“Шинэ эрин”-ий Хятад
Намын их хурлын илтгэл дээр сонирхол татсан зүйл бол Си Зиньпин “Шинэ эрин үед хятадын нийгмийн зөрчил юунд орших вэ гэхээр нэг талаас хүмүүсийн сайхан амьдрах гэсэн хэрэгцээ, нөгөө талаас тэцвэргүй, бүрэн бус хөгжил хооронд үүсэх зөрчил байх болно” гэсэн юм.
Өчигдөр 10 сарын 25-нд Хятадыг ирэх 5 жил жолоодох зарим удирдлага солигдож, шинэ бүрэлдэхүүн эрх мэдлээ залгамжлан авлаа. Улс төрийн товчооны 7 байнгын гишүүдээс Си Зиньпин, Ли Көцян хоёр улиран сонгогдож, шинээр 5 хүн орж ирсний 3 нь цэвэр Си-гийн итгэлт шадар нөхөд байлаа (Ли Жаньшү, Жао Лөзи, Ван Хунин). Харин 1 “Коммунист залуучуудын эвлэл”-ийн бүлгийн хүн (Ван Ян), 1 “Шанхайн бүлэг”-ийн дэмжлэг бүхий этгээд (Хань Жөн) байлаа. Хэдийгээр өөр бүлгийн этгээд гэгдэх боловч Ван Ян, Хань Жөн нар улс төрийн хал балгүй, Си-д тодорхой хэмжээгээр итгэл олсон улс юм.
Сонирхолтой нь Си-г залгамжилж, 2022 оноос намын дарга болох ёстой 6 дахь үеийн залуу удирдагч энэ удаад удирдлагын цөмд орж ирэх байсан ч тийм зүйл болсонгүй, намын их хурлын өмнө Си өөрийн залгамжлагчаа өөрөө тодруулж, өмнөх үеийн бичигдээгүй жишгийг өөрчилж магадгүй тухай яриа байсан нь батлагдав. Ингээд Си намын даргыг 2027 он хүртэл хашиж магадгүй нөхцөл байдал үүслээ.
Хятадын дээд удирдагч нь Улсын дарга, Намын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга гэсэн гурван том албан тушаалыг нэгэн биед цогцлоож, эрх мэдлийг атгасан байдаг ба эдгээр албан тушаалаа 10 жилийн хугацаанд хашсаны дараа 1-2 жилийн дотор дараагийн залгамж халаадаа шилжүүлж өгдөг. Харин Си намын даргын суудалд 10 биш 15 жил суухаар болж байна. Учир нь Намын дарга болох хүн заавал УТТ-ны байнгын гишүүн байх ёстой, гэтэл сая бүрдсэн товарищууд бүгд Си-гийн үеийн нөхөд бөгөөд залгамжлагч болохуйц залуу хүн орж ирсэнгүй. Харин Улсын даргын албан тушаалын тухайд Үндсэн хуулиар 2-оос илүү удаа хаших боломжгүй тул 2023 оны хавар шилжүүлэх ёстой. Ингэхээр ямартаа ч 2023-2027 оны хооронд Улсын дарга, Намын дарга хоёрыг нэгэн биед цогцлоохгүй, хоёр өөр хүн хаших болж байх шиг. Сонирхолтой л юм.
“Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа”
“Хятадын онцлогтой социализм шинэ эрин үе рүү орлоо” хэмээсэн нь Си-гийн намын их хурал дээр тавьсан илтгэлээс хамгийн их анхаарал татаж, хэвлэл мэдээллийн онцлох үг болсон юм. Тэр бүү хэл “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа” хэмээх энэ үгс Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлтөөр орж бичигдэн, Си-гийн үзэл санааг дархлав. Маогоос эхлээд Си хүртэлх хятадын удирдагчдын дэвшүүлсэн гол үзэл санааг Намын дүрэмдээ уйгагүй дараалуулан бичдэг бөгөөд тэр нь намын үйл ажиллагааны луужин болдог учиртай.
