Заставын амьдрал
Хилийн цэргийн амьдралыг би гадарлана. 1982 онд Сүхбаатар, Дорноговийн хилийн гурван ч отрядын хариуцах хилийн участкаар Монгол-Хятадын хил шалгах хэлэлцээнд оролцож явсных зун намрын 7 сарыг хил дээр өнгөрүүлж, хилчидтэй нөхөрлөж, заставуудаар байрлаж, дэмжүүлж туслуулж, хамгаалуулж, үйлчлүүлж явснаа эргэн дурсахад нэн таатай байлаа.
1982 оноос хойш би улсын хил дээр дахин очоогүй явсаар өнөө хүргэжээ. Энэ удаа тэрхүү түүхэн дурсамжаа сэргээлээ. Бид Аршаан-Нөмрөгийн хилийн боомтоор эх орныхоо зүүн хязгаар руу нэвтэрлээ.
Эх орныхоо хамгийн зүүн хязгаарт орших алдар түүхт Нөмрөгийн гол-Нөмрөгийн заставт Ардын хувьсгалын 97 жилийн ойн ид үеэр зочиллоо. Машины хамар давсан өтгөн, өндөр өвсөн дунд цаашаа явах газар байхгүй гэтэл нь явлаа. Онгон зэрлэг ориг байгаль чухам тэнд л байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Нөмрөгийн голд ханатлаа умбалаа. Оройдоо шумуул нь л гэхгүй бол тэнд хэдэн өдөр ч байгаад байхаар юм.
Нөмрөгийн заставын наадам, заставын оройн цэнгүүнд уригдаж хилчидтэйгээ нэг үд, нэг оройг сэтгэл уярам өнгөрүүллээ. Тэд минь сэтгэлээсээ угтаж зочиллоо. Баярласнаа илэрхийлж хэлэх бидний үгс дундрашгүй!
Миний хөвгүүдээс өөрцгүй хөөрхөн бор цэргүүд биднийг үе үе огшоож, бид ч стресс ядаргаагаа ёстой нэг тайлах шиг боллоо. "Суварган цэнхэр уул" кино үе үе сэтгэлд бууж, манай бүсгүйчүүд түүний гол дүрд түр ч атугай тоглолоо.
Бидэнд мартагдашгүй энэ дурсамжийг дархалж үлдээсэн хурандаа Эрдэнэчулуун, дэд хурандаа Батаа болон өөр хоёр заставын дарга ахмад хоёр залуу, Сүмбэрийн отрядын нийт хилчиддээ багийнхаа нэрийн өмнөөс талархлаа дэвшүүлье!
Яруу алдарт хилчдийн маань ажил үйлс, бүтээл, эр цэргийн алба өөдрөг байна. Дархан хил маань тайван байна. Хилийн тэнгэр цэлмэг байх болтугай!