МОНГОЛ “ДЕЛО” (6)

Шаравдоогийн дело (хэрэг)1948. Дэлхийн дайны үед Орост олзлогдсон байгаад Монголд зугтаж орж ирсэн унгар үндэстэн Галлэтийн зургийг нь гаргаж босгосон Төв театр буюу ардуудын нэрэлснээр Бөмбөгөр театр модон барилга байлаа. Хотын төвд байдаг энэ байшин гал алдсаны улмаас дүрэлзэн эгшин зуур шатаж дууссан. Түймрийн сургаар олон хүн харах гэж цуглажээ. Нэртэй жүжигчин Шаравдоо түймрийг харж зогссоноо “Зүмбэрлээд л, мөн ч сайхан шатаж байнаа” гээд хэлчихжээ. Үүнийг сонссон нэг нь даруй дээш нь матсанаар жүжигчин баривчлагдав. ”Улсын өмч сүйдэж байхад хараад баяр хөөр болсон, ам цуурсан” гэж яллан Шаравдоог шүүхээр яллаж шоронд хорьсон.

Оюутнуудын дело (хэрэг) 1949. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр Монголын малын тоо толгойг 1954 он гэхэд 31 саяд хүргэхээр тооцон энэ талаар хүчтнй суртал нэвтрүүлэг явуулав. Улсын Университетэд болсон цуглаанд оролцсон дөрвөн оюутан байрандаа ирсний дараа малын тоог 31 сая хүргэнэ гэдэг бүтэхгүй тухай ярилцжээ. Матаас зохих газраа хүрч Их сургуульд гэнэт Чойбалсан өөрийн биеэр орж ирэн мөнөөх 4 оюутныг босгон төрийн дайснаар зарлажээ. Үүдэнд хүлээж байсан Дотоод яамныхан даруй танхимд орж ирээд мөнөөх хэдийг баривчилсан. Тэднийг шүүхээр оруулан шоронд хорьсон.

Ардын унших бичгийн дело (хэрэг) 1949 1948 онд шүүмжлэгч Жамсранжавын эмхэтгэсэн “Ардын унших бичиг” хэмээх 220 хуудастай ном хэвлэгдсэнд Бумцэнд, Янжмаа, Цэдэнбал нарын намтрын хэсэг багтсан. Янжмаа өөрийгөө хувьсгалын удирдагчийн зэрэгт тавьсан байна хэмээн Чойбалсан ихэд эгдүүцэн түүнийг яллаж Улс төрийн товчооны гишүүнээс хасч шийтгэл ноогдуулсан. Энэ үед Лениградын зохиолчдын хэрэг гэгч Зөвлөлтөд мандаж найрагч Ахматова, шог зохиолч Зощенко нарыг бут ниргэв. Уран зохиол, түүх бичлэг зэрэгт намч, марксист үзэл баримтлалыг алдагдуулсан гэж тэднийг яллажээ. Үүнийг далимдуулан Цэдэнбалын зүгээс “Ардын унших бичиг”-ийн хэрэг дэгдээн, түүх, уран зохиолд феодалын үеийг магтан дуулсан, харгис Чингисийг сайшаасан зүйл их гарч, театрт энэ талаархи жүжиг байнга тавигдаж байгаа нь марксизм болон намч чанарыг алдагдуулж байна гээд хойшид Чингисийг магтах сайшаах явдлыг хориглох тухай намын тогтоол гарсан. Жамсранжавыг буруутган наад зах нь намаас хөөх, болбол хорих санал гаргасан.

