Дүрвэгч цагаачдаар бялхсан эгэлгүй ертөнц
Эдүгээ 258 сая хүн буюу манай гаригийн нийт хүн амын 3.4 хувь нь эх орноосоо гарч харьд аж төрж байна. Эдэн дотор манай монголчууд багахан хувийг бүрдүүлнэ
Эдүгээ 258 сая хүн буюу манай гаригийн нийт хүн амын 3.4 хувь нь эх орноосоо гарч харьд аж төрж байна. Эдэн дотор манай монголчууд багахан хувийг бүрдүүлнэ
Мигрант, дүрвэгч гэсэн хоёр өмнөө хүн сүрэг байна. Эхнийхийг цагаач хэмээн монголчилсон. Тэгж ч дассан. Түүхнээ байсан үзэгдэл, нийгэмд байсаар ч байна. Харин хоёр дахийг монголчууд тэр бүр мэдэхгүй, харин нүүрлээд ороод ирэх вий гэсэн айдас лав надад бий. Рохинжа, сири, ирак, араб, афганы дүрвэгсдийг Монгол руу хөөж явуул гэх сэтгэхүй Европт мэр сэр төлөвшсөнийг би маш эмзэглэн хүлээн авч буй нэгэн.
Мигрант (Migrant) –товчхондоо аж амьдралаа сайжруулахаар эрэлд гарч, өөр улс орнууд руу очсон хүн. Тэд ажил олж хийх, мөнгө олох хүсэлтэй. Тэр хүслийг нь ч цаад улс нь дэмжиж болно. Солонгост ажил эрхэлж “хар”-аар буй 40 мянган монгол бол мигрант юм.
Дүрвэгч (Refugee буюу оросоор “Бе́женцы”) – амь нас, эрх чөлөөгөө аюулаас хамгаалж эх орноо орхин одсон хүн. Мигрантаасаа дүрвэгч юугаараа ялгарах вэ? Мигрант бол ажил эрхэлж болно, тэр нь давуу тал нь. Тэгвэл дүрвэгч нь орогнох эрх эдэлнэ, олон улсын эрх зүйгээр хамгаалагдана. Жишээ нь Италийн эрэгт нэг мигрант өөрийгөө дүрвэгч гээд нэрлээд очдог, дүрвэгч болж хувирдаг. Тэгвэл дүрвэгчийг албадан буцаах нь олон улсын эрх зүйгээр хууль бус. Хэрэв цагаач хүн цаад улсынхаа хилийг хууль бусаад нэвтэрсэн бол албадан гаргах эрх нь нээлттэй. Дүрвэгч дээр ярилтгүй.
Migration – товчхондоо цагаачлалыг ерөнхийд нь нэрлэнэ. Дотроо эмиграц (Emigration) буюу эх орноо орхин аль нэг улс руу гарах, мөн имиграц (Immigration) буюу аль нэг улс руу цагаачлан орж ирэх үзэгдэл гэж ялгарна. Энд үгийн эхний хоёр эгшгийг хольж сольж ярих явдал түгээмэл тул хэргээр тайлбарлаж байна. Эдийн засгийн мигрант, дотоодын мигрант, мигрант-ажилчин гээд гээд бас ялгаатай.
Солонгост байгаа монголчууд бол сүүлчийн ангилалд багтана, харин дотоодын мигрантдаа Улаанбаатар хот нь дарагдчихаад сэхэл авахгүй яваагаа “Migration”-ы онолоор тайлбарлаж тэр үүднээс эрх зүйн зохицуулалт хийхгүй бол болохгүй болсон цаг учраас би хэргээр Улаанбаатарт нүүж ирэгсдийг өөр статустай болгох тухай ярьж, санал болгож байна. Тэднийг хөдөө рүү нь буцаах тухай төр-засгийн түвшинд түгшин ярьдаг болсон бол “Та нар бол Internal migration-оор орж ирэгсэд шүү” гээд шууд зарлачихмаар байна. Нийслэл дэх хөдөөний шилжин ирэгсэдтэй ажилладаг тусгай алба Хууль зүйн яамны харьяанд байх шаардлагатай юм.
