Эдийн засагч Д.Батмөнх: Улсын төсөв нэг их наядаар давсан, түүнээсээ Дарханы замыг барих байтал хөнгөлөлттэй зээл авсан
Бид цаашдаа бага хүүтэй том банкуудыг оруулж ирэхээс өөр аргагүй, тэднээс үйлчилгээ авбал энэ байдал өөрчлөгдөнө.
-Банкны салбарын хүнтэй уулзсаных өнөөгийн Монголын банк санхүүгийн салбарын талаар ярилцлагаа эхэлмээр байна. Таны банкны мэргэжил эзэмших шалтгаан юу байв, ажил амьдралын замнал...?
-Миний хувьд 1991 онд 10 дугаар анги төгсөхдөө физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байсан болохоор ч тэр үү, өөрийгөө физикч юмуу одон орон судлаач болно гэсэн бодолтой л төгсөж байлаа. Уралдаант шалгалтаа ХААИС-ийн инженер-механик, Эдийн засгийн коллеж гээд шинэ нээгдсэн сургуулиудадөгөөд хоёуланд нь тэнцлээ. Тэгээд Эдийн засгийн коллежийн татварын байцаагчийн ангийг сонгоод хоёр жил сураад дундуур нь бусдын жишгээр жилийн чөлөө авч Хятад-Оросын хооронд наймаанд явсан даа. Тэгж манаргаж яваад буцаж ирж хичээлийн эрхлэгчтэйгээ, Ишцэдэн багштайгаа яриад, гуйгаад ангиа солин банкны анги болгож төгссөн юм. Эхний нэг хоёрдугаар курст манай сургуулийн брокер, банк, татвар, нягтлангийн ангийн хичээлүүд нэг их том ялгаагүй байсан л даа. Багш нар маань англи хэлтэй болохоор англи номноос орчуулаад бидэнд хичээл заадаг байлаа. Бидний үед брокерийг, банкны клеркийг мэддэг хүн гэж бараг байгаа ч үгүй. Аав ээжээсээ асуулгүй өөрсдөө л мэргэжлээ сонгож байлаа. 1995 оны арванхоёрдугаар сард сургуулиа төгсөөд шинэ байгуулагдсан “Голомт” банкинд гүйцэтгэх захирал П.Цагаан (ЕТГ-ын дарга асан) дээр ярилцлаганд орж тэнцэв. 1996 онд манай захирал Лу.Болд УИХ-ын гишүүн, П.Цагаан гуай Сангийн сайд, харин би “Голомт” банкны ерөнхий нягтлан болж хувирлаа. Тэр үед хуучнаар “ХОТШ” банкны захирал агсан н.Совд гээд сайхан хөгшинтэй хоёр жил нэг өрөөнд сууж ажилласан. Тэр хүнээс маш их юм сурсан даа. Банкинд ажилд ороод 14 хоног мөнгө тоологч хийсэн. Дараа нь нярав. Тэгээд нягтлан бодогч болж байлаа. Ажлыг доороос нь эхэлсэн. Ингээд 22 настайдаа “Голомт” банкны ерөнхий нягтлан бодогч болж байгаа юм. Шинэ банк, ер нь шинэ бүхэн гоё шүү дээ. Банкинд байхад хамгийн хэцүү зүйл зээл олгох байлаа. Одоо бол банкны сектор хөгжсөн. Тэр үед наад зах нь барьцаалах юмтай хүн маш ховор. Хүн бүрт хувийн өмч гэж зүйл байхгүй. Бизнес хиймээр байна гээд янз бүрийн гоё санаанууд яриад ороод ирнэ. Барьцаа хөрөнгө байхгүй, гэхдээ болгодог л байсан. Ер нь тэр үеийн дампуурсан банкууд гээд байдаг “Ард”, “Даатгал”, ХОТШ зэрэг банкууд энэ улсын капиталын үндэс суурийг тавьсан гэж боддог. Тэр үед эрсдэлийн үнэлгээ ч хийх боломж байгаагүй.
