ГЕН

СЭТГЭЛ ТАТАМ ТҮҮХ

Манай эрин үеийн хамгийн суурь, маргаан дагуулсаншинжлэх ухааны талаарх сэтгэл татам түүх...Энэ номыг уншаад цаашид юу болохыг догдлон хүлээгтүн. Брайн Эйпляард, Сандэй Таймс


Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гоё атлаа хамгийн осолтой санааны тухай өгүүлэх ном юм. Энэ бол бидний өөрсдийн болоод бидний ирээдүйн түүх билээ.

1856 онд Христийн шашны буйдхан хийдийн нэгэн залуу хувраг “удамшлын нэгж” хэмээх санаатай орооцолдсон тэр үеэс эл түүх эхэлжээ.  Менделийн онол явсаар Дарвины хувьслын онолтой огтлолцож, 1940-өөд онд нацистуудын аймшигт туршилттай мөргөлдөв. Генийн талаарх ойлголт дайны дараах биологийн ухаанд эргэлт гаргасан юм. Улмаар хүйс, зан төлөв, сонголт, чөлөөт эрмэлзлийн талаарх бидний мэдлэгийг өөрчилсөн билээ. Энэ бол нууцын ертөнцөд нэвтрэх гэсэн хүний бадрангуй хүсэл, уран ухааны үр дүн байлаа.  Зохиогч номдоо мөн бидэнд бас л танил түүх-өөрийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн өвчний талаар шигтгэн оруулж генетик гэгч энэ зүйл бидний өдөр тутмын амьдралд ч ямар их хамаатай болохыг харуулахыг зорьжээ. Их хүсэл тэмүүлэлтэйгээр, үнэнийг туйлбартай өгүүлсэн Ген бол хүмүүний амьдралд нэвтэрч буй шинжлэх ухааны нэгэн аугаа санааны тухай, хүн төрөлхтний өнгөрсөн ба ирээдүйн төсөөллийн тухай шастир юм.


Асар өргөн цар хүрээтэй, тун ч гайхамшигтай. Хэрэв та хүн байхын утга учир, өнөөдөр, маргааш та бидэнд юу тохиолдож болох тухай сонирхож байвал энэ номыг заавал уншаарай. 

Энтони Доэр


Бидний хардаггүй бүх гэрэл номын зохиогч Тэр бол биднийг геномын шинжлэх ухааны өнгөрсөн, одоо, ирээдүйгээр аялуулах мундаг хөтөч... Бас сайн хүүрнэлч. 

Билл Гэйтс


Нарийн тодорхойлолтыг тансаг хүүрнэлтэй хослуулж, парадокс, сэтгэл зовоосон егөөдлийг гярхай ажиглан, хийсвэрлэлд нуугдсан түгшүүрт үнэнийг уудлан илрүүлэхдээ гаргууд Мүхэржи танд тааруухан хичээлдээ онц авсан мэт мэдрэмж өгнө. Уг номыг унших агшин бүр таашаал төрүүлнэ. Эндрю Соломон, Вашингтон Пост

Энэ жил таны унших сэтгэл баясгам, чадалтай, яруу бичигдсэн шинжлэх ухааны ном...Мүхэржи салбартаа ялгарахуйц лут бичих авьяастай юм.Таймс

Энэ түүхийг урьд нь хэсэг бусгаар нь, янз бүрээр бичиж байсан ч Мүхэржи Сиддарта  шиг ийм цараатай, уран тансагаар өгүүлж байсан нь үгүй... Төгс Нью Йорк Таймс-ын номын шүүмж

Час хийсэн түүх-үүнээс илүү гарах ончтой, нарийн судалгаа байхгүй. Давлиун санаархал болоод бахдам амжилтын товчоон юм аа. Гуардиан

Энэ оны хамгийн уншууртай бүтээлүүдийн нэг болж, олон олон шагнал хүртэх нь тодорхой. Шинжлэх ухааны хүүрнэлт номын шинэ жишгийг тогтоолоо. Нью Йорк таймс

