Мягмарын Саруул-Эрдэнэ: Монгол хэл-уран зохиолын багш олон тийшээ хөрвөж болох сайхан мэргэжил
АНУ-д ажиллаж амьдарч байгаа “Эх хэл бичиг” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ саяхан эх орондоо ирж, сэтгүүлийн редакцийнхантайгаа уулзан, халуун дулаан яриа өрнүүлэв.
Эх хэл бичиг сэтгүүл №9
АНУ-д ажиллаж амьдарч байгаа “Эх хэл бичиг” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ саяхан эх орондоо ирж, сэтгүүлийн редакцийнхантайгаа уулзан, халуун дулаан яриа өрнүүлэв. Хүний газар, гүний нутагт эх монгол хэлнийхээ төлөө “хоногт хорин таван цаг байдаг юм шиг” цаг зав зав бүхнээ зориулан зүтгэж, бүтээж яваа Зөвлөлийн гишүүнийхээ ажил амьдралын сониноос уншигчдадаа хүргэе.
Редакцид болсон яриа
Монгол хэл соёлын салбарт идэвх, зүтгэлтэй ажиллаж байгаад тань баяр хүргэе. Та алс Америк оронд суугаа ч хэл соёлтой холбоотой олон өөр салбарт монголчуудынхаа сонорыг мялаах амжилт арвинтай явна. Хэл шинжлэл, монгол хэлний талаар хэр бүтээлтэй байна даа?
Баярлалаа. Би 1994 онд МУБИС төгссөнөөсөө хойш монгол хэлээ заасаар явна. Монголдоо шинжлэл, үгзүй, түүхэн хэлзүй зэрэг хичээл голчлон заадаг байсан бол АНУ-д гадаад хүмүүст монгол хэл, насанд хүрэгчдэд монгол бичиг, хүүхэд залууст мөн монгол хэл соёлын хичээл зааж байна. Монгол хэл заахынхаа хажуугаар монгол хэлний судалгаагаа үл орхихыг хичээн, орчин цагийн монгол хэлэнд өдгөө болж буй хувьсал өөрчлөлт, зөв бичих зүйн дүрмийн асуудлыг сонирхон үзэж байна. Энэ чиглэлээр жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд илтгэл тавьж байгаа.
Орчин цагийн монгол хэлэнд одоо болж байгаа хувьсал гэхээр сонин дуулдаж байна. Тодорхой юм юу мэдэгдэж байна вэ?
Хэлний өөрчлөлтийг шууд ажиглах боломжгүй, харьцуулан судалж мэднэ. Ринчен гуай аливаа хэлний өөрчлөлтийг цаг, минут, секундын зүүтэй адилтган өгүүлсэн байдаг. Нэг минут дотор хүн цагийн зүүг хэрхэн өөрчлөгдөж байгааг харж мэдэж болдоггүйн адил хүний хэл тэр бүр анзаарагдахгүй атлаа тасралтгүй, аажмаар хувьссаар байдаг. Өгүүлбэрзүй, үгзүй, авиазүйн бүхий л түвшинд энэ өөрчлөлт болж буй. Ялангуяа хэлний сэтгэлгээ юуг чухалд тооцох вэ гэдэг надад их сонин байдаг. Жишээ нь зарим хэлэнд хүйс, зарим хэлэнд амьтай амьгүй эсэх чухал байдаг ч юм уу? Монгол хэлэнд өдгөө хүн ба хүн бусыг ялган заах хандлага гарч байгаа нь сонин. Мөн аливаа юм үзэгдлийн бодот тодорхой, хийсвэр ерөнхий эсэхийг хэлзүйн түвшинд ялгаж эхэлж байна. Үйл үгийн хувьд бол цаг-байдлын харьцаа нэлээд нарийсаж, аливаа үйлийн нүдэнд харагдаж өнгөрсөн эсэх, зохистой зохисгүй үйл явдал эсэх нь манай хэлэнд илүү чухал болж ирж байна. Ер нь иймэрхүү байдлаар хэлэнд хэлзүйн ямар нэг өвөрмөц тодорхой утга буй болбол тэрийг нь илэрхийлэх хэлбэр заавал гарч ирдэг, эсрэгээрээ ямар нэг хэлбэр байгаад байвал түүнд ногдох утга бас гарч ирдэг сонин зүй тогтол бий.
АНУ-д эрхэлж буй үндсэн ажил чинь ачаалал ихтэй юү?
