Урьд цагийн анд Хойд Солонгос минь
Хаалттай нийгмийн үед Орос,Хятадаас өөр гадаад хүмүүстэй учирч байсангүй. Харин Коречүүдийг аль эртнээс монголчууд мэдэхээр барахгүй “Солонго, с” хэмээн хаа ч хэлдэггүй өөриймсөг,гоёмсогоор авгайлсаар ирсэн уламжлалтай. Сайн яривал садан төрөл гэгддэг энэ орны ард түмэнтэй адил төстэй зүйл маш их байдаг.
Солонгосын хойг дахь улс төр, нийгэм, хуваагдмал, хурцадмал асуудал манай иргэдийн хувьд хамаа ч байхгүй. Өмнөд нь ч бай, Умард нь ч бай Солонгосчуудтайгаа өдийг хүртэл хамт ажиллаж амьдарсаар яваа. Садан төрлөөс нь аль нэгэн нь Солонгост байхгүй айл монголд өнөөдөр тун ховор доо. Тийм учир иргэдээ дагаад төр засаг нь тухайн орон, бүс нутагт ойр ойрхон очих, наад цаадах учир шалтгаан зайлшгүй бий болж байгаа юм.
2013 оны 10 сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсын төрийн тэргүүнийг Умард Солонгосын тал урьсаны дагуу энд дөрвөн өдрийн албан ёсны айлчлал боллоо. БНАСАУ гэхээр хаалттай, коммунист дэглэмтэй хэмээн дэлхий даяар шуугидаг. Эндээс зөвхөн муу мэдээ л сонсдог хэвшил тогтсон. Арга ч үгүй юм. Гадаад ертөнцөөс энд нүүр бардам оччихоор улс орон, улс төрч төдийгүй жуулчин ч ховор. Өөрсдөө мөн гадагшаа гарахгүй болохоор хорвоогоор дүүрэн цуу яриа л тэнэнэ. Саяхан болтол монголчуудыг барууныхан Улаанбаатар хот дотроо морио унаад явж байдаг, мах түүхийгээр нь иддэг гэх мэтчилэнгээр аль муу муухайгаар хэлдэг л байсан юм билээ.
Умардад газар дээр нь очоод нүдээр харж, чихээр сонсвоос тэд өөрсдийгөө “Хүчирхэг гүрний үүдийг нээх” цаг болсон гэж үзээд хөгжлийн шинэ шат руугаа орж яваа юм байна. Орчин цагийн Солонгос орныг үндэслэгч, их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой 2012 онд болжээ. Энэ он өдрөөс эхлэн жижиг улс биш том гүрэн гэдгээ үзүүлж харуулахаар ханцуй шамлан ажил төрлөө улам эрчимжүүлж байгаа гэнэ. Ким удирдагчийн гурав дахь үе болох ач хүү Ким Жөн Ун улс орноо бүхэлд нь хяналтадаа авах үйл явц ид явагдаж буй бололтой. Ямартай ч тэрээр хамгийн том албан тушаал болох Хөдөлмөрийн нам, батлан хамгаалах хороогоо авсан. Гэхдээ гучаадхан настай энэ залуу удирдагчид нөлөөлж чадах хууччуул хөшигний ард олон бий гэлцэнэ. Тэгэхээр Ким Жөн Ун өнөөдөр шууд бүгдийг харцаараа удирдан хэмжээгүй эрх дарх эдлэх боломжгүй нь тодорхой.
За тэр олон нийтэд үзэгдэх сонсогдох байдал, элдэв мэдэгдэл, ярилцлаганд итгэж үнэмшихийн арга байхгүй. Коммунизмийн тогоонд хорь гучин жил чанагдсан мань мэтийн юмнууд ийм нийгэмд яаж хийрхэж, өвчигнөж явснаа эрх биш мэдэлгүй яахав. Пхеньяны телевиз манай наяад он лугаа оройдоо л асна. Тэгээд арван цагийн алдад нэг кинорхуу юм гараад унтарна. Өөр суваг гэвэл орос, хятадын төв телевиз, гэм хоргүй амьтны ертөнц гэх мэт тав зургаан сонголт байна. Зурагтаар Ун дарга сэтээ сэвээгүй улс орныхоо ажил төрөлтэй танилцаж гүйгээд л, гараа сунган хуруугаараа заан юм хэлж байна. Дэргэдээс нь ахмад настай, зургаа долоон тооны генералууд байнга дагаастай, салахгүй, хүүхэд шиг бөнжигнөн юу л хэлнэ, тэрнийг нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ шажигнатал бичиж байна шүү.Зурагтын нэвтрүүлэгч нь Ун даргыг яг юу ярьж байгааг сонсгохгүй. Өмнөөс нь уянгалсан заримдаа уйлагнасан хоолойгоор тасралтгүй суртал ухуулган тайлбар уншина. Бүр чин сэтгэлээсээ байх аа. Ярианыхаа төгсгөлд гадаад ертөнцийн хэнд ч юм хязгааргүй гомдчихвуу гэлтэй хэсэг эхэр татан “хг хг хг” гэж зогисох нь аймаар. Дараагийн нэвтрүүлэг гэвэл хөмхий шазуураа зуусан цэрэг армийн залуус буу зэвсэгээ тас атгасан байдалтай алхаж яваа, уриа хашгирч байгаа, алга нижигнүүлэн таших бичлэг хөвөрнө. Тэд дайсан этгээдтэй зүгээр ч нэг тулалдахгүй шуурган галаар хуйхлан “паялнакдана” ч гэх шиг сүрлэгээр хүнгэнүүлж өгнө дөө.
