Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зараллаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авилга, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ. Иймээс хөрш оронд үүсч болох аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт хүчиндээ илүү анхаарал тавих, боломжит аюулаас сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.
   
Орос нь өнөөдөр хувь процентоор тооцоход цэрэгт өгч буй мөнгөөрөө дэлхийд тэргүүлж байна. ДНБ-ийхээ 4,5 хувийг батлан хамгаалах зардалд зарцуулж байгаагаар АНУ, Хятадыг хол хаяжээ. Ийм үзүүлэлтээр тэдний өмнө Хойд Солонгос л орж магадгүй. Энэ бол өнөөгийн жишгээр милитаржсан орны зэрэглэл юм.
   
Өнөөдрийн Оросын задрал нниэс аль хэдийнээс нэгэнтээ эхэлсэн. 1990-ээд он эхэлж байхад Оросын цэргийн нэг нэгтгэлийн удирдагч Афганистаны дайны баатар Дудаев Чеченьд батлан хамгаалах швейцарь тогтолцоог маш богино хугацаанд буй болгожээ. Швейцарь тогтолцоо бол өрх болгоныг, иргэн болгоныг батлан хамгаалах системд хамруулж гэр оронд нь зэр зэвсэг, өөрийгөө хамгаалах бусад төрлийн тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Бүх нийтийг өөрийгөө хамгаалах, дайсанд цохилт өгөх сургалтанд хамруулдаг. Өөртэй нь тэнцүү дайсанд хэзээ ч ялагдахгүйгээр, хэрэв өөрөөс нь хавьгүй хүчирхэг дайсанд ялагдлаа ч аймшигтай хохирол учруулж чадах хэмжээнд бэлтгэгдсэн болой. Гэвч энэ улс Аугсбэргийн гэрээгээр төрснөөс хойшхи 400 жилийн туршид швейцарь батлан хамгаалах тогтолцоо огт шалгагдаж байгаагүй. Дэлхийн хоёр дайн болоод өнгөрсөн хугацаанд Европт болсон олон дайн мөргөлдөөн үргэлж Швейцарийг тойрч байсан юм.
   
Огт шалгагдаж байгаагүй швейцарь тогтолцооны гайхамшгийг Чеченийн анхдугаар дайн батлан харуулав. Генерал Грачев ганц сая хүнтэй Чеченийг бүрэн дарахад дэлхийн хоёрдахь том арми Орост долоо хоног ихдэнэ гэж бахдаж байсан ч фронтын дайны баатрууд ялагдаж Дудаевийн залгамжлагч террорист Яндебиевийг Москвад урин хэлэлцээ хийгээд бараг бүрэн тусгаарласан Чеченийн ерөнхийлөгч болохыг зөвшөөрөөд цэргээ татав. 13 настай хүүхэд подволоос минимотоор буудаж долоон танк устгаж байсан гэдэг.
   
Оросоос де-факто тусгаарлаж чадсан Яндербиев, Масхадовын дэглэм де-юре тусгаар тогтнолыг алан хядлагаар олж авна гэж олон газар террор үйлдэж Орос орныг донсолгожээ. Үүний хариу ч чанга ирсэн. Чеченийн хоёрдугаар дайн хэрэг дээрээ геноцит болж хувирав. Фронтын дайн хийсэн учраас хүүхэд эмэгтэйчүүд, эмнэлэг сургууль хамаагүй болсон юм. Чухам үүний дүнд ч бараг хэний ч таньдаггүй байсан Путин Оросын шинэ царь болж чадсан. Гэвч ньчүүд номхорсонгүй. Дахиад л Орос орныг чичрүүллээ. Халдлага, террор тасарсангүй. Харин ч хүрээгээ тэлж хажуу Дагестан зэрэг газруудад халварлах нь тэр.
   
Үнэндээ арга нь тасарсан Путинд өөр арга чарга олдсонгүй, тэрээр чеченийн босогчдын нэг болох Кадыровыг өөртөө татаж Чеченийг тайван байлгасны шанд хэмжээлшгүй мөнгө, хязгааргүй эрх олгохоор тохирчээ. Аав нь алагдсаны дараа хүүд нь эрх мэдлийг шилжүүллээ. Мөнгө, цол хэргэм, эрх мэдлээр тасалсангүй. Орос улсын баатар Кадыров. Төрсөн өдрөө тэмдэглэхдээ сая долларын үнэтэй дуучин авчирч наргихад Путин зардлыг нь чимээгүй төлсөөр л. Эцэст нь Путин өөрөө Кадыровын барьцааны хүн болж хувирав.
   
Кадыров харж сонсоход тэнэг үйлдэл ар араас нь үйлдэн, скандал, шуугиан, үймээн байнга тарин, Оросыг дэлхий нийтийн өмнө шившиг болгож байгаа юм шиг боловч тэрээр маш ухаалаг зальжин нэг билээ. Тэрээр Орос оронд Путинаас илүү хайртай нэгэн, Путинд бол оросын ард түмнээс ч илүү янаг нэгэн. Энэ шал худлаа. Чухам ийм лоозонгоор тэрээр Чеченийг үнэн хэрэгтээ тусгаар улс орон болгож дөнгөв. Тэнд Оросын хууль үйлчлэхгүй. Кадыров Оросын мөнгөөр юу дуртайгаа үйлдэх бүрэн эрхтэй. Дудаев ч, Масхадов ч ийм амжилтанд хүрч чадаагүй юм.
   