Үндсэн ажил маань гэвэл АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд монгол хэл зааж байна. Ажлын найман цагаар. Өдөртөө 4-5 цагийн хичээлтэй. Үүнээс гадна хичээлийн дараа, хувиараа, ялангуяа монгол судлаачдад, ойрхон нэгэнтэй нь уулзаж, хол нэгэнд нь скайпаар монгол хэл заадаг. АНУ-ын их дээд сургуулиудад Монгол судлалын чиглэлээр доктор, мастерын зэрэг хамгаалсан овоо хэдэн хүнд монгол хэл заачихлаа. Энэ ажил маань монгол хэл заахын хажуугаар тэдний хийж буй судалгаатай танилцах сайхан завшаан олгодог юм. Саяхны нэг жишээ гэвэл Торонтогийн их сургуулийн хятад судлаач багш Жэннифер Пуртл авхайг монгол судлалд “уруу татан”, монгол бичиг зааж өгсөн. Бас мэргэжлийн түвшинд шалгагч багш болохынхоо хувьд монгол гадаад оюутнуудын хэлнийх нь мэдлэгийг албан ёсоор үнэлж өгч байна.
АНУ-д байгаа монголчууд маань тан руу хэр хандаж байна вэ?
АНУ-д анх удаагаа “Монгол хэл соёлын зуслан” санаачлан хэрэгжүүллээ. Ажаа гэгээний төв дээр зундаа АНУ дахь монголчуудын хүүхдүүдийг цуглуулан зуслан хичээллүүлсээр 9 дэх жилтэйгээ золгож байна. Нүсэр том ажил болдог юм аа, тэр. Монгол хүүхдүүдийг монголоор нь хадгалах гэж тэр шүү дээ. Бас нэг удаа насанд хүрэгчдийг цуглуулан монгол бичгийн зуслан хичээллүүлсэн, маш амжилттай болсон. Харамсалтай нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод монгол бичгийн зуслангаа ахин ажиллуулж чадахгүй байна.
Та “Үгийн уурхай” гэж нэвтрүүлэг бэлдэж явуулдаг байсан. Одоо зурагт, хэвлэл мэдээлэлтэй хэр ойрхон ажиллаж байна даа?
Тийм ээ. Би эх хэлний аюулгүй байдал, гадаад үг үсгийн довтолгоон, найруулан бичих зүй ёс, зөв бичгийн алдаа гээд олон сэдвээр бүр 1998-1999 онд долоо хоног тутмын нэвтрүүлэг бэлдэн, Монгол ТВ-ээр нийтэд хүргэдэг байсан маань хоёр жилд 108 дугаар болж байлаа. Ард нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан юм. Одоо тэр үетэй харьцуулахад нөхцөл бололцоо улам ч өргөн болж. Дэлхий хавтгай болж буй өнөө үед ертөнцийн хаана сууж байгаагаасаа үл шалтгаалан, залууст хэлний мэдлэг олгоод байж болохоор болж. Сүлжээний ач тус л даа. Тиймээс энэ боломжийг ашиглан, Нүүр номд “Зугаатай хэл шинжлэл” хэмээх бүлгэм ажиллуулж байна. 17 мянга гаруй гишүүнтэй, нэгнээсээ мэдэхгүй юмаа асуугаад явчихдаг, буруу зөрүүгээ хэлэлцдэг бүлгэм. Зөвхөн тэр бүлгэмийн хүрээнд төдийгүй, өдөр тутам Нүүр номын болоод Жиргээний хувийн зурвасаар хэдэн арван асуулт ирдэг. Ихэвчлэн зөв бичих дүрэм, найруулгын холбогдолтой. Өглөөдөө ажлаасаа өмнө бүтэн цаг гаргаж, тэр бүгдэд хариулж байна. Энэ сүлжээ гээчийг зөв ашиглавал уг нь боломж их аж. Харамсалтай нь хэрэлдэх, нэгнээ чадах хэрэгсэл болгочих гээд бас бүлгэм ажиллуулах ч хэцүү юм аа. Заримдаа 17 мянган хүнийг зохицуулж чадахгүйд хүрч байна. Гэхдээ хамгийн муугаар бодоход эх хэлээ судлах, зөв сайхан хэрэглэх хүсэл сонирхолтой, дор хаяж 17 мянган хүн байна гэдэг чамлахааргүй тоо.
