“Онцлох ярилцлага” буланд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга уригдлаа.

-Удахгүй УИХ-ын ээл­жит сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд АН-ын хэрхэн оролцох нь нам дот­роо хамгийн хүчтэй фракц гэгдсэн моах-ны нө­лөө, байр сууриас ихээ­хэн хамаарах байх тийм үү?

-Бид ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилж­сэнээс хойш долоо дахь сонгууль­даа саналаа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгуулийн дараа уул уурхай, газрын баял­гийг ашиглах том том асуу­дал яригдаж, шийдэгдэнэ. Тий­мээс түүхэн үе хэмээн онцолж болно. МАН хуваагдан зад­раад байгаа энэ үед бидэнд эв нэгдэл л хэрэгтэй байна. Үү­нээс гадна намуудад бай­гаа бизнесийн  бүлэглэ­лүү­дээр дамжин маш их мөнгө ороод ирчихэж. Энэ мөнгөнд зарим улстөрч аль хэдийнэ урхи­дуулчихсан. Олон улсын хэллэгээр бидэнд баялгийн ха­раал гүн гүнзгий тусчихаад бай­гаа ийм үед манай сонгууль их утга учиртай, бодолтой бо­лох ёстой. Ирээдүйгээсээ асуухгүй зээл авсаар улсын өр 9.6 тэрбум ам.долларт хүрчихлээ шүү дээ.

-Таны хэлж буй тэр их мөнгө тэгээд хаанаас орж ирж байгаа гэж?

-Тодорхой шүү дээ. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн том нэгжүүд сонгуулийг аль эртнээс тооцоолчихсон байна. Тэд үйл ажиллагаагаа зовлон багатай шийдэхийн тулд ямар нам нь ялах гээд байна, хэн нь ерөнхий сайд болох гэж байна, хэн, хэн нь бидний асуудлыг шийдвэрлэхэд тустай байна вэ? гээд бүгдийг тооцоолон судалгаа хийчихсэн байгаа.

-Ийм нөхцөлд сонгууль шударга болж чадахгүй шүү дээ.

-Мэдээж. Яаж шударга явах юм бэ? Тэр иргэний ухаалаг үнэмлэх, санал тоолох цахим тоолуурын асуудал яагаад нураад уначихав аа? Энэ бол илэрхий зохион байгуулалттайгаар хийж байгаа гэмт хэрэг. Хуулиар ийм зүйлийг гэмт хэрэг гээд тодорхойлчихсон байгаа. Сонгуулийн саналыг гараар тоолно гэдэг МАН урьдын адил луйврын ажиллагаа явуулах нөхцлөө л бүрдүүлж байгаа явдал.  Бүх сонгуульд ингэж л ялж ирж.

-Эрх баригчид 2012 онд 31 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн юм билээ. Тонныг нь 100 ам.доллар гээд бодоход л маш их мөнгө орж ирэх нь. Урьдчилгаа нь аль хэдийнэ ороод ирчихсэн гэдгийг сонслоо.

-Өө, ороод ирчихсэн шүү дээ.

-Сонгуульд л зарцуулагдах байх даа.


-Тэр ойлгомжтой.

-Тэгвэл сонгуулийн үр дүн аюул дагуулах юм байна л даа


-Аюул байлгүй яахав. Ганцхан цаг хугацааг аваад үзэхэд л бид нөхөж барагдашгүй хохирол амсна. Алдаад, засаад сэргэх гэсээр байтал хэчнээн хугацаа болохов бод доо. Энэ сонгууль ерөнхийдөө  мөнгөний буюу захиалгынх болох гээд байна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална гэсэн үг.

-Та их гутранги яриад байх чинь.

-Тийм ээ, гутранги байна. Баясаад, гайхуулаад, бахархаад байх юм байна уу? Чамд жишээ нь сайхан байна уу? Амьдралд чинь Тавантолгойн ашгаас наалдсан юм байна уу,  надад хэлээд өг л дөө.