Гурван сая хүн амтай Пхеньян хотноо өглөө үүр цайхын өмнөхөн энд тэндгүй цагаан хоолойгоор түгшүүрийн дохио шиг дуу хангинаж, залгуулаад нэгэн гонгиносон уйтгартай аяс хангинана. Тэр аяс одоо ч чихэнд хангинах мэтээ. Төд удалгүй гудамж талбай үй олон ажилчин хүмүүсээр дүүрч шугамын автобус хүлээгээд нэгийн цуваанд оочерлоод зогсчихно. Ард түмний царай хэвтрийн өвчтөн лүгээ цонхигор, дув дуугүй,нүд нь шөнөжин хамгаалалтын шилгүй гагнуур хийсэн мэт ядрангүй. Эцэнхий биеэн дээрээ цэвэрхэн боловч олон угаасаар байгаад өнгө алдсан цэрэг маягийн бараан өмд пиджак өмсөцгөөжээ. Үдээс хойш ажил тарахын алдад настай эмэгтэйчүүд голдуу хүмүүс нь тал шуудай хэрийн юм үүрэн бөгтийгөөд алхацгаах юм. Цаанаас нь гурил будаа ногоо өгдөг юм уу бүү мэд. Солонгос хүмүүсээс да ялангуяа албаны нөхдөөс иймэрхүү юм асуугаад нэмэргүй. Эсвэл шал худлаа хэлнэ, эсвэл өөр юм ярьж өгнө. Ихээхэн шалгаавал асуудалд орж анхаарлыг нь татаж мэдэхээр. Дам сураг сонсоход хүмүүст цалин тавьдаггүй оронд нь хоол унд хувцас хунар өгдөг гэх юм. Ямартай ч энд хэд хонох зуураа үндэсний мөнгөн тэмдэгтийг нь олоод үзчих санаатай хэрэндээ л сурагласан. Барааг нь харж чадаагүй шүү.
Манай эрхэм зочдыг дөчин дөрвөн давхар өндөр олон улсын хэмжээний “Коре” гэх тансаг зочид буудалд байрлуулсан. Ресторан, дэлгүүртэй. Тэнд үйлчлүүлэхэд валютаар наймаа хийнэ. Мөнгөний хариултад доллар, евро, юань гурвын аль нэг нь ирнэ. Юмныхаа үнийг сайн мэдэхгүй үйлчлэгч нар маань заримдаа их будилна. Нэг доллар 94 үндэсний мөнгөн нэгжтэй тэнцүү гэж улсаас тогтоосон бололтой. Гэхдээ амьдрал дээр бараг 5000-тай тэнцдэг гэх. Тэрүүгээр нь бодохоор дундаж ажилчин сардаа нэг долларын цалинтай ч юм шиг. Бид болохоор долларыг “1:100 гээ биздээ” гэж амыг нь таглаад тооцоо бодон хариултаа нэхнэ. Буудлын ойролцоох нэгэн валютын дэлгүүрт наргиантай явдал болсон юм. Худалдагч нь мөнгөний хариулт өгөх боломжгүй тул оронд нь бэлэн бараа буюу бохь, цай... байцаа, манжин хүртэл санал болгодог байна шүү. Тэрний үгээр ороод тал шуудай манжин үүрээд харих нь л дээ. Тийм юм авахгүй ээ харин дахиад нэмээд хэдэн хүн орхойдойноосоо өгчих гэсэн чинь дэлгүүрт нь нөгөө бараа нь дуусчихсан байв.