“Шинэ эрин” гэдэг нь 19-р их хурлаас эхэлж байгаа юм уу, эсвэл 2021 онд дундаж чинээлэг нийгмийг цогцлоосноос эхлэх үе юм уу, ерөөсөө 21-р зууны хятадын сэргэн мандлыг хэлж байна уу? Си илтгэлдээ “шинэ эрин”-ий талаар хэлэхдээ өнгөрсөн үеийн нягт залгамж дээр ирээдүйг буухиалах тухай өгүүлснээс харахад цаг үеийн өргөн хэлхээн дээрээс авч үзсэн, чингэхдээ хятадын сэргэн мандал, хүчирхэгжиж буй цаг үеийг илэрхийлсэн бололтой. Өөрөөр хэлбэл гол төлөв ирээдүй рүү хандсан аястай.
Намын их хурлын илтгэл дээр сонирхол татсан зүйл бол Си Зиньпин “Шинэ эрин үед хятадын нийгмийн зөрчил юунд орших вэ гэхээр нэг талаас хүмүүсийн сайхан амьдрах гэсэн хэрэгцээ, нөгөө талаас тэцвэргүй, бүрэн бус хөгжил хооронд үүсэх зөрчил байх болно” гэсэн юм. Зөрчил байваас тэмцэл байна, тэмцэл дундаас хөгжил бий болдог диалектикийн хуулиар нь харвал Хятадад баян амьдармаар байвч жигд бус байдал үүссэн нь зөрчил дагуулжээ, энэ зөрчлөөс баян ядуугийн хооронд тэмцэл үүсэх нь, энэ тэмцлийг шийдвэрлэвээс коммунизмд хүрэх юм байна гэж ойлгож болох юм. Би хэтэрхий хялбарчилж харж байж магадгүй, гэхдээ энэ утгыг цааш хөөвөл хятадад ирээдүйд нийгмийн тэмцэл асар хүнд асуудал байх болно, тиймээс коммунист нам энэхүү нийгмийн зөрчлийг шийдвэрлэхэд голлон чиглэж ажиллана гэж таамаглаж болно. Цаашид харин хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь сонирхолтой санагдана.
Ер нь Хятадын онцлогтой социализмыг яаж хэрэгжүүлэх вэ, арга зам, үйл ажиллагааны луужин нь юу вэ? 10 жилийн өмнө ХКН-ын 17-р их хурал дээр “социализмын замнал, онол”-ыг хөгжүүлнэ гэж заасан бол 18-р их хурал дээр “тогтолцоо”-г чухалчилсан, харин саяны 19-р их хурал дээр социализмын “соёл” хэмээх утгыг нэмж хэллээ. Ингээд хятадууд замнал, онол, тогтолцоо, соёлыг бий болгох замаар социализмаа амьдралд хэрэгжүүлэх нь ээ.
Намын их хурлын илтгэлд хийсэн бичкэн ажиглалт
Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин 10 сарын 18-нд намын их хурал дээр 3 цаг орчим тасралтгүй, бараг балга ус уулгүй итгэл уншиж их хурлаа нээсэн билээ. Намын их хурал дахь илтгэлээс өнгөрсөн 5 жил хийгээд ирэх 5 жилийн гол чиглэлийг харж болно. Улс орнуудын бодлогын баримт бичгээс тухайн улсын бодлогыг хардаг бол Хятадад гол төлөв удирдагчдынх нь томоохон хурал дээр тавьсан илтгэл, хэлсэн үгээс бас бодлогын чиг баримжааг нь олж мэдэх боломжтой байдаг. Ингээд Си Зиньпиний илтгэлээс хятадын өнгөрсөн ирээдүйн талаар цухасхан харцгаая.
Өнгөрсөн таван жилд
Эдийн засаг:
“Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлж байна. Дэлхийд хоёр дахь том эдийн засаг хэвээр.” Олон жил 10-аас дээш хувиар өсөж байсан эдийн засаг нь нэг оронтой тоотой болж 6-7 хувиар өсөх болсноос үүдэн хийсэн “бүтцийн өөрчлөлт нь сайжирсаар байна”. “Бүсчилсэн хөгжлийн төслүүд эхлүүлж, амжилттай яваа” ажээ.