-Яг үнэндээ найдаад, горьдоод, хүлээгээд л сууж байна.


-Өнөөдрийг хүртэл чамтай адил нэг л өдөр сайхан амьдарна гэсэн итгэлээр тэжээгдэж яваа өчнөөн хүн бий. Гэтэл гаднынхны дэмжлэг, нийтийн баялгаас хулгайлсан мөнгөндөө цатгалдаж, жирийн хүний амьдралын зовлонг анзаарахаа больсон олигархи бүлэглэл “талх 300 төгрөгийн үнэтэй байгаа. Тайван бай!”, “Эдийн засаг 20 хувь хүрч, улс орон үсрэнгүй хөгжиж байхад мууг бүү ёрло”, “Монгол ойрын жилүүдэд нүүрсний Саудын Араб болж, хүн бүхэн баян болно, зүгээр л тэвч” гэх мэтийн суртал ухуулгаар иргэдийн тархийг угааж байна ш дээ.

-Тэгээд одоо яах ёстой юм бол оо? МоАХ энэ бүхнийг зүгээр л хараад суугаад байхгүй юм байгаа биз дээ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард болсон МоАХ-ны IV их хурлаараа бид бүгдийг ярилцсан. Хамгийн гол нь АН боломжоо сайн ашигласангүй.

-Таны шүүмжлээд байгаа өнөөгийн ийм тогтолцоог бий болгоход АН-ын “хувь нэмэр” байгаагүй гэж үү. Тэр тусмаа, та өөрөө хууль тогтоох байгууллагад найман жил ажиллалаа. Засаж залруулах боломж та бүхэнд байсан шүү дээ?

-Шулуухан хэлэхэд 1990 оноос хойш Ардчилсан нам сонгуульд бүрэн утгаар нь ялж үзээгүй юм. 1996 онд ялсан гэдэг ч  МАХН-ын тоглоом болоод дууссан. Бодитоор бол ардчилал ярьсан, нэрээ сольж, зүсээ хувиргасан экс коммунистууд л энэ хорин жилд төрийн эрхийг барьж ирлээ. Бид 1921 оноос хойш бараг зуун жил шахуу хугацаанд коммунист, посткоммунист удирдлагыг таашааж, сонгож ирлээ. Монголоос өөр ийм улс орон дэлхийд алга.

-Та хамтарсан засаглалын үед сайд байхдаа энэ бүхнийг яагаад ярьж хэлдэггүй байсан юм бэ?

-Ярьдаг байсаан. Хэвлэлийнхэн та бүхэн тэр үед миний ярьж хэлж байсан бүгдийг эргээд хараарай даа.

-Төмөр замын бодлогын тухайд таныг би хувь хүнийхээ зүгээс дэмждэг л дээ. Гэтэл өргөн царигтай төмөр замыг зүүн тийшээ тавих төсөл өнгөрч байх шиг байна. Урагшаа нарийн царигтай зам тавиад эхэлчихлээ.


-Яг үнэндээ Монгол Улс хөгжлийн хөтөл­бөргүй явж байсан юм. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш ээ. Сайдаар ажиллаж байхдаа багтайгаа хамтраад хөгжлийн программыг батлууллаа. Монголын урд хилийн дагуу хятадууд долоон чиглэлээр төмөр зам тавьчихсан байна. Учрыг нь асуухаар “танай дарга нартай тохироод тавьсан” гэж байгаа юм. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг чиглэсэн бодлого. Үүнийг дэмжиж, өөгшүүлж байгаа хүмүүс тодорхой цаг хугацааны дараа үйлийнхээ үрийг үзэх байлгүй. Олон жилийн дараа бидний бодлого зөв байж гэдэг нь тодрох байх  л даа.

-Таны ярианаас манай зарим улстөрчид гаднынхны эрх ашигт үйлчилдэг болжээ гэж ойлгогдож байна?