Хилийн чанадад бядан яваа монголчууд дотортохиолддог нэг зовлон бол тэд өөрсдийгөө аль ангиллын хэн бэ гэдгээ тодорхойлж чадахгүйд байх шиг санагддаг. Тэд “Migration” гэдгийг ухаж судлаагүй ойлгоогүй үедээ хил давдаг. Герман ба Европын Холбооны улсуудад тохиолддог түгээмэл үзэгдэл бол тийшээ очсон, харласан монголчууд мигрант, дүрвэгч хоёроо ялгадаггүй, цагаачлая гэхлээр нь цаадуул хориг тавина. Аж амьдралаа сайжруулахаар очсон гэдгийг цаадуул нь хүлээн авахгүй. Учир нь 60 сая малтай, газар дээрээ ба дороо асар их баялагтай, далай шиг уудам газартай, дайн байлдаан тохиогоогүй аз жаргалтай Монголдоо буц л гэнэ. Монголд ажилгүйдэл, ядууралтай гэвэл бүр хавьтуулахгүй. Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөгөө эдэлсэн Монгол дахь тэр дотоод бэрхшээл европынхны буруугаас болоогүй, тэр падгүй гэнэ. Хэрэв эдийн засгийн мигрант болох гэж очсон бол тусгай мэргэжил, ур чадвар, цаад байгууллагын урилга заллага шаардана. Тэр нь байхгүй. Мухардсан монголчууд өөрсдийгөө дүрвэгч (Refugee) болгож амь гарахыг бодон дүрвэгсдийн хуаран руу чиглэнэ. Тэндээ байцаалтад орно.Монголд амь нас, эрх чөлөөгөө хамгаалуулах нөхцөл бүрдсэн үү гэхэд хэлэх үггүй. Ямар нэг аюулаас хамгаалж эх орноо орхин одсон монгол хүний дүрд тоглохын тулд гүтгэлэг хийнэ, шашны хавчлага, ижил хүйстний зовлон ярьж хэд хоног тэндээ аргацаана. Монгол бол Хойд Солонгос шиг биш гэдгийг цаадуул нь мэдэлгүй яахав, тэгээд хөөрхийс буцаагдана даа. Буцахгүй гэсэн нь оргож, гэмт хэргийн бүлэгт элсэнэ. Европ даяар хил дамжсан хулгайн сүлжээнд монголчууд олноороо оролцож буй нь дүрвэгч болж чадаагүйчүүдийн амь зуух арга нь.
Эдүгээ даян дэлхий миграцын хямрал гэхээсээ дүрвэгсдийн хямралд автсан. Цагаач голлоод тоон үзүүлэлтээр Энэтхэг толгой цохино (17 сая), Мексик (13 сая) удаална. Залгаад Орос, Хятад, дүрвэгсэд голловол Сири, Бангладеш, Пакистан, Украин гэхчлэн тус бүртээ 6-11 саяыг тээж яваа махан тоо байна.
Frontex хэмээх Европын Холбооны хилийн албаны мэдээлэл 2015, 2016, 2017 оноор байна. Дүрвэгсдийг хүлээн авдаг үзүүлэлтээр Герман, Франц, Швед толгой цохиж, Латви, Эстон сүүл мушгина.
Тоон үзүүлэлтээрээ Арабын орнуудаас дүрвэгч цувж өгснөө 2015 онд дээд оргилдоо хүрчээ. 2016 оноос буурч, 2017 онд дахин буурсан зураглал байна. Хоёр гурван шалтгаанаар буурсан гэжээ. Юуны өмнө 1) Европын Холбоо баТуркийн хооронд байгуулсан хэлэлцээрээр Туркэд ихээхэн мөнгө олгож байж тэнд нь тогтоож авсан гэж байна. 2) Хоёр дахь нь Сири, Иракт “Лалын улс” хэмээх лалын террорист байгууллагыг устгаж дуусч байгаа, ерөнхийдөө дайн шувтарч байгаа тул сиричүүд дүрвэхээ больж эхэлсэн аж. 3) Европт бус Ливид дүрвэгсдийн хуаран байгуулахаар шийдвэрлэсэн нь европынхны хүсээгүй ачааллыг зөөллөж өгөхөөр юм. Гэхдээ энэ гурван шалтгаанаас тэр “Лалын улс”-ыг ялж даран сөнөөж байгаа нь л бодит шалтгаан болохоос бус Турк нэг л өдөр хэлэлцээрээ цуцлаад Босфорын хоолойгоор хилээ зад нээгээд өгөхөд Европ барьц алдана. Ливийн хуаран ирээдүй цаг дээр учраас бас баталгаагүй.
