“Файнэншл Таймс” (Financial Times) гэж Лондонгоос эрхлэн дэлхийн 24 том хотод 360 мянган хувиар гаргадаг олон улсын лут сонин бий. Даян дэлхийн санхүү, бизнест анализ хийсэн мэдээ мэдээллээр дүүрэн тэр сонин бүр 1888 оноос хэвлэгдсэн, бүр тэр үеэс л дэлхийн тэргүүлэх сонин явж ирсний хувьд “FT Predictions: the world in 2015” гэсэн саяхны (31.12.2014) нийтлэлээрээ энэ 2015 оныг нэвт шувт биш гэлээ гэхэд голтой үзмэрдэх шиг болжээ.

Ганц нийтлэлчийн бус тус сонины нэртэй нийтлэлч, аналитикч, шинжээч Жеймс Блитц, Жонатан Форд, Эд Крукс, Мартин Вольф, Гидеон Рахман, Рула Халаф, Жеймс Кинж, Крис Жайлс, Эдвард Льюс, Жейн Овэн, Дэвил Пиллинг, Клайв Куксон, Изабелла Каминска, Ричард Вотерс нарыг оролцуулан 2015 оныг үзмэрдсэн, бүр ёрлосон байх аж. Сонин нь тэдэндээ асуулт тавьж хариулт авах байдлаар 2015 оны дэлхийн хөгжлийн дүр зургийг дараахи байдлаар тодруулжээ.

2014 оны онцлох гурван үйл явдал гэдгээр Украин руу Орос (Владимир Путин хэмээн тэд нэр заажээ) халдсан, “Ирак ба Левантын Лалын улс” гэх нууц байгууллага Ойрхи Дорнодод стратегийн аюул учруулсан, Куба “гэр бүлдээ эргэж ирсэн” явдал гэж тэд олонхиороо үзсэн байх аж. Эхний хоёрыг 2014 онд залхтал мэдээлсэн тул монгол уншигчид гадарлах байх, харин тэр гурав дахь нь болох АНУ Кубын эсрэг олон арван жилийн хоригоо цуцлаж, дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэснийг хэлсэн хэрэг. Ингэснээр бөмбөрцгийн баруун хагаст АНУ нэг гол дайснаасаа сална, яван явсаар ОХУ-Кубын харилцааг хөндөж ч мэднэ. Куба нь Венесуэл шиг Америкийг улангасан дайрахаа аажмаар больчихоод буйг бас анзаарах хэрэгтэй мэт.

Газрын тосны үнэ баррель нь 50 доллараас доошоо унах болов уу гэсэн эхний асуултад тус сонины нийтлэлч, тоймчид юу гэж хариулж вэ? Эд Круксын хариулт энд голч нь хэмээн үзжээ. Тэрээр 50 доллараас доошоо унана гэсэн байна. Хоёр шалтгаанаар тэгж унах юм байна. Нэгдүгээрт нийлүүлэлт эрс өснө. Аж үйлдвэрт хэрэглэдэг занараа АНУ эрс нэмэгдүүлнэ, үүнтэй зэрэгцээд Саудын Араб ба  ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны үйлдвэрлэлээ багасгана. Хоёрдугаарт хэрэглээний өсөлт 2014 оны хоёрдугаар хагасынх шиг зогсонги үлбэгэр байна. Зах зээлийн эдийн засаг эрчимтэй хөгжиж буй Хятад зэрэг зарим оронд газрын тосны хэрэглээ өсөх боловч хэдхэн сар л үргэлжилнэ. Зах зээлийн хууль үйлчилнэ. Газрын тосны үнэ өслөө гэхэд оны сүүлч хүрч байж л 2015 оны эхнийхээ үзүүлэлтэд хүрнэ хэмээн  Крукс дүгнэжээ.