Дагаж яваа албаны хүмүүс цэргийнхэн илүү дутуу хөдөлгөөн хийх, зураг авах энэ тэрд хирэндээ л хяналт тавин юм л бол “болохгүй” гэнэ. Тиймэрхүү далдагнасан юмнууд коммунист нийгмийн нүх сүв болгонд шигдэж худлаа идэвхитэй царайлан хоолондоо хүрцгээдэг байсан даа. Хүмүүсийг дуудаж даллан маш чухал юм ярихаар болно. Хэн хэн дутуу байна хэмээн тоолж бүртгэж сүржигнэж сүржигнэж яах гэснээ сая хэлнэ. Хэлж байгаа юм нь гэвэл “ Дарга нарыг ирэх үеэр та нар яг энд зогсож байх байсныг болиулаад арай хойшоо хоёр алхам ухраахаар сая бид шийдвэрлэлээ...” гэсэн маягийн балай юм ярьцгаана. Эхэндээ ч хуучин нийгэм санаанд орж баахан зугаатай. Сүүлдээ хэд хонохын багцаанд инээд татарч, улмаар дургүй хүрэн заамдаад авмаар, залуу цагийн “МоАХ” аллерги хөдлөх шинжтэй болж ирж байнлээ шүү.
Хожим ямар ч нийгэмтэй болдогсонж. Иймэрхүү тоодгорууд л арилж өгөхгүй бөөн садаа, гай хөө болдог юм билээ. Хэл мэддэгсэн бол туршлагаасаа хэлж өгөх юмсан гэмээр. Зайлуул тэгээд юуг хориглох учраа ч мэдэхгүй “Чапаев” шиг юмнууд зөндөө. Гудманд зураг дарчихаар “Юуны зураг авчихав” гээд гүйж ирээд шалгана. Тэгэхээр нь “Жирийн нэг сайхан ажилчин ангийн төлөөлөгчийн зургийг л авав. Болохгүй юу?” гээд үзүүлэхээр “Аан” гээд яваад өгч байгаа юм. Үнэндээ тэр нь Хойд Солонгосын ядуу зүдүү байдлыг нотолсон хамгийн ноцтой кадр гэдгийг яагаад ч ойлгохгүй нь сайхан.
Иймэрхүү жижиг сажиг “фаакт, асуудалтай”- ч Хойд Солонгосчууд улс үндэстнийхээ хувьд бусдаас дутаад байх юмгүй, нуугаад явах ч шаардлаггүй болтлоо бүтээн босголтыг өрнүүлжээ. 1953 оны дайнаар АНУ-ын сөнөөгч онгоцнууд энэ хотыг газрын хөрстэй нь тэгширтэл нь бөмбөгдсөн гэдэг. 1400 удаа агаараас довтолж 430 мянган бөмбөг мулталсан гэхээр юу үлдэхэв. Харин дайны дараа хөдөлмөрчин ард түмэн арван жилийн турш нойр хоолгүй зүтгэн хотоо цоо шинээр барьж, мод бут тарьж ургуулсан байна. Берлин лугаа гоёмсог цэцэрлэгт хүрээлэн, Сидней хотоос ч илүү эрүүл агаартай, шувууд жиргэсэн цэмбийсэн, гантиг чулуун орд харшууд ярайна. Хамгийн сүүлд баригдаж буй 105 давхар өндөр пирамид хэлбэрийн барилгыг өдөрт хоёр давхараар өндөрлөх хурдаар босгоод дуусгаж байна. Метротой, тарамвайтай, найман урсгалтай өргөн замаар нь хичнээн машин явсан ч түгжрэл үүсэхээргүй зохицуулсан. \ угаасаа энэ улсын иргэд хувийн машингүй тул гудамж нь хов хоосон цэлийнэ\. Хүүхэд залуус очоод үзэх тоглоом парк ба сая шинээр усан спорт, хөл бөмбөг гээд спортын лунжгар цогцолборуудыг хаа ч байхгүй өвөрмөгц хувилбараар байгуулчихсан, эрдэмтэн сэхээтнээ дээдэлж тэдэндээ орчин үеийн бүхэл бүтэн хорооллууд барьж өгч орон сууцны асуудлыг үндсэндээ шийдсэн гэхэд болно.
Хөгжил дэвшилээрээ дэлхийд тэргүүлж яваа Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос гэсэн дөрвөн том гүрний яг дунд нь далайд гарцтай, урин дулаан уур амьсгалтай, 24 сая хүн амтай энэ орон оршдог. Тийм болохоор яагаад ч ертөнцийн хязгаарт түгжигдэн хаягдах хөгжлөөс хоцрох геополитикийн таагүй байршил байхгүй. Өнөөгийн гэрэл гэгээтэй бүхэн,соёл иргэншил, технологи, зах зээл бүр хажуу дэргэд нь өөрөө хүрээд ирчихсэн.
