Дэлхий даяарын өөрчлөлт бидэнд давуу талыг авчирна
Ялангуяа эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц юм. Эрчим хүчний шилжилт энэ бүхний яг голд нь оршиж байна.
Монгол даяараа наадамлаж, наадамласаар ч байх нь ойлгомжтой үзэгдэх. Улсын баяр наадам болоод үргэлжлүүлээд аймгуудын 100 жил, аймагтай зэрэгцэн байгуулагдсан сумдын 100 жил гээд хот, хөдөөгүй наадаж байна. Гэхдээ зуны дэлгэр цагтаа бужигнаж бужигнаж аваад наадмын маргааш намар гээд нэг их сандралдсан улс цугладаг даа. Яг энэ их бужигнааны өмнө саяхан болсон нэг том арга хэмжээг сануулан бичиж үлдээх хэрэгтэй болов уу. Энэ бол хотын их үерийн дараахан, баярын яг өмнөхөн болсон Эдийн засгийн чуулган -2023 .
Уг нь голдуу намар хийдэг Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг наадмын өмнө хийхээр зарласан нь гадны хөрөнгө оруулагчид, зочдоо бодоод үзэхэд зөв шийдэл. Энэ удаагийн уулзалтад JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC, Deutsche Bank, UBS, Sumitomo Mitsui, Bank of China, US EXIM, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Export finance Australia, MIGA, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, Canadian Imperial Bank of Commerce зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид ирэх талаар урьдчилан мэдээлэгдэж байсан нь үнэндээ сүүлийн жилүүдэд байдаг л хэдэн зочинтой, хүн тоохоо больсон Монголын эдийн засгийн чуулган дахин шинэ түвшинд гарч, нөгөө талаар Монгол дахин моодонд орох нь энэ үү гэсэн мессэжийг өгч байлаа. Монголын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын хуралдаанаараа “Монголд зочлох” жил болгон зарласан нь ковидын дараахь аялал жуулчлалын салбарын өсөлтөөс гадна Оюу толгойн гүний уурхайг нээснээр гадныхан сонирхож эхлэх гээд тал талыг тооцоолсон байж таарах нь.
Энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үндсэн илтгэл тавьсан УИХ-ын дарга Г.Занданшатар нарын үгийг сонсч байхад дорвитой сайн байгаагүй. Зүгээр л товчхон яагаад бидэнд итгэж хөрөнгө оруулж болох вэ гэдэгт гол өнцгүүдээ тодорхойлж, бас хүчтэй нөлөөлөгчийн байр сууринаас илтгэчих ёстой атал нэг нь үер усны асуудал гээд ачаалалтай ажиллаж, нөгөө нь амжиж гол хуулиуд батлах гээд завгүй байсных уу харьцангуй сул илтгэлүүд тавьж байгаа харагдсан. Аль аль нь илтгэх чадвар гайгүй улстөрчид гэгддэг байж нэг тиймхэн л байсан. Ерөнхий сайдын “Цар тахлын үеэр манай улсын эдийн засаг 4.7 хувийн уналттай байгаад 2022 онд 4.8 хувь, энэ оны эхний улирлын байдлаар 7.9 хувь болж өссөнөөр ДНБ-ий хэмжээ анх удаа 5000 ам.долларт хүрээд байна” гэсэн нь зочдод өсөлт хэрхэн явж байгааг хэлж өгсөн биз ээ. УИХ-ын даргын нуршсан илтгэлээс ямар ч байсан хууль эрхзүйн орчиндоо чухал хуулиудаа баталж, бас дараа дараагийн хуулиуддаа ч хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч байна гэдгийг ойлгосон байж таарна.
Мөн энэ чуулганы төлөөлөгч болох “Asia house”-ын гүйцэтгэх захирал Майкл Лауренс хэвлэлд ярилцлага өгөхдөө ирэх хоёр жил Монголын эдийн засгийн хувьд томоохон өсөлтийг авчрах жил байна гэж харж байгаагаа хэлж байсан.
Монголын эдийн засгийн чуулганд энэ жил 2200 гаруй төлөөлөгч оролцсоноос 500 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид иржээ. Гэхдээ нэлээд нь Рио Тинто группын дэлхий даяар хамтардаг компаниуд, түншүүд нь гэж дуулсан. Угаасаа манайхан уриад ирдэггүй зарим компанийн төлөөлөл, томоохон хөрөнгө оруулагчид ирсэн нь дэлхийн бизнесийн салбарт 150 жилийн түүхтэй энэ компанийн нэрээр өөрөөр хэлбэл монголчуудын хэлдгээр тэдний өнгөн дээр ирсэн байж таарна. Ийм дэм үзүүлэхийг ч манай Засгийн газраас хүссэн болов уу. Нөгөө талаас монголчууд багагүй хугацаанд гацсан Оюу толгойн төслөө үргэлжлүүлж, гүний уурхайгаа ашиглалтад оруулж чадсанаар олон улсад Монгол Улс гадны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж чаддаг гэдгээ баталж чадсан учраас энэ удаагийн чуулган өмнөхүүдээсээ ялгаатай болж байгаа юм. Рио Тинто компанийн хувьд ч ТУЗ, удирдлагын баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд анх удаа ирсэн нь голын хоёр талд биш, нэг завин дээр гарч хамтрагчид болсон гэдгээ бататгах сонирхол байсан биз. Ямартай ч сүүлийн арван жилд, ер нь энэ чуулган зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш болоогүй хөлтэй арга хэмжээ өнөө жил боллоо.