-Эндээс Голомт банкны бас нэгэн их түүх эхэлнэ биз?
-Тэгнэ дээ. Дараагийн асуудал нь бол банкны захирлын асуудал байлаа. ТУЗ-ийн дарга Лу.Болд, П.Цагаан гуай, М.Зоригт дарга нар ярьж байгаад ТУЗ-ийн гишүүн Д.Баясгаланг гүйцэтгэх захирлаар томиллоо. Политехникийн уул уурхайн анги төгссөн залуутай жил хагас гоё л ажилласан. Өглөөдөө балансаа барьж ороод банкны актив гэж ийм, пассив гэж ийм, ингэдэг тэгдэг гээд тухайн үедээ банкны эхний хичээлүүдийг зааж л явлаа. Д.Баясгалан захирал цаанаасаа толгой сайтай хүн учраас банкны ерөнхий юмаа гурван сарын дотор мэддэг болсон. Энгийн жижигхэн шалтгаанаас болж “Голомт” банкны ерөнхий нягтлангийн ажлаа өгч байлаа. Дөнгөж 22-хон настай би сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан. Тэр үеийн бидний сэтгэхүй бол энэ миний банк биш, хэн нэгэн хүний зарц боол, хөлсний ажил хийж байна гэж боддоггүй. Яг л өөрийн юм шиг ажиллаж байсан. Манай банкны дотоод хянан шалгагч хоёр эмэгтэй Д.Баясгалан захирал дээр ороод намайг муулж л дээ. Уг нь бол дотоод хянан шалгалтынхан ажил шалгаад “Батмөнх өө, энэ яг юу болсон юм, яасан ийсэн” гээд эхлээд надтай ярьж тодруулах байсан. Тэгэлгүйгээр шууд Д.Баясгалан захирал руу орж асуудал болгож тавиад захирал намайг дуудаад нөгөө хоёрын нүдэн дээр намайг баахан загнахгүй юу, зүгээр л ганцаараа байхдаа загнасан бол би тайлбарлаад болох асуудал байсан. Гэтэл тэр хоёрын дэргэд загнаад байхаар нь шаралхаад ажлыг нь хаяад гараад явсан. Нэг дэх өдөр манай банкны дотоод хянан шалгах газрын захирал Ганбат ах ирээд “Батмөнх өө, чи залуу хүн ингэж болохгүй ээ, Баясаа захирал ч гэсэн түргэдсэн юм шиг байна. Чи буцаж очиж уулзаад, ярилцаад ойлголцох хэрэгтэй дээ” гэсэн ч би шарандаа тэр чигтээ очоогүй ажлаасаа гарсан.
Одоо би боддог юм. Би ч гэсэн Д.Баясгалан захирлын оронд байсан бол тэгэх л байсан байх. 22 настай ерөнхий нягтлан нэг бацаан давраад, алдаа гаргавал би ч гэсэн тэгэх л байсан байх. Гэхдээ би мөнгө идсэн юм биш. Бусдын алдаа над дээр ирж, тэрийг нь судлаад, зохицуулаад, учраа олчихсон байсан асуудлыг цаг хугацааны хувьд эргэж сөхөж гаргаж ирээд, захирал загнаад, би ажлаасаа гарсан.
-“Голомт”-оос гараад юу хийв?