-Худалдагдчихсан хүн байгаа л юм шиг баримттай зүйлс гарах юм. Жишээ нь Ц.Нямдоржийн тагнуул гэх талаарх баримтууд шийдлээ хүлээж байна. Одоо гэхэд л улс орны хөгжлийн хамгийн том бодлого - төмөр замын бодлогод Ц.Нямдорж шиг гүнзгий хутгалддаг хүн алга.

-Ноцтой баримт бүхий бич­лэгийг нь саяхан телевизороор үзсэн. Хууль зүйн сайд хүн тийм байсан гэж бодохоор дотор эвгүйрч байлаа. Ийм цагаандаа гарах гэж хэмээн гутарч байгаагаа нуух юм алга.

-Ц.Нямдорж сайдыг огцруулах гэсэн одоо яригдаж байгаа үндэслэл нь үнэндээ өнгөц юм ш дээ. Огцруулахдаа тулвал хэдэн арван сэдэв байгаа. Тэгээд үүнийг сөхсөн хүн болгонд анкет хөтөлж, шантаажилдаг арга барилтай. Улсын бага хурлаас эхлээд өнөөг хүртэл хууль тогтоох байгууллагад суухдаа УИХ-ын дарга ч болж байсан хүн. Улс орны хөгжил өнөөдөр ийм ядруу, зүдрүү, гутранги байгаад шууд холбогдох хүн тэгээд Ц.Нямдорж биш гэж үү.

-Миний ч гэсэн итгэл алдарсан гэдгээ дээр өгүүлсэн.  Цаг хугацаа тэгээд шүүх байлгүй дээ?

-Тийм цаг ирнэ. Н.Энхбаярын жишээнээс харж болно.

-Ингэхэд Та АТГ-т өгсөн өргөдлийнхөө хариуг авсан уу?

-Авсан. АТГ эрүүгийн  хэрэг  үүсгэсэн. Харин Нийслэлийн прокурорын  газар маш хурдан ердөө ганцхан өдрийн дотор хэргийг хаасан шүү дээ. Гайхамшигтай хурдан ажилласан байгаа биз.

-Ц.Нямдорж ганцаараа MCS-ээс байр аваагүй. Танай намынхнаас ч гэсэн байр байтугай зүйлийг авсан хүн байдаг юм билээ.Тэднийг яагаад  шалгуулж болоогүй юм бол?

-Энэ бол ганцхан Ц.Нямдоржийн асуудал биш ээ. Гэхдээ тэр болгоныг гаргаж тавьдаг хүн ч би биш. Би ямар мөрдөн байцаагч, прокурор, шүүгч биш. Надаас бүгдийг нэхэх шаардах хэрэггүй л дээ.

-Танд иргэд найдаж, итгэж байж болно шүү дээ. Энэ их мөнгөтэй, эрх мэдэлтэй эрх баригчдын эсрэг тэмцэж чадна гэж?

-Үүний  эсрэг уг нь тэмцэх, иргэдэд ойл­гуулах ёстой хүмүүс нь сэтгүүлчид та нар биш үү. Хэвлэл мэдээлэл гэдэг чинь дөрөв дэх засаглал. Та бүхэн энэ засаглалынхаа эрхийг эдлээч, үүргээ гүйцэтгээч, тийм үү. Чи энэ талаар юу гэж боддог вэ?

-Надад харамсалтай санагддаг юм аа. Хэвлэл мэдээллийнхэн бид дөрөв дэх засаглал байж чадаж байна гэж би хувьдаа 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй. Одоо тэгээд ирэх сонгууль захиалгын болоод өнгөрөх аваас улс орны ирээдүй юу болох вэ?

-Сонгуулийг ийм болгохгүй, болгохгүй л байх ёстой.

-АН сонгуулиар эрх баригч хүчин болсон тохиолдолд энэ бүхнийг засч залруулж чадна гэдэгт Та итгэлтэй байна уу?