Олон нийтийн хэлний боловсролд зориулан хийж буй өөр нэг ажил маань гэвэл хэл шинжлэлийн онолыг зугаатай, хөнгөн, уншихад хялбар аргаар бичиж залууст хүргэх. Энэ ажлынхаа хүрээнд “Сонирхолтой хэл шинжлэл”, “Зугаатай хэл шинжлэл” гэж хоёр ном бичиж гаргалаа. Бас “Монголын нууц товчоо”-г хүүхэд багачуудад зориулан хялбаршуулж, монгол-англи тэл хэлээр хэвлүүлсэн.
Манай хэвлэлүүдээр Монголд суугаа сэтгүүлч уран бүтээлчдээс дутуугүй таны бүтээл гарах юм. Нэрээр тань хөөн уншдаг ч хүмүүс олон байх шиг байна. Энэ их ажлын хажуугаар яаж амжуулдаг юм бол?
Монгол хэлний мэргэжилтэй шууд холбоотой нэг ажил бол хэвлэл мэдээллийн салбар билээ. Найруулан бичих чадвар гэдэг талаасаа энэ хоёр мэргэжил шууд холбогдоно л доо. Тийм ч учраас би бас хэд хэдэн сэдвээр бичих дуртай. 2005 оноос 2007 оныг хүртэл “Үнэн” сонины, 2007 оноос 2011 он хүртэл МонЦаМэ агентлагийн, 2011 оноос өнөөг хүртэл “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь албан ёсны сурвалжлагчийн ажлыг гүйцэтгэж байна. Манай “Өдрийн сонин” одоо бүр АНУ-д сурвалжлах багтай болсон, болж буй мэдээ мэдээллийг зөвхөн цаасан сониноороо төдийгүй Жиргээ, Нүүр ном зэргээр цаг алдалгүй дамжуулж байгаа. Гол бичиж буй чиглэл маань гэвэл АНУ дахь монголчуудын ажил амьдрал, Монголтой холбоотой үйл явдлууд, Монголыг дагнан судалсан эрдэмтдийн амьдрал намтар гэх мэт. Би ер нь хэл шинжлэл, Монгол соёл, Монгол судлал, танин мэдэхүй, спортын чиглэлээр бичих сонирхолтой. АНУ-д болж буй Монголын холбогдолтой элдэв чухал үйл явдлыг цаг алдалгүй таниулахыг мөн хичээж байна. Ажлаасаа ирээд л нийтлэл, сурвалжилгаа сийрүүлэн суудаг. Ярилцлага, сурвалжилга, нийтлэл, тэмдэглэл зэргээ эмхэтгэн “Манайхан Америкт” хэмээх ном гаргасан байгаа. Сүүлийн үед бичсэн нийтлэлүүдээ хэвлүүлээгүй, учир нь уншигчид “Өдрийн сонин”-оос гадна Баабар.мн, Тайм.мн зэрэг сайтаас унших боломжтой юм.
Николас Поппегийн “Дуртгал” таны орчуулгаар монгол уншигчдад хүрсэн. Орчуулга хэр хийж байна?
Ажлын хажуугаар бага сага юм орчуулах, ялангуяа англи орос дуу орчуулах хоббитой байлаа. Тархиа амраах зорилготой гэх үү дээ. Дууны орчуулгаар гурван ч жижиг ном хэвлүүлсэн. Сүүлийн үед харин овоо томхон орчуулга барьж авдаг болоод байна. Том номын орчуулга хэцүү юм нь цаг их авна л даа. Бас албан ёсны эрх энэ тэрийг нь хөөцөлдөх нь ажил ихтэй байдаг. Поппегийн “Дуртгал” дээр жил шахам ажилласан. Дараа нь Сас Кари гэж америк эмэгтэйн бичсэн “Миний зүрхэн дэх цаатнууд” номыг орчуулж хэвлүүллээ. Их сонирхолтой ном бий. Бас нэг томоохон орчуулга маань бүр 1720 онд франц хэлээр бичигдээд англиар орчуулагдсан Монголын түүхийн нэн ховор ном. Энэ ном удахгүй хэвлэгдэхээрээ манай түүхчдэд олон сонин мэдээ сэлт өгөх байх. Яг одоо бас нэг номын Монголд хэвлэх эрхийг аваад ажиллаж байна. Их сонин ном, одоохондоо хэний ямар ном болох нь нууц байг.
Монголчуудынхаа бүтээлийг дэлхийн уншигчдад хүргэх бодол бий юү?
Монгол шүлэг найргаас англи хэл рүү орчуулж, барууны уншигчдад хүргэх гэж нэг оролдох нь оролдсоон. Аюурзана Монголын хамгийн шилдэг гэсэн тавин богино шүлгийг сонгон түүвэрлээд би англи хэл рүү орчуулж, зураач Цолмон монгол бичгээр бичин, зураг чимэглэлийг нь хийж нэг хамтын бүтээл гаргасан байгаа. Монгол шүлэг уншиж үзээд гадныхан их л сонирхдог юм.
