Дугаарын хязгаарлалтаар гал унтраахын оронд Замын татвартай болъё
Түгжрэлийг бууруулъя, хотоо хот шиг болгоё гэвэл нийслэлийн замыг татвартай, нийтийн эзэмшлийн зогсоолуудаа төлбөртэй болгоё. Энэ бол захиргааны ямар ч шийдвэрээс илүү үр дүнтэй арга зам.
Нийслэлийн Захирагчийн албаны шийдвэрээр өнгөрөгч сарын 27-ноос эхлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор зорчуулж эхэлсэн. Энэ зохицуулалт найм хоногийн турш буюу энэ сарын 3-ныг дуустал /маргааш/ үргэлжилнэ. Гэвч дугаарын хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх асуудал яригдаж байгаа бололтой. “Иргэдийн саналыг харгалзан үзнэ” гэсэн мессежийг олон нийтийн сүлжээгээр явуулах болов. Энэ гэвчиг сүүлчийн шийдэл мөн үү? Энэ чигээрээ хэр удаан тэсэх бол?
2012 онд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн түгжрэлийг шийдэхийн тулд мөн л дугаарын хязгаарлалтыг бий болж, автомашинтай иргэдийг долоо хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хийсэн. Өнөөдрийг бодвол арай уян хатан буюу 1, 6-аар төгссөн дугаартай автомашинууд даваа гаригт, 2, 7-оор төгссөн бол мягмар гаригт, 3, 8-аар төгссөн нь лхага гаригт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гаригт, 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин баасан гаригт хөдөлгөөнд ороцохгүй байхаар хязгаарлалт хийж байв. Энэ зохицуулалтаар ажлын өдрүүдэд замын ачааллыг 20 хувиар бууруулж чадсан.
Гэвч энэ арга хэмжээ нь урт хугацаандаа үр дүнгүй байсан тул 2016 оны сар шинийн баяраар хоёр долоо хоногийн турш сондгой, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байлаа. Тухайн үедээ Улаанбаатар хот 436 мянган тээврийн хэрэгсэлтэй, үүнээс 300 орчим мянга нь замын хөдөлгөөнд оролцдог тухай Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Харин энэ оны гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын мэдээлснээр “нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 650 мянга болж нэмэгдсэн. (зургаан жилийн дотор 50 хувиар нэмэгдсэн) Жилд дунджаар 80 мянган машин нэмэгддэг” гэсэн байна.
Энэ тохиолдолд зөвхөн дугаарын хязгаарлалт хийснээр нийслэлийн түгжрэлийг шийдэж чадах уу? Хорин хувийн хязгаарлалттай байхад 50 хувиар нэмэгдсэн, 50 хувийн хязгаарлалт хийчихвэл хэдэн хувиар нэмэгдэх бол? Нэг машинтай нь хоёр болгоод, хоёр нь 3-4 болгоод автомашиныхаа тоог нэмэгдүүлээд, хоёр жилийн дараа гэхэд сая машин түгжрээд явж байх болов уу. Эсвэл хил, гаалиа хаагаад автомашин импортлохыг хориглох уу?
Үүнийхээ оронд хотын замыг бүсчилж татвар тавиад, нийтийн эзэмшлийн зогсоолуудаа бүгдийг нь төлбөртэй болгоод, нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ядаж замынхаа онгорхой, цоорхойг нөхөх мөнгөтэй болно. Замын ачаалал буурч, иргэд ч гэсэн онцын шаардлагагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл үүсгэхээ болино. Ямар ч өөрчлөлтөд эдийн засгийн хөшүүрэг гэж нэг чухал юм байдаг. Төр бий бол татвар буй гэж үг бий. Хүн болж төрөөд үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг. Тийм болохоор хотоо хот шиг болгоё гэвэл нийслэлийн замыг татвартай, зогсоолуудаа төлбөртэй болгоё. Энэ бол захиргааны ямар ч шийдвэрээс илүү үр дүнгээ өгөх зүйл.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ёстой гоё байлаа, үргэлжлүүлье л гэнэ. Гэтэл гоё сайхан байсан нь үнэхээр дугаарын хязгаарлалтаас болсон уу? Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг хамран суралцах тойрогт нь авсан, эцэг эхчүүд хүүхдүүдээ дүүрэг алгасч зөөхөө больсноос болсон уу? гэдгийгээ эхлээд шалгаж, нотлох хэрэгтэй шүү дээ. Ядаж үүн дээрээ судалгаатай болж байж дүгнэлт гаргах ёстой.
Тиймээс тэгш, сондгойгоор зочуулах бол түрхэн зуурын зохицуулалт, гал унтраах төдий арга. Түүнийхээ дараа яах вэ? гэдгээ Захирагчийн алба бодож болгоосон юм байна уу? Хэрвээ байдаг бол түүнийгээ хэлэх хэрэгтэй. Төдийгөөс төдий хүртэл хугацаанд түр хязгаарлалт хийж байна. Түүний дараа ийм зохицуулалтад шилжинэ шүү гэдгээ. Хэрэв тэгэхгүй бол энэ хотынхон чинь айл болгон зах дээр гараад нэг машинаа хоёр, хоёрыгоо гурав, дөрөв болгоод явна. Сарын дараа дахиад түгжирдгээрээ түгжирнэ. Тэгэхээр нь яах вэ?
Нийтийн тээврээ хөгжүүлье гэхээр дахиад нөгөө дүүжин зам, усан тээвэр гэсэн элий балай, сансрын юмаа дахиж битгий яриад, төсөв мөнгө хусах гээд унаарай даа. Зүгээр л автобусныхаа тоог нэмээд маршрутыг нь богиносгочих. Автобус нь хүлээлгэлгүй цагтаа ирдэг, цэвэрхэн, бас тухтай бол иргэд юу л гэж шороотой зам дээр өдөржин түгжрэхийг сонгох вэ?
inews.mn