-Ченж хийлээ. Тэр үед Монгол улсад валют орж ирдэг ганцхан суваг нь Төв банк байсан. Эрдэнэт үйлдвэрээс өөр дорвитой томоохон экспортлогч байхгүй, бүгд импортоор. Төв банк нь доллараа арилжааны банкуудад дуудлага худалдаагаар зардаг байлаа. Тэдгээр нь Төв банкнаас худалдаж авсан ханшин дээрнэг хувиас илүү нэмж зарж болохгүй. Энэ нь долларын ханш400 төгрөг байхад 4-5 төгрөг л нэмж зарж болно гэсэн үг. Гэтэл зах дээр доллар авах, зарах ханшийн зөрүү 25-40, төгрөгийм л ченж хийж байлаа. Тэгээд нэг ангийн гурав болох Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нартайгаа “Анод”-ыг валют арилжааны компани байх үед нь танилцлаа. Тэр үед арилжааны банкуудын үйлчилгээ сайжирч, гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдээд ченжийн зах зээл хумигдаж эхэлж байсан үе. Тухайн үед банкны дүрмийн сангийн доод хэмжээ 1 тэрбум болсон байсан, тэгээд Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз ах нартай ярилцаад банкны дүрэм, бизнес төлөвлөгөөг нь бичилцэж “Анод” банкийг байгуулсан. Би “Анод” банкны Санхүү тайлан бүртгэлийн газрын захирал, дараа нь дэд захирал хүртэл дэвшин ажилласан. Миний Санхүү эдийн засгийн сургууль төгсөхдөө бичсэн дипломын ажил “Гадаад худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо” гэсэн сэдэвтэй байсан юм. Тухайн үед банкуудын гадаад төлбөр тооцооны хөгжил эхлэлийн шатандаа байлаа. Аккредитив гэхэд л ихэнх банкууд хэрэглэж мэдэхгүй зөвхөн 90 хоног хүртэлх хугацаатай импортын аккредитивийг цөөхөн банкууд хэрэглэдэг байсан. Гадаад худалдааны хамгийн гоё хэлэлцээр намайг “Анод”-д байхад болж билээ. Солонгосын талаас 360 хоногийн дараа төлөгдөх нөхцөлтэй, дахин хэрэглэгдэххудалдааны аккредитиваар бараа нийлүүлэх санал ирсэн. Номаранг гэдэг нь эндээс эхтэй. Мөнгө угаалт энээ тэрээ гээд намайг бараг бүтэн 3 жил шалгасан шүү дээ. Би чинь 26 настай байлаа, банкны нийт актив10 сая ам.доллар орчим байсан. Ийм хэмжээний банкаар Солонгосын LG, Hyundai, Hanwha, Daewoo, Kolon зэрэг дэлхийн хэмжээний компаниуд мөнгө угаана ч гэж юу байхав дээ, чааваас.
-Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбатыг “Анод” банкинд баталгаа гаргаж өгсөн гээд ид шуугьж байсан. Та ч бас “Ганц худаг”-т ороод гарсан?
-Тухайн үед Төв банк баталгаа гаргаж өгсөн бол хөрөнгө оруулалтын зээл авч болох байсан. Энэ LG international-аас тавьсан санал л даа. Жилийн таван хувийн хүүтэй, найман жилийн хугацаатай, эхний гурван жил хүү, үндсэн зээл төлөхгүй, үйлдвэрээ бариад, борлуулалт эхэлсний дараа зээлээ төлж эхлэх нөхцөлтэй. Би О.Чулуунбат ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцсан. “Наадах чинь уг нь гоё зээл байна. Гэхдээ манайд хуулиараа болохгүй. Их хурлаар оруулах хэрэг гарна, хуулиараа Төв банк баталгаа гаргаж болохгүй. Тэгэхээр хэцүү” гэж хэлээд намайг өрөөнөөсөө гаргаж байсан. Тэр үед гадны орноос мөнгө олж ирээд хүмүүст өгөөд, зээлдэгч нар маань “Дүү минь, баярлалаа” гэсэн талархлыг сонсох сайхан байсан. Ер нь бол банкныхны хийх ёстой үүрэг энэ шүү дээ. Тэгэхэд манай улсад өнөөдөр ганц хоёрхон эзэдтэй, тэд нар нь гадаадад амьдарч, ард түмний амьдралаас тасарчихсан, зээлдэгч нарынхаа бараг өмссөн хувцсыг нь, гэр оронтой нь хамт барьцаалчихаад, өрөө төлж чадахгүй болохоор нь хуу хамж хурааж авдаг ийм систем үйлчлээд явж байна.
