Гэрээ зурахаас болж гэрээ нураах нь уу
-“Нүүрсний хулгайн хэрэг”-ээр цагаатгагдсан З.Энхболдын “Нүүрсний хулгай”-н баримтууд юу өгүүлэв
Зодолдож л байна уу? Нүүрс байгаа цагт зодолдоод л байхаас яах вэ. Гуравхан хоногийн дараа буюу энэ сарын 14-нд манай Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Ерөнхий хэлэлцээрийг батлах гэж байна. Үүнийг зурснаар өмнө нь зурах шахсан, алдаа хийх дөхсөн олон зүйлийг залруулах учиртай. Тухайн үед, Тавантолгойн гэрээг эцэслэн шийдвэрлэх асуудлыг Хятадын Төрийн зөвлөлийн мэдлээс арайхийн “хуваалцаж” Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр болж билээ. 2014 онд MMC 51 хувь, Шенхуа 49 хувийг эзэмших гэрээний төсөлд Ухаа худагийг давуу байдлаар эзэмших заалтыг агуулсан байв. Тухайлбал, “Консорциумын барьсан Боомтын төмөр замыг бэлэн мөнгөөр, эсвэл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх чиглэлээр төлнө” гэсэн байдаг. Энэ асуудлаараа ч арбитрт маргаан үүсгэх гэж хандсаар ирсэн. Гэхдээ хаанахын Арбитрт вэ гэдэг нь бас сонин. Нийт 86 хуудастай энэ гэрээнд “асуудал гарвал”, тодруулбал маргаан үүсвэл Лондоны Арбитрын шүүхэд хандана гэсэн байж билээ. Гэтэл төслийг хэрэгжүүлэгч “Энержи Ресурс” ХХК нь өөрөө (толгой компани ММС нь Хонконгод бүртгэлтэй) шүү дээ. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар одоо хийх гэж буй гэрээн дээр асуудал гарвал Сингапурын Арбитрын шүүх дээр маргаан үүсгэнэ” гэсэн агуулгаар гэрээнд зурах нь баттай болоод явчихлаа. Гэрээний 86 хуудсыг багтаахаас төвөгшөөн санамж бичгийг харуулъя. Үүнд л давчдаад гэрээг зурахаас өмнө “гэрээ нураах” шахаж буй дур зургууд харагдлаа. Одоо ч бараг оройтсон байх аа даа. Тэгэхээр зодооны гол “бай” нь Ухаа худаг байж.
Ухаа худаг аа гэж…
Юуны өмнө Эрхэм хүндэт Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа төрдөө 96 хувийг нь өгөөд 4-хөн хувиа авч үлдсэн гавьяаг хэн ч үгүйсгэхгүй гэдгийг онцолъё. Харин тэр 4-хөн хувь дотор юу аваад үлдчихэв гэдэг нь өнөөдрийг хүртэлх улс төрийн их хэрүүлийн хортой алим билээ.
Анх 2008 оны хавар МоАХ “Тавантолгойг улсад бүрэн хэмжээгээр буцааж ав” гэсэн шаардлага тавьж Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байлаа. Энэ жагсаалын дараахнаас л Ухаа худгийн ордыг Тавантолгойгоос төдийгүй Монголын хууль, тогтоомжуудаас тасдаад өгчихсөн нь нийт “сонссон” юм.
Үнэндээ би хувьдаа “Энержи ресурс”, “MCS” гэдэг компаниудын “краш” л даа. Гэхдээ! Одоо болно шдээ, найзууд аа. Тухайн үед “Энержи ресурс” компани Тавантолгойн орд газрыг эзэмшиж байхдаа лицензийн төлбөрт төлж байсан мөнгө нь 851,8 мянган ам.долларт хүрч, тэр өрөндөө 400 гаруй сая тоннын нөөцтэй Ухаа худагийн ордыг авчихсан. УИХ-аас 2007 онд 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ордуудын жагсаалтад “Энержи ресурс”, “Ухаа худаг” орсон. Энэ тогтоолын 4-р заалтад “Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь хэмжээг эхний ээлжинд тогтоохыг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл “Ухаа худаг”-ийн 50 хувийг төрийн мэдэлд аваагүй 18 жилийн нүүр үзэж байна. Одоо хангалттай биш гэж үү, “Энержи ресурс”?