Бараг зуун янзын хэлээр ярилцдаг Оросын холбоо нь 85 субъекттэйд 22 бүгд найрамдах улс, 9 хязгаар, 4 автоном тойрог, нэг автоном муж багтана. 20 сая лал сүсэгтэнтэй. Путин хэдийгээр Халимагийн Үлэмжинов, Татарстаны Шаймнев, Якутын Николаев зэрэг орон нутгийн феодлуудыг зайлуулж чадсан ч тэд нь Кадыровтой харьцуулахад гэмгүй даврагчид. Чеченийн бүгд найрамдах улс шиг бие даасан, Оросын хууль үйлчилдэггүй субъект өөр бараг үгүй байхаа. Саяхан Төрийн Думаас төсөв хувиарлахдаа бүх субъектийн мөнгийг хассан мөртөө ганцхан Чеченийн төсвийг 7 хувиар нэмжээ.

Оросын булааж авсан Крымын бүгд найрамдах улсын толгойлогч Аксёнов хоёр жилийн өмнө Кремлийн амлаж байсан их мөнгөнөөс сохор зоос ч олж аваагүй гэж гомдоллох болов. Энэхүү зөөлөн хэлэхэд шудрага бус хуваарилалт олон субъектийг гомдоож байна. Яагаад Татарстаны орон нутгийн зөвлөл татаар хэлийг латин үсгээр бичиж байх шийдвэр гаргахад түүнийг Төрийн Дум хориглон зогсоож болдог мөртөө Чеченьд өөр мужаас хууль сахиулагчид гэмт хэрэг мөрдөн орж ирэхэд шууд буудчихаар юм хэлдэггүй юм бэ? Муу ч сайн ч казань татаар үндэстэн чеченьчүүдээс тав дахин олуулаа шүү дээ. Яагаад Москвад аллага үйлдсэн террористийг Чеченийн засаг захиргаа өмөөрөх төдийгүй хуурамч бичиг баримт олгоод гадагш нь зугтаалгачихад Кремль чихээ бөглөөд өнгөрдөг мөртөө мөн Москвад буй украин номын санд Оросын эсрэг ном хадгалж байна гэх шалтгаанаар ажилтнуудыг нь баривчилдаг байнаа?
   
Эдийн засгийн ийм хүндрэлд орсон Орос орон хяналтаа улам бүр алдсаар байна. Дэлхийд тэрбум лалын шашинтан буйн 90 хувь нь сунитууд. Крымын цонхыг Сирийн хаалгаар солих гэсэн оролдлого нь Оросыг ийм аймаар том хүчний урдаас сөргүүлэн тавьлаа. Өдгөө барууны хориг тавигдлаа ч гэсэн Орос нь таван жилийн өмнөх төвшиндөө эргэж очтол лавтай 10 жил хэрэгтэй болно. Учир нь гол экспорт болох байгалийн түүхий эдийн үнэ эргэж өсөх магадлал тун хэцүү. Авилгатай дайн заралсан Путины хөтөлбөр байдлыг улам дордуулсан болохоос нэмэр болоогүй. Английн шүүх Путиныг хүн амины хэрэгт холбож, АНУ-ын төр түүнийг олон тэрбумын хөрөнгөтэй авилгачаар зараллаа. Хэдийгээр хатуу чанга арга хэмжээ авч байгаа ч гэсэн сөрөг хүчин улам хүчээ зузаатгаж хэзээ хэзээгүй дэлбэрэхэд алхам алхамаар ойртсоор. Сонгууль ойртсоор.
   
Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хусайн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараах самуурал, ХХ зууны хориод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд Дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн юм.
   
Хориод оны иргэний дайны үеэр Орост хориод бие даасан засаг оршиж биентэйгээ үхэх сэхэхээ үзэж байсан гэдэг. Нэг л бүлгийнх нь өчүүхэн хэсэг нь Монголд орж ирж түйвээж байсныг, араас нь тэднийгээ нэхэж ирснүүд нь нэмж баллаж байсныг түүх тодорхой санаж байгаа. Алив дайны амжилт хүнсний хангамжаас маш их хамаардаг. Цэрэг ч бай дээрэмчдийн бүлэг ч бай хүнсний хамгамжгүй болох аваас байлдахаасаа илүү удирдагчаа буудаж хаячихаад тонуулчин алуурчин болдог. 60-70 сая мал нь талаар нэг билчсэн, дайн байлдаан тонуул дээрэм хийхэд хүн амьтангүй эзгүй полигон бүхий газар ямар аятай оромж болох нь ойлгомжтой. Төрийн нэгдсэн хангамж үгүй жижиг бүлэглэлүүд хүнсний хангамжтай бол удаан хугацаагаар байлдах чадвартай. Түйвээх ч чадвартай.
   
Жич: Түүхэнд Төв Азийн нүүдэлчид 10 мянган км-ийн тэртээх алс газруудад довтлон түрэмгийлж байжээ. Түрэг, Хүн, Жужуань, Аваар, Монгол, Мажаар, Ногай, Алтан улс, Ильхан гээд олон жишээ татаж болно. Заримдаа хэдэн зуун мянган хүн хүрэх энэ том армиуд хүнсний хангамжаа маш сайн шийдсэн байсан нь тэдний амжилтын гол үндэс юм. Байгалийн ямар ч хүнд нөхцөлд өөрөө өвч тэжээлээ олоод идчихдэг хагас зэрлэг морьд (зөөвөрлөх) болон бусад мал (хоол хүнс) тэрхүү том армийн араас дагалдаж явдаг байжээ.

2016.1.31