Гобсэк гуай хорт хавдартай болсноо дэндүү хожим мэджээ. Өвлийн хүйтэнд ердийн сурсан зангаараа нөмгөн явж байж ханиад хүрч. Эмчид үзүүлж дэмий мөнгө үрж байхаар гээд өөрөө аргалчих санаатай янз бүрий өвч ургамал чанаж уусаар байгаад хүндрүүлчихгүй юу. Ингээд аргагүйн эрхэнд эмнэлэгт үзүүлтэл хүндэрсэн хатгаа гэж оншилж байна. Түүнийг сэхээнд хэвтэж байхад эмч өрөөс нь зөвшөөрөл аваагүй мөртөө шинжилгээнд оруулж нарийн багажаар дурандсан бололтой, ингээд лавширчихсан хорт хавдрыг нь илрүүлсэн юмсанж. 

Хатгааг ч яахав эрчимтэй эмчилсээр хөл дээр нь босгоод ирлээ. Хавдрын хувьд мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвөлсөн. Жинхэнэ явцыг нь эмч мэдсэн ч хэлэлгүй, мэргэжлийн эмчид очихыг зөвөлжээ. 

Гобсэк гуай эмнэлэгээс гараад өнөө зааж өгсөн мэргэжлийн эмнэлэг рүү нь очсонгүй. Эмч тодорхой юм хэлээгүй болохоор хүндээр тусгаж аваагүй бололтой. Гол нь эмнэлэгт очихоор бөөн зардал, аягүй бол манайд эмчилж дөнгөхгүй учир гадаадад оч гэж тулган шар махтай нь хатаана. Гадаадад эмчлүүлэхэд маш их мөнгө ордог тухай тэрээр бишгүй нэг дуулсан. Ерөнхийдөө харамчдаа л тэр дээ.




Хагас жил өнгөрөхөд тэрээр бие нь үнэхээр болохоо байж байгааг мэдрэв. Энэ үеэс тэрээр анх удаа үхлийн тухай бодох болсон юм. Үхлээс маш их айдгийгаа тэгэхэд л мэдсэн. Мөнгө төгрөг ч яамай гэж бодоод өнөө зааж өгсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт нь арай гэж хөлөө зөөсөөр явган мөлхөж очив. Хөл нь гуйван хар хөлс нь цувахын үед автобусны мөнгө аваад гардаг байж гэж дотроо өөрийгөө зүхэж үзэв. Гэрээсээ мөнгө авч гараагүйн учир нь эмчид нэн ядуугаа харуулж, шаардлага гарвал хармайгаа эргүүлэн сэгсэрч үзүүлэх гэсэн юм. Тиймээс ч зориуд аль муу ноорхой хувцсаа өмссөн хэрэг.

Эмч юм хэлэхгүй мөртөө толгойгоо сэгсрээд л байх юм. 

-Таны нас сүүдэр хэд вэ?
-Далан гуравтай. 

Тэрээр худлаа дэлсэж насаа арваар нэмж буй нь өрөвдүүлэх гэж тэр.

-Таныг хүргэж ирсэн хүн байна уу? Байвал дууд даа.
-Байхгүй. Би ганц бие хүн.

Энэ харин үнэн. Олон жилийн өмнө авгайгаа хөөгөөд явуулчихсан. Ганц хүүтэй боловч тэрэнтэйгээ арав гаруй жил уулзаагүй. Дам сонсохноо архинд ороод гудамжинд гарсан гэсэн. Иймээс үнэхээр ганц бие гозон толгой.

-Таныг одоо яаралтай шинжилгээнд оруулна.
-Ахад нь мөнгө байхгүй, яадаг билээ.
-Танд таатгалын дэвтэр байгаа биз дээ?
-Байхгүй. Би өнчин өрөөсөн ядарсан өвгөн. Тийм юм хөөцөлдөж аваа ч үгүй.

Энэ бас худлаа. Даатгалтай ч байсан нэмэлт мөнгө төлдгийг өнгөрсөн өвөл хатгаа тусахдаа биеэр амсаж маш их шаналсан. 

За юутай ч өрөвч эмч таарч өвгөнийг элдэв нарийн багажаар оруулан оношилжээ.