-Засаж залруулахын төлөө л ажиллах ёстой. Өөрчлөх хэрэгтэй.

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг ан, ман хоёрын хүлээх хариуцлага адил биш үү?

-Тийм ээ? хариуцлага бидэнд ч ногдоно.

-Энэ хоёр намд зарчмын ялгаа гэж ер нь байдаг юм уу?

-За бараг алга болжээ. МАН-аас АН-ын ялгаатай нь шүүмжлэлийг ил тод хэлж чаддагтаа л байдаг байх.

-Ийм бухимдалтай үед хувьсгал хийж байж л сая өөрчлөгдөнө гэж ярих хүмүүс олон болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хувьсгал чинь таван хүн буудуулаад дарагдчихсан ш дээ.

-Тэгээд Таныхаар яах ёстой гэж?


-Ардчилал үнэхээр аюулд оржээ. Ардчиллаа авраарай, ардчиллын төлөө залхууралгүй ирж сонгуульд оролцоорой, хуруугаа ч болов хөдөлгөөрэй гэж л хэлээд байгаа ш дээ.

-Монгол гаднынхны мөнгөөр “зодсон” түрэмгийлэлд нэрвэгдчихлээ. Үүнийг эрх баригчид яагаад ил тодоор хүлээн зөвшөөрч чадахгүй байна вэ. Бүгд худалдагдчихсан баймааргүй юм.

-Наадах чинь үнэн. Монголд аль хэдийнэ чимээгүй дайныг гаднынхан эхлүүлчихсэн. ийм технологи байдаг юм. Эх орноо аврахын тулд тэгэхээр иргэн бүр босох ёстой, тэмцэх ёстой. Сонгуулийн хувьсгалын тухай би ярьж байгаа юм шүү. Эрх мэдэл, хөрөнгийн донд автсан хүн ямар болдгыг Каддаффийн жишээ харууллаа. Н.Энхбаяр нэгэн цагт ямар байлаа. Гэтэл баривчлахдаа тулвал бариад явж болдог болохыг дараа дараагийнх нь ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайд С.Батболдод ч ийм цаг ирнэ. Эрх мэдэл, хөрөнгийн хязгааргүй шунал ийм зүйлд хүргэдэг юм. Үүнийг хасалгүй оруулаарай даа. Ингэж ярилцлага өгөх хүн бараг байхгүй дээ. Улс орон сайхан байна. Бид сайхан амьдарч байна л гэж ярьцгаадаг. Энэ нь худлаа гэдгийг иргэд мэдээд байхад шүү дээ. Ерөнхий сайд лав ард түмэн ядуу амьдарч байна гэж ярьж чадахгүй ээ.  Өнөөдөр MCS-ийн 900 м кв талбайтай байранд амьдарч байгаа хүн ард түмний зовлонг ойлгохгүй ээ. Заал танхим юм уу хаашаа юм. Гэтэл олимпод бэлтгэж байгаа тамирчдын бэлтгэлийн танхим ямархуу хэмжээтэй байгаа билээ? Иргэдэд 30 м кв байр өгөх гэж юу болдог билээ

-Ерөнхий сайд уу?

-Тийм ээ.

-Та бизнесийн зөрчлийн үүднээс ингэж хандаад байдаг юм биш байгаа. Эсвэл таны эсрэг ийм пиар яваад байна уу?

-Энэ бол миний эсрэг хийж байгаа пиар л даа. Гол асуудлыг саармагжуулах гэсэн л арга юм уу даа.

-Бид хоёрын ярилцлага их л гутранги өнгө аястай болчихлоо.

-Гялайх юм алга байхад, ийм байхаас өөр яахав.

-Сонгуулиар энэ бүхэн эерэгээр өөрчлөгдөх байх аа гэж найдъя даа.

-Тэгж л найдъя.