ЭРЭЛ
“Эрэл”-ийг эрсэн нь...
Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг ижил нөхцлөөр дэмжих ёстой гэсэн хүмүүс “ардчилал, хөгжлийг эсэргүүцэгч”, үндсэрхэг үзэлтэн гэж баалуулдаг ч үнэндээ манай дотоод эдийн засгийн нөхцөл байдал чухамхүү дотоодын хөрөнгө оруулагчид, компаниуд, шинэ хөрөнгөтнүүдийг сөхрүүлж байгааг хараад эмгэнэх юм. За энэ яахав... асуудал эвгүйтэж байна. Цагтаа ванлиг гүнлиг гэгдтэлээ мандан бадарч явсан нэгэн компанийг өнөөдөр эрж хайхад хүрчээ. Гэвч тэр нэрийг банкны төлөгдөөгүй зээлийн бүртгэл,шүүхийн шийдвэрийн сангаас олж байна.
Сүүлийн үед “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын талаар олон мэдээ, мэдээлэл тархаж байна. Зүгээр, би бол үүнийг “шударга илчлэл”-ээс гадна аюулын харанга гэж ойлгож байна. Бүр улс орны санхүү-эдийн засгийн сүйрлийн дохио байх гэвэл сүржигнэсэн болох байх, ер хүсэх юм биш, би л алдсан байгаасай!
Б.Эрдэнэбатын “Эрэл” компани “Хөгжлийн банк”-наас 23,0 сая ам.доллар зээлж авсан ба зээлээ төлөхгүй удааж байгаа тухай мэдээллүүдийг шалгаж үзвэл үнэн байна. 23 сая ам.доллараар ч тогтохгүй юм, Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн үндсэн зээлийн хэмжээ 141 тэрбум төгрөг болжээ.
“ХААН” банкинд 25,176,391,077.26 төгрөгийн, “Хөгжлийн банк”-нд 99,574,937,144.52 төгрөгийн, “Хас” банкинд 15,828,548,968.08 төгрөгийн, нийт 140,6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэндээ зөвхөн “Хөгжлийн банк”-нд л зээлээ төлөхгүй байгаа юм биш аж. “ХААН” банктай ч шүүхдэлцээд нийслэлийн шатны шүүхийн шийдвэр 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гарсан ба шийдвэрт “... хариуцагч “Э” ХХК, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 32 146 859 669 (гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун тавин есөн мянга зургаан зуун жаран есөн) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцласныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдох хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай! (http://new.shuukh.mn/irgenhyanalt/3701/) гэсэн шийдвэр гарчээ.
Монгол банктай холбоотой асуудал бас давхар дэгдэж буйн шалтгаан нь хувийн арилжааны “ХААН” банк зээлүүлсэн хөрөнгөнийхөө төлөө заргалдаж байхад харин улсын арилжааны банк огт чимээгүй байгаад л оршиж байх шиг...
Мөн түүний эртнээс ивээн тэтгэж ирсэн томоохон улстөрч ба түүний эхнэрийн казино дахь тансаглал, түүний төлбөрийн тухай яриа их эртнээс түгж ирсэн, үүнтэй холбоотой юу, эсвэл өөртэй нь холбоотой юу казинотой холбоотой их хэмжээний мөнгөний нэхэмжлэлийн асуудал ч бас байгаа бололтой. Энэ бол манай өнөөгийн томоохон бизнес эрхлэгчдийг дагаж байдаг сүүдэр л дээ. Зээл авах ба гэрээний дагуу төлөх бол бизнесийн хууль юм гэж бодоход казино бол харин цэвэр хувь хүний сонголт ба хариуцлагын асуудал гэж нэрлэх гэтэл бас л биш юм. Эдгээр асуудлууд хоорондоо уялдаатай бөгөөд аль нэг нам, улстөрчийг ивээн тэтгэх нь өөрөө бизнесийн гарцаагүй нэг хэсэг болсныг юу ч гэмээр юм бэ дээ!?
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын улстөрийн намтрыг одоогийн нөхцөл байдалтай нь холбож байна, энэ нь нөгөө л сонгуулийн синдром мөн, нэг ч гэсэн хүчтэй өрсөлдөгчөө далд оруулахын тулд иймэрхүү мэдээллийг шүүрэн авахаас улстөрчид татгалзахгүй л дээ! Тэр тусмаа манай “ерийн, стандарт” улстөрийнхөн нэг намынхандаа хамгийн халтай байдаг. Харин сонгуулийн үеэр л эсрэг намынхантайгаа тэмцэлддэг юм аа.