Энэ бол нарийн төвөгтэй санаануудаар дүүрэн, цараатай бүтээл... Хойчийн шинэ үеийнхний амьдралд үндсэн эргэлт гаргах учиртай шинжлэх ухааны хамгийн том хувьсгалын талаарх сайн бичигдсэн, шимтэм, зугаатай хүүрнэл. Обсэрвэр

Бидний амьдралын хэсэг бүрт сүлжилдэн орсон асар том атлаа асар нарийн зүйлийн тухай маш сонирхолтойгоор, уншаад уйдахааргүйгээр өгүүлжээ. Марк Хаддон, Гуардиан


Сиддарта Мүхэржи
Сиддарта Мүхэржи бол хавдрын эмч, судлаач, үүдэл эсийн биологич, хавдрын генетикч мэргэжилтэй хүн юм. Түүний бичсэн Анагаахын хууль, Хорлолын хаан: Хорт хавдартай тэмцсэн түүх ном нь баримтат бүтээлийн төрөлд Пүлицэрийн шагнал, Гуардиан сонины Анхны шилдэг номын шагналуудыг хүртжээ.

Мүхэржи Колумбын их сургуулийн анагаахын зөвлөх профессорын алба хашдаг. Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль, Харвардын Анагаахын сургуулиудыг дүүргэсэн. Түүний лаборатори үүдэл эсийг зохицуулдаг генүүдийг тодорхойлсон бөгөөд багийнхныхаа хамт араг ясан үүдэл эс болон цусны хавдрын генийн өөрчлөлтийг нээснээрээ алдаршжээ.

Бүтээлүүд нь Нэйчэр, Сэлл, Нюран, Нью Ингланд Жорнал оф Мэдисин, Нью Йорк Таймс тэргүүтэй олон сэтгүүлд хэвлэгдсэн. Гэр бүлийн хамт Нью Йорк хотноо аж төрдөг.


Удамшлын хуулийг яв цав тодорхойлох нь хүний ертөнцийг үзэх үзэл, байгалийг захирах хүсэлд бусад шинжлэх ухаанаас илүүтэй их өөрчлөлт оруулна
- Виллиам Бэйтсон


Хүмүүн гэдэг генийн тээвэрлэгч юм. Үеэс үед дамжуулан яг л уралдааны морь шиг бид генийг унаж давхидаг. Ген сайн, муугийн тухай боддоггүй. Бидний жаргал, зовлон ч хамаагүй. Бид генийн хувьд арга хэрэгсэл төдий зүйл. Ген өөрсдийнх нь хувьд хамгийн үр дүнтэй сонголтыг хийнэ.
- 1Q84, Харүки Мүраками


Гэр бүл



Эцэг эхийн цус чамд бий.
- Одиссэй, Мэнэлай

Эцэг эх чинь чамайг үйлдвэрлэхдээ
Ингэнэ чинээ бодоогүй байхаа
Согог, гажгаа чамд өвлүүлнэ
Сонихон чамайг цор ганц бүтээнэ.
- Хувьсал, Филип Ларкин