-За өвөө минь танаас юуг нь нуух билээ. Та үнэхээр хүнд өвджээ. Хорт хавдар чинь бүр цаашилчихсан байна. Эртхэн ирэхгүй яав даа. Та манайд эмнэлэгт хэвтэж болно. Бид чадахаараа эмчлэх гэж оролдоно, мэдээж. Гэхдээ ингэж хүндэрсэн өвчнийг аргалахад тун хэцүү. Би танд үнэн санаанаасаа зөвлөхөд гэр орныхон, хамаатан садан байдаг бол тэднийхээ халамжид гэрээр сувилуулбал илүү дээр болов уу. Би танд өвчин намдаах зэрэг хэдэн эм бичиж өгье. Гэртээ эхнэр хүүхдээрээ сувилуулаад, эмээ уугаад, салхинд гараад… дуртай хоол ундаа хийлгэж идээд явбал үнэндээ сувилагчийн царай харж эмнэлэгт хэвтсэнээс хавьгүй дээр. Гэхдээ та өөрөө мэд, яамаар байна?

Гобсэк гуай ийм үг сонсоод эгээтэй л харавчихсангүй. Үлгэн салган юм гуйвсаар арай гэж гэртээ ирэв. Хаалгаа онгойлгох гэж тамирдаж үхэх дөхөв. Сэйфны хаалга шиг зузаан төмөр үүдийг ил болон нууц арваад түлхүүр, кодоор тайлж нээнэ гэдэг хэрийн хүний дийлэх ажил биш. Гэртээ ороод хаалгаа дотор талаас нь бас л арваад цоож цуургаар бэхэлж авлаа.

Гаднаас нь харахад нэг их доожоогүй биш боловч онцолж нүдэнд тусаад байхааргүй энэ дан байшинг Гобсэк гуай бараг л тусгай захиалгаар арав гаруй жилийн өмнө бариулжээ. Үнэ өртөг ч гэж тоймгүй юм болсон. Байшин нь доошоо хоёр давхар. Олон давхар байшин барихаар төлөвлөгдөөд хундаамыг нь ухчихсан байхадэзнээс нь худалдаж авч үүнийгээ бариулсан юм. За даа байшин гэхээсээ маш том сэйф юм даа.

Гобсэк гуай уг нь лус шиг баян нэгэн. Түүн шиг их бэлэн мөнгө, алт эрдэнэ, үнэ цэнтэй урлагийн бүтээл хав дарсан хүн энэ дэлхийд элбэггүй байхаа. 

Ядуу хороололд, чадуу ээжийн бутач хүү болон төрсөн тэрээр өлсөж цангах, гачигдаж дутахын зовлон багаасаа амссан. Хорь жаахан гарсан хойноо нягтлан болохын мэргэжилтэй болж ажилд орсноор амьдралаа өөд татаж эхэлсэн юм. Төрийн мэдлийн үйлдвэрт нягтлангаар ажиллах болсноор амьдралын алтан хаалга нь нээгдсэн. Угийн сэргэлэн, гүйлгээ ухаан лут болохоор дансны аргаар хулуух аргыг нэн эрт сурчээ. Дороо баяжсан. Тэгэнгүүт байнга ажлаа солих боллоо. Өвчин зовлон тоочино. Ийм сайн нягтланг аль ч байгууллага халах хүсэлгүй. Гэвч мань эр хулгай нь баригдахаас айж бушуухан холдохын түүс болдог. Түүнд ажил амархан олдоно. Яагаад гэвэл тэр ажилсаг, нягт гямбай, дуу цөөнтэй, хэнтэй ч хэрэлдэж мууддаггүй, зожиг. Ийм нягтланд аль ч албан газрын дарга нэн дуртай. Чухам үүний тус юм уу, түрүүний хулгай нь огт мэдэгдэхгүй өнгөрч байсан, түүнийг хэн ч сэжиглэдэггүй. Тохь томоотой төрийн албан хаагч. 