Гэвч түүнд бас улстөрд орох шалтгаан байсан, мэдээж үүнийг нуршин тайлбарлаад яах юм, бүгд л мэддэг газар. Улстөрд орохгүй л бол бизнес явахгүй, тиймээс олон бизнес эрхлэгч улстөрийн балиар хэрүүл дунд ид үеэ, хамаг цаг заваа алддаг, гэхдээ үүнээс хол байвал бас бариад хийчихэд бэлэн тул өөр яах ч билээ? Эсбөгөөс бүр ихийг төлж л таарна.
Жишээ нь Б.Эрдэнэбатын улстөрийн богинохон замнал түүний бизнест ашиг өгөөгүй, цэцэглэн мандаж байсан “вант улс” нь сураг тасраад өдгөө ийм байдалд орчихсон байна. Б.Эрдэнэбат гэлтгүй олон бизнес эрхлэгч улстөрд орсноос хойш ийнхүү сүйрч байсан. Цагтаа “Хэрэв МАН-д орчихсон бол, өөрийн нам байгуулж тэрсэлдэхгүй эвтэйхэн явчихсан бол дөрвөн жилийн дараа Ерөнхий сайд болчих байсан хүн” гэгдэж байсан билээ.
Түүний авах гэж байсан Зүүнхараагийн спиртийн үйлдвэрийг шөнийн 02 цагт дуудаж уулзсан улсын Ерөнхий сайд нь нүдэн дээр нь өрсөлдөгчид нь өгч луйвардаад, амласан хайрганы ордоо ч өгөлгүй бултахад тэр улстөрд орохоор шийдсэн байх... Гэвч түүнийг улстөрөөс шахсан, харин одоо түүний бизнесийн эрэл төгсөж байна уу?
Эрэл дуусч байгаа юм биш биз?
Бизнес бол эрсдэл гэдэг. Риск хийж чаддаг хүн бизнест тохирдог гэдэг. Харин улстөрчид рискээс зугтдаг. Уг нь эрсдлийг бизнес эрхлэгчдэд үүрүүлээд, өөрсдөө эрсдлээс зайлсхийх нь улсын бодлого юм л даа, тэгэхдээ бизнес эрхлэгчдийн эрсдлийг ихэсгэх биш бууруулахад гол нь бий. Хөгжин цэцэглэж буй улсад эрсдлийг бууруулж чадсан байдаг, харин хямарсан улсад эрсдлийг ихэсгэсэн байдаг. Хэрэв компаниуд эрсдлээ даахгүй олноор дампуурвал санхүүгийн сектораа татаж унагах ба санхүү-эдийн засгийн уналт нь улсыг сүйрүүлж, эцэстээ улстөрийн хурц хямралд хүргэнэ. Бас томоохон компаниуд олон банкнаас олон тэрбумын зээл босгож чаддаг учраас бүр ч урхагтай. Өнөөдөр бид яг үүний төгсгөлд явж байна, үүний жишээ нь холоос эрэх хэрэггүй!
Б.Эрдэнэбат коммунизмын материал техникийн баазаас Байшин үйлдвэрлэх нэгдүгээр комбинатыг авсан хүн. Тиймээс барилгын бизнест түрүүлж орсон.
Байшин барих нь бүү хэл байгаа байшингуудаа додомдож чадахаа байтлаа доройтсон шилжилтийн эхэн үед түүний барилгууд хүмүүсийн сэтгэлд гэгээ татуулж байв. Бид өөрсдөө байшин барьж чадах юм байна, их барилга сэргэх юм байна... Өнөөдөр барилгын “бум” болоод барилга барих газар барилгаасаа үнэтэй болсон байна. Тэр газрыг зардаг улстөрчид бизнес эрхлэгчдээсээ баян болсон байна.
Тиймээс тэрээр энэ салбартаа шинэ алхам хийж. “Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлдэг” гэдэг шиг тэрээр “БҮК-1”-ийг цоо шинэ технологиор дахин сэргээжээ.
Тэрээр хамгийн сүүлийн технологи бүхий үеийн угсармал байшин үйлдвэрлэх орчин үеийн үйлдвэр оруулж ирсэн байна. Гэвч байшингаа үйлдвэрлэж чадсангүй. Сүүлийн үеийн үйлдвэр оруулж ирсэн авч хэн ч түүгээр, тэр тусмаа төр түүгээр барилга бариулъя гэсэнгүй.