2012 оны өвөл би Делигээс Калкута орж өөрийн үеэл Монитой уулзлаа. Хань болж хамт явсан аав минь надтай төсгүйн дээр дотоод шаналалдаа автсан байв. Таван хүүхэдтэй айлын хамгийн бага болох аавын хамгийн том зээ Мони бол миний том авгын хүүхэд мөн. Дөчтэйдээ сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт (аавын хэлдгээр “Галзуучуудын гэр”) ухаан санаа нь самуурч, солиорол гэх оноштойгоор хэвтсэн Мони 2004 оноос хойш тэндээ байгаа. Тайвшруулах, мэдрэл дарангуйлах эмээр бөмбөгдүүлдэг түүнийг тэр эмнэлэгт харгалзан асрах, хооллох хүн байсангүй.
Аав минь Монигийн эл өвчнийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Олон жилийн турш эмчлэгч эмчтэй нь дайн зарлаж, буруу оношилсон гэж нотлохыг чармайх төдийгүй өвчин нь ид шидтэй юм шиг алга болно гэдэгт итгэсээр. Калкутад өмнө нь нэг удаа очихдоо бүр урьдчилж хэлэлгүйгээр шууд буусан нь эрүүл саруул Монигийн хаалттай хаалганы цаадах нууц амьдралыг илрүүлэхийг чармайсан хэрэг. Гэвч би, аав өөрөө ч энэ бүхэн ахын хайраас эхтэй гэдгийг мэдэж байв. Манайд ганц Мони ч биш, сэтгэцийн эмгэгтэй хэд хэдэн төрөл садан бий. Аавын дөрвөн ахын хоёр нь, Монигийн болон миний хоёр авга ямар нэг хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй. Галзуу өвчин Мүхэржигийн удамд дор хаяж хоёр үеийн турш илэрч байжээ. Аав хөөрхий Монигийн оношийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа далд шалтгаан нь түүний биед ч өвчний үр яг л хорт хаягдал шиг булаастай байгааг ухаарч буй хэрэг.
1946 онд аавын гурав дахь ах Ражэш 32 насандаа гэнэт өнгөрөв. Түүнийг хүйтэн бороонд хоёр өдөр дасгал хийснээс болж уушгины хатгаа өвчин нь хүндэрч үхсэн гэх. Ражэш ах дүү гэр дотроо хамгийн ухаантай сэргэлэн, авхаалжтай, гэр бүлийнхээ сор болсон нэгэн байсан. Гэрийнхэн нь түүнийг одоог хүртэл тахин шүтнэ.
Миний өвөө үүнээс арван жилийн өмнө буюу 1936 онд насан эцэслэсэн билээ. Шохойн чулууны уурхайд ажилладаг тэрбээр хүнтэй маргалдсаны улмаас амиа алдаж, эмээг минь бага насны таван хүүтэй нь үлдээжээ. Хэдий хамгийн ахмад нь биш авч Ражэш ах өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэх болсон аж. Дөнгөж 12 настай өнчирч хоцорсон тэр гүйлгээ ухаан сайтай нэгэн байсан ба шилжилтийн насны хөвгүүдийн түгээмэл авир болох бардам зан, дэврүүн сэтгэл нь дорхноо дарагдаж, шууд “том хүн” болжээ.
Аавын хэлж буйгаар 1946 оны зун Ражэшийн ааш авир гэнэт л өөрчлөгдсөн гэнэ. Сайн мэдээ сонсохоороо хагартлаа баярлан, хэт хөөрөлд автах авга ах биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийж, тэрхүү сэтгэл хөдлөлөө дардаг, муу юм сонсвол сэтгэл гутралд автаж, нэг тийш гөлийн ганцаараа удаан суудаг байсан аж. Баяр хөөрөөр бялхах, уйтгар гунигт автах нь сэтгэл хөдлөл мөн боловч гагцхүү хэт туйлширсан байх нь хэвийн бус, гаж бөлгөө. Тэр жилийнхээ өвөл гэхэд Ражэш авгын зан авир давтамж, далайцын хувьд дийлдэхээ болив. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй, галзуу солиотой хүн шиг аашлах нь улам олширч, хэт хөөрөлд автсанаа тун удалгүй сэтгэл гутралд гүн гүнзгий нэрвэгдэнэ.
Гэртээ мухар сүсгийн зан үйл хийх төдийгүй шөнөөр хүүр шатаах газарт найзуудтайгаа уулзах болжээ. Сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэдэг байсан эсэхийг нь мэдэхгүй юм. 1940-өөд онд Калкутагийн хятад хорооллоос залуу эрийн хөөрлийг дарах Бирмийн опиум, Афганистаны гашиш олоход хялбар байсан үе. Ах нь тэс өөр хүн болсныг л аав дурсан ярьдаг. Зан ааш нь хаврын тэнгэр шиг дорхноо хувирч, заримдаа аймаар догшин ширүүн болдог ах нь адасга шиг аашилж байснаа баяр жаргалд умбан (баяр жаргалд умбах гэх энэ үг ихэнхдээ гэм зэмгүй утга агуулдаг боловч тодорхой хүрээ хязгаар, эрүүл ухааныг заагладаг. Энэ хязгаарыг давбал галзуурал, солиорол болохыг дараа өгүүлэмз) “нисэн дүүлдэг” байсан гэх. Уушгины хатгаа тусахаасаа долоо хоногийн өмнө Ражэш ах коллежийн шалгалтаа маш амжилттай өгч, баярласандаа хоёр шөнө “бөхийн дугуйлан”-даа явж дасгал хийхээр алга болжээ. Буцаж ирэхдээ халуундаа дэмийрч, хий юм харж дагжин чичирч байсан гэнэлээ.
Анагаахын сургуульд сурч байхдаа би Ражэш авга магад солиорлын хурцадмал үедээ байж гэж бодох болсон бөлгөө. Түүний сэтгэцийн хэв шинж нь сурах бичигт заасан сэтгэл хөөрлийн хоёр туйлт өвчний бүхий л шинж тэмдгийг агуулж байлаа.