Украин болон Европт Орос улс шинэ шинэ газар нутгийг өөртөө хавсарган нэгтгэх үү гэсэн дараачийн асуултад Financial Times-ийнхан нийтээрээ шахуу “Үгүй” гэсэн хариулт өгчээ. Дотоод дахь эдийн засгийн хямрал ба гаднаас тавьсан хоригийн өмнө Путин хүчгүйтэж, экспансаа 2015 онд зогсооно. Харин Крымыг авснаа баталгаажуулахыг зорино, Дорнод Украины зарим нутагт мөргөлдөөнийг царцааж яг байснаар нь хадгална хэмээн тоймч Гидеон Рахман үзэж байна. Гэхдээ Путин дотоод дахь дэмжлэгээ бэхжүүлж, оросын үндсэрхэг үзлийг дэвэргэж болох ч эдийн засаг, цэргийн эрсдэл Москвад 2015 онд тун халтай бууж мэднэ хэмээн Рахман тэмдэглэжээ.

Дараагийн аюул – Ирак ба Сири дэх Лалын улс гэгчийн эсрэг АНУ цэргээ байлдуулах асуудал байна. Энэ асуудалд Рула Халаф голчтой хариултыг өгсөн гэж байна. АНУ цэргээ оруулж байлдуулахгүй, гэхдээ 2015 оны туршид “Лалын улс” нь үлэмж аюул занал учруулсаар байх болно. Америк, түүний европын холбоотнууд фронтод цэргээ очуулахгүй, “Лалын улс”-тай Иракийн арми л зовлонгоо хуваалцаж таарна гэжээ.

Хятадын эдийн засгийн өсөлт 2015 онд 7 хувиас доошоо орох  болов уу гэсэн асуулт дараагийн нэг чухал сэдэв болжээ. Үүнд Жеймс Кинж зөв хариултыг нь өгчээ. Хятад нь ДНБ-ээ өсгөх албан ёсны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг зорино, өсөлт 7 хувь дээр, эсвэл ялимгүй өсөх байх, гэхдээ Хятадын эдийн засаг нь албан ёсны төлөвлөгөөндөө баригдах эсэх нь эргэлзээтэй, учир нь дотоодын өр нь эрс өсч байна, үндсэн салбарт хөрөнгө оруулалт удааширлаа, үл хөдлөх хөрөнгийн арилжаа өсөхгүй байна, үйлдвэрлэлийн салбарын бэрхшээл эдийн засагтаа хүнд дарамт болно хэмээн Кинж үзжээ.

Хатагтай Хиллари Клинтон 2015 онд хүчтэй өрсөлдөгчөөр тодрох магадлал Financial Times-ийн сөхөж тавьсан нэг гол сэдэв аж. Тэрээр 2015 онд улс төрд тодрон гарч ирэхгүй гэнэ. Учир нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг 2016 оныг хүртэл хэн ч мэдэхгүй өнгөрч таарах нээ. Эдвард Льюсын үзэж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших 20 нэр дэвшигчээс  Бүгд найрамдах намын нэр дэвшигч тодорлоо ч эхэндээ хатагтай Клинтон давуу байдалтай байх аж.

Лондон дахь супер элитүүдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ унах болов уу гэсэн асуулт бас чухал аж. Тоймч Жейн Овэн гэдэг хүн үнэ нь 10 хувь хүртлээ унана гэсэн байна.

Баруун Африкт дэлгэрсэн Эбола гэх өвчнийг 2015 онд устгаж чадах уу гэсэн асуултад голч хариултыг сэтгүүлч Клайв Куксон өгөхдөө чадна гэж үзжээ. Энэ вирүстэй тэмцэх эмнэл зүй, санхүүгийн хангалттай нөөцийг бүрдүүлж чадсан учраас өвчний тархалтыг гархин бүслүүрт оруулж, устгаж дөнгөх аж. Эдүгээ Баруун Африкийн орнуудын эмч эмнэлгийнхэн уг өвчинтэй тэвчээр, болгоомжтой, үр дүнтэй тэмцээд зохих амжилтад хүрсэн ба ДЭМБ, “Хил хязгааргүй эмч нар” зэрэг олон улсын байгууллагаас олгох тусламж ч нэмэгдсэн, 2015 онд өвчний тархалтыг нам дараад, 2016 онд Баруун Африк нь Эболагаас ангижирсан бүс нутаг болно гэжээ.