Статитстик харъя! Нийслэл хотод 220 мянган айл орон сууцгүй, нүүрс түлж агаар, хөрс бохирдуулж амьдарч байна. Бэлэн байгаа 32 мянган орон сууц нь иргэдийн худалдан авах чадвараас давсан “мөнгө угаалт”-ын өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууц. Өмнөд хөршийн авилгачдын мөнгийг угаадаг Монголын эдийн засгийн багтаамжтай сектор бол барилга. Аль болох их мөнгө шингээх үнэтэй барилга барьж, нэгэндээ дамжуулах зарах замаар их хэмжээний мөнгө угаадаг. Нөгөө салбар нь уул уурхай-ашигт малтмал, өнгөрсөн өвөл махны экспортод мөнгө угаах гэж үзсэн нь манайд тун ч таагүй нөлөө үзүүлсэн. Өнөөдөр Засгийн газар нь асуудлын мөн чанарыг ойлгохгүй малаа амьдаар нь “экспортлох эсэх”-ээр хэрүүл хийж суугаа, гэхдээ анзаарвал махны экспортыг хорих тухай яриа бол байхгүй.
Давын өмнө нийслэлийн төвийн бүсэд байгаа 60 мянган айлыг орон сууцжуулахад утаа хоёр дахин багасах тооцоотой авч түүнийг бариулах сонирхолгүй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18-д жагсдаг улсын нийслэлийн газрын үнэ дэлхийд тэр хавьцаа яваа...
Хэрэгцээнээс 4 дахин давсан цементийн үйлдвэртэй, бас байшин үйлдвэрлэгч нь дампуурч байна. Энэ эрүүл тогтолцоо мөн үү? Барилгын салбарт их хэмжээний хөрөнгө ордог авч ашиг нь дотоодын компаниудад тун бага, гадагш урсдаг.
Дотоодын компаниуд хэрэв “угаах мөнгө” олоогүй бол тэдэнтэй өрсөлдөхийн тулд томоохон хөрөнгө оруулалтыг том зээлээр л хийдэг. Харин тэр зээлээ эргүүлэн авах бодлого төрд байхгүй учраас мөнгө өгснөөр дэмжлэгээ хязгаарлаад, араас нь авилга, хээл хахууль, зуучлал тендерээр бас казинод тоглох мөнгөө даалгах замаар “авилга” авч тэр мөнгийг нь “хуурайлах” гэж оролддог улстөр-эдийн засгийн тогтолцоотой улс аа!
Ийм үед зээл авсан бизнес эрхлэгч өмнөхөө дараагийнхаар төлж явахаас аргагүй. “Эрэл” группын эргэн төлөөгүй зээл ба хүү нийлээд 230 орчим тэрбум төгрөг болох багцаа гарч байгаа гэнэ. Эцэстээ банкууд зээл олгохоо боливол өөр эх үүсвэр хайхаас аргагүй. Улстөрд сул нөлөөтэй, адлагдсан бизнесмэн эцсийн мөчид хувь харилцаагаар асуудлыг шийдэхийг оролдоно. Ийм л байдалд орсон байх ямар боловч “Эрэл” компани иргэдээс 6,5 шахам тэрбум төгрөгийн зээл авсан байжээ.
Уг нь хамгийн эрэлттэй зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулсан, хамгийн тулгамдсан асуудлын шийдлийг барьсан, бас хамгийн туршлагатай компани ингэж сөхөрч байхад өөр бизнес Монголд явах уу? Манай өнөөгийн эдийн засгийн байдал яг иймэрхүү л байна.
Хэрэв банкууд томоохон зээл олгоод буцааж авч чадахгүй бол түүнийгээ олон нийтэд төдийлөн зарлаад байдаггүй. Зээлийн чанар, банкны нэр хүндэд халтай тул аль болох нуудаг. Тэр тусмаа улсын мэдлийн арилжааны банк ийм байдалд орвол дээр нь нууцлах улстөрийн шалтгаан нэмэгдэнэ. Үүнийг нь Төв банк бас өөгшүүлнэ. Учир нь тэнд бас улстөрийн томилгоо, албан тушаалын өрсөлдөөн бий! Бас эрх баригч ба сөрөг хүчний улайрсан тэмцэл ч бий!
Харин хувь иргэд, компаниуд бол нуух шаардлагагүй бөгөөд асуудлыг ил тод тавих замаар шийдэхийг хичээнэ.
“Эрэл”-ийг эрж хайх нууц чухам ийм шалтгаанаар олон нийтэд ил болж байна. Үүнийг цаашид “Төв банк” ч, “Төрийн банк” ч нуулцаж чадахгүй. Нэгэнт их хэмжээний чанаргүй зээлийн асуудал ил тод болбол санкны салбарт том доргилт үүснэ. Ялангуяа “Эрэл” шиг том компанитай холбоотой асуудалд.
Асуудал шийдэгдэх ямар ч боломж нөхцөл алга. Компаниуд дампуурч, банкууд унаж, өрийн сүлжээ үүсч, эдийн засаг царцах нь дээ!