ʘ

Аавын дөрөв дэх ах Жагу бидэнтэй хамт амьдрахаар Делид 1975 онд намайг тавтай байхад ирсэн юмдаг. Мөн л хэвийн биш хүн байсан. Өндөр, туранхай, нүдэндээ араатанлаг очтой, ширэлдсэн урт үстэй тэр хүн Жим Моррисоны (Орч. Америк дуучин) бенгал хувилбарыг санагдуулам. Хорь орчим настайд нь өвчин нь илэрсэн Ражэштэй харьцуулахад Жагу хүүхэд байхаасаа л хэвийн бус нэгэн байсан юм. Нийгэмших чадваргүй, эмээ ээжээс өөр хүнтэй огт харьцдаггүй тэрээр ажил хийх, бие даан амьдрах ямар ч боломжгүй. 1975 он гэхэд далд байсан сэтгэцийн эмгэг нь илэрч, хий юм харж сонсох болов. Манай гэрийн гадаа гадил зардаг арваад хүн түүнийг тагнаж чагнаж байгаа гэдэгт Жагу бат нот итгэв. Өөрөө өөртэйгээ ярина, ингэхдээ өөрөө зохиосон галт тэрэгний маршрутыг дахин давтан үглэнэ (“Шимлагаас Ховрах хүрэхдээ Калка дэлгүүрийн буудлаас сууж, Ховрахаас Шри Жаганнат хурдан галт тэргэнд суугаад Пүри орно”).
Тэрээр уян зөөлөн өрөвч сэтгэл гаргаж чадна. Нэг удаа Венец хийцийн шилэн сав хагалсан хэрэг тарихад минь намайг өөрийнхөө хувцсан дунд нуугаад, өөрийнх нь хадгалсан “маш их бэлэн мөнгө” ийм шилэн сав мянгыг авахад хүрнэ гэж ээжид хэлж, өмөөрч билээ. Гэхдээ энэ явдал намайг хайрласан хайр гэхээсээ тархины самуурал нь илэрч буй шинж тэмдэг байсан юм.
Ражэшийг албан ёсоор оношлоогүй бол Жагуг сэтгэцийн гажигтай, цагаан солио өвчтэй гэдгийг тогтоосон байсан. 1970-аад оны төгсгөлд Делид үзсэн эмч түүнийг солиорол (шизофрени) өвчтэй болохыг тогтоожээ. Гэхдээ ямар нэг эм бичиж өгсөнгүй. Жагу гэртээ, эмээгийн өрөөнд (Энэтхэгийн олон гэр бүлийн адилаар бид цуг амьдардаг байсан) олноос нуугдан амьдарсаар байжээ. Эмээ минь хэдий сэтгэлээр унасан ч Жагуг бүр ч илүү өмгөөлөн хамгаалах болов. Арав гаруй жил аав, эмээ хоёр бат бөх биш ч нэгдсэн тохиролцоонд хүрч Жагу ах эмээгийн өрөөнд амьдарч, өгсөн хоолыг идэж, оёсон хувцсыг нь өмсөж байв. Шөнө хий юм харж, сонсох Жагу ахыг тайвшруулахын тулд хөөрхий эмээ минь духан дээр нь гараа тавиад хүүхэд шиг бүүвэйлдэгсэн.
1985 онд эмээг нас барахад Жагу ах гэрээсээ явж, бид хэчнээн гуйсан ч буцаж ирээгүй. 1998 онд насан эцэслэтлээ Делид шашны хэт үзэлд автагчидтай хамт амьдарч байсан билээ.