-Одоогийн Монголбанкны талаар ярилцмаар байна. Бодлогын хүүг ер нь яагаад бууруулах дургүй байдаг юм бэ, Монголбанк?
-Бид цаашдаа бага хүүтэй том банкуудыг оруулж ирэхээс өөр аргагүй, тэднээс үйлчилгээ авбал энэ байдал өөрчлөгдөнө. Жилийн 2-3 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл, ипотекийн зээлийн хүү нь 3-4 лүү ороод явах боломжтой. Манай банкуудын хувьд ерөөсөө л хүү маш өндөр. Манай Төв банкны өөрийнх нь хүү жилийн 10 хувь. Банкууд хувь хүмүүсийн мөнгийг хадгалдаг. Банкны өөрийн мөнгө гэвэл тэр дүрмийн санд нь байгаа 50 тэрбум төгрөг л байгаа. Өнөөдөр банкуудын ашгийн түвшинг харахад ХААН банк л ашигтай ажиллаж байна. Бусад нь ерөнхийдөө ашиг багатай өөрөө өөрийгөө болгоод, чүү чай л ажиллаж байгаа. Төв банкийг 10 хувиа шууд гурван хувь болгооч ээ гэхээр ганцхан юм урдаас хэлдэг. 7-8 их наяд төгрөгийн хадгаламж байгаа. Энэ хадгаламж гадагшаа гараад явчихна. Хүү багасгачихвал хүмүүс мөнгөө авна. Ийм их мөнгө зах зээл рүү гарвал юмны үнэ нэмэгдэнэ гэсэн тайлбар хэлдэг. Уучлаарай, энэ бол доллар биш, төгрөг шүү дээ. Энэ хүмүүс төгрөгөө аваад хаачих юм бэ. Америк явах уу, Орос руу аваачиж мөнгөө хийх юм уу, хүү буурсан ч энэ хүмүүс буцаагаад л банкиндаа хийж л таарна. Энэ 7-8 их наяд төгрөгөө аваад хүмүүс гарчихна, гадагш гаргах болвол баахан доллар худалдаж авна, тэгээд ханш өснө гэсэн айдас нөгөө талдаа барааны үнэ, инфляцинэмэгдэнэ гэсэн айдаснаасаа болоод улс орноороо баахан хүү төлсөн, өр зээлэнд баригдсан байдалтай 30 жил явж байна шүү дээ. Төв банк бодлогоо өөрчлөөд, УИХ-аар хэлэлцүүлээд хүүг бууруулах цогц бодлого нэн яаралтай хэрэгжүүлэх цаг хугацаа бол өнөөдөр болсон. Амьдрал үзээгүй, гадаад дотоодод хар залуугаараа очоод сураад төгссөн, нэг л их Америк, Швейцарь, Австрали, Европын аймаар том том онол, сайн засаглал ярьсан дарга нарын хүүхдүүд өнөөдөр Монголбанкаар дүүрэн байна. Энэ залуус Монголын хөрснөөс дэндүү хол байна. Аав ээжийнхээ буянаар дандаа гялгараараа яваад ирсэн, хамгийн чухал нь амьдралын туршлага байхгүй тэр хүн Төв банкинд газрын даргын албан тушаалд тохирох хүн мөн үү. Газрын дарга хийх хүн наад зах нь арилжааны банкинд хамгийн багадаа таваас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байж дараа нь Монголбанкинд ажилламаар байгаа юм. Америкийн Төв банкны тухай хуулинд ажлын байрыг тогтвортой байлгах тухай заалт байдаг юм билээ. Манай Төв банкны хуулинд энэ заалтыг оруулаад ирвэл ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуураад эхлэхээр шууд Төвбанк руу хуулиа биелүүлэхгүй байгааг мэдэгдэж, заргалдах, шахалт үзүүлэх боломжтой болно. Гэтэл өнөөдөр ажилгүйдэл ихсэх, компани дампуурах нь Төв банкинд огтхон ч хамаагүй. Тэдний проблем нь арилжааны банкууд, тэгэхээр тэднийгээ лчангална. Өнөөх арилжааны банкууд нь хөөрхий муу харилцагч, зээлдэгч компани, иргэдээ шахаад дарамтлаад эхэлнэ. Өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч гэж нөхөр хуулинд байхгүй асар тэнэг юм оруулж ирж байгаа юм. Санхүүгийн талаар “А” ч үгүй хүн арилжааны банкуудаа гадаадын Аудитын компаниар шалгуулж, бүгдээрээ л муу үнэлгээтэй гарсан. Гадныханаар арилжааны банкуудаа шалгуулаад үр дүнд нь “Монголын банкууд нь ч гэсэн мөнгө угаадаг” гэсэн үр дүнд хүрчихлээ. Энэ бол эмгэнэл.