Манайд одоо өвөл болж байхад Солонгосын хойгийн 38-р өргөрөг нь цаг агаарын хувьд хөндлөнгөөрөө Бээжингээс урагш бүс нутаг учир бараг зунаараа байна. Сайхан манан будан татаад л шөнөдөө тэнгэр нүжигнэн аадар цутгасан шигээ мөн ч атаархмаар нутаг юм даа. Биднээс арав дахин бага газарт арав дахин олуулаа байгаа гэхэд шахцалдаж барьсан юм алга. Ганц том Пхеньян хот бусад нь жижиг хот тосгод гацаа. Хөдөөнөөс цэрэгт болон хар бор ажилд дайчлагдан охид залуус нийслэлд их хэмжээгээр ирж байна. Хаа сайгүй л улаан хацартай, ноомой ноолойсон хүүхдүүд мэлрээд зогсож байгаа харагдана. Зах зээл, гадаад харьцаа нээлттэй болоогүй болохоор хотод гадаад дотоодын банк, банкны баярхуу орд харш нэг ч баригдаагүй нь их л содон. Мөн иргэний нисэх онгоцны буудал гэхээр юм байхгүй. “Сүнан” ОУ-ын буудал гээд байгаа нь манайхаар аймгийн нисэх буудлаас ч жижигхэн эл хуль оргино. Янз бүрийн шашны урсгалыг оруулалгүй хорьсон ба дорно дахины буддийн сүм хийд, түүнд шавилдаг лам хуврага алга. Шашны оронд социализм байгуулах “Чүчэ” сургааль, бурхны сэрэг дүрийг Ким Ир Син, түүний хүү Ким Жөн Ир хоёр орлоно. Энэ хоёр удирдагчийн дүрийг аль ч бурхад атаархмаар янз бүрийн хувилбараар хаа сайгүй залжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нисэх онгоцны буудал дээрээс Ардчилсан Солонгосын албан ёсны хамгийн дээд удирдах албан тушаалтан болох “Нам дарга” хэмээн авгайлдаг Ким Ён Нам гуай өөрийн биеэр хүндэт харуулын хамт тослоо. Нам дарга хуучнаар бол манай Самбуу, Бал дарга нар шиг АИХ-ын тэргүүлэгчдийн дарга юмдаг уу. Энэ жил нас сүүдэр 85 хүрч байгаа гэхэд ануухан хөнгөн шингэн хүн байна билээ. Дээр үед Ким Ир Синтэй хамт Монголд хоёр ч удаа айлчилсан, дараа нь бас гадаад яамны сайд байхдаа, мөн төрийн тэргүүний хувиар Н.Энхбаярын урилгаар 2007 онд манай улсад тус тус айлчилж байжээ. Тэрээр БНАСАУ-ын төрийн тэргүүний албыг сүүлийн 15 жилийн турш тогтвортой хашиж буй юм байна. Хоёр орон цаашид хамтран хийх ажиллах албан ёсны арга хэмжээнүүд Мансүдэгийн Ардын их хурлын танхимд түргэн шуурхай явагдаж гэрээ хэлэлцээрүүдэд тус тусын төлөөлөгчид гарын үсгээ зурцгаав. Тэгээд бүгдээрээ ордноос гарч театрт очицгоон хүндэтгэлийн концерт үзэцгээлээ.
Эрхэм зочдод тэр концертийг үзүүлэх гэж ямар их бэлдсэн нь хөтөлбөр бүр дээр мэдрэгдэнэ. Улсынхаа хамаг шилдэг дуучид, бүжигчдийг сонгон авчруулж уг концертийг дэглэсэн төдийгүй үзэгчид нь хэн хэн байхыг ч бас давхар бодолцсон байна. “Хөөрхөн борлог морь”, “Монголоороо би гоёно” зэрэг хэд хэдэн монгол дууг солонгос дуучид маш гоё дуулж хөгжимдөв.
Элбэгдорж Ерөнхийлөгч айлчлахтай холбогдуулан нийслэл хотод субботник өрнөн гудамж талбайгаа хуу цэвэрлэн, зочид явах зам дагуу туг далбаа, харуул хамгаалалт болж, угаасаа ажин түжин гудамжинд автобуснаас бусад тээврийн хэрэгслийг зогсоосон байв. Зам талбай цэвэрлэгч нарыг нь сайтар ажиглаваас сэхээтэн байрын цэмцгэр их аятайхан хувцастай эмэгтэйчүүл жаахан эв дүйгүй хөдөлгөөнөөр хааяа нэг газар унасан навчийг хайчаар түүн зогсоно. Замын голд буй зохицуулагч цагдаа нь болохоор маш царайлаг 18-21 насны гоо бүсгүйчүүл.