Улс төр:
Өнгөрсөн таван жилийн хугацаанд “тавын нэгдэл”-ийг урагшлуулж, “дөрвөн иж бүрэн” стратегийг хэрэгжүүлжээ. Ер нь Хятадын улс төрд иймэрхүү пароль шиг үг хэллэг их бий. “Тавын нэгдэл” гэдэг нь улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологи гэсэн таван салбарыг цогцоор нь хөгжүүлэх тухай юм. “Дөрвөн иж бүрэн” гэдэг нь Си Зиньпиний дэвшүүлсэн үзэл санааг илэрхийлдэг бөгөөд Си-гийн онцлог шинэлэг талыг илэрхийлсэн онол шахуу зүйл. Утга нь чинээлэг нийгэм, өөрчлөлт шинэчлэлт, хуулийн засаглал, намын шинэчлэлт гэсэн дөрвөн чиглэлийг иж бүрэн хөгжүүлэх тухай юм.
Өнгөрсөн хугацаанд мөн “13 дугаар таван жилийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн.” Бас “ардчилсан хуулийн засаглал сайжирсан” гэж үзжээ.
Нийгэм:
“60 гаруй сая хүн ядуурлаас ангижирч, ядуурал 10,2 хувиас 4 хувь хүртэл буурчээ. Дундаж давхрага тэлсэн. Хөдөөд нийгмийн даатгалын тогтолцооны суурь бүрэлдсэн” гэх мэт үр дүнтэй.
Гадаад харилцаа:
“Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг хөгжүүлэв.” “Бүс Зам” санаачилга хэрэгжүүлж эхэлсэн. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны зам сан зэрэг санхүүгийн механизм бий болгов. АПЕК, Бүс Зам, Их-20, БРИКС-ийн г.м дээд хэмжээний арга хэмжээг Хятадад зохион байгуулсан. Бүхэлдээ Хятадын гадаад бодлого их гүрний шинжийг агуулж идэвхжсэн.
Намын шинэчлэлт:
“Нам ба улс орны дотоодод бугшсан идээ бээрийг арилгаж, намын амьдралд шинэ уур амьсгал бий болголоо” гэж дүгнэжээ. Энэ бол Си-гийн гол амжилтын нэг юм. Урьд хожид байгаагүйгээр авлигатай тэмцэж, 70 орчим мянган түшмэл авлигын хэргээр шийтгүүлсний дотор Намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн асан хүнийг хүртэл шийтгэсэн нь социалист Хятадын түүхэнд анх удаа юм.
Ирэх таван жил ба ирээдүйн зорилт
Си Зиньпин удирдлагад гарч ирээд “Хоёр 100 жил”-ийн зорилтыг дэвшүүлсэн: 2021 онд Коммунист нам байгуулагдсаны 100 жил гэхэд дундаж чинээлэг нийгэм байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жил гэхэд орчин үеийн социалист улсыг байгуулах юм. Эхний 100 жилийн зорилт буюу 2021 онд дундаж чинээлэг нийгэм байгуулах зорилтыг барианд оруулах нь 19-р их хурлын 5 жил зориулагдах чухал түүхэн үүрэг даалгавартай хугацаа юм.
Хурлын илтгэлд ирэх 5 жилээс гадна 2020-2050 он хүртэлх 30 жилийг авч үзсэн ба тэрхүү 30 жилийн эхний хагаст бүх салбарт хуулийн засаглал, тогтолцоог төгсрүүлэхэд анхаарах бол сүүлийн хагаст нь иргэншлийг төгөлдөршүүлж орчин үеийн социалист улс болох зорилтдоо хүрэх ажгуу.
Эдийн засаг:
Хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү шилжих, хэрэглээг дэмжсэн бүтцийн өөрчлөлтөө үргэлжилэхийн зэрэгцээ “нийлүүлэлтийн талын чанарыг сайжруулахад анхаарна” гэжээ. Эдийн засгийг хөгжүүлэх талаар инноваци, хөдөөгийн хөгжил, социалист зах зээлийн тогтолцоо гэх мэт зургаан зүйлийг дурдсан нь үндсэндээ өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн чиглэлүүд байлаа. 18-р их хурлын илтгэлээс ялгаатай тал нь бүсчилсэн хөгжлийн уялдааг энэ удаагийн илтгэлд зүйлчлэн онцложээ.
Улс төр:
Намаар удирдуулах, ард түмэн эзэн мэдэх, хуулийн засаглал гурвыг уялдуулах тухай зүйлчлэн ярьсан нь өмнөх их хурлын илтгэлээс ялгарах тал нь байв. Коммунист нам улсаа удирдана, ингэхдээ гагцхүү хуулийн дагуу л засаглах ёстой гэсэн санааг бататгасан хэрэг. Энэ бол авторитар дэглэмтэй улсад маш чухал зүйл билээ. Гэхдээ зөвшилцлийн ардчилал, парламентаар дамжуулж ард түмэн засаглах эрхээ эдлэх, засаг захиргааны шинэчлэлт гэх мэт агуулгыг хөндсөн нь шинэ зүйл биш бөгөөд эд бүгд нь Хятадад социалист ардчиллын тогтолцоог боловсронгуй болгож буй явц гэж үздэг.