-Ард түмэн тэр аяараа цөхөрч, туйлдаж байна. Та бид хоёрын яриа улс төр лүү өөрийнх эрхгүй орох болох нь. Таны хувьд АН-ын ҮБХ-нд нэлээд олон жил болсон байх шүү. Яагаад АН-ыг сонгох болов, мөн яагаад намаасаа гарав?
-Хар багаасаа л Ардчилсан үзэлтэй байж дээ. Төв аймгийнАН-ын дарга асан Д.Доржпүрэв бид хоёр хорооллын 77 дугаар сургуулийн нэг анги. Нэг өдөр манай Доржоо “Мөнхөө, Сүхбаатарын талбай дээр хүмүүс цуглаан хийж байна, хувьсгал энээ тэрээ гээд яриад байна аа. Хоёулаа очиж сонирхъё” гэлээ. Бид хоёр “Од” кино театрын ардаас 13 номерын Шар хадны автобусанд суугаад Ленин клубийн буудал дээр буулаа. Автобусан дотор ах нар шивэр авир ярилцаад. Тэгээд буугаад газраас чулуу авч байгаа харагдаж байна, тэгэхээр нь дагаад хармаандаа чулуу хийлээ. Хэн рүү, юу руу шидэх гээд байгаагаа ч ойлгохгүй хоёр. Талбай дээр очиход С.Зориг агсан үг хэлж байлаа. Тэр л үед Монголд ардчилал ялснаараа жинсэн өмд өмсөж болох юм байна, Чойномын шүлгийг сонсож болох юм байна, Битлз хамтлагийн дууг сонсож болох юм байна, Чингис хааныхаа тухай ярьж болох юм байна гэсэн лойлголт авсан. Ингээд цуглаан дээр нууцаар очоодирсэний дараа Эвлэлийн төв хорооны н.Нарангэрэл гээд нэг дарга ес, аравдугаар ангийнхныг сургууль дээр цуглуулаад яриа хийлээ. “За эвлэлийн гишүүд ээ. Ардчилсан холбооны цуглаан болоод байгаа шүү. Та нар тэрийг сонирхоод хэрэггүй, очиж болохгүй. Удахгүй мартагдана. Та нар брейк гээд нэг бүжиг сонирхоод хийдэг байсан даа, яг тэрэн шиг чинь удахгүй алга болно” гээл хэлж байлаа. Сэтгэлийн юм гэдэг өөр. Миний хувьд ардчиллын төлөө хүссэн хүсээгүй явсан. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлд олон жил ажиллалаа. 2006 оны шинэ жил дээр Ж.Батзандантай анх “Чи одоо олон жил гадаадад байж ирчихээд юу гээд балай юм яриад байгаа юм. Чи юугаа мэддэг юм” гэж хэлээд л жаахан түр тар хийх маягтай танилцаж байлаа. Муудалцаж танилцаад ярилцаад ирэхэд үнэхээр дажгүй залуу. Ж.Батзандан маань 2008 онд ИХ нам байгуулаад намайг дэд даргаар ажиллах,Их хуралд нэр дэвших санал тавьсан. Даанч тэр үед би улс төрд түүхий ногоон алим байлаа даа. Дараа нь Наянтайн Ганнибал найз маань 2010 онд аймгийнхаа АН-д орох санал тавьсан. Ингээд Сүхбаатар аймгийн АН-ын ҮЗХ-нд орсон. Ингэж албан ёсоор АН-ын гишүүн болсон. 2012 онд Чингэлтэй дүүрэгт багын найз Б.Батбаатарын дуудлагаар нийслэлийн ИТХ-д өрсөлдөөд, одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үедээ дүүргийн Засаг дарга Д.Ганболдод 40 хүний саналаар ялагдаж байлаа. Сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ маань “Чи Н.Алтанхуяг дарга дээр эдийн засгийн талаар санаа оноо зөвлөгөө өг” гэсэн санал тавьсны дагуу Н.