Энд ёстой ангайтал гайхшруулсан үйл явдал Ким Ир Сенийн нэрэмжит төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монголын “алдарт” хөлбөмбөгчийн гайхамшигт тоглолтыг үзэхээр 50000 хүний суудалтай стадионд хөл гишгэх зайгүй пиг хүн ирээд суучихсан байна шүү. Юун дэлхийн аварга, Европын лигийн тоглолт. Тийм юм гэж байх уу?.Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдхүүнд 9-12 насны хэдэн пацаан хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт хийнэ гээд цуг явсан юм. Одоо тэднийг үзэх гэж тавин мянга гаруй хүн хамаг ажлаа хаян хаян стадион руу очдог юм байхдаа. Пээ тэр олон хүн командаар зэрэг алга таших, улаан цагаан дарцаг өргөх, давалгаа болох, уриа хашгирах зэрэг нь ямар сүрлэг гээч. Маш соёлтой боловсон балиашигууд аль нэг багийг гоол хийхээр хамаагүй орилолдохгүй бөгөөд хурал дээр үг хэлсэн хүнд зориулдаг шигээ төлөв даруухнаар алга ташин баяр хүргэнэ. Тэмцээн түрүүчийн өнгөрдөг лхагва гаригийн 15 цагт эхэлж 50 минут тоглоод 2:1 харьцаагаар “Эрх чөлөө” баг ялав.
Солонгос нөхөд маань гадны зочинд их удирдагчийнхаа булш бунхан, хувьсгалчдын хөшөө цогцолборыг үзүүлж, хариуд нь гүн хүндэтгэл илэрхийлүүлдэг арга хэмжээнд хэд хэдэн удаа оролцов. Солонгосын ард түмэн өнгөрсөн ХХ зууны турш дэлхийн I,II дайнд татагдан оролцож, дараа нь өөр хоорондоо нүдэлдэн зовж зүдэрсэн. Энэ олон дайн тулаанаас төрсөн баатарлаг охид хөвгүүддээ зориулж олон сайхан хөшөө цогцолборыг байгуулан алдрыг нь мөнхжүүлсэн байна. Ялангуяа аав хүү хоёр их удирдагчаа ажиллаж амьдарч байсан газарт нь бунхалж томоо цогцолбор байгуулжээ. Түүнд хоёр Кимийг шилэн хоргон дотор амьд сэрүүн унтаж байгаа юм уу гэж андуурмаар нүүр царайг нь засч янзалаад байршуулжээ. Уг мавзолейд тэдний унаж байсан галт тэрэг, машин, бусад эд өлөг, авсан шагналуудыг үзмэр болгон дэлгэн үзүүлсэн аж. “Нарны ордон” гэгдэх их удирдагч нарын ажиллаж амьдарч байсан орд өргөө рүү нэвтрэхэд маш урт хонгилоор явган явж очдог юм билээ. Урсдаг шатаар дээш доошоо хэдэнтээ буун, ийш тийш мурийж сүлжин арав хорин минут явж байж ажилдаа, өрөөндөө ордог байсан бололтой. Ким Ир Син удирдагч гадаад оронд барагтай л бол явдаггүй ихээхэн нууцлагмал хүн байсан. Сонирхолтой нь тэрээр Монгол Улсад хоёр ч удаа галт тэрэг хөлөглөн ирж айлчилж байсан байдаг. Кимийг манай нам засгаас хоёронтой шагнасан Сүхбаатарын одонгууд энд их л содон харагдаж байв.