Гэхдээ мэдээж, авчрах нэг хэрэг, хийх нэг хэрэг. Үйл хэрэг болж хэрхэн үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар яг ямар салбаруудад хамтарч болох талаар нэг хоёр гэж байгаад банк, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, нисэх, мэдээж уул уурхайн мөн чөлөөт бүсэд ч хөрөнгө оруулах боломжтой хэмээн ярьсан нь тэдэнд илүү ойр буусан байх талтай. Өөрөөр хэлбэл, монголчууд гадны хөрөнгө оруулагчдад “Бид бэлэн байгаа шүү” гэдгээ хэрэндээ хэлэв, тэд итгэх эсэх нь бас нэг хэрэг. Банкны салбарт дараагийн шинэ үеийг авчрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байх. Манайх дотоодын банкнуудынхаа лоббигоор гадны банкуудыг оруулах тухай боддог ч үгүй, Bank of China гэхэд төлөөлөгчийн газраа нээгээд тэрнээсээ ахихгүй олон арван жилийн нүүр үзсэн билээ.
Өмнө нь бид хөрөнгө оруулагчдаас мөнгө л гуйдаг байсан бол одоо хэрхэн хамтрах тухай ярьж байгаа талаар мэргэжлийнхэн онцолж байсан. Ер нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас хойш өнгөрсөн 33 жилийн хугацаанд гадаадын 40 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 35 тэрбум нь 2010 оноос хойш гэсэн үзүүлэлт байдаг юм байна. Рио Тинто гэхэд 2010 оноос хойш манай улсад 15.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар чуулган дээр яригдаж байсан. Энэ чуулган дээр Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоны хэлсэн илтгэлээс анхаарал татах олон зүйл байв. Тасралтгүй хөгжиж байгаа дэлхийд тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний шинэ шилжилтийг шаардаж улмаар дэлхийн хөрөнгө дахин хуваарилалтын нөхцөл үүссэн, геополитикийн шинэ нөхцөл байдал үүсээд байгаа, дэлхийн эдийн засгийн хүчний төв Азид шилжсэн тухай, хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт, технологи, дижитал, хиймэл оюун ухаан, квантын тооцоолол болон нано технологид өрнөж буй хурдтай бөгөөд эрс өөрчлөлт бидэнд ч шинэ боломжуудыг өгч байгаа ажээ. Тэрбээр “Монголын хувьд давуу тал бий болгож болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц юм. Эрчим хүчний шилжилт энэ бүхний яг голд нь оршиж байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, дэлхий даяарын өөрчлөлт бидэнд давуу талыг авчирч байгаа талаар түүний илтгэлээс олж мэдэж болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Доминик Бартоныг хүлээн авч уулзаж, алсын хараатай энэ компанитай хамтран ажиллаж байгаа манай улсын хоршил урт амжилттай байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, Рио Тинто ТУЗ-ийн дарга ч Монголд эдийн засгийг солонгоруулах боломж бүрэн байгаа талаар мөн Алсын хараа 2050 бичиг баримт нэгэнт гарсан учраас хариуцлагатай компанийн хувьд хувь нэмрээ оруулаад явна гэдгээ илэрхийлсэн байна билээ.
Ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгаруултыг тэглэхийн тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай болно гэсэн тооцоо байгаа нь хүн төрөлхтөн зэс боловсруулж эхэлсэн цагаас хэрэглэсэн зэсийн хэмжээтэй ижил аж. Өөрөөр хэлбэл хэмжээлшгүй их зэс дэлхий даяараа хэрэг болох нь. Харин Оюу толгойн уурхай 2030 он гэхэд дэлхийд зэсийн олборлолтоороо дөрөв дэх том уурхай болох учраас яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэхдээ зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэхгүй өөр салбаруудад ч манайхыг сонирхож байгаа хүмүүс иржээ.