Алтанхуяг даргыг Хаан жимс амралтын газраа байхад нь анх уулзаж, санал солилцож байлаа. Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд болсны дараа Эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Баахан өр зээлтэй, Хүний хөгжил сан нь нэг их наяд төгрөгийн өртэй, Сангийн яамны уутыг нь гөвчихсөн ийм л Засгийн газарт ажилласан. Бидэнд бонд босгохоос өөр гарц байгаагүй шүү дээ. МАН 1990 оноос хойш дандаа хөнгөлөлттэй зээл авч байсан. Гуравхан хувийн хүүтэй, 20-30 жилийн дараа төлнө гэхээр хэнд ч сайхан сонсогдоно. Гэхдээ л хөнгөлөлттэй зээлийг дагаад дандаа шахаа орж ирж байдаг. Өнөөдөр гэхэд Дарханы зам хамгийн тод жишээ. 2019 онд төсвийн илүүдэл нэг их наядаар давсан. Дарханы зам ихдээ 300 тэрбум төгрөгөөр баригдана. Тэр давсан мөнгөнөөсөө 300 тэрбумаараа замаа барьчих байтал хөнгөлөлттэй зээл авсан, өнөөдөр тэр зам хаа байна вэ. Хөнгөлөлттэй зээлийг дагаад тендерт нь 28 хятадын компани орж ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн шаардлагад угаасаа Монголын нэг ч компани орж чадахгүй. Хятадуудад л ажлын байр гаргаж өгсөн. Бид 2012, 2013 онд Монголоо сурталчилаад 1.5 тэрбум долларын болон 300 сая доллартай тэнцэх иений бонд босгосон. Япон руу экспортоор ямар ч татваргүйгээр бараа гаргах Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ зурсанд тулгуурлаж бонд босгосон.
Анхнаасаа бид 500 сая долларыг зам руу, 500 саяар нь төмрийн, эсвэл зэс хайлуулах том үйлдвэр барья, үлдсэн500-г нь эрчим хүч рүү оруулъя гэж тооцоолж байсан ч эхний зээл гарах үеэс эхлээд маргаан үүссэн. Мөнгө хэрхэн зарцуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр ярьсан. Засгийн газрын бондоор ороод ирсэн мөнгийг хэрхэн зарцуулах тухай ҮАБЗ дээр ярина гэдэг инээдтэй байгаа биз дээ. ҮАБЗ-өөс “Арван жилийн дараа Засгийн газар төлөх учраас хэрхэн зарцуулах тухай ярих ёстой” гэсэн. Үндэслэл нь огт ойлгомжгүй. Дарга нарт хуваарилалт нь шог байсан болохоор ийм асуудал үүссэн. Тэгээд биднийг баахан буруутгасан. Нүүрс бол цэвэр хэлмэгдүүлэлт. Л.Гансүх ахлах зөвлөхийг өмөөрч ганц л юм хэлмээр байна. Энэ хүн АН-ын Орон нутгийн сонгуулийн төлөө ажиллаж яваад хэлмэгдсэн. 1.5 тэрбум доллартай Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Л.Гансүхэд хэрэв хэрэгтэй байсан бол нэг сая долларын зээл олдох л байсан байх. Тухайн үед нийслэлийн удирдлагыг авсан Э.Бат-Үүл даргатай багийнхан энэ хүнд талархах ёстой. Яагаад тэд энэ хүнд талархдаггүй юм бэ. Бүлгийн дарга байсан, АН-ын ЕНБ дарга байсан, УИХ-д хоёр удаа сонгогдсон, сайд байсан хүн гэр хорооллынхноос нүүрсний мөнгө идэх үү?!
