Донтолтоо хянах нь шинэ үеийн боловсрол
Электрон тамхи, видео тоглоом, утасны донтолт, кино, метавээрс гээд цоо шинэ ойлгох эцэсгүй донтолтууд айсуй. Товчхондоо донтолтоос сэргийлнэ, өөрийгөө авч гарна, хүүхдүүдээ авч гарна гэдэг бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол, харилцааны соёл гэх мэт шиг хамгийн чухал нэг ухаан болж байна.
Ихэнх амьтад идэхийн төлөө амьдардаг. Хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн ч бас зөвхөн хоолны төлөө л амьдардаг байснаа хангалттай олж идэж чаддаг болоод их чөлөө завтай байх болцгоож. Ингээд зав чөлөөтэй цагаар юу хийх вэ гэдгээ гайхаж, эргэцүүлж байснаа дуу, бүжиг, архи, тамхи цаашлаад шашин, ёжлол инээдэм, наргиан зэргийг сэдэж олжээ. Амазоны ширэнгийн омогт ч тэр америкийн санхүүчтэй уулзлаа гэхэд энэ бол архи юм байна, энэ нь эдний тамхи нь юм байна, аан эдний дуу бүжиг нь нэг ийм юм байна гэж шууд ойлголцоно. Чухам уйдах, инээх хоёр бол хүнээс өөр амьтанд байдаггүй нарийн мэдрэмж шаардсан эмоци. Уйдах тусам улам их хэрэгцээ нэмэгдэж, шинэ шинэ таашаалууд бий болно. Бүр цаашлаад улам их асуултууд овоорч, амьдралын утга учир юу юм, яагаад тэнгэрээс аянга цахиж, нар сар яагаад манддаг талаар бодох завтай болцгоов, бодож эхэлцгээв. Бүх хэрэгцээгээ хангачихсан Будда гэнэт утга учир хайгаад хамаг юмаа орхиод яваад өгөв. Зөвхөн үржлийн зорилготой байсан сээгсийн харилцаа шинэ төрлийн зугаа, амьдралын хамгийн таатай мэдрэмжүүдийн нэг, заримд нь бүр утга учир болов. Эмэгтэй хүний дур тавилт 20 мянган жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдөө бий болгосон зүйл гэж эмэгтэйчүүдийн сэтгүүлд бичсэн байдаг, ортой ч байж мэднэ.
Хүн төрөлхтөн төмрийн хүдэр анх нээсэн цагаас эхлэн төмрийн хомстолд орж эхэлсэн гэж ёж үг бий. Ортой ч биз. Анх чихрийн ургамлаас сахарыг нь ялгаж аваад цайнд хийж, талханд нэмж идэж эхлэнгүүтээ л сахарны хомстолд орж, үнэ нь талийж өгсөн гэх. Одоо зовлон болоод байгаа ихэнх донтолтууд 100 мянган жилийн өмнө бол хүн төрөлхтөнийг амьд үлдээсэн механизм. Чухам донтож чадсанууд нь байгалийн шалгаралд тэсэж үлдсэн гэсэн үг. Жишээ нь өөх тос, сахарны донтолт хүй нэгдлийн хатуу ширүүн үед хүнийг амьд үлдээсэн, илүү том тархитай болж хөгжүүлсэн эд. Хэн их өөх тос, сахарт донтож шүлэнгэтэж идэж чадна тэр нь амьд үлдэнэ. “Соофтвэйр” нь хөгжчихсөн “хаардвэйр” нь 100 мянган жилийн өмнөхөөрөө хүн төрөлхтөн.
Товчхондоо цаашдаа бол хүн төрөлхтөн улам л уйдамхай болно, улам л олон төрлийн донтуулагч шинээр үүснэ. 5 настай хүүхдүүд ч бидний багад хайгаад олддоггүй машин, хүүхэлдэйгээр нэг задалж үзээд л уйдчихдаг болсон. Эмэгтэйчүүдийн шүүгээнд дүүрэн хувцас байв ч өмсчихөөр юм олдохгүй, нетфликс дүүрэн кино байвч үзчихмээр юм олдохгүй байдаг шиг л. Донтолтууд архи, тамхи, марихуан, чихэр шоколад, видео тоглоом, солонгос сэриал, сошиал мэдиа донтолтууд... биед ашиг тусгүй мөртлөө их үнэ төлбөр, цаг хугацаа зарцуулна. 100 мянган жилийн өмнө амьд үлдээсэн тэр шинж чанарууд одоо ихэнх донтолтын үндэс. Эргэн тойрон донтуулагч дүүрэн, улам их мөнгө олохын тулд улам их донтуулагч сэдэж олж зарах болно. Үүнд хэрхэн хандах нь хувь хүний өөрийнх нь ухаан, цаашлаад боловсролын асуудал юм. Хүүхдүүдээ ч "бусдаас өрсөж идэж уу" гэдэг орк маягийн, социализмаас уламжлагдсан хүмүүжил "бусад шиг бүү донт" гэдэг хүмүүжил үрүү шилжиж байгаа.
Сүүлийн үед электрон тамхи уруу их дайрч, утаат тамхи нь бараг дээр гэх юм ярих болж, нарийн ширийн шинжлэх ухааны мэдээлэл мэдэх албагүй ч хоёр зүйл хар ухаанаар бодоход гарцаагүй үнэн. Нэгт, электрон тамхи зөвхөн өөрийгөө хордуулдаг, бусдад лай болдоггүй эд. Хоёрт, хүүхдүүд татаад байна гэсэн аргументууд их явдаг нь яах аргагүй пиар шинжтэй үйлдэл байх шиг. Ширхэг нь 30 мянгаар CU GS25-д зарагддаг юмыг хүүхдүүд их хэрэглэх үү, зүгээр л захын ТҮЦ-нд ширхэглээд зарж байгаа янжуурыг хүүхдүүд их хэрэглэх үү гэдэг логикоо л нэг бодмоор. Тэгээд ер нь бол ирээдүйд орж ирэх донтолт бүрээс хувь хүн өөрийнхөө ухаан, боловсролоор, өөрийнхөө хүүхдийг хэрхэн ухаан суулгах эсэхээр л сэргийлж чадахаас биш хориглоод, хааж боогоод бүтсэн юм дэлхийд байхгүй. Дараа дараагийн донтолтууд орж ирэх үед юм бүхнийг л хааж хориглож хар пиараараа зодож шийдээд яваад байвал буруу даа... Саяхан жүжигчин Баярмагнайг яам төрийн захиалгаар тэнэг контент хийлээ гээд байсан одоо өөр нэг жүжигчин Сөрөлт яам төр контент хий гэхээр 7 мянгуулаа лайк дарж байгаа харагдах. Электрон тамхи, видео тоглоом, утасны донтолт, кино, метавээрс гээд цоо шинэ ойлгох эцэсгүй донтолтууд айсуй. Товчхондоо донтолтоос сэргийлнэ, өөрийгөө авч гарна, хүүхдүүдээ авч гарна гэдэг бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол, харилцааны соёл гэх мэт шиг хамгийн чухал нэг ухаан болж байна.