Нийслэл Пхеньян хотоос урагшаа улсын хил хүрсэн нийт 240 километр урт тусгай зам байх юм.Нэг чиглэлдээ дөрвөн эгнээ, нийтдээ наймаас арван эгнээ машин элбэгхэн явчихаар өргөн энэ хурдны замаар ойр мөд унаа хөлөг явсан шинжгүй. Явья гэсэн ч зам дагуу хот суурин гацаа байхгүй зөвхөн тутрагын талбай л үргэлжилнэ. Мал амьтан ч алга. Харин километр тутамд энгийн хувцастай хамгаалалт гаран буруу харан зогсоцгоожээ. Уул тааралдвал голоор нь нүхлээд гараад явчихсан. Замын хоёр талаар шигүү мод, хоёр урсгалыг зааглан бут ургуулан янзын тохижуулсан. Эрхэм зочид уг замаар цаг гаранхан сүнгэнүүлээд Өмнөд Солонгосын хил дээр тавиад хүрчихэв. Умардын 1.1 сая цэрэгтэй арми хэрэв Өмнөд рүүгээ довтлох болбол энэ замаар ядаж цөхөх юмгүй урсаад ороод ирэх юм байна. Манай цэргийн мэрэгжилтнүүд “Энэ танкны зориулалттай зам байна” гэцгээж байсан. Хил дээрх энэ хэсэгт хоёр Солонгосын дайны галыг зогсоосон алдарт 38-р өргөрөг буюу Панмүнжом хэмээх түүхт газар юм. 1953 оны долоон сард АНУ,БНАСАУ хоёр хэлэлцээр хийж галаа зогсоон нутгаа яг энэ газраар хуваан заагласнаар хоёр Солонгос улсын түүх эхэлдэг аж. Тэнд байсан долоон байшинг гурав гурваар нь хуваан голынх нь барилгын талыг бүр тэр өрөөний ширээг нь хүртэл таллаж хөрөөдөн хил тогтоосон нь өдгөө сонирхолтой үзмэр аялал жуулчлал болчоод байгаа аж. Хоёр талаас тэнцүү тооны цөөхөн цэргүүд зөвхөн гар буугаар зэвсэглэн ирж харгалздаг. Эргэн тойрон дахь хилийн харуул манааг хоёр км зайд зайчлан цэрэггүй бүс болгон чөлөөлсөн. Газар тариалан хүн малаас чөлөөлсөн болохоор тэнд янз бүрийн амьтан жигүүртэн ирж нутагшин бүр онгон дархан бүс нутаг болчихжээ. Хоёр талаас жуулчид, иргэд болон гадаадынхан чухам энд ирж нэгнийгээ нүдээр харах, хоорондоо хашгираад ярилцсан ч болох боломжтой юм уу даа. Нэг зүйлийг хоёр өөр өнцгөөс харж болох сонирхолтой аялал жуулчлалын маршрут хийе гэвэл энэ газар тохиромжтой санагдсан. Эхлээд өмнөдийн талаас энд ирээд баахан тайлбар түүх сонсонгуутаа эргээд буцаж тойроод Пхеньян орж нөгөө талаас нь хүрээд ирнэ. Харин үүнийг манайхан л санаачилж хийх боломжтой. Монголын Ерөнхийлөгчийг айлчилж байгааг мэдсэн Өмнөдийн хэвлэлийнхэн нөгөө долоон байшингийн тэнд шавчихсан наашаа зураг хөрөг аваад л арай л ярилцлага хийх нь холгүй байсан. Солонгосын хойгийн төв хэсэг нь учир энд олон мянган жилийн турш хөл хөдөлгөөнтэй байж улсын нийслэл болон хамаг түүх соёл нь ч хадгалагдан үлдсэн нутаг юм. Одоо бол аль алиных нь зах хязгаар нутаг болон эзгүйрчээ. Эндээс урагш 70 километрийн зайд Өмнөд Солонгосын Сөүл хот бий.
Кесон гээд эртний Коре улсын нийслэл Панмүнжомоос арваадхан километр зайд оршино.1370-аад оны үед хаан Гон Мин нь монгол хатан буулгаж хамт амьдарч байсан юм билээ. Чингэс хааны хүү Өгөөдэйн үеэс эхлэн монголчууд Коред нийтдээ зургаан удаа дайлаар мордсоноор 100 гаран жилийн турш эрхшээлдээ оруулж явжээ. Ингээд эцэст нь Корегийн 31 дэх хаан Гон Мин монголд хүргэн орж, хатан Ванги-тай сууснаар амар сайхандаа жаргасан түүхэн баримт байдаг. Коре улсын тусгаар тогтнолыг батжуулж, дайн самуун, алба гувчуураас ангижруулахад цэрэг зэвсэг биш харин тал нутгийн ганц хүүхэн зохицуулаад өгсөн нь гайхамшигтай. Өдгөө Солонгосын мухардалд ороод байгаа “Зургаан талт хэлэлцээ”-нд Монгол зүгээс иймэрхүү маягийн түүх давтагдахыг байг гэх газаргүй л юм.
