Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэд төрийн үйл хэрэгт оролцох эхлэлийг тавьж чадсан
Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэд төрийн үйл хэрэгт оролцох эхлэлийг тавьж чадсан
Юуны өмнө бид ямар тогтолцоотой сонгууль хийж байж “Өнөөдрөөс илүү маргааш”-д хүрэх вэ гэдгээ туулж өнгөрүүлсэн хугацаан дахь найман удаагийн сонгуульд дөрвөн өөр төрлийн сонгуулийн тогтолцооноос хийсэн “туршлага”, “туршилт”-аасаа харцгаая.
Үүнд 1992, 2008, 2020 онуудад том тойрог бүхий олонхын (Majoritarian), 1996, 2000, 2004 онуудад жижиг тойрог бүхий дийлэнх олонхийн (Plurality), 2012 онд холимог (Mixed), 2016 онд жижиг тойрог бүхий олонхын (FPTP : First-past-the-post) сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулсан. Өөрөөр хэлбэл, бид 7 удаа мажоритар тогтолцооны өөр өөр хэлбэрүүдийг ашигласан байгаа юм. Энэ нь өнөөдөр хууль тогтоох байгууллагад нэг нам зонхилох хөрсийг бүрдүүлсэн. Саяхны түүх шүү дээ. УИХ 2019 оны 12 дугаар сард Сонгуулийн тухай хуулийг батлахдаа томсгосон тойрогтой байхаар шийдвэрлэсэн. Үүний дараа УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө буюу 3 дугаар сард МАН-ын судалгааны дүнгээр 2020 оны сонгуульд 1.5 нам суудал авна гэсэн бол үүнээс долоон сарын дараа сонгуулийн дүн гарсны намар 10 дугаар сард хийсэн судалгаагаар энэ дүн баталгаажсан байдаг. Үнэхээр л “Нэг намын тогтолцоо”-г дэмжсэн бодлого байсан нь батлагдсан бөгөөд энэ нь төрийн тогтвортой байдлыг бий болгох сайн талтай ч сул тал ихтэй. Наанадаж л байнга дарга сайд болдог хэдэн хууччуудаасаа ангижрах боломж муутай байсан. Харин эрх баригч намын удирдлагууд тун сонирхолтой бодлогоор Засгийн газраа байгуулсан. Тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахдаа хуучуулын тогтолцоог аль болох “сүлэх”, “саармагжуулах” бодлого баримталж салбар салбарын шинэ дүрүүдийг топруулж Засгийн газрыг байгуулсан. Энэ нь нам дотроо хатуухан шүүмжлэл сонсож олон “дайсан” бэлтгэсэн байж болох ч “олонхиор засаглах”-ын том нурангиас зөөлөн газардах алсаа бодсон хэрэг байсан болов уу.
Мажоритар сонгууль юунд хүргэв?
Ер нь мажоритар сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн хуваагдлыг маш хүчтэй болгодог сул талтай. Манайд орон нутагт анхан, дунд шатандаа бүхэлдээ улстөржилтийн байдалтай байдаг нь энэ сул талын бодит үр дүн юм. Мажоритар сонгуулийн тогтолцоо нь нэр дэвшигчид тухайн орон нутагтаа хүчтэй дэмжлэгтэй, ганцаарчилсан улс төр хийхийг шаарддаг бөгөөд улс төрийн намын хамаарал бага болчихдог. Иймд санхүүгийн чадавхтай, популист улстөрчдөд маш таатай үр дүнг авчирна. Улмаар сонгуулийн тогтолцоо нь мажоритар, парламентын гишүүдийн тоо цөөн байвал улстөрчийн ганцаарчилсан богино зайн “тоглолт” давамгайлж эрх баригч намын мөрийн хөтөлбөр, урт хугацааны бодлого огт хэрэгжихгүй гацаанд ордог. Тэгээд ч мажоритар тогтолцоо нь цөөнхөд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд ардчилсан бус арга замыг ашиглах сонирхлыг өдөөж үгсэн хуйвалдах байдал руу хөтөлдөг. Энэ байдалтай бид хэдийнэ нүүр тулчихаад, яаж салахаа мэдэхгүй гарц хайж байгаа нь өнөөдрийн ярьж маргаад байгаа ҮХНӨ юм.