Өдгөө байгаа их хөрөнгө нь бүгд хулгайн зүйл гэвэл нүгэл болно. Хөрөнгийг аривжуулахыг тэр маш сайн мэднэ. Алт эрдэнэ, хатуу валют, ховор нандин эртний эдлэл, урлагийн үнэ цэнэт бүтээл цуглуулна. Эднийхээ үнийг ч сайн мэднэ, үнэ нь хэрхэн өсч буйг нямбай бүртгэнэ. Болгоомжтой хүн учир үнэт цуглуулгаа голдуу гадаадад гаргаж зарна, тэндээс ч ирээдүйд үнэ хүрэх зүйлийг худалдан авч гэр рүүгээ зөөнө. Хэн нэгэн санаандгүй тохиолдлоор асар их баялаг олсон, нуугдмал эрдэнэ гэнэт унаад ирсэн гэх маягийн мэдээ сониноос олж уншаад түүн шиг харамсдаг хүн байдаг болов уу. Цаад хүний гэнэт аз нь шовойсон тухайн өдрийг хэрэг болгон тодруулаад яг тэр үед өөрөө тэнд нь байгаагүйдээ гутран, өөрийнхөө юмыг булаалгачихсан аятай шанална. 

Тэр хэзээ ч банкинд итгэдэггүй учир тийш зүглэж байсан нь үгүй. Нэгд, хөрөнгийн эх үүсвэр маапаантай. Хоёрт, банкууд дампуурч хадгаламж эзэмшигчид нь хохирооод үлдэж байгааг харахаараа нэг болсон. Бирж, сугалаа, мөрийтэй тоглоом зэргээс аль болох зайгаа барина. Итгэдэггүй. Иймээс хөрөнгөө гудсан дороо нуух ганц аргаар л явдаг. Тэртэй тэргүй үнэт эдлэлийн хийж буй нууцхан наймаа нь ямар ч банк, биржээс илүү ашигтай, тэгээд найдвартай. Мөнгөн тэмдэгт бол нйадваргүй эд шүү дээ. Ханшны уналт, инфляци... байс хийгээд төрөөс дэвсгэртийг хүчингүй болгоно...

Гуч гараад эхнэр авч хүүхэдтэй болжээ. Үүнийг амьдралд нь тохиолдсон хамгийн том гамшиг гэж одоо болтол боддог. Шунахай эхнэр үрэлгэн. Мөнгө нуусан газрыг нь олоод зөндөөг хулгайлсан байхыг нь хожим мэдсэн. Гурван жилийн дараа хүүхэдтэй нь хөөгөөд явуулсан. Дахиж л авгай авч хөгөө хөлдөө чирэхээ больё гэж өөртөө тангаргалж билээ. Өөрөөс нь хулгайлсан алтан эдлэл, мөнгө төгрөгийг яаж ч нэхээд өгөөгүй явсан даа. 

Үхлийн ирмэгт ирсэн Гобсэк гуай одоо энэ их хөрөнгөө яах вэ? Өнгөрсөн өвөл хатгаа тусахаас өмнө тэрээр маш эрүүл чийрэг нэгэн байсан. Ер нь амьдралдаа өвдөж хавдаж яваагүй юм байна. Иймээс үхэх хатах тухай хэзээ ч бодож байгаагүй. За яахав үхдэг юм байж, тэртээ тэргүй үхэх бол хорвоогийн жам (жаран гурав гээд бодохоор арай ч дэндүү эрт юмаа), гэтэл энэ их хөрөнгийг яах вэ? Хөрөнгөө яах вэ гэдэг нь үхэхээс ч хэцүү тулгамдсан асуудал. 

Тараах уу, өвлүүлэх үү? Тэгвэл хэнд? Ядуу хүмүүст өгөх үү? Дэмий, юм үзээгүй хүнд очихоор зовж цуглуулсан энэ их баялагийг дор нь идэж уугаад л жорлон руу асгачихна. Хүүхдүүдэд өгөх үү? Үгүй ээ, юу авч буйгаа ч тэд ойлгохгүй, луйварчдын гарт л орно гэсэн үг. Настайчуудын асрах ч хэрэггүй дээ, тэд тэртэй тэргүй удахгүй үхээд алга болно. Улсад хандивлах уу? Авилгачдын хоол л болно биз. 