Жон Гиббэнсийн дело (хэрэг) 1972-1990. Британийн монгол судлаач Жон Гиббэнс 1972 онд Их сургуулиудын солилцоогоор монгол хэл сурахаар Улаанбаатарт ирж МУИС-д суралцав. Гиббэнс монгол хүүхэнтэй танилцан гэрлэсэн байна. Монголын амьдралыг судлахаар шийдсэн үү, хотын захын ядуу гэр хороололд хүүхнийдээ амьдрах болжээ. Чарганд хүлсэн бидон чирээд худгаас байнга ус зөөж явсаар олон танилтай болсон. Түүнийг нутаг руу нь хөөгөөд явахгүй болохоор нь эхнэрийг нь барьцаалан шоронд хүртэл суулгаж үзсэн. Хүчээр онгоцонд суулгах гэж авчрахад эхнэрийг нь суллахаас нааш явахгүй гээд Гиббэнс тасалбараа урж хаяж байсан гэдэг. Эцэст нь түүнийг хөөж амжсан. Тэрээр олон жилийн дараа 1990 онд Монголд эргэж ирэн эхнэр хүүхэдтэйгээ уулзжээ. Жон Гиббэнс кирил үсэгт буулгасан анхны монгол Библи судрыг 1991 онд хэвлүүлсэн юм. 

Сүхбаатар, Жамсран нарын дело (хэрэг) 1970. “БНМАУ- түүхий дээж бичиг” ном 1969 онд хэвлэгджээ. Удалгүй номын зохиогч Гүнжийн Сүхбаатар, Лхамсүрэнгийн Жамсран нэр хэрэгт оров. Монголын түүхийн эх сурвалж хэмээн Хятадын олон эх сурвалж, ном хэвлэлийг хэтэрхий ихээр эшлэн ашигласан байна гэж үзжээ. Үнэндээ нүүдэлчдийн түүхийн эх сурвалж гэвэл хятадаас өөр сурвалж ядмаг нь мэргэжлийн хүнд дэндүү ойлгомжтой баймаар. Тэднийг шийтгэн дахиж хэвлэн нийтлэх, ном бүтээх эрхийг нь хасав.

Академич Тойвгоогийн дело (хэрэг) 1981. Бог малыг 9-р сарын 15-аас хээлтүүлгэд зэрэг оруулах кампанит ажил гэдгийг жил болгон нам засгийн удирдлагаар үзэл суртлын өндөр арга хэмжээнд зохион байгуулдаг байжээ. Энэ нь улс даяар нэгэн зэрэг мал төллөдөг сайн талтай гэж үзсэн хэрэг. Академич Цэвэгийн Тойвгоо үүнийг шүүмжилж, байгаль цаг уурийн өөр өөр нөхцөлтэй Монголын уудам нутагт улс даяар мал нэгэн зэрэг төллөх нь сайн биш, харин муу талтай гэж ярьсан байна. Түүнийг намын бодлогыг эсэргүүцэж гуйвуулан тайлбарласан хэрэгт татан намаас хатуу арга хэмжээ аван ажлаас нь халжээ.

Францын элчин сайдын дело (хэрэг) 1981. Францад Владимир Ветровын хэрэг гэгч 1981 онд дэгдэж, дипломат нэрээр халхавчлагдсан Зөвлөлтийн олон тагнуулч илчлэгдэв. Аж үйлдвэрийн 150 орчим тагнуулч дэлхийн улс оронд үүрлэж байснаас Францад 47 нь ажиллаж байжээ. Тэднийг бүгдийг нь хөөж гаргахад, зөвлөлтүүд сөргүүлэн олон францчуудыг хариу болгон хөөв. 