Конгрессын Номын Сангийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
Үндсэн ажил маань монгол хэлний багшийн ажил гэж өмнө хэлсэн. Конгрессын Номын Санд хагас сайн өдрүүдээр очиж, монгол ном судрыг нь эмх цэгцэд оруулж өгч байна. Дэлхийн хамгийн том номын сан гэж зүй ёсоор тооцогддог энэ их хүрээлэнд нэн ховор монгол ном судраас аваад орчин цагийн чухал номууд ч бий. Кирил, монгол, тод үсгээр бичигдсэн ном ирдэг учраас тэд өөрсдөө каталогид оруулж чадахгүйд хүрдэг юм. Ер нь Вашингтон хотноо ирсэн зочдоо би энэ номын санд айлчлуулах дуртай. Яг л суугаад судалгааны ажил хиймээр сайхан орчин бий дээ. Гагцхүү монгол номыг унших, хэрэглэх тал нь учир дутагдалтай байна. Манайхнаас бараг уншдаггүй, голдуу Монгол судлаач гадаад эрдэмтэд л сууж харагдах юм.
АНУ дахь монгол судлалын талаар бид ихэвчлэн танаар дамжуулан уншиж, мэдээлэл авч байна. Та бүхний зохион байгуулдаг Монгол судлалын хурал анхаарал ихээхэн татаж байгаа.
АНУ дахь монгол судлал хуучин төмөр хөшигний үетэйгээ харьцуулахад муудав уу гэвэл үнэн. Үүнийг сэргээх, сонирхол төрүүлэх шаардлага байгаа нь бас үнэн. Учир нь аливаа их гүрний улс төрчид элдэв шийдвэр гаргахдаа юуны түрүүнд мэргэжилтнүүдтэйгээ зөвлөдөг юм. Гэтэл тийм мэргэжилтэн цөөрчихвөл яах вэ? Цөөрөх ч юу ч биш, зарим тодорхой нэр бүхий улс өөрсдийнхөө хүний бүх цалин хөлсийг даагаад АНУ-ын том том сургуулиудад профессороор илгээж байна. Сургуульд нэн ашигтай тул хүлээгээд л авч байна. Хэдэн жилийн дараа Монгол судлал гэхээр тэр нөхөд дуугардаг болж эхэлбэл ямар вэ? Энэ бүх шалтгааны улмаас эндэх Монгол судлалыг сэргээх хөгжүүлэх талаар чадах бүхнээ л хийж, зориулж байна. Хувь хүний чармайлт гэхдээ бараг юм болдоггүй юм аа. Тиймээс Монгол нийгэмлэг, Америкийн Монгол Судлалын Төв гэж гол хоёр байгууллагын хоёулангийнх нь Удирдах зөвлөлд ажиллаж, тус болохыг хичээж байна. Өөрөө Монгол Соёлын Төвийг анд нөхдийнхөө хамт үүсгэн байгуулж, Монгол судлалын нэг гал голомтыг Вашингтон хотноо асаахыг эрмэлзэн ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд Элчин Сайдын Яамтайгаа хамтран Монгол судлалын бага хурал хийдэг юм. Энэ жил 9 дэх удаагаа болно. Үгүй яах вэ, улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авч үзээгүй, иргэдийн санаачилгаар үүссэн хурал гэхэд амжилттай шүү. Олон улсад нэр нь түгээд, одоо АНУ-даа бол яг монгол судлалаар болдог хамгийн олон салбар хуралдаантай, хамгийн том хурал нь болоод байна. Энэ жил гэхэд л 5 сард Монгол, АНУ-аас гадна Япон, ОХУ, Казахстан, БНСУ, Их Британи, БНХАУ-ын монгол судлаачид ирж илтгэл тавина. Хурлын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад, хөтөлбөр сэлт дээрээ ид ажиллаж байна.
Бас АНУ-д Монголыг судалж буй эрдэмтдийг сурталчлах, намтар бүтээлийг нь тодруулах, монголчууддаа таниулах үүднээс “Индианагийн их сургуулийн монгол судлаачид”, “АНУ-ын монгол судлаачид” гэж хоёр ном бичиж хэвлүүлсэн байгаа. Поппе, Кливез, Латтимор, Мостэрт гэх мэт нэрт эрдэмтдийн бүтээлтэй нь нарийвчлан танилцсанаас гадна гэр орон, сургууль тэнхимээр нь орж сурвалжилсан хэрэг.