Өвлүүлэх гэхээр хэндээ? Хөөгдөөд явсан хулгайч авгай даа юу? Хөөрхий сураг дуулдахгүй юм, амьд болов уу. Ганц хүү бий ч арав гаруй жилийн өмнө нэг уулзсан. Нэлээд халамцуу шүү. Дагаад салахгүй явсаар гэрт нь ирсэн, оруулахгүй гээд байхад хаалганы завсар хөлөө хийчихээд чихээд орж ирсэн. Баахан уйлж унжсан. Өрөвдөөд хэдэн цаас өгсөн юм. Хэдийгээр татганасан боловч элэг нь хаачих билээ. Хариугүй шээс хүрээд жорлонд гялс орох хооронд гараад зугтчихсан байсан. Тохой хэрийн алтан бурханыг нь аваад явчихсан байгаа юм даа. Дөнгөж худалдаж авсан болохоор далд хийж амжаагүй байсан. Ямар их өндөр өртгөөр авсан гэж санана. Эртний хийц байсан юм. Одоо байсан бол үнэ нь дор хаяхад хоёр нугарах байлаа. Өрөвдөхөөр өр өшиглөнө гэж энэ! Цагдаагийн ажилтан сэм хөлсөлж араас нь хөөцөлдүүлсэн боловч тэр шаарыг олоогүй. Гадаадад гараад явчихсан гэсэн. Тийм үнэтэй юм авчихаад тэрнийгээ ядахнаа хоол болгож ч чадаагүй бололтой. Архинд орчихсон гудамжинд дуулаад явж байсан гэж сонссон. Ашгүй, ер нь тэрнээс хойш үзэгдээгүй. Гурван нас хүртэл нь л хамт байсан болохоор бараг танихгүй мэдэхгүй хүн гэсэн үг дээ.

Гобсэк гуай нэг эгч нэг дүүтэй, уг нь. Эгч нь дээр үед нас барсан. Дүү нь бас өөдгүй амьтан. Америк явна гэж салахгүй гуйж гувшсаар байгаад замын зардлаа даалгаад тэр чигээрээ чимээгүй болсон. Зээлнэ, Америкт ажилд ороод мөнгийг нь хүүтэй нь явуулчихна гэж ам алдсаныг нь яана. Охин нь нэг удаа гудамжинд таарсан. Аав ээжийгээ Америкт сайхан амьдарч байгаа гэж ярьсан. Санаа нь зовоод арай л зээлсэн мөнгөө буцааж явуул гэж хэлээрэй гэх гэснээ хэлээ хазаад өнгөрч билээ.

Гобсэк гуай ганцаараа баахан уйлж суув. Өвлүүлэх хүнгүйдээ биш, буян болгож тараах газаргүйдээ биш. Аль алин нь дэмий юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үхэхийн хооронд бас тэнэг тэнэг бодол орж ирэх юм гээч. Хөрөнгөө яах вэ гэсэн асуулт л түүнийг таг мухардуулж голыг нь горойлгоно. 

Юу ч гэсэн хөрөнгөө дахин нэг бүртгэхээр доод зоорь руугаа хөлөө чирэн орлоо. Модилиани! Ориг зураг. Ямар их мөнгө гэж санана. Үүнийг мүзэйгээс хулгайлсан хулгайчаас нь өндөр үнээр авсан юм. Тан улсын баримал. Ижил нь дэлхийд өөр байхгүй. Тэр авдраар дүүрэн хатуу валют байгаа. Ганц тэр биш. Вэксэл, үнэт цаас, өрийн бичиг тэр том сейфээр дүүрэн. Энэ их гулууз алт, эдлэл эрднийн чулууг яах вэ!

Маргааш болгож хойш тавих арга алга. Эмч юу гэлээ? Хэдэн хоногийн нас байна гэж асуусан юм байна шүү. Юу гэлээ? Ая тухтай амраад сайн сувилуулж арчлуулбал гурав дөрвөн сарын нас элбэг байна гэсэн. Элбэг байхдаа яах вэ дээ. Маргааш хүргэж дөнгөхгүй бололтой. Иймээс одоо шийдэх хэрэгтэй! Яаж шийдэх вэ? Шатаая! ! ! Хэнд ч бүү очиг. Насаараа зовж цуглуулсан хөрөнгө минь аль нэг танихгүй юм уу танихаа больсон, эсвэл шунахай эхнэр, хулгайч хүү, өөдгүй дүү гэсэн муусайн юманд очиж үрэн таран болох гэж үү! Ядахнаа баяраллаа ч гэж хэлэхгүй шүү дээ. Бүгдийг нь байшинтайгаа хамт шатаачихъя.