Нийгэм:
Боловсролыг хүртээмжтэй байлгах, ажлын байр бий болгох, ядуурлаас ангижрах, нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах гэх мэт байнга дурддаг нийгмийн асуудлуудаас гадна үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг зүйлчлэн онцолсон нь сонирхол татаж байлаа. Дээр дурдсан нийгмийн зөрчилтэй бас холбоотой ч биз, ямартаа ч ирэх таван жилд нийгмийн аюулгүй байдал, түүнийг хангах тогтолцоог боловсронгуй болгоход түлхүү ажиллах нь гэж харж болно.
Гадаад харилцаа:
Улс орнуудтай түншлэх, түншийн харилцааг хөгжүүлэх чиглэл хэвээр байна. “Бүс Зам”-ыг урагшлууж, бодлогын уялдаа, дэд бүтэц, худалдаа, санхүү, иргэд хоорондын гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаа үргэлжлүүлнэ. Олон улсад хамтын хөгжлийг эрэлхийлнэ.
Харин 18-р их хурлын илтгэлд байсан “шинэ төрлийн их гүрний харилцааг хөгжүүлэх” томъёололыг Си Зиньпин илтгэлдээ дурдсангүй. Харин “Их гүрнүүдтэй зохицуулалт, хамтын ажиллагаагаа сайжруулж, бүхэлдээ тогтвортой, тэнцвэртэй их гүрнүүдийн харилцааг бий болгоно” гэжээ.
Хөрш орнуудтайгаа “ойр дотно, чин сэтгэлээсээ, ашигтай, хүртээмжтэй” харилцах тухай бодлогыг 2013 онд Си Зиньпин томъёолж хэрэгжүүлсэн нь сая ийнхүү намын их хурлын илтгэлд бичигдлээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудтай, улс төрийн намуудтай харилцаагаа хөгжүүлэхээр дурдсан байна.
Намын шинэчлэлт:
Улсыг нам удирддаг, тэгвэл намыг хэн, хэрхэн хянах билээ. Си-гийн илтгэлд нам өөрийгөө хянана, бас ард түмнээр хянуулна гэжээ. Нам өөрийгөө хянана гэдэг нь эрх мэдлийг тогтолцооны торонд хаших замаар хэрэгжинэ, ард түмэн хянана гэдэг нь улс, муж, хот, гацаа хүртэл бүх түвшинд хяналтын зөвлөл байгуулж, эхлээд туршилтын журмаар ажиллуулах ажээ.
***
Гадны хэвлэлүүдийн намын их хурлын илтгэлд хийсэн ажиглалтаар Си-гийн илтгэлийн түлхүүр үгс нь “хүчирхэг улс”, “зөрчил”, “шинэчлэлт” байжээ. Мөн эдийн засгаас илүүтэй улс төрийн өнгө аяс жин дарсан илтгэл болсон гэжээ.
Юутай ч 2020-21 онд дундаж чинээлэг нийгэм байгуулах олон жилийн зорилтоо барианд оруулахын төлөө хятадууд юу юунаас илүүтэйгээр цөм нэгэн зүгт хандах шаардлагатай тунчиг чухал цаг үедээ тулсан бөгөөд тэрхүү нийгэм рүүгээ Си Зиньпин хэмээх лидерээр удирдуулан алхан орохоор бэлтгэж буй ажээ. Гэвч “зөрчил” хэмээх мөн ч олон сорилтыг давах хэрэгтэй болно.
2021 онд дундаж чинээлэг нийгэм байгуулаад 2050 он гэхэд Хятад улс орчин үеийн социалист улс болоод зогсчихгүй. Тэд “Коммунизмд хүрэх нь намын эцсийн зорилго, түүхэн үүрэг нь юмсанж.
Иргэн
зочин
Naran
Зочин
Зочин
Асуудал
Зочин
Зочин
Ах
a
Золбоо
Tuvshin bayr