Тухайлбал сонгогчийн санал гээгдэхгүй, төлөөллийн ардчилал бодитой хэрэгждэг парламенттай болъё гэвэл пропорционал тогтолцоо сонгох шаардлагатай. Гэтэл сул тал нь тогтвортой засаг бий болгох зарчимтай зөрчилдөөд эхэлдэг. Тодруулбал парламентад сонгогдсон хэт олон намаас аль нь ч олонх болж чадахгүй байх тохиолдол пропорционал тогтолцоонд гардаг. Үүнийг засахын тулд пропорционал тогтолцооны хувьд босгыг хэдэн хувьтай тавихаас парламент дахь намын тоог хязгаарлах эсэх нь шийдэгддэг байна. Тухайлбал босго өндөр буюу 5-8 хувьтай орнуудад намын тоо хязгаарлагдмал түвшинд барих боломжтой болдог. Гэтэл өнөөдөр бид дээр дурдсан судалгаанд гарсанчлан 1.5 намтай л сууж байна.
Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь намын жагсаалтыг чухалчилдаг тул улс төрийн намыг байгууллагын хувьд нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс улс төрийн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг бөгөөд өрсөлдөөн илүү тэнцвэртэй болдог үздэг. Иймэрхүү олон төрлийн хоорондоо зөрчилтэй зорилго, сул болон давуу талын аль нь илүү чухал гэж үзсэнээ сонгож сонгуулийн тогтолцоогоо боловсруулах хэрэгтэй.
Манай улсын хувьд мажоритар болон хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны сул болон давуу талыг тооцон үзэж холимог тогтолцоог нэвтрүүлэх нь илүү зохистой гэж судлаачид үздэг.
Яавал сонгогчид сонгосон төлөөлөгчдөдөө хариуцлага тооцдог болох вэ?
Судлаачид үзэхдээ зохистой тогтолцоо гэдэгт хоёр гол хэмжүүрийг хангалттай гэж үзсэн. Энэ нь намын системийн хуваагдал санал гээгдэх байдал болон сонгогчдын өгсөн саналын хувь парламентад хэр зэрэг туссан эсэхийг хэмждэг зохист харьцаа хоёроор хэмждэг. Нэгдэх үзүүлэлтийг нь үр ашигтай намын тоогоор хэмждэг бол хоёр дахь үзүүлэлтийг Галахарын зохист харьцааны индексээр хэмждэг.
Эхний хэмжигдэхүүн болох сонгуулийн үр ашигтай намын тоо гэдэг нь сонгуульд хэдэн нам яг хүчтэй өрсөлдөж байгааг харуулдаг юм. Жишээ нь манайд сонгуульд 36 улс төрийн нам оролцож болох ч өрсөлдөөн цөөн намын дунд өрнөх болно. Энэ тоо бусад пост коммунист орнуудад ихэвчлэн 5 дээш байдаг бол манайд дунджаар 2.9 байна. Тодруулбал улс төрийн намын тогтолцоонд 2.9 нам л сонгуулиар хүчтэй өрсөлдөж чаддаг гэсэн үг.
Парламентын үр ашигтай намын тоо нь хэдэн нам парламентад суудал авч байгааг илтгэдэг. Монголд найман сонгуулийн дунджаар 1.8 байна. Өөрөөр хэлбэл 1 нам сонгуулийн үр дүнд ноёлж байгааг харуулж байна. Харин энэ үзүүлэлт пост коммунист орнуудын хувьд ихэвчлэн 4-ээс дээш байна. Нэг үгээр хэлбэл үнэмлэхүй нэг намын тогтолцоо байна гэсэн үг.
Сонгуулийн зохист харилцааны индекс буюу үр дүнтэй сонгууль байсан эсэхийг тооцож үзэхэд 8 удаагийн сонгуулийн дундаж 18.6 гэсэн тоо гардаг ба энэ нь пост коммунист улсуудад 4-5 гэсэн тоон утга гардаг. Эдгээр тоон утгуудаас харахад сонгууль нь үр дүнтэй байж чадахгүй байна гэж шууд ойлгож болно.