Хатныг өөд болоход хаан төдийгүй улс даяар эмгэнэн гашуудаж, түүнийг үеийн үед дурсаж байхаар тусгай бунхан байгуулж мөнхжүүлжээ. Дараа нь Гон Мин хааныг гэрээсэлсний дагуу хатны хажууд түүнийг мөн бунхалж хос бунхан хийлгэсэн нь өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байна. Одоо цагийн хоёр Ким удирдагчийн гавьяаг энэхүү хаан хатан хоёртой адилтган үзэж хосоор нь онголж, мөнхжүүлсэн учиртай юм аа гэж тайлбарлав. Бараг 700-аад жилийн настай уг бунхан нь өнөөдрийг хүртэл төдийлөн эвдэрч эмтрээгүй ёстой л мөнхийн дурсгал болжээ. Ванги гэж хэний үр сад, ямархуу бүсгүй байсан түүхийг манайхан нарийвчлан судалбаас урлаг, түүх, аялал жуулчлалийн чиглэлээр хийх ажил энд ундрах нь тодорхой. Улс төрийн хувьд дан цул үндэстнээс бүрддэг хажиг зожигдуу солонгосчуудад Ванги хатан шиг тус болж элгэмсэг хандсан гадаад хүн дахиж тодроогүй л болов уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид монгол хатны бунхыг үзүүлэх гэж Ардчилсан Солонгосын нөхдүүд улсынхаа хилийн багананд тултал авч давхисны учир энэ бөлгөө. Энэ дашрамд сонирхуулахад Монгол Улс, Монголын төр засгийг гадаад ертөнц бодит байдлаар хүлээн зөвшөөрч жижиг орон, буурай хөгжилтэй гэхээ больсон байна. Зах зээлд шилжсэний дараахан ардчилсан хүчин нарим ялагддаг 2000 –аад оны үед манай төр засгийн тэргүүн гээд гол дээр загасчлахаас өөр хийх ажилгүй нам гүм бэлгэдэл байсан даа. Одоо тэгсэн чинь энэ дэлхий дээр монголчуудын хийх ажил гэж хүзүүгээр татсан зай завгүй арга хэмжээнүүд. Саяхан л гадаадад айлчлах гэхээр авах орон олддоггүй байсан бол өнөөдөр ирж байгаа зочдынхоо хөлд дарагдах болов. Нэг эрхэм зочноо үдэж мордуулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр цувралдан хөрш орнууд руугаа айлчилсан. Дөнгөж гуравхан хоноод буцаад ирэхэд хаа байсан Өмнөд Африкаас дараагийн чухал хүн хүрээд ирчихсэн хүлээх тул дараагийн ажилдаа шууд орох жишээтэй. Ялангуяа дэлхийн улс төрийн тавцан дээр өнгөрсөн дөрвөн жил дээр нэмээд дахиад дөрвөн жил тогтвор суурьшилтай тоглолт хийх эрхтэй болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр нөлөө улам өссөөр байна. Дэлхийд эхний 17-д орох уудам том газар нутагтай, тэр нутаг нь асар их байгалын баялагтай, ардчилал эрх чөлөөг эрхэмлэсэн эрүүл засаглалтай, хурд эрчтэй хөгжин буй Монгол улс яаж жижигхэн харагдах вэ дээ. Ядаж л газрын зураг дээр Төв Азийг нэлд нь бүрхүүлэн дэнхийтэл зурж, “Монголиа” гээд палийтал нь бичиж болдог.
Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн айлчлалыг улс төрийн хүрээнд маш их анхаарчээ. Хаалттай гэгдэх энэ өвөрмөгц оронд нэвтэрч чадах цорын ганц улс төрч тэнд очоод юу амжуулж, ямар тохиролцоонд хүрснийг жирийн иргэдэд хүртэл сонирхолтой юм. Ялангуяа нөгөө алдарт Ким Жөн Унтай хэрхэн яаж уулзсан бэ? гэцгээж байна. Ардчилсан Солонгосын тал яг энэ хэсэг дээр хэвлэлийнхэнд хаалтаа хийж орхисон юм. Нэгэнт хэвлэл мэдээлэлд хаалт хийсэн тул дэлхий дахинд энэ асуудал нээлттэй биш нууц хэвээр үлдлээ. Үүнээс болж гадуур янз бүрийн таамаг тархан улс төрийг улам сонирхолтой, хорхойсуулж орхив бололтой. Ер нь бид хоорондоо яасан ч та нарт ямар хамаатай юм гэчихлээ л дээ.