2012 он болтол би АН-ын дотоод холион бантангийн талаар юу ч мэддэггүй явж. Ардчиллын төлөө зүтгэж байна, муусайн Хувьсгалт намынхан гэж зүхэх маягтай. 2012 онд Ерөнхий сайдын зөвлөх болоод дунд нь ороод жинхэнэ амбицтай хүмүүсийн цуглуулга юм байна гэдгийг мэдсэн. 1996 онд АН-ынхан ямар ч туршлагагүйгээр Засаг аваад баахан бужигнуулаад, өмч хувьчлал гэж улсын хөрөнгийг хэн нь ч авсан нь мэдэгдэхгүй болгож хаяад, дээрээс нь гол бэлгэ тэмдэг С.Зориг нь зэрлэгээр алагдсан. Энэ бүхэн тэдэн дээр бууж 2000 онд гудамжинд гарсан. Тэр үедАН-ынхан Хувьсгалт нам гэдэг энэ хадны мангаагаа хамтдаа дийлье гээд гар бариад нийлсэн. Нийлэхдээ таван нам нийлсэн. АН-ын фракцууд гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Социал демократын Гончигоо, Алтанхуяг дарга, Үндэсний ардчилсан нам Элбэгдорж тэргүүтэй хэсэг нөхөд, хуучин Ардчилсан нам С.Эрдэнэ, Монголын үндэсний дэвшлийн нам “фортуна” Батбаяр, манай Амаржаргал захирал тэргүүнтэй, Шашинтны Ардчилсан нам, энэ нам одоо байхгүй болсон. Энэ хэд нэг дээвэр дор ороод Хувьсгалт намтайгаа дайтаадяваад байсан. Ингээд явж байгаад 2012 онд 12 жилийн дараа анх удаа Засгийн газар , УИХ, Ерөнхийлөгч гэсэн төрийн бүх эрх мэдлийг авсны дараа амбиц нь задраад дотроо хагаралдаж эхэлсэн. Санхүүгийн салбарт “фортуна” Батбаяр бүгдийг нь загнаад юм хийлгэхгүй, наанаа Ерөнхий сайдаа гээд байгаа ч цаанаа очихоороо тэр хэн юм бэ гээд том дуугараад хөдлөхгүй. Дотор нь орж байж бүгдийг мэдсэн. Ерөнхий сайдын зөвлөхийн ажлыг хийгээд явж байхдаа би янз бүрээр хэлүүлээд, АТГ дээр дуудагдаад байхад юу нь гоё байх юм бэ ер нь, утгагүй биз дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хажууд ажиллаад маш их юм сурсан. Тэр хүн үнэхээр хөдөлмөрч. Эцэж ядрахыг мэдэхгүй ажилласан. Өглөө 8:20-д шуурхайтай. Орой болтол сууна. Хэзээ ч дуудаж магадгүй. Орой 21 цагт ороод ирээч өрөөнд гэдэг, тийм учраас Ерөнхий сайдыг явтал сууж л байх ёстой. Тэгж л ажил хийсэн. Үнэхээр хөөрхий, сүүлийн нэг жил тэр хүнээр ажил хийлгээгүй. Ажил хийх ямар ч боломж өгөөгүй. Ахлах зөвлөхнайзыг нь барьж аваад хорьчихсон. Хүргэнийг нь тэнд, эхнэрийг нь бас, тэнд Эрдэнэбүрэнг, Таван толгойн Я.Батсуурь гуайд хүртэл ял өгөөд явуулсан. Сүүлийн зургаан сар надтай эдийн засаг ярихаасаа илүү Пи-Ар-ын багтайгаа зууралдсан. Н.