Сонгууль нь “Сонгогчдын саналыг хууль тогтоох байгууллагад суудал болгож хувиргах, Сонгогдсон төлөөлөгчдөдөө хариуцлага тооцох үүрэгтэй” байтал энэ нь хэрэгжихгүй байна. Үүний хортой үр дагавар нь сонгуулийн легитим алдагдах буюу сонгуулийн ирц хүрэхгүй болох, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөө байх, улс төрийн намын хөгжил удаашрах, цаашлаад урт хугацааны хөгжлийн бодлого гацах, эцэст нь улс төрийн тогтворгүй байдлыг авчирна.
Парламентын гишүүний тоог нэмсээр юу, яаж өөрчлөгдөх вэ?
УИХ 152 гишүүнтэй болсноор гишүүд “Нөлөөллийн” ажлаа биш “Төлөөллийн” ажлаа хийх болно. Ингэснээр эрх мэдлээрээ нөлөөлөх “чадварыг” нь бууруулж иргэн бүрт хүрч төлөөлөх чадварыг нь нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар манай парламентын гишүүд дунджаар 44 мянган хүнийг төлөөлж байна. Үүнийг 22 мянга болгоно гэсэн үг. УИХ-ын нэг гишүүн 22 мянган иргэнийг төлөөлдөг, тэдэндээ хүрч уулзаж ажиллаж чаддаг болно. Энэ бол төлөөллийн ардчилал. Гэтэл одоогоор УИХ-ын нэг гишүүн нь 44 мянган хүн дундаа шингэж алга болоод УИХГ өглөө туслахаасаа хувиараа сонсоод, бүлэг, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралтай бол оролцож зөвлөхийнхөө бичсэн үгийг хэлчихээд бусад цагт нь УИХ гишүүний үнэмлэх тэмдэг зүүгээд төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж нөлөөллийн аргаар хувийнхаа ажлыг хийгээд байдаг. Тэгвэл гишүүний тоог нэмснээр тэдний төр, хувийн хэвшлийнхэнд нөлөөлөх чадвар буюу эрх мэдлийн нөлөөг нь бууруулна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 хүн Монголын төрийн дээр нь гарчихсан сууж байгааг бараг хүн бүр ярьж бухимдаж байгаа ч яаж ч чадахгүй байна. ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүний тоог нэмснээр тэднийг “хэн ч биш” болгох гарц, боломж байгааг нүдээ нээгээд харцгаая. Энэ өөрчлөлтийг зөв хийж чадвал “УИХ-ын гишүүн” гэдэг 76 дарга биш 76 үйлчлэгч болж хувирах учиртай юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд “Таны нөлөөлж хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлдэг талбар чинь Парламент биш” гэдгийг ойлгуудах боломж нээгдэнэ. Ингэснээр УИХ-ын гишүүн эрх мэдлээ хувьдаа ашиглах биш иргэдээ төлөөлөөд тэдний төлөө судалгаатай, ул суурьтай ажилладаг болж шийдвэр гаргалцаад ажлаа иргэдээрээ дүгнүүлдэг болох ёстой.
УИХ-ын гишүүд “мэргэшнэ”
Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр УИХ-ын гишүүдэд ямар өөрчлөлт гарах вэ. Өнөөдөр нэг гишүүн гурван Байнгын хороонд харьяалагдаж байна. Дунджаар нэг Байнгын хороо 19 гишүүнтэй. Үүнээс тухайн өдөр 10 гишүүн нь цуглахад Байнгын хороо хуралдана. 6 нь тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжчихэд л тэр хууль батлагдаад байна.