Тэгж байтал 2014 онд “Петровис” компани өөрийн эзэмшлийн Ухаа худгийн хувьцаанаас 2 хувийг нь Хонгконгийн бирж дээр зарж, 84 сая доллар олсон байдаг юм. Зөв, буруу гээгүй шүү, ямар гоё үнэ цэнэ вэ, тийм ээ? Тэгэхээр Ухаа худаг хэр үнэ цэнтэй, хэр зөв хэмжүүрээр төр тэдэнд эзэмшүүлж байж вэ гэдгийг бодууштай. Хувь эзэмшил нь зөвхөн “Энержи ресурс”-т байна уу, байлаа гэхэд зөвхөн монголчууд л эзэмшиж чадаж байна уу гэхээр хүлээн зөвшөөрч боломгүй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нүүрсээ зах зээлийн үнээс хямд, их хэмжээгээр зарж хэр хэмжээний ашиг олов. Яагаад үүнийг монголчууд биш тэд эзэмшиж байгаа юм бэ гэдгээс л “Баялгийн хуваарилалт”-ын тухай хэрүүл өрнөж өнөөдөр Монголын төр Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталж, сангаа байгуулж, иргэн бүр уг санд өөрийнхөө нэр дээр байршсан хувь хэмжээг иргэд гар утаснаасаа хараад сууж байна.
“Энержи ресурс” том оо, том. Монголын төрд бол үнэхээр том байсан. “Төмөр зам барихыг чинь харна аа” гэж хүртэл заналхийлсэн таван удаагийн Хуулийн сайд Ц.Нямдорж, Иргэн Н.Дэмбэрэлийн гаргасан “Стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцэхгүй байна, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэсэн маргааныг үүсгэхээр ҮХЦ-д хандахад мөн л “MMC”-ээс 24 мянган ам.долларын цалин авдаг нь аудитаар нотлогдсон ҮХЦ-ийн гишүүн “маргаан үүсгэх боломжгүй” хэмээн үгүйсгэж хав дарчихсан байсан. Тэдний төлөөлөл үнэхээр Монголын төрийг “тэвэрчихсэн” байлаа шүү дээ. Харин одоо залуу үеэ бэлтгэж, бойжуулаад төрд илгээж эхэллээ. Хэцүү дээ, ийм байдлаар төрийн хууль батлах танхимд суух. УИХ-ын гишүүдэд санаа зовинох ч яахав, Ухаа худагийн тухай үргэлжлүүлье.
УИХ-ын 2014 оны 10 дугаар сарын 24-ний Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжсэн. Энэ тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн нарийн царигтай байхаар зааж, ингээд л гацаанаас гарлаа хэмээн тунхаглаад гоё байлаа. Гэтэл яасан гээч? Дээрх тогтоолыг баталснаас долоо хоногийн дараа буюу 10 сарын 31-ний баасан гаригт, Хонгконгийн бирж дээр MONGOL MINING (0975.HK) кодоор бүртгэгдсэн бидний хэлж заншсанаар Ухаа худаг, олон улсад бол Mongolian mining corporation гэх компанийн хувьцааны үнэ 32.04 хувиар уналаа. Тогтоолоос болоогүй л дээ, төмөр замын царигаас ч болоогүй, Хятад улс нүүрсний импортод таагүй хандаж 3-6 хувийн татвар тавьсантай л холбоотой юм билээ. Хятадуудын цалам гэх үү дээ. Ийм л адал явдлууд болоод өнгөрсөн.
Хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулахдаа Ухаахудаг ордыг хамгаалагчид, “MCS” ч юм уу,“Kерри групп”-ийн эрх ашгаас илүүтэй гадаад орчноо зайлшгүй чагнаж асуудалд хандах шаардлагатай байна.
Гадна талд?
Олон жилийн өмнөөс “Нүүрс үнс болно” гэж ярьцгаахыг сонслоо. Урьтах гэж яарч буйг ойлгож байна. Гэтэл өнөөдөр АНУ, БНХАУ-ын хооронд “Худалдааны дайн”-ы тухай ярьцгааж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибатай хийсэн уулзалтынхаа дараа “Ниппон стил” корпораци АНУ-ын ганг авах төлөвлөгөөнөөсөө татгалзаад, харин тэдний гангийн салбарт нь томоохон хөрөнгө оруулахаар болсныг зарлалаа. Тэгж “хайр зарлах” мөртлөө Японы бараа бүтээгдэхүүнд бусад улсад тавиад байгаа “харилцан татвар” гэгчээ хамааруулах уу гэхэд тодорхой хариу хэлсэнгүй. Харин Америк, Японы худалдааны алдагдлыг арилгана, Япон улс АНУ-аас их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах болно” гэжээ. Хятад ч мөн өнгөрсөн оны 10 дугаар сард сүүлийн есөн жилийн доторх хамгийн өндөр хэмжээний буюу 11.2 сая тонн гангийн экспортолсноо зарласан. Тиймээс Д.Трамп Японы “Ниппон стил”-д гангийн үйлдвэрээ өмчлүүлэхийн оронд хөрөнгө оруулаач гэчихэж. Ялан дийлэхийн ухаан гэж энэ байх.
