хурал, намын даргын сонгуулиас үүдсэн дотоод тэмцэл нь туйлдаа хүрч, Г.Занданшатар гэдэг хүн “гараа өргөхөд” хүрчээ л гэж харагдлаа. Монголын төрд шургалсан хулгайч нарын "гар урт, хуйв уужим“ гэдгийг харуулсан бодит кэйс боллоо. Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн болохгүй ёсгүй” гэж хэлсэн нь ч ийм учиртай.
Гэсэн хэдий ч Г. Занданшатар богино хугацаанд Засгийн газрыг тэргүүлэхдээ төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын тэргүүн яаж ажиллах, ямар үлгэрлэл үзүүлэх ёстойг бодитоор харуулж, өөрийн гэсэн “стандарт”-ыг тогтоож чадлаа. МАН-ын өмнөх Засгийн газруудын түүхэнд байгаагүй нээлттэй, ил тод засаглалыг бий болгож, баялгийн хулгайтай хийх тэмцлийг бодитой эхлүүлж, төсвийн хариуцлагыг чангатгаж, алдагдлыг бууруулсан Засгийн газар байлаа. Төр байгалийн баялагт гараа дүрдэг биш, түүнийг хамгаалдаг байх ёстойг итгүүлэв. Төрийн нэрээр хулгай дээрэм хийсэн хэнтэй ч эвлэрэхгүй гэдгээ өөрийн биеэр үлгэрлэв.
Өмнөх Засгийн газруудын үед хийгдсэн хулгай луйвар, улс төрчдийн хуурамч баг энэ засгийн үед хуулагдав. Хэрэв Г.Занданшатар гэдэг хүн Засгийн газрын тэргүүн байгаагүй бол, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй бол, хулгайд алдагдсан Бортээгийн ордын төрд буцааж аваагүй бол, ерөөсөө энэ бүхний төлөө зориглож хөдлөөгүй бол иргэд, олон нийт Л.Оюун-Эрдэнийн засаглалын үеийнх шиг харанхуй хөшгин дунд дахиад гурван жил хоригдох байв.
Олон жил орхигдсон нийгмийн суурь салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг анх удаа бодитойгоор /50 хувь/ нэмэгдүүлэв. 14 жил гар хүрээгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөж, монголчуудад хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэв. Арав гаруй жилийн турш арагш ухарч ирсэн авилгын индексээр монголчууд долоон байр урагшлав. Санхүүгийн сахилга бат, төсвийн ил тод байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулсны үр дүнд валютын ханшийг тогтвортой барьж чадав.
Энэ бол есхөн сар ажилласан Засгийн газрын хувьд “чамлахаар чанга атгах” ёстой үр дүн юм. Парламентын гаднаас томилогдсон, намын тамгагүй Ерөнхий сайд гэдэг талаас нь харвал бараг хүрч болшгүй үр дүн.
Хамгийн гол нь Г.Занданшатарын Засгийн газрын үед бий болсон энэ эерэг, эрүүл саруул өөрчлөлтийг дараа дараачийн Засгийн газрууд эвдэхгүй байх, илүү хөгжүүлэх, дэвжүүлэх үүргийг хүлээлээ. Хариуцлагатай, шударга төрийн үүдийг нээлээ. Энэ бол Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв юм.