Гишүүний тоо нэмэгдсэнээр УИХ-ын нэг гишүүн, нэг Байнгын хороонд харьяалагддаг байх боломж бүрдэх буюу мэргэшинэ. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэхдээ “Би огт мэдэхгүй салбараа мэдэж шийдэхээс өөр аргагүй байдал руу орж байна” гэсэн удаатай. Энэ бол гарцаагүй үнэн бөгөөд бидэнд анзаарагддаггүй маш аюултай нөхцөл байдал юм. Хуулийг “бүлэглэл” баталж байна гэсэн үг. Тэр баталсан хууль ард иргэдийн амьдралыг, хүний хувь заяаг, тэр ч байтугай хүний амь нас, эрүүл мэндэд аюултай ч байж болно. Жишээ нь эдийн засаг мэддэг хүмүүс л сууж байгаад эдийн засгийн асуудлаа шийддэг бол үр дүн гарах байсан. Гэтэл өнөөдөр ЭЗБХ-ны гишүүдийг мэргэжлээр нь аваад үзэхэд 19 гишүүний 7-хон нь эдийн засагч. 12 нь эдийн засгийн ойлголтгүй, практик улстөрчид ороод ирсэн. Яаж тэд улс орны эдийн засгийн бодлогыг тодорхойлж чадаж байна аа? Үр дүн нь өнөөгийн эдийн засгийн үзүүлэлтүүд, доройтол, мухардал, хэрэгждэггүй хуулиуд шүү дээ.
ҮХНӨ-ийг дэмжих үү, эсэргүүцэх үү гэдэг нь улстөрчдийн хувьд хариуцлагын сорилт болох учиртай
Энэ мэтчлэн парламентаа ардчилалтай байлгах, сонгогчдоо бүрэн төлөөлж чаддаг, сонгодог шинж чанартай байлгах тухай ярьж байхад “150 гаруй гишүүнтэй болчоод хаана суулгаж хуралдах вэ” гэхчлэн шалдир бульдар шалтаг тоочиж эсэргүүцэж, ирээдүйн төлөөх хөгжил дэвшлээс ухарч удаашруулах гарц хайхаасаа ичих хэрэгтэй. Сонгодог парламенттай байснаар бид гадаад болон дотоод талдаа ямар чухал дархлаатай болж байгаагаа мэдэрч зөв шийдвэр гаргах үүрэгтэй. Орос, Украины дайнаас өрсөж зарим нэг тунхгийн чанартай өөрчлөлтийг хийхээ МАН-ын 30 дугаар Их хурлаар зарлаж, үүний дагуу эрчимтэй ажиллаж эхэлсэн бодит үр дүнг ч хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнд авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог өөрчлөх зэрэг гурван чухал тогтоолыг батлан хэрэгжүүлж байгаа нь өнөөдөр тодорхой үр дүнд хүрч эхлээд байна. Тиймээс зогсолтгүй урагшлах ёстой. Үүнд хаана ямар байшин саванд, ямаршуу ширээ сандалд суух нь чухал биш. “Үндсэн хуульдаа хэт ойрхон гар хүрч байна” гэх, эсвэл “Ерөөсөө шинэ Үндсэн хууль баталъя” гэх туйлширсан галзуурал олигтой үр дүнд хүргэхгүйг хатуу сануулъя. Шинэ Үндсэн хууль батлахдаа хүрвэл одоогийн энэ ёс зүйн болон хуулийн алдаа дутагдалтай гишүүдээр батлуулах ёсгүй. Огт гар хүрэхгүй байхын тухайд гэвэл Герман улс 1945 оноос хойш 77 жилийн хугацаанд 59 удаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Франц дээрх хугацаанд 24 удаа, Итали 15 удаа, Канад 47 удаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Тиймээс сайжирч л байвал нэмэлт өөрчлөлтийг тоолоод суух нь утгагүй ухралт. Түүнчлэн зарим ахмадууд маань дээд, доод парламенттай байх тухай ярьж байна. Н.Энхбаяр л гэхэд Лордын буюу Англи-Саксоны хууль ярьж байгаа нь манай орны хувьд зохимжгүй гэж зарим хуульч хэлдэг. Түүнийхээр бол ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс парламентад суудаг байх юм гэнэ. Манайд сонгодог парламентын тогтолцоо л одоогоор хамгийн зөв нь. Гэхдээ УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зөв. Тэгэхгүйгээр төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байгаа нь ч үнэн. Тэгэхээр өөрчлөх ёстой гэдэг дээр бүгдээрээ нэгдэж, яавал зөв өөрчлөх вэ гэдгээ шийдэхгүй бол хөгжлийн галт тэрэгнээс хоцрох байтугай аюулгүй байдлын цайз маань ч ганхаж мэдэх маш хурдтай үйл явц бүхий сонирхолтой нийгэмд бид амьдарч байна.