Харин хоёр орон хамтраад харилцан ашигтай хийчих юу байгаа талаар санал бодлоо хангалттай солилцоод авна билээ. Ерөнхийлөгчийг дагалдан бизнесмэнүүд гэх нэлээд нөхөд тэнд очиж “форум” хийсэн. Өлсөөж, дааруулчихгүй л бол цалин ч нэхэхгүй хар бор ажил хийгээд өгөх хүмүүс Хойд Солонгост олон бий гэсэн яриа явдаг. Энэ сургаар манай барилгынхан, хөдөө аж ахуйнхан, замынхан ийшээ хошуурцгаав. Арга ч үгүй юм даа. Сая намрын ургац хураалт эхлэхэд өдрийн хорин мянгаар төмс түүгээд өгөх хүн олдохгүй яаж зовоолоо. Үнэнч шудрага, ажилч хичээнгүй, хэл ам хийхгүй солонгосийн жирийн ажилчдыг энд авчирвал хийх, хийлгэх ажил их бий. Тэднээр ногоо тариулах, барилга дээр ажиллуулахаас гадна харуул манаа, цагдаа, мэрэгжлийн хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, байгаль орчин хамгаалагчийг ч итгэж найдан хийлгүүлэхэд болохгүй юм алга. Бүр цаашилбал шөрмөсөн чулуунаас даавуу гаргадаг хаа ч байхгүй брендтэй улс гэнэ. Тэр чулуу нь манайд зөндөө байдаг гэхчив. Мөн мод тарьж ургуулдаг, чулуугаар юу л бол юу хийдэг, нүх хонгил гарцыг дор нь ухчихдаг арвин арга туршлагаас нь суралцах хийлцэх, хийлгэх ажлууд энд эзнээ хүлээгээд сууж байна.
МИАТ компанийнхаа “Боинг” онгоцонд мордож Улаанбаатараас Пхеньян руу хоёр цаг гаранхан яваад тэнд буухад цаг хугацаа 23 жилээр ухарчихсан мэт байлаа. Хүмүүс одоо амаа барин ярьдаг даа. Тэгвэл тэгж харамсаж яваачуулд зориулж хэлэхэд “Эртхэн Хойд Солонгосыг бараад” гэж гэмээр. Тэнд хэзээ мөдгүй зах зээлийн үүр цайх нь. Одоохондоо “Нарантуул зах” бариач гэхээр зориглоод хөдөлчих хэн ч алга. Хотын төв дотроо байршилтай янз бүрийн үйлдвэр, обьектууд үнэгүй, ашиггүй хэрзийгээд хэвтэж байна. Интернет, гар утас, “Хадгаламж зээлийн хоршоо”, сүлжээ дэлгүүрүүд, зочид буудал, банк гээд бид ерээд онд түрүүлээд эзэн суучихгүй яаваа гэсэн болгон маань мөн л эзнээ хүлээж сууна.
Ким Ир Сенийн зурагтай энгэрийн тэмдэгийг хаана үйлдвэрлэдэг, ямар хүндээ ямар эрэмбэ зиндаагаар олгодог тухай мэддэг хүн байхгүй, мэдсэн ч хэлж өгөхгүй. Тэгсэн мөртлөө уг тэмдэг нь худалдаанд байхгүй, маш чухал нандин ховор эд. Хэрэв зах зээлд орлоо л бол үүнийг “Эрээн”-д аваачиж хэдэн саяар нь хувилаад л цөм ашиг хийхэд юухан байхав дээ. Урьд социализмийн үед яах гэж мянга мянгаар нь зурамны арьс бэлтгэж байсны учрыг маниус мэдээгүй өнгөрсөнтэй төстэй юм. Иймэрхүү тэмдэг, зураг палакад, уриа лоозунд ач холбогдол өгөн нийтээрээ хувийн амьдралаа гаргуунд нь хаячихдаг тэр цаг үе энд тунаж хоцорчээ. Бидний ихэнх нь зах зээлийн өрсөлдөөнгүй ийм алтан үеийг огт мэдрэлгүй жагсаал цуглаан хийж яваад өнгөрөөчихөж билээ.
Зураач
зочин
зочин
maria
зочин
яагшд
зочин
U
Туул
Туул
Туул
Зочин
Ах
Зочин
Зочин
Хойд солонгост зорчигч
nusaak
Зочин
Зочин
Ах
unshigch
Зочин
erdenebat
Нямаа
Зочин
ЗОЧИН
Зочин
tulga
Tuuh suhvul
Зочин
Зочин
Зочин
Зочин
ДОВДОН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Пурэвбаатар москвагаас
Пурэвбаатар москвагаас
Зочин
Jane
Jane
munkhuu
Зочин
Уншигч
Lg
mgl
гангаад
уншигч
Зочин
Зочин
Зочин
монгол
MoAX, London
Ганбат Дархан
1111
Судлаач
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гангаа ахад
Гангаа ахад
unen
Зочин
jaa
xochin
Зочин
Зочин
bata
altaa
bayaraa
Зочин
Зочин
AN