Ажваас дэлхийн эдийн засаг хэрхэх, байгалийн гамшиг, онгоцны осол, Солонгосын хойг, Араб-Израиль, Иран, Афганистан гээд нэрлэбэл нэрлэхээр олон асуудал орхигдсон ч   Financial Times  сонин дэс дараалал үл харгалзан 2015 оны дэлхийн гол гол үйл явдлыг бараг л урьдчилан таамаглаж чадсан мэт.

Тэгвэл 2015 онд дэлхийд өрнөх “10 дайн” гэдгийг Олон улсын хямралын бүлэг (International Crisis Group) АНУ-д хэвлэгддэг “Гадаад бодлого” сэтгүүлд (Foreign Policy) урьдчилан дараахи байдлаар нэрлэжээ. Үүнд 1) Сири, Ирак ба “Лалын улс”; 2) Украин; 3)  Өмнөд Судан; 4) Нигериа; 5) Сомали; 6) Ардчилсан Конго;  7) Афганистан;  8) Йемен; 9) Ливи ба Сахел; 10) Венесуэл гэжээ. Яагаад энэ 10-ыг нэрлэв гэдэгт уншигч Та хариулт хай!




                                                                                                                            


“ОНЫ ШИЛДЭГ НИЙТЛЭЛЧ” ШАГНАЛАА ГАРДЛАА

News.mn сайтад албан ёсоор ажилладаггүй боловч өөрийн бичсэн  нийтлэл, бичлэгээ манай сайтад нийтлүүлж, олны хүртээл болгосон шилдэг нийтлэлчийг жил бүр шалгаруулж, шагнан урамшуулдаг уламжлалтай. 2014 оны нэр хүндтэй шагналын эзнээр судлаач, нийтлэлч Д.Баярхүү тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа.  Тэрбээр өнгөрсөн 2014 оны турш www.news.mn –ийн хамгийн идэвхтэй нийтлэлч байсан төдийгүй олны анхаарлыг татсан “Украины сонгууль: Славяны ертөнцийг задлах уу, эсвэл Европын хэтийн ирээдүйг угтах уу?”, “Гадаад бодлого дээр Монголын жинг нэмэх бодлогын нэг ялалт” зэрэг нийтлэлүүдээрээ шилдгийн шилдэг нийтлэлчээр тодорсон юм.



“Оны шилдэг нийтлэлч”-ийн шагналаа гардсаны дараа судлаач, нийтлэлч Д.Баярхүү хэлэхдээ:

-www.news.mn сайтын хүндтэй шагналаар шагнуулсандаа баяртай байна. Хэдийгээр сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн хүн биш боловч олон жилийн өмнөөс хоббигоороо бичиж нийтэлсээр ирсэн. Баасан гариг бүрт бичсэн нийтлэлийг маань хүмүүс News.mn сайтаас уншлаа гэж надад хэлдэг. Baabar.mn-ийн нийтлэлчдийн бүтээл танай сайтад хамгийн түрүүн ордог болоод тэр л дээ.

Нөгөөтэйгүүр, сэтгүүлч уран бүтээлч та бүхэнтэй хамгийн ойр ажилладгийн хувьд, социализмын хатуу хяналттай үеэс хэвлэл мэдээллийн байгууллагад редактораар ажиллаж байсны хувьд анхааруулга болгож хэлэх зүйлс зөндөө байдаг. Хүмүүсийн алдааг зориг гарган хэлж, алдаагаа хамтдаа засахыг хичээдэг. Өнөөдөр хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгахгүй зөрүүлж бичдэг сэтгүүлчид цөөнгүй болжээ. Үг үсэг, утга агуулгын алдаагаа засч ажиллахыг сэтгүүлчдэд хандан уриалмаар байна хэмээн өгүүлсэн юм.

www.news.mn сайтын хамт олон 2014 оны шилдэг нийтлэлч судлаач, нийтлэлч Д.Баярхүүг  редакцийн уулзалтад урилаа. Уулзалтын сэдэв олон улсын харилцааны тулгамдсан асуудал байх бөгөөд энэ талаарх сонирхолтой нийтлэлийг манай сайт тун удахгүй уншигчдадаа хүргэх болно.

Д.ЦЭЭНЭ
NEWS.MN