Таван өдөр хичээл зааж, оройдоо орчуулга, нийтлэл бичээд, хагас сайндаа Конгрессын Номын санд ажиллана. Амрах цаг зав гарч байна уу?
Амрах гэж хэлж болох юм, ажил ч гэж болох нэг зүйл бий. Хөлбөмбөгийн нэг баг байгуулсан, монголчууд бид эндээ лийгтэй, бүтэн сайндаа хүч үзнэ шүү дээ. Идэвхтэй сайхан амралт болдог. Нөгөө талаар ажил гэж хэлж болно гэдгийн учир нь олон сайхан залуусыг нийлүүлж нэг баг болгосон болохоор эв нэгдлийг нь бэхжүүлэх, нөхцөл бололцоогоор нь хангах гээд дасгалжуулагчийн шахуу ажил хийгээд яваа юм. Эхнээсээ амжилтад хүрч, энэ жил манай баг аварга болсон байгаа. Бас Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах зөвлөлд ажиллан, тэмцээн уралдаан зохиох ажилд хувь нэмрээ оруулах санаатай үзэж байна. Хол газар байгаа монголчуудыг холбох, нөхөрлүүлэх нэг том хөшүүрэг нь спорт байгаа юм.
Монгол хэл, хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх ажил, орчуулга, сэтгүүлзүй, монгол судлал, номын сан, биеийн тамир спорт... Энэ бүхэнд таныг юу зоригжуулна вэ?
Ачааллаа дийлэхгүй үе гарна аа гарна. Долоо хоногт долоо хоног ажиллаж байна даа. Заримдаа хоногт хорин дөрвөөс илүү цаг байдаг сан бол мөн ихийг бүтээх сэн гэж бодох үе ч гарна шүү. Олон өөр чиглэлээр юм хийгээд яваад байгаагийн маань гол үндэс нь ерөөсөө монгол хэл –уран зохиолын багш гэж мэргэжил байгаа юм. Үнэхээр олон тийшээ хөрвөж болох, сайхан мэргэжил. Ухаан нь орчуулагч гэдэг тусдаа өөр мэргэжил боловч монгол хэлний багш хүн цаад хэлээ гайгүй сурч чадвал математикийн ч юм уу, физикийн багштай харьцуулахад арай дөмөгхөн орчуулчхаж чадна аа даа. Нийтлэл, ярилцлага зэрэг сэтгүүлзүйн туурвилаар оролдоход чиг зөв бичих дүрэм, найруулан бичих зүй ёсоо мэддэг хүнд хавьгүй ойр дөт болоод ирнэ. Конгрессын Номын Санд ч бас л монгол, тод, манж үсгээрх ном судрын нэр, зохиолч зэргийг галиглан бичиж өгөөд байгаа маань УБИС-т түүхэн хэлзүй үзсэний л гавьяа. Сайн эзэмшээд, ач тусыг нь гаргаж чадвал сайхан мэргэжил шүү, энэ монгол хэл-уран зохиолын багш гэдэг.
Хийж бүтээж байгаа үйл хэрэгт тань Монгол улсаас хөрөнгө мөнгөний тус дэм өгдөг үү?
За даа, үгүй дээ. Монгол судлалын хурал, Монгол хэл соёлын зуслан, Монгол соёлыг АНУ-д сурталчлах гээд бүхий л ажлаа манай Монгол Соёлын Төвийн залуус хувийнхаа хөрөнгө мөнгө, цаг заваар болгосоор ирлээ. Монгол улсыг гадаадад сурталчлах гэдэг ажлаас бол овоо л нугалалцаж өгч байгаа байх. Төвөөс ирсэн хүн бүр л сайхан ажил хийж байна, дэмжинэ ээ л гэдэг юм. Яг төгрөг мөнгө гаргаад дэмжсэн юм алга л байна. Гэлээ гээд манай хамт олон гомдоллоод, гараа хумхиад суудаггүй юм аа. Хүч, сэтгэл нийлэн ажиллах л болно. Шатахуун маань хэзээ дуусах юм байгаа юм, тэр хүртлээ явна даа. Тэрнээс өмнө монгол хэл соёл, монгол бичиг, гадаад дахь Монголын нэр хүнд, Монгол судлалын чухлыг ойлгох төр засгийн түшээ эсвэл бизнесмэн хүн гарч ирэх байлгүй хэмээн найддаг би.
За танд баярлалаа. Амжилт хүсье.