Италийн Дотоод хэргийн сайд Марко Миннити гэгчийн ярьснаар Европын Холбоо руу Италиар дамжиж очдог дүрвэгсэд, цагаачдын урсгал багасах “хонгилийн үзүүр”-т гэрэл харагджээ.
Frontex-ийн мэдээллээр Сириэс чухам хэн дүрвэдэг сонин статистик байна. 18-аас дээш настай, суннит шашинт эрчүүд 2015 онд давамгай гарсан, тэр нь ч европчуудыг түгшээсэн (европ охид эмстэй гэр бүл болчих вий гэдгээс, бас зүсээ хувиргасан террорист байж болно) бол одоо байдал дээрдсэн, тоо нь багассан, ихэнхи нь Туркэд саатуулагдан үлдсэн гэж байна. Европ руу дүрвэгсэд, цагаачдаа их тоогоор илгээдэг улс орнуудын нэрс тодорчээ. Газар дундын тэнгисийн дорнод хэсгээр энэ оны эхний 10 сард Грекээр дамжин очдогт Сири толгой цохижээ. 2016 оноор авч үзвэл Сири нь 13115 хүнээ Европ руу шингээжээ. Залгаад Ирак (5747 хүн), Афганистан (3238 хүн); хуучин Югославаар дамжин Европ руу зүглэсэн Пакистан (3560), дахиад Афганистан (2875), Ирак (802); Италийн эрэгт газардаад Европ руу нэвтэрсэнээр Нигериа (17467),Гвиней (9374), Кот-д'Ивуар (8940); Испанийн эрэгт газардаад Европ руу тарж байрласнаар Марокко (3167), дахиад Кот-д'Ивуар (2446), Гвиней (1770 хүн) гэх мэт жагсаж байна.
Өөр, бүр ноцтой жагсаалт. Манай хил залгаа хоёр хөршид дүрвэгч, цагаач хэр хахдаг вэ? Хятадад байдаггүй гэсэн албан ёсны хариуг Бээжин өгдөг бол хойд хөрш маань 2016 онд 16.4 сая мигрант хүлээн авсан, тэдний 70 хувь нь хуучин СССР-ийн улсуудаас очсон гэх мэдээг До яам нь тараажээ. Дайны дүрвэгсэд багахан хувийг эзлэх ба тэд нь Донбассаас очигсод голлоно. Оросоос наашаа хил давбал яах вэ гэдэгт бид хариулт байна уу?
Цагаач ба дүрвэгсдийн ихэнхи нь дэлхийн 10 улсад хоргодож буй, тэр 10 улсыг АНУ магнайлна, тэнд АНУ-ын иргэн бус 49.8 сая хүн бий. Орос удаална. Араас нь тус бүр 12 саяыг нийгэмдээ шингээсэн Саудын Араб, Герман жагсана. НҮБ-ын судалгаагаар бол, 2000онд даян дэлхийд цагаачлан явагсдаас өнөөгийн 250 сая гэдэг нь 49 хувиар их байна гэсэн үг аж.Дэлхий даяар хэрэн яваа дүрвэгсэд, цагаачдын 74 хувь нь (20-64 настан) хөдөлмөрийн насныхан, харин бүх дэлхийд нийт хүн ардын 57 хувь нь хөдөлмөрийн насных байна. Тэр утгаар даян дэлхий дэх мөнгөн урсгалд цагаачдын олдог орлого 429 тэрбум доллар хүрч, эдийн засаг-санхүүгийн чамгүй хувийг тэд бүтээлцдэг байх юм.
Сэдвээс хазайхгүйгээр 2016 оны баримт сөхөн Монголдоо хамаатуулан, би өөрөө биер байлцсан нэгэн түүх өгүүлье. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлахад хэлэлцээнд би сууж байсны хувьд нууц дэлгэж байна.