Энэ мэтчлэн бүгдийг биш гэхэд “нүүрстэй” гуравдагч хөршүүдээ анхаарцгаая. Судалгаанаас харахад 2024-2028 онд Хятадын нүүрсний олборлолт 296 сая тонноор өсөх төлөвтэй, үүнээс эрчим хүчний нүүрс 260 сая тонн, коксжих нүүрс 36 сая тонноор өснө гэжээ. Өнгөрсөн онд тус улс 68.2 сая тонн коксжих нүүрс импортолсноос 34.6 сая тонныг нь буюу 52 хувийг нь Монголоос, ОХУ-аас 17.8 сая тонн, Австралиас 4 сая тонн, Канадаас 5.2 сая тонныг импортолсон. Австралийн хувьд Хяталтай харилцаа муудаад удаж бана. Шалтгаан нь ковидын үүсэл шалтгааны талаар мөрдлөг явуулах шаардлага, Америктай хавсраад Huawei-г 5G сүлжээндээ нэвтрүүлэхийг хориглосон гэхчлэн үргэлжилсээр 2020 оны сүүлчээр харилцаа нь хурцдаж Хятад улс Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавихад хүргэсэн. Том улсын зөрчил том хэрнээ ашигтай байдаг болохоор нүүрсний зах зээлд энэ нь ихээхэн өөрчлөлт авчирсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь нүүрсний импортын 40 хувь нь задарч байхад зах зээлд таатай байлгүй яахав. Их гарын наймаачид ингэж муудалцдаг байх нь. Манайх хил хаах, импорт хязгаарлаагүй байхад хэдэн арван ачааны машин гацдаг бол Австралийн нүүрсийг ачсан хэдэн зуун хөлөг онгоц Хятадын боомтуудад гацаж хэдэн сараар хүлээж байв. Ингээд тэдний оронд Индонез гэдэг найз тэнгисийн нүүрс экспортлогч тэргүүн орон болов. Австрали ч зүгээр суусангүй. “Их Британи, АНУ-ын шумбагч онгоцууд 2027 оноос Австралид байрлана, 2040 оноос Австралид үйлдвэрлэгдсэн шумбагч онгоцууд эдийн засгийг нь тэлнэ” гэж зарласан. Мэдээж энэ мэдээ “манай гуравдагч найз” Э.Макроны эгдүүцлийг төрүүлсэн. Гэвч Д.Трампаас өмнөх төлөвлөгөө шүү дээ…
Тэгэхээр бид Хятадтай муудалцвал юу амсахаа мэдлээ. “Үндэсний бүтээн байгуулагчид”-ын ханаж цаддаггүй шуналыг харлаа, үзлээ. Одоо Үндсэн хуулийнхаа дагуу баялгаасаа хувь хүртэцгээе. Энэ л хамгийн зөв гарц. Дотоод факторуудаасаа зоригтойгоор ангижирч FAX Mongolia гээд л урагшлаад байя. “Монгол ялдаггүй” юм аа гэхэд “Ялагчийн найз” байвал зол болно гэдгийг дэлхий дахинд өдөр тутамд өрнөж, цаг тутамд өөрчлөгдөж буй санаанд оромгүй хөдөлгөөнүүд харуулсаар байна.
З.Энхболд юу гаргаад ирэв& “Нүүрсний хулгай”-гаар цагаатгагдаад “Нүүрсний хулгайч” илрүүлэх юм гэнэ
Тэгсэн чинь өчигдөр оройноос УИХ-ын дарга асан З.Энхболд яг өнгөрсөн сонгуулийн өмнө өвлийн ойгоос гэнэт гарч ирдэг шигээ цахим орчинд “Нүүрсний хулгай” яриад гарч ирлээ. Үе үехэн биднийгээ ингэж цочоодог тэрбээр энэ удаад “нүүрсний хулгайн хэргээр” шүүгдээд, бүр цагаатгагдаж гарч ирээд “нүүрсний хулгай” ярьж байгаа нь сонин байв. Гэтэл тэрбээр дээр миний бичсэн там тум зүйлийг улам тодотгож өгөв. Тийм ээ, түүнд мэдээлэл илүү байлгүй яах вэ. Гэхдээ над ч бас бий. Ингээд үзлээ дээ. Яах аргагүй л Засгийн газрын тэмдэглэлээр “ӨГЧИХЖЭЭ”. Улмаар Үйлдвэр худалдааны яамны танилцуулгыг үзэв. Үүнд, “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан нийт талбай дахь эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөцийн 93.6 хувийг төр мэдэлдээ шилжүүлж байгаа болно” гэчихжээ. Тэр талбай тогтоосон байдлыг хар. Уг нь мэргэжлийн яам шүү дээ. Тамгатай төсөл гэхэд нуль алдаа юм аа, тэр нь ч дүүрч. Мөн гэрээний төслийн дагуу “Энержи ресурс”-ын хүлээж байгаа үүрэг нь ерөөсөө л дээрх талбайдаа оруулсан хөрөнгө оруулалтаа төр, засгаас нэхэхгүй байх үүрэг хүлээсэн гэнэ. Гэхдээ Засгийн газар тэднийхээс авсан талбайгаа бусад хувийн хэвшилтэй хамтарч эзэмшихээр шийдвэл хамгийн түрүүнд “Энержи ресурс”-т санал тавихаар гэрээнд заажээ. Бас буцаагаад авах хүсэл харагдана.
