Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа. Ямар гээчийн чинжүүгээр дайлах бол гээд дотроо бэмбэтэй нөхөд сэм шивнээд байсан ч Ц.Элбэгдорж гэдэг улстөрч Төрийн тэргүүний намбаар хэлдгээ л хэллээ. Харин түүний ташуур мэт ороолгох үгс дотор хаана нь юу нуугдав гэдгийг анзаарахад гэмгүй. Түүнээс биш ил цагаанаар дургүйцлээ илэрхийлдэг эрх танхил гэнэн хонгор аяг аашаа ардаа үдчихэж.

Түүний хэлсэн үг хариуцлагын тухай байлаа. Хачин их эрх чөлөөтэй манай оронд хамгийн ховор юм хариуцлага гэнэ. Тэрхүү ховор хариуцлага нь одоо хайгаад байгаа их хэмжээний мөнгийг олохоос хавьгүй хэцүү гэсэн. Уг нь хаана, хаанаа яриад байгаа боловч “хариуцлага” гэдэг сэдэв бол эгээ л оюуны өмч болгон баталгаажуулсан “Элбэгдорж брэнд” юм даг уу даа. Гэвч “ярьсны хэрээр хариуцлага олддоггүй” гэдгийг тэр мэднэ. Тэгэхээр “дугуй хий эргэсээр...байдал хэвээрээ л байна” гэж олон нийт хүлээн авч буйг өөрөө мэдэрсэн биз ээ.Тэрбээр энэ сэдэвтэйгээ уяад “Эрдэнэт” гэдэг үгийг нэг ч удаа хэлэхгүйгээр “Эрдэнэт”-ээ хамгааллаа.

“Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна”, “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй”, “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр дүгнэе. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь улс төрийн албан тушаалтнууд, тэдний тойрон хүрээлэгч, даган баясагчдыг хөрөнгөжүүлдэг үүр уурхай болсон. Төрийн өмчийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлдэг олон улсын сайн жишгийг нутагшуулахаас энд өөр гарц байхгүй”...Энэ үгс өнгөц харахад УИХ-ын дарга М.Энхболдын УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгтэй өнцөг нэг дуулдана. Ялангуяа оффшор данстны тухайд хоёулаа ижил төстэй мэдлэг, мэдээлэлтэй, эсэргүүцсэн байр суурьтай байдаг юмсанжээ. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг овог нэрээр нь дуудаж байгаад “хариуцуулчихлаа”.

Түүнчлэн Засгийн газраа чимхэхдээ ч, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр, одоо батлах төсвийн тодотгол энэ бүхэнд бараг ижил байр суурь илэрхийлчихлээ. Гэхдээ нам, намаа өмөөрч хэлсэн нь ойлгомжтой. Аль аль нам нь сайд, дарга нарынхаа шуналыг барьж үл дийлнэ. Энэ нь тэдний мөрөөдлийг хүлэхтэй л ижил. Ийм л замаар их өрөнд орсон. Одоо их өрөөс гарахын тулд дахиад өр тавина. Энэ нь зөв өр, зохистой төсөв байх бололтой.

Харахад ийм ч хазахад бараг л хамт сууж байгаад үгээ хуваагаад хэлчихсэн мэт нэг л хачин уур амьсгалтай байлаа. Эвдрэлцүүлэх гэсэндээ маш эвгүй “эв нэгдэл” мэдрэгдсэндээ ингэж хэллээ. Магадгүй эрх ашиг нь ч холгүй биз. Яг л “Алим хулгайлсан хүн алимныхаа модноос холгүй унадаг” гэдэг шиг.

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд 1-р хүн “огт нэр дурдалгүй зөвхөн төрийн шахаа, төрийн бизнес, эрх ашиг талаас нь, жишээ нь “Төрөөр хөлжиж мэргэшсэн улс төрчид хувалз адил төрөөс салахгүй, түүнийг харж шунасан хэсэг нь салхинд туугдсан хачиг адил төр рүү зүтгэсээр байгаа юм. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг” гэхчлэн битүү хатуу чимхэж хэлсэн бол, 2-р хүн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет”-ийн ХХК-ийн  49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах талаарх УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажил удаашралтай байгааг Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт сануулъя” гэв. Эндээс л “Ирж байгаа, Явж байгаа Хүний ялгаа харагдаж байгаа юм даа.

Ийнхүү таамаглаж байсанчлан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа УИХ-ын чуулганд оролцож үг хэлэхдээ  “Эсэргүүцсэнгүй, Дэмжсэнгүй” гэмээр хачин байр суурь илэрхийллээ. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун Ерөнхийлөгчид дуудагдаж уулзаад яг ийм хариулт аваад гарсан тухайгаа ярьсан даа. Ц.Элбэгдорж ийм л болчихож. Түүнийг ийм л болгочихож...Товчхондоо түүний “ташуур”-т өнөөх “Сүхбаатар ташуур доторх хуйлаастай бичигээ Ленинд уншуулаад, үр дүнд нь хувьсгал гараад л байсан” өдрүүд ард хоцорчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ташуур дотор хоосон цаас хуйлаад хийчихсэн байна гээд бод доо.