Сайд Б.Дэлгэрсайханы “криминалын ариун цэвэр”-т “онц тавьж болно
-“Айлын” шүүхийн шийдвэр манай нэр бүхий шүүгчийн “асуудалтай”-г харуулсан-
Монгол, Хятадын Засгийн газраас байгуулагдсан хоёр талын Ажлын хэсэг жараад удаа уулзсаны эцэст Ерөнхий хэлэлцээрээ тохирч, гэрээ хийхэд бэлэн болжээ. Шившгийн ч юм аа даа, хэлэлцээр хийхийн өмнө “гэрээ хийхийн өмнө гэрээ нураах” шахлаа. Яаж ийгээд л саад хийхийн тулд “хормойг нь түймэрдэхийн” наагуур юм болцгоов шүү дээ. Ингээд маргааш мордохынх нь өмнө гэрээ хийх хүмүүсийн “криминалын ариун цэвэр”-ийг шалгаж азаа үзэхээр шийдсэн бололтой.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан бол хэлэлцээр хийхэд тохиромжгүй, бараг “дээрэмчин этгээд” гэнэ.
Цагтаа би ч гэсэн хардаж яваад хаалга мөргөсөн удаатай. Эгээтэй л Б.Дэлгэрсайханы өмнө ялтан болчихолгүй салсан болохоор “бусдадаа” сануулъя гэж бодлоо.
Яасан гээч? Миний өмнөөс Б.Дэлгэрсайханы чинь хамаарал бүхий компани нь Хятадын төрийн өмчийн хоёр банкийг Бээжингийн Арбитрын шүүх дээр ялж, Монголын газар нутгаа /мэдээж тэр нь өөрийнх нь эзэмшдэг тусгай зөвшөөрлийнх л дөө/ бүрэн бүтэн хамгаалж үлдэж авсан “баатрууд” болж таарсан. Энэ талаарх шүүхийн шийдвэрийг надад ирүүлснийг нь энд үзүүлье.
Үүний орчуулга нь:
Энэ бол эрэн сурвалжлахаар хорхойссон надад ирсэн “ухамсрын шанаа” мэт зүйл болсон учраас бусдадаа сургамж болог гэсэндээ өөрт ирсэн няцаалтыг ил гаргахаар шийдсэн юм.
Хятадын Арбитрын шүүх нь манай шүүгчдийг бодвол авлига авдаггүй нь ойлгомжтой, цааш нь сөрөх давшлах боломж байгаагүй билээ. Харин ингэж будилж явах үед уг хэргээс Монголын нэр бүхий шүүгч авлига авсан байж болзошгүйн нотолгоонуудыг олж харсан олзтой. Нэр ус, баримттайгаа бий. Энэ талаар “завтайсан бол” сонирхоход илүүдэхгүй анхаарал татсан баримтууд таарсан, “хамтран ажиллах хуульч олдвол…гээд бодчихсон яваагаа сая санав.
Цаашилбал, Хонконгийн болон Швейцарийн шүүх дээр ч мөн хардлагууд нотлогдсон. Хувьдаа төмөр замтай, төмөр зөөдөг, вагонтой хүнийг хардах нь ор тас миний буруу бас биш биз дээ. УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд ирсэн байлаа. Б.Дэлгэрсайханыг “Түгжрэлийн сайдаас Төмөр замын сайд” болчих вий гэхээс дотор арзганаад болдоггүй. Ухаад л байлаа. Элдэв бусын хавтаст хэргийн дугаар, баримт материал чамлахааргүй олдож байсан. Одоо бодоход өрсөлдөгчид ч юм уу, хохирогчид ч юм уу, янз бүрийн л “шударгачууд” надад тусалсан. Гэвч бас л “хана мөргөв”.
Швейцарийн холбооны эрүүгийн шүүхээс 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэрийг гурав хоногийн дараа шуудангаар ирүүлсэн байв. Товчхондоо шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны 1003 тоот тогтоолд бардаж байтал түүнийг уг Холбооны шүүх хэрэгсэхгүй болгоод, Борхүүгийн Дэлгэрсайханд гомдолтой холбоотой зардлыг нь гаргаж өг гээд шийдчихсэн. Түүний өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 30-нд бас Швейцарийн холбооны эрүүгийн шүүхээс ийм шийдвэр гарч Б.Дэлгэрсайханыг авлига, мөнгө угаасан гэх асуудлаар үүсгэсэн хэргийг хаагаад, тэр ч байтугай 3000 швейцарь франкийн нөхөн олговор төлөхийг шүүхээс даалгасан байдаг.
Гэх мэтчлэн миний хардлага няцаагдсаар, энэ нөхөр ер нь ямар өмгөөлөгчид аваад байв гэдэг нь анхаарал татаж эхэлсэн. Хятадын Арбитрын шүүх, Швейцарийн холбооны шүүх дээр тус бүр хоёр, Хонконгийн шүүх дээр нэг, дотоодын шүүх дээрээ мөн нэг өмгөөлөгчтэй шүүх хуралд орсон байдаг. Магадгүй хуулийн энэ баг, өмгөөлөгч нар түүний “ялалтын нууц” байсан ч байж болзошгүй.
Ямартай ч эрэн сурвалжилж, авлига, мөнгө угаалтын сонирхолтой хэрэг бичих гэх зөв улайрлын минь цаана түүнээс хавьгүй илүү хүчтэй, олон улсын хэмжээний баримт нотолгоо зогсож байсан гэдгийг маш хариуцлагатай гэрээ байгуулахын өмнө хэлье гэж бодлоо. Зөв ажилд, сэтгэл сэвгүй оролцоод ирэг дээ гэж түүнд ерөөе дөө.