НАТО-ын гишүүн орнуудаас Улаанбаатарт элчин сайдын яамаа нээж, элчин сайдаа суулгасан хоёрдахь орон нь Их Британийн дараа Франц байлаа. Францын эсрэг хариу барих ажиллагааг зөвлөлтүүд Монголд ч зохион байгуулав. Монголд суух элчин сайд нь нэлээд хүүхэмсэг нэгэн. НАХЯ зохион байгуулж Элчин сайд руу “өнгөний өвчтэй” гэгдэх хүүхэн оруулчихаад дараа нь дуудаж авчиран “та өвчин авсан, энийг чинь зарлана, эсвэл манай тагнуулын байгууллагатай хамтарч ажилла” гэж тулгажээ. Энэ болхи ажиллагааг хошууч “Б” биечлэн гүйцэтгэсэн. Элчин сайд хүзүүгээ хөндлөн зурж заагаад “Миний энэнээс дээших нь Францын Ерөнхийлөгчид хамаардаг, дооших нь надад хамаардаг” гэж хэгжүүрхсэн аж. Өнгөний өвчин авсан мань сайд Биокомбинатын унгар мэргэжилтнүүдээр өвчнөө эмнүүлэв. Эцэст нь Франц улс Улаанбаатараас Элчин сайдын яамаа татаж хаажээ. Хариу болгож ГЯЯ-аас Парист суух Монголын Элчин сайдыг томилуулахгүй дан Түр хамаарагч томилон Элчин сайдгүй арван жилийн нүүр үзүүлжээ. Яаж ч бодоод энэ арга хэмжээ Зөвлөлтийн заавар тушаал. Мөн ийм заавраар НАХЯ зохион байгуулж Элчин сайдын яамны байр руу өөрийн агент хүүхнийг оруулчихаад дараа нь шантаажилсан явдал Их Британийн болон Японы элчин сайдын яаманд ч давтагдсан.

Моломын дело (хэрэг) 1979. Цеденбал-Филатовагийн удирдсан Хүүхдийн төлөө фонд санхүүгийн асар их зөрчилтэй болохыг Ардын хянан шалгах хорооноос илрүүлж тийш шалгалт оруулахаар зэхжээ. Хороон дарга Цэндийн Моломыг Улс төрийн товчоонд дуудан авч хэлэлцэв. Түүнийг Увс аймгийн Давст сумын Хандгайт гэх газар төрсөн гэж анкетаа бөглөсөн хэрэгт буруутгасан. Учир нь Цэдэнбал өөрөө Хандгайтад төрсөн, Молом өөр газар төрсөн мөртөө даргатай ойр болох гэж худал хэлсэн гэжээ. Хандгайт нь одоо ч Оросын Тувагийн нутагт байдаг. Моломыг ажлаас нь халж байрыг нь хураан авчээ. Тэр үед том дарга нарын гэрийн тавилгыг улсаас тавьж өгдөг байсан ба ажлаасаа өөрчлөгдөхөд бүгдийг нь эргүүлж хурааж авна. 1982 онд Бадамын Лхамсүрэн Улс төрийн товчооны орлогч гишүүнээр “сонгогдоход” бүх тавилгыг нь улсаас тавьж өгсөн. Тэднийх гэрийнхээ өөрийн тавилгыг хамаатан садан танилууддаа тараан өгчээ. Гэтэл үл мэдэх шалтгаанаар ердөө зургаан сарын дараа гэнэт товчооны бүрэлдэхүүнээс хасав. Ор дэрнээс авахуулаад улсын тавилга бүгд хураагдахад тэднийн нүцгэн айл болов. 

Ринчин сайдын дело (хэрэг) 1976. 1973 онд ЗХУ-ын Гадаад явдлын яам хоёр улсын иргэд хоёрдмол харъяалалтай байх явдлыг гаргуулахгүй байх тухай конвенц байгуулах санал тавьлаа. Манай тал ч саналыг хүлээн авч хэлэлцээ хийж дүнд нь “Хоёрдмол харъяаллыг зохицуулах конвенц”-д 1975 онд хоёр улсын ГЯЯ-ны Консулын газрын дарга нар гарын үсэг зуржээ. Конвенцийг хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага соёрхон батлах ёстой байсны дагуу Монголын Ардын их хурлын тэргүүлэгчид 1975 оны сүүлчээр соёрхон батлав. 