Дэлхийн Жорлонгийн байгууллагын үүсгэн байгуулагч Жек Симийн хэлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол жорлонгийн асуудлаа шийдэх хамгийн чухал бөгөөд жуулчин дундажаар өдөрт 6-8 удаа жорлон хэрэглэдэгээс хоёроос бусад нь зочид буудлаас гадуур байдаг тул бүхий л түвшинд эрүүл ахуй, тав тухыг хангах дээр анхаарах хэрэгтэй хэмээсэн нь анхаарлын гадна үлдээхийн аргагүй билээ.
Мөн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ирж, модератороор ажиллаж, сурвалжилга бэлтгэсэн нь эхнээсээ гадны хэвлэлүүдээр гарсаар байна. “The Australian Financial Review” дээр Монгол Улсын Засгийн газрын авлигатай тэмцэж байгаа үйл явдлыг дурдаад Рио Тинто ашигт малтмалын салбарт компаниудын нэгдэх үйл явц өртгийг улам өндөр болгосон амаргүй үед Монголд орж ирсэн талаар дурджээ.
JP Morgan компанийн Хөрөнгө оруулалтын банк, Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо групп компанийн олон улс хариуцсан тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал Женифер Нейсон эмэгтэйчүүдийн оролцооны талаар дүгнэн хэлэхдээ “Оюу толгойн уурхайд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог харахад хүртэл бахархам байна. Эмэгтэйчүүдийн эдийн засагт оролцох оролцоог дэмжсэнээр ирэх үр шим их байдгийг дэлхий нийтээрээ мэдэх болсон. Ер нь Оюу толгойн төсөл бол зөвхөн зэс олборлож байгаа хэрэг биш, Монгол Улсын чадамжийг илтгэх том төсөл. Энэ бол олон талын ур чадвартай боловсон хүчин, өндөр түвшний гүйцэтгэл, дэлхийн хэмжээний үйл ажиллагааны үр дүн” гэж хэлсэн.
Түүний энэ яриа Рио Тинто группын Зэсийн группын захирал Б.Болдын яригаар нэг талаас батлагдах биз ээ. Олон улсад Монголоо төлөөлж ажиллаж байсан энэ эрхэм эргээд Рио Тинтог төлөөлж ажиллах болсноор энэ төсөл амжилттай үргэлжлэх шалтгаан болсон гэж үздэг хүмүүс олон. Ямартай ч олон зуун жилийн түүхтэй уул уурхайн группын Зэсийн группыг ахалж байгаа хүмүүс нь энэ цаг үед монгол хүмүүс байгаа нь үнэн юм. Энэ удаад Риогийнхон удирдлагын багаараа бөөнөөрөө ирсэн ч учиртай биз. Ер нь аливаа улсын харилцаа, төсөл хөтөлбөр хэрэгжих асуудал том түвшинд яригдаад байгаа мэт байдаг ч хүн хоорондын харилцаанаас л үүдэж байдаг билээ.
Б.Болд захирлын яриаг иш татахад тэрбээр Оюу толгойн төсөлд 20 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд бөгөөд олон чадварлаг залуус Рио Тинтогийн бусад уурхайнуудад ажиллаж, мэдлэг чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцолж байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайгаас гадна монгол хүний чадварыг дэлхийд таниулж байгааг өөрөө энэ замаар явж ирсэн хүний хувьд ач холбогдол өгч байна лээ. Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалт дагасан том төслүүд үндэсний компаниудын өсөлт бойжилтод шууд нөлөөлдөг. Лав манай топ 100-д багтдаг компаниудын дийлэнх нь Оюу толгойн туслан нийлүүлэх компаниуд байдаг юм билээ.
Наадмын өмнөхөн болсон Эдийн засгийн чуулган 2023 цаг өөр болсныг дохиоллоо. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл уул уурхай гэхгүй олон салбарт өсч хөгжиж, эрдэс баялгаа оюуны баялаг болгож, монгол хүний бүтээмж нэмэгдэж, орлого хөгжил дагаад өсөх боломжтой болж таарна. Гэхдээ бас буруу хөдөлбөл юу дагуулдагийг бид бас мэднэ. Гадны санхүүгийн байгууллагын төлөөллүүдийг Ерөнхий сайд өглөөний цайнд хүлээн авч уулзах үед хөрөнгө оруулагч нар “Та бүхэн 10 жил алдсан шүү. Одоо эдийн засгийн өсөлтөө хадгалаад, төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байгаарай” гэж зөвлөсөн гэсэн.
Энэ нь цаг хугацааны хувьд боломж тохиож, давуу талууд наашилж болох ч өмнөхийн адил алдвал гурав дахь гэж байхгүй анхааруулж хэлсэн биз ээ. “Монголд зочлох жил” хоосон уриа болж үлдэлгүй, жуулчид нь ч ирж, томоохон хөрөнгө оруулагчид ч цугларлаа. Одоо бид өөрсдөө үйлдэл болгож юу хийхээс бүх зүйл шалтгаална даа.