Г.Туваан сайд аа! Агуулахгүйгээр вагонд шатахуун хадгалдаг нефть импортлогчдоо цэгцэлнэ үү
Г.Туваан сайд аа! Агуулахгүйгээр вагонд шатахуун хадгалдаг нефть импортлогчдоо цэгцэлнэ үү
Мянганы зам гэх зуун дамжсан бүтээн байгуулалтын ажил хатуу хучилттай автозамууд хориод жилийн дотор эвдэрч элэгдэж дууслаа. Буруутан нь хүнд даацын машинууд хэт ачаалалтай тээвэрлэлт хийснийх. Тэр эвдрэлийг татвар төлөгчдийн мөнгөөр засварладаг, дундаас нь авлигачид төрдөг. Жишээ нь, Дундговь, Өмнөговьд замын их засварт 151 тэрбум төгрөгийн засвар хийхээр төсөвлөсөн байх юм. Үүнтэй холбоотойгоор Сайншанд-Зүүнбаян-Цогтцэций чиглэлээр нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ Цогтцэций дээр буулгаж, тэндээс бусад шатахуун импортлогчид ачаагаа авдаг байх зохицуулалттай болгох шийдвэрийг Зам, тээврийн сайд гаргажээ. Үүнийг эсэргүүцэж говийн замд, уул уурхайн компаниуд руу шатахуун тээвэрлэдэг компанийнхан тултал гомдол гаргахаар зэхэн бужигнаж эхэлсэн ч хоорондоо таардаггүй, асуудлыг нь сонсох гэхээр өөр өөр санал, болзол тулгадаг.
Өнгөрсөн өвлөөс хойш өнөөдрийг хүртэл Толгойт өртөөнд тогтмол 300 орчим вагон түлш аччихаад зам дээр түгжрэл үүсгээд зогсож байдаг боллоо. Тэд аргагүйдээ биш зориуд вагоныг агуулах болгож, тэндээсээ шууд машинд ачдаг. Үүнээс болоод оросууд вагоноо авъя, вагон бол шатахуун нөөцлөх чингэлэг биш гэж бухимдах болсон. Ганцхан ширхэг шүдэнзээс гал гарвал тэнд юу болох вэ?
Энэ талаар Зам тээврийн яамны албаны эх сурвалжуудаас тодруулахад “Аюултай нөхцөл байдал үүсээд байгаа нь үнэн. Тийм учраас Тагнуулын ерөнхий газар руу албан бичиг хүргүүлж, зөвлөмжийг нь авч ажиллаж байна” гэсэн юм.
Түүнчлэн дээрх асуудлаар Зам, тээврийн сайд нефть импортлогчидтой уулзаж санал солилцон, дээрх түгжрэлийг арилгахын тулд төдийгүй нийслэлчүүдийг аюулгүй, амар амгалан байдал, автозамын эвдрэл, түүнд зарцуулдаг засварын өртөг, говийн хөрс шороо энэ бүхнийг хамгаалахын тулд төр хатуу шийдвэр гаргах цаг болсоныг мэдэгджээ.
Ингэснээр нефть бүтээгдэхүүн ачсан тэдгээр вагоныг Говьсүмбэр, Сайншанд, Цогтцэций рүү гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Мөн нийслэлийн дундуур шатахуун, тэсэрч дэлбэрэх бодис тээж, тээвэрлэдэг аюулыг зайлуулахын тулд Багахангай-Хөшигтийн төмөр зам болон Шувуун фабрик руу салбар төмөр зам тавьж байгааг тайлбарлаад байгаа юм. Харин энэ шийдвэр говийн бүсийн уул уурхайн компаниуд руу шатахуун тээвэрлэдэг машинуудаас бусад аймаг хоорондын тээвэрт хамаарахгүй аж.
Цаашид бид шатахууны тээвэрлэлтээ ачааны машинаар хийсэн хэвээрээ байх юм бол бид яах гэж гаднаас зээл авч, эсвэл нүүрсээ барьцаалж төмөр зам бариад байна вэ. Ачааны машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулж буй тээвэр эрхлэгчид, энэ чиглэлийн бизнес эрхлэхээр их хэмжээний зээл авсан боловч орлого олж чадахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг ойлгож байна. Гэвч тэдний эрх ашгийг хангах гээд барьсан төмөр замаараа тээвэр хийхгүй, нийслэлийнхээ дундуур шатахуун тээвэрлүүлээд, хүнд даацын ачаалалд эвдэрсэн замыг нь татвар төлөгчдийн мөнгөөр байнга засаж арчлан, хамгийн аймшигтай нь Толгойт өртөөнд төмөр зам дээр түгжирсэн вагонуудыг ачсан шатахуунаа машинд ачиж дуустал нь хүлээгээд байж болохгүй биз дээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам анхаарч, агуулахгүй шатахуун импортлогчдод нефть бүтээгдэхүүн худалдан борлуулах тусгай зөвшөөрөл өгдөггүй байх ёстой. Тус яамныхныг хууран мэхэлж агуулахгүйгээр нефть импортлох зөвшөөрөл авсан компани цөөнгүй байдаг. Тэднийг цэгцлээгүй цагт вагоныг агуулах болгож мөнгө олдог байдал хэвээр үргэлжилж, энэ нь вагоноо оросуудад буцааж өгөх, тэнд хэдэн жилээр ч хамаагүй төмөр зам дээр нь түгжрэл үүсгэсэн хэвээрээ байх болно. Энэ талаар Засгийн газар нэгдсэн байдлаар шийдвэрээ гаргаж үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Төмөр замаа ашиглаж сурахгүйгээр, ашиглахыг хүсэхгүйгээр төмөр зам барьж тоглох нь дэндүү өндөр өртөгтэй биш гэж үү.