Дэлхий зэсийн эрэлд гарах цаг дор Монголын говьд дэлхийд томд орох уурхай ажиллана
Цагийн тохироо үргэлж таараад байдаггүй тул зөв ашиглах нь чухал.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын албан мэдээнд яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон гэсэн өгүүлбэр анхаарал татна. Үнэхээр яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлууд дараагийн түвшиндээ гарч эхэлбэл олон зүйлийг өөрөөр харах боломж гарч ирэх биз. Ер нь бид тогтсон уламжлалт ойлголт, хэвшмэл сэтгэлгээгээр асуудалд ханддаг биш харин олон улсын түвшинд нөхцөл байдал ямар байна, дэлхий юу гэж харж байна, бид дотооддоо авч байгаа мэдээлэлд зарим талаараа итгэхгүй байвал гадны эх сурвалжаар баталгаажуулдаг байх нь зөв санагддаг. Тэгэхгүй бол дэлхий тэр аяараа Хятад руу ханарч, том зах зээлтэй хөрш байх боломжгүйдээ харамсч байхад бид хөрш байгаад бухимдсан хэвээрээ л. Бас Рио Тинтогийн дэлхийд шалгагдсан 150 жилийн туршлагаар Оюутолгойн уурхайн олборлолт эхэллээ гэхээр Монголын Засгийн газар тэнд хамт байгаа эсэх огт хамаагүй, хохирогчийн байр сууринаас бүгдийгээ үгүйсгээд эхэлнэ. Энэ бүхэн давтагдаад ирэхээр сүүлдээ ч болдог юмгүй санагдах нь бий.
Өнгөрсөн гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай нээгдсэнийг зарлаж, төрийн томчууд нээлтэнд нь очиж, эдийн засгийн хүрээнийхэн түүхэн арга хэмжээ болж байгааг онцлон дүгнээд том арга хэмжээ болсныг санаж байгаа байх. Ойрмог харьцангуй нам гүм болчихоор нээрээ энэ асуудал маань юу сан билээ гэж эргэж бодох шиг. Нэг хэсэг үл ойлголцолд байсан ч хоёр талаас харилцан ярилцаад Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хамтраад Монголын хамгийн том зэс, алтны уурхай гүний уурхайн олборлолтоо хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, талууд бүгд нэг завин дээр гарсан. Хоорондоо нэгнээ тандах, толхилцох асуудал нь дуусч, хамтдаа ажлынхаа ард гарах нь чухал болсон. Гадны зах зээлд Монголын оролцоо бүхий дэлхийн хэмжээний энэ уурхайг хэрхэн үзэж байгаа нь бидэнд чухал байх цаг үе эхэлсэн. Эндээ бид харьцангуй нам гүм болчихоод байна уу гэж үзэж байгаагаас биш олон улсад Монголын Оюутолгойн уурхайн талаар маш олон хэвлэлүүд онцлон авч үзсээр байна. Тэр дундаа Австралийн хэвлэлүүдэд гуравдугаар сард хонхоо цохисон далд уурхайн нээлтийн дараагаас маш олон тооны нийтлэл гарчээ. Аргагүй дээ, бид Австралид үер боллоо энэ үед нь амжиж нүүрсээ зарвал гэдэг, тэд хамгийн том нүүрсний худалдан авагч Хятад руу хямд бөгөөд хялбар аргаар тээвэр хийхээ маш нарийн тооцож, зэс нүүрс гээд манайд байх олон бүтээгдэхүүнийг өмнөд хөршид борлуулдаг улс учраас энд юу болж байгаад анхаарал тавих нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, гадны зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг улсынхаа хувьд аль, алиныхаа нөхцөл байдлыг харилцан танддаг учраас тэдний хэвлэлүүд анхааран бичих нь аргагүй юм. Австралиас гадна Англи, Франц, Хятад гээд олон орны хэвлэлд дэлхийд дөрөвт бичигдэхээр болж буй том уурхайн талаар онцлон бичжээ.