За одоо Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэх гэрээний төслийг нь харцгаая. Жишээ нь, “Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах зөвшөөрөл бүхий этгээдийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалахад энэхүү заалт үл хамаарна” гэдэг заалт нүдэнд тусч байна. Учир нь дээр дурдсан “2014 онд “Петровис” компани өөрийн эзэмшлийн Ухаа худгийн хувьцаанаас 2 хувийг нь Хонгконгийн бирж дээр зарж, 84 сая доллар олсон” тухай юм л даа.
Ингэж найр тавьж өгчээ. Тухайн үеийн Засгийн газар УИХ-ын 2008 оны сонгуульд амжилттай оролцохын тулд юугаа ч өгөхөд бэлэн байсан. Үүнийг бид мэднэ. АН 1 саяыг амлахад МАХН 1.5 сая төгрөг амлаж, ОХУ-ын “Роснефть”-ийн 100 ШТС оруулж ирнэ ч гэх шиг солиорч өгсөн үе. Үүнээс үүдэж “Чалко”-той боомилсон олс шиг оффтэйк гэрээнүүд хийсэн. Саяхан л зах зухаас нь нүүрсээрээ төлж дуусч байна. Тэгээд одоо яагаад хараал идсэн алдааг нь оффтэйк гэрээгээр засаж төмөр замаар холбох гэхээр хорлоод байгаа юм бэ?
Одоо үзүүлж буй энэ гэрээ, Засгийн газрын тэмдэглэл бүхий Х.Наранхүү Үйлдвэр, худалдааны сайд байсан үе. Эргээд бодохнээ л 2008 оны сонгууль бол “MCS”-ийн ялалтын сонгууль байсан. Ялалтдаа пологтож, согтож, Монголын улс төрийг базаж, найруулж, Зайсан хавийн “амбаарууддаа” төрийг хашчихаад сууж байсан нь худлаа биш шүү дээ. Энэ уяагаа чангалсаар саяхнаас л Х.Баттулга, З.Энхболд нар “30 гэр бүл” гэж чарласнаар сонгууль болгоноор төрөөс хүссэн суудлаа авах хүч чадал нь суларч эхэлсэн. Гэсэн ч төрийн шийдвэрийг дагаад үйл ажиллагаагаа явуулахад хангалттай л баялаг хуримтлуулсан шүү дээ. Улмаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг үйлийн үртэй Ерөнхий сайдын үед олон жил ярьсан Баялгийн сан нь байгуулагдаж, байгалийн баялгаасаа иргэд хүртэх зах зухдаа хүрч байна. Өнөөдрийн Засгийн газар тэдний бий болгосон өмч хөрөнгийг булаагаагүй, төр өөрийн эрх мэдлийн дагуу томоохон төслүүдээ л хөдөлгөе гэсэн. Ардчилсан улсад амьдарч байгаагийн хувиар гээд бизнесээ хийдэг шигээ төрийг бас ажлыг нь хийлгэ л дээ.
Олныг нуршаад яах вэ, З.Энхболдын дэлгэсэн баримтаас үүдэн Засгийн газрын тэмдэглэл, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг нь хамтдаа харцгаая. Эндээс тэр үеийн Засгийн газар бол “ямар амархан юм бэ”, энэ гэрээ юу, дээрэм үү л гэж харагдана. Гол нь Ухаа худагийн нөөц дээр тогтож уншихыг хичээгээрэй. Энэ нь өнөөдрийн бидний хэрүүл, Гашуунсухайт-Ганцмодыг холбоно гэхээр “тангарч, тэчъяадаад” байгаагийн гол шалтгаан юм шүү.