Гобсэк гуай торхтой бензин жижиг саванд юүлж нямбай зангаараа булан тохой алгасалгүй гэрээрээ нэг цацав. Сейфээ онгойлгож үнэт цаас, мөнгө, цуглуулгаа бензинд дүрэн норголоо. Торхтой бензинийг ээлжлэн юүлж цацсаар байшинд хуурай газар үлдээсэнгүй. Хулгайгаас хамгаалсан дохиолол, сэрэмжлүүлэг, цагийн механизм зэргийг нэг бүрчлэн тогноос нь салгав. Ингэж явсаар хариугүй унах дөхжээ. Ядахнаа өглөөнөөс хойш хоол идээгүй учиртамир нь бүрэн барагдаж. Юун хоол унд! Үхэл зэрэгцээд ирсэн санагдана. Амжиж шатаахгүй бол энэ хөрөнгө нохойн хоол болно. Үхэл гүйцээд ирлээ. Одоо чүдэнз зурахад л болоо! Хорогдох юмгүй болно. 

Чүдэнз зурлаа. Бүх насаараа үхэн хатан цуглуулсан хөрөнгө хайран, хайран! Хармын сэтгэл нь асаатай чүдэнзийг нь газар хаяулдаггүй. Чүдэнзээ шидэх гэтэл гар нь хөдөлдөггүй. Зүрх нь шимшрэн, нулимс нь сул урсна. Нөгөө талаас нь үхэл хүчтэй зууран чангаана. Газар унаагүй асаалттай чүдэнз хурууны үзүүрийг нь хайраад унтарч байгааг дөнгөн данган мэдрэв. Үхэл илүү хүчтэй аж. Гобсэк гуайг татан унагав.

Х Х Х

Энэ явдлаас хойш нэг зуун тавин жил өнгөрчээ. Гобсэк гуайн тухай хэн ч дурссангүй. Тэр бол мартагдсан хүн. Гэтэл нэг сониуч франц эр энэ тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан домог шиг яриа олж сонссон байна. Олон жилийн өмнө мүзэйгээс алдагдсан Модилианигийн хөрөг зураг гэнэт олдсоны дараа иймэрхүү хачин яриа сонсогдох болсон хэрэг л дээ. Тэгээд цагдаагийн газрын танилаараа дамжуулан эртний архив ухаж үзжээ. Тэндээс маш их зүйл тодорхой болсон. Гобсэк хөрөнгөө шатааж чадсан ч юм байхгүй тэндээ зүрх нь хаагдаж үхсэн юмсанж. Түүний шарилыг нэлээд олон сарын дараа илрүүлжээ. Өмхийрөөд, илжрээд, дараа нь хатаад бараг хувхай яс үлдсэн байсан юм уу даа. Америкт цагаачилсан дүү нь зээлж авсан мөнгөө буцааж өгөх гэж ахыгаа сураглан хөөцөлдөж байж гэртээ үхснийг нь цагдаагийн тусламжаар олсон гэх. Аймшигт төмөр хаалгыг нь хэн ч онгойлгож хүчрэхгүй учир цонхыг нь кранаар татан эвдэж байж орсон байна. Цацсан бензин ууршаад ямар ч ул мөр үлдсэнгүй. 

Гэрээр нэг тарааж цацсан үнэт эдлэл мөнгө цаасыг харсан хүмүүс цочсондоо зог тусан бүгдээрээ хэдэн хором хөдөлж чадахгүй хөшөө аятай таг зогссон гэх. Хөрөнгө хэнд очсоныг бичсэн бүртгэл Цагдаагийн архивт алга. Хожим бүртгэлийг хэн нэг нь ураад авчихсан бололтой хавтасны нугасанд тасархай үзүүр л үлдэж. 

Энэ явдал мөнөөх саваагүй франц эрд гүн сэтгэгдэл үлдээжээ. Тэгээд тэрээр “Гобсэк” гэсэн роман бичсэн нь ихэд алдаршиж зохиогчид нэлээд чамгүй орлого оруулсан гэх. Зохиолч нэлээд нинжин сэтгэлтэй зөөлөн хүн байсан учир болсон явдлыг зөөллөж, дээр нь давслахын оронд уяруулж уран сайхны аргыг чамгүй хэрэглэсэн байна. Гобсэк хармалсандаа болоод бүх хөрөнгөө шатаах гэж байсныг огт дурдсангүй, зүгээр л үхснээр бичсэн байгаа юм даа.

Франц зохиолчийн нэрийг Өнөрэ дө Бальзак гэх юм билээ.