Тэрээр дэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэх асуудал дээр танай улс ямар үүрэгтэй оролцох гэж байна хэмээн Монгол Улсын Гадаад хэргийн сайдаасасуугаад “Жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас хүлээн ав” гэж санал тулгасан. Хариуд нь“Манай улс төвийг сахисан статустай учраас бид анхнаасаа энд оролцоогүй” гэсэншүү xapиyлт өгөөд нэг удаа ам тагласан. АНУ-ын ТНБД-аас бас нэг санал тавьсан. Хэрэв 3000 дүрвэгч хүлээн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Тэгэхлээр АНУ-ын ТНБД-ын тулгасанчлан, хэрэв одоо Трампын засаг захиргаа хүсвэл, түүнийгээ НҮБ-аар албажуулж биднийг албадвал Монголд ирж байрлах дүрвэгсдийн цуваанд Сири, Ирак, Афганистан, Пакистан, Нигериа, Гвиней, Кот-д'Ивуар гээд жагсаж өгөх нь байна. Дээр нь Рохинжа нарыг Монгол руу илгээе гээд НҮБ-ын индэр дээрээс нэг солиот нь хашгирчих вий гэхээс би үнэхээр түгшиж байна.
Frontex руугаа оръё. Итали руу явдаг маршрут дүрвэгсэд цагаачдад үлэмж танигдсан, түгээмэл хэрэглэгддэг. Тэр маршрутыг Нигериа, Гвиней, Кот-д'Ивуар, Бангладешийн иргэд ашиглаж байгаа, өмнө нь “Арабын хавар”-ын үймээний үед тунис, ливи, египетчүүд хангалттай ашигласан. Завь салан дээр хувь заяагаа даатгаад хөвж очдог замын тухай ярьж байна. Эрсдэл ихтэй, үхэл хагацлаар дуусдаг зам. Сирийнх л биш бол бусдыг нь дүрвэгч гэж хүлээн авах, тэгж өөрсдийгөө ойлгуулах нөхцөлгүй тул миграц гэх ангилал руу оруулдаг. Итали орох замдаа энэ оны эхний 11 сард 2800 хүн үхсэн гэх тоо байна. Харин энэ статистик европчуудыг айлгахаасаа өнгөрсөн, бараг болж гэхийн наагуур хүлээн авдаг болсон, бас дүрвэж яваа нь ч ийм тооны үхлийг сөрсөөр хөвсөөр байгаа.
Ерөөсөө цагаач, цагаачлал, дүрвэгч, дүрвэгсэд гэдгээ монголчууд сайтар ойлгож судлаж мэдэх хэрэгтэй. 1951 онд НҮБ Дүрвэгсдийн статусын тухай Женевийн конвенц гэдгийг батлаад мөрдчихсөн. Хэлмэгдэж хохирсон сүрэг хүн дүрвэгсдийн ангилалд багтана: арьс өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, нийгмийн анги бүлгийн хамаарал, бэлгийн ориентац, улс төрийн итгэл үнэмшил, аль нэг гадаад оронд очоод хавчигдаж тусламж авч чадаагүй, иргэний харьяалалгүй, нутаг орноосоо хүчээр хөөгдсөн гээд бүх нөхцлүүд нь өнөөгийн ардчилсан Монголд байхгүй тул дүрвэгч болно гэдэг монгол хүнд нэн амаргүй хэрэг юм. Дүрвэгсдийн1951 оны Конвенц, 1967 оны Протоколыг судлах хэрэгтэй юм. НҮБ-д Дүрвэгсдийн хэрэгэрхлэх Дээд комиссарын газар гэж ажилладаг. Хэрэв дайн тулааны хөлд нэрвэгдвэл Олон улсын улаан загалмай дэмжиж ажилладаг. НҮБ-аас 2001 оноос жил бүлийн 6 дугаар сарын20-ныг Бүх дэлхийн дүрвэгсдийн өдөр хэмээн тогтоож тэмдэглүүлж ирсэн гэх мэт баримтуудыг мэдүүштэй.
МЯНГАНЫ СУУТ ХҮН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН - ИЛ ЗАХИДАЛ
Дэлхийн мянганы суут хүн их эзэн Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын тухай Та бидний өнөө үеийн монголчуудын сэтгэлд хүрсэн, урам зоригийг бадраасан ил захидлын цомогийг санал болгож байна.
Ялангуяа гадаадад олон жилээр суугаа монголчуудад бэлэг дурсгал болгож хүргэхийг хүсч байна.
Их эзэн чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Монгол Бахархал зэрэг уран зургийн олон бүтээл бүхий
ил захидлын цуглуулга. Үнэ: ердөө 15.000₮.
Дэлгэрэнгүйг: https://goo.gl/rXccjN
Утас: 976-11-312069, Гар утас: 99113966, 9305-0709, 9514-9496