Алтанхуяг даргын Засгийн газарт ажиллаж байхдаа 2013 онд Чингэлтэй намын даргын сунгаанд орж ялсан. Чингэлтэйн намын дарга болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн төлөө ажиллаж 10400 саналаар илүүтэй ялж байлаа. Сонгуульд ялах амтыг тэр үед л мэдэрсэн. 2016 оны сонгуулиар ИЗН-аас манай нам руу С.Дэмбэрэл гишүүн орж ирж, Гарьдхүүгийн Баярсайхан, гишүүн асан Б.Мөнхтуяа, дэд сайд байсан О.Эрдэнэбулган гээд энэ хэдийгээ дэмжиж ажилласан. Харамсалтай нь ялагдсан. 2017 онд намын даргын сонгууль болж С.Эрдэнэ дарга ялсан. Улс төрд бичигдээгүй нэг хууль байдаг. Ямар ч аргаар хамаагүй ялах ёстой гэдэг. Тэр хүнийг яалт ч үгүй Ардчилсан намынхан маань сонгосон. С.Эрдэнэ даргыг яг намын ажлаар нь хүндэлдэг. Миний удирдаж байсан Чингэлтэй дүүрэг ямар билээ. Гэтэл тэнд Баянгол дүүрэг гэдэг чинь атгасан гар шиг ажилладаг байсан. Гэтэл намын даргаболонгуутаа дүүргийн намын дарга шиг ажилласан. АН-ын ҮБХ-г өөртөө нь цуг Нийгмийн даатгал, Яам эд нараар ажиллаж байсан намын талаар ямар ч ойлголтгүй, төрийн ажил хийгээд амтанд нь орчихсон, энэ хүнийг дагаад явбал хоолноосоо салахгүй гэдгээ мэдэрчихсэн, дарга болно гээд итгэчихсэн нөхдөөр дүүргэсэн. Урьд нь амбицтай байсан ч манай нам, нам шиг нам байсан. ҮЗХ нь алалцаад учраа олдог байсан. Одоо МАН алалцаад, АН алга нижигнүүлэн ташдаг болчихсон. Би энэ бүхний талаар хангалттай хэлсэн. Миний үгийг сонсох хүн байхгүй. Улс төрд орж байгаа хүн хэнтэй хамт үзэл бодол нийлээд явж байна, тэр хүнтэйгээ явах ёстой. Өнөөдөр би АН-д байсан бол ганцаараа яриад, ганцаардаад байж л байх байсан. Тэгээд Ж.Батзандантайгаа өмнө нь хэд хэдэн удаа ярилцаад ойлголцчихсон байсан учраас АН-аас гарсан даа.
-Шинэ нам тэргүүтэй 10-аад намууд эвсчихлээ. Цаашдаа ч нэлээд олуулаа болох байх. Эвслийн тухай хууль нэлээд сайн болсон учраас сонгогчдын саналыг авчихаад тарчихдаг байдал алга болж, намуудын эвсэл цаашид бат бөх оршин тогтнох байх гэж бодож байна?
-Сүүлийн 30 жил Монголын ард түмэн хоёр ууган намд итгэл хүлээлгэсэн. Юу ч өөрчлөгдөөгүй. Худал ярьдаг улстөрчид, төр дагасан олигархиуд, ядуу зүдрүү ард түмэн, эх захгүй залуустай л улс болж хувирлаа. Он удаан жил Монголыг уруудуулсан хоёр намыг ялахын тулд гуравдагч хүчнүүд бүгд нэг тал болох ёстой. Тэгж байж бид ялах болно. Аль аль талдаа амбицаа нэг шат буулгаад, атгасан шагай шиг болж нэг талдаа гарах хэрэгтэй байна.