Номын учирт өгүүлэх нь:

Бодоод, бясалгаад байхнээ, нийгмийн хөгжил бол хүмүүсийн амьдралын нөхцөлийг хангах, сайжруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хэрэглээний өсөлт, хөгжил биш, ердөө л хүний өөрийн нь “дотоод ертөнц”-ийн хөгжил юм.

“Хүний хөгжил”-ийн философи утга, агуулга, чухамдаа хүний эдлэх аз жаргалд ч бус, эд агуурс, өмч хөрөнгийн элбэг их хангамжинд ч бус, орчлонгийн юмс үзэгдлийн мөн чанарын бодит хоосныг танин барих, хүний хувь заяаны дээд-сэтгэлийн амар амгаланг олох чинад арга билигт нэвтрэх, сэтгэлийн ариусал, гэгээрэл буюу өөрийнхөө хамт бусад амьд бүгдийг энэрэн нигүүлсэх хайрын агуу хүчийг эзэмшихэд орших юм. Энэ үйл явц л хүний амьдралын үнэмлэхүй зорилго байгаа бөгөөд уг зорилгыг хэрэгжүүлж амьдарсан цаг хугацааны хөдөлмөр зүтгэлийн бодит үр дүн л хүний амьдралын жинхэнэ үнэ цэнийг агуулж үлдэнэ. 

Би ийм үзэл, сэтгэлгээгээр бичсэн бодлуудаа “Зэндмэнэ онол” гэж ичилгүй нэрлээд (яах вэ, дотроо жуумалзах хүмүүст буруу байхгүй), идэр насандаа “Хүмүүн оршихуйн метафизик эргэцүүлэл”-үүд”, “Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” зэрэг зузаан, нимгэн элдэв шалдав номууд хэдийг хэвлүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралын үйл явцын далд руу жаахан материалист бус өнцгөөс харсан хийсвэр, трансцендентал сэтгэмжийн эргэцүүллүүдээ “Философийн суулгацууд”, “Философийн ургацууд” нэрээр эмхэтгэн хэвлүүлж байгаа юм. 

“Философийн ургацууд” номыг Монголын психотроникийн хүрээлэн ивээн тэтгэж, өнгөрсөн нэгдүгээр сард хэвлүүлж уншигчдад хүргэсэн бөгөөд энэхүү “Философийн суулгацууд” ном минь 2023 онд Нэпко хэвлэлийн газраас эрхлэн нийтлүүлсэн адил нэртэй номын үргэлжлэл болон Монголын нийтийн харилцаанд “Байсан”, “Байгаа” үнэний харьцуулалт (улс төр-эдийн засгийн харилцааны философи бодлууд) хэмээх дэвтэр нэмэгдэн “Нэпко” хэвлэлийн газрын хамт олны сайн санааны ивээн тэтгэлийн хувь хандивтайгаар хэвлэгдэж байгаад баярлах сэтгэлийнхээ чинээний туйлаар баярлаж байна. 

Тоож унших хүн хэд олдвоос нүдийг минь баярын нулимс бүрхээд Богд уул намхан бол л харагдах байх даа! Гэж бодлоо


2024.02.01

“Хүн-чулуу”-ны хонхор

Дамдинсүрэнгийн Урианхай