Конвенцид эхнэр буюу нөхөр нь нөгөө улсын харъяат байгаа айл өрхөд төрсөн хүүхдийн иргэний харъяаллыг эцэг эх нь хоорондоо тохиролцсоноор тогтоох буюу эсвэл хүүхэд нь насанд хүрсэн хойноо өөрөө сонгоно гэсэн байв. Гэтэл Монголын удирдагч Ю.Цэдэнбалд гэнэт хов очжээ. “Гадаад яамныхан иргэдийн хоёрдмол харъяаллыг арилгах гэрээ байгуулж Таны хоёр хүүг Монголын харъяат болгох гэж байна” гэх нь тэр. Үүнд адгасан Цэдэнбалын гэргий Цеденбал-Филатова ГЯЯ-нд давхин ирж сайд Л.Ринчинг элдвээр хараан зүхэж дайрчээ. Цэдэнбалын гэргий эх хүний амнаас гарамгүй муу муухай үг хэлж тийнхүү зүй бусаар авирласанд үнэхээр дургүйцсэн ГЯЯ-ны удирдлага ЗХУ-ын Элчин сайд А. Смирновыг урьж уулзан, болсон явдлыг товч мэдээлж Цеденбал-Филатовагийн дур мэдэн аашлах зан араншингийн талаар ЗХУ-ын харъяат иргэнийх нь хувьд анхааруулж хэлэхийг хүссэн түүхтэй. Түүнээс хойш төдий л удалгүй 1976 оны зун Л.Ринчинг ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, нөгөө иргэдийн хоёрдмол харъяаллыг зохицуулах конвенцийг Ю.Цэдэнбал “өөрөө гүйцэд үзэж танилцаагүй байна” гэсэн шалтаг зааж ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөр соёрхон батлуулахыг “түр хойшлуулах”-аар болсон ажээ. ЗХУ-тай байгуулсан конвенцээ батлуулах цаг болсныг Цэдэнбалд ГЯЯ-ныхан удаа дараа сануулсан боловч “Хүлээж бай, би судалж үзнэ” гэсээр 8 жилийн нүүр үзжээ. 

Японд хэвлэгдсэн альбомын дело (хэрэг) 1984. Хүүхдийн төлөө фондын тухай тусгай альбомыг Японд хэвлэхээр болжээ. 1984 оны хавар номын эхний хувийг хүлээн автал, засварын явцад гарсан үл ойлголцлоос болж Фондын тэргүүн Цеденбал-Филатовагийн нэгэн зураг хасагдаад иржээ. Филатова авгай Нийгмийн аюулаас хамгаалах яам, Намын хянан шалгах хорооны удирдлагыг дуудаж, Гадаад яаманд үүрлэсэн намын эсэргүү нарыг илчлэх үүрэг өгчээ. Асуудлын мөрөөр Аюулаас хамгаалах яамны орлогч сайд яаралтай томилолтоор Токио ниссэн байдаг. Гадаад явдлын яамны орлогч сайд Ц.Гомбосүрэн, Токиод суух элчин сайд, Элчин сайдын яамны соёлын атташе Хүрэлбаатар, хэвлэлийн төлөөлөгч Намчин нарын олон хүн хэрэгт орлоо. Тэднийг янз бүрийн шалтгаанаар буруутгагдсан байна. Уг альбомыг огт хараагүй Ц.Гомбосүрэн л гэхэд номд хийсэн засварын тухай шифрлэсэн нууц цахилгааныг явуулах зөвшөөрөлд гарын үсэг нь байсан тул буруудсан байх жишээтэй.

Хэвлэгдсэн бүх альбомыг устгаад Цеденбал-Филотовагийн зургийг нэмж шинээр хэвлэсэн байна. Ц.Гомбосүрэнг тушаал бууруулж Москвад зөвлөхөөр илгээн, Намчинг намын орлогч гишүүнээс хасах зэргээр хүн бүрт шийтгэл ногдуулсан боловч Филотова тэднийг хөнгөдсөн гэж үзээд асуудлыг сэргээн хэлэлцэхийг үүрэгдсэн байна. Тэднийг Улс төрийн товчоогоор оруулан шийтгэх, намаас хөөх, ажилгүй болгохоор бараг шийдчихсэн байв. Гэтэл дөрөвхөн сарын дараа Цэдэнбал огцорч асуудал дарагдан мартагджээ.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

2020.4.13