Тухайлбал, “Australian Finance review” дээр “Рио Монголын зэсэнд том бооцоо тавьсан” нийтлэлийг уг төслийн талаар нэлээд өргөн хүрээнд ул суурьтай харьцуулан бичжээ. 2009 оны анхны хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд Оюутолгой цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг Хятадаас авч ирсэн, үүнд монголчууд сэтгэл дундуур байдаг ч хангах боломжгүй явж ирсэн гэхдээ 100 км-ын зайд цахилгааны эх үүсвэр гаргах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн байгаа талаар, мөн хувь хэмжээ, төлөх ёстой татвар хөрөнгө оруулалттай холбоотой Монголын Засгийн газар барьцаа чангаруулж байгаад улмаар ойлголцоод өнөөдрийн гүний уурхайн олборлолт эхлээд явж байгаа гээд бүгдийг бичжээ. Мөн энэхүү уурхай нээгдсэн арван жилийн дотор нийт 20 мянган ажилтны 97 хувь нь монголчууд болсон бөгөөд 2030 он гэхэд дэлхийн хамгийн том дөрөв дэх зэсийн гүний уурхайн болно гэж онцолжээ. “Цахилгаан, эрчим хүчний асуудлыг шийдэх хүрээнд дэлхий даяар зэсийн эрэлт 2035 он гэхэд 25 саяас 50 сая тн болж хоёр дахин нэмэгдэнэ хэмээх судалгааг Рио онцолж байгаа бөгөөд зэсийн хамгийн том хайлуулах үйлдвэртэй Хятад гэхэд Хойд Америкт 2.4 сая тн, Европ руу 3.7 сая тн зэс нийлүүлж, одоогийн байдлаар 13.6 сая тонн зэс нийлүүлдэг орон” гэсэн мэдээллийг давхар оруулж өгчээ. “Australian mining”-т “Говьд ургаж буй Риогийн зэс” хэмээх гарчигтай бичвэрт “Рио Тинто 2022 онд Туркойз Хиллийг бүрэн нэгтгэснээр Монголын Оюутолгой уурхайгаас зэс олборлолтоо албан ёсоор эхлүүлэх боломжоо нээсэн. Хэдийгээр сүүлийн 10 жилийн хугацаанд ил уурхай, баяжуулах үйлдвэр ажиллаж байсан ч 7 тэрбумын хөрөнгө оруулалтын дараагаас гүний уурхайгаа ашиглалтад оруулж, зэсийн гол нөөцөө гүнээс нь олборлох галын шугам ажиллаж эхэллээ. Рио Тинтогийн мэдээлж буйгаар 2028-2036 онд олборлолт оргилдоо хүрч, жилдээ 500 мянган тонн зэс олборлоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбартаа тэргүүлэгч Рио Тинтотой хамтран Монгол Улс зэсийн салбарт дэлхийн гол тоглогч орны нэг болж байгаадаа бахархалтай байгаагаа мэдэгдэж байв” гэсэн байна.
Харин хятадууд энэ талаар хэвлэлдээ мэдээлэхдээ залуу Ерөнхий сайд нь энэхүү төсөл Монголын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050-ыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд гүний уурхай ашиглалтад орсноор манай улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх мөрөөдөл буюу зорилгод хүргэх боломжийг нээж өгч байна” гэж хэлснийг дурджээ.
“Associatedpress”-т бичихдээ Оюутолгойн төсөлд оруулсан олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь гучин жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал, авлига, хээл хахуулийн асуудалтай Монгол улсыг байгалийн баялгаа ашиглах сүүлчийн боломж нь байж болох юм гэсэн байх жишээтэй.
Гэхдээ дийлэнх хэвлэлүүдэд дэлхий тэр аяараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ногоон эдийн засгийн хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа энэ үед хамгийн чухал түүхий эд болох зэсийн томоохон олборлолт Монголын говьд явагдаж байгааг онцолжээ.
“Sydney morning Herald”-д дэлхийд уул уурхайн аварга том компанид тооцогддог “Рио Тинто Монголын алслагдсан говь нутагт байгаа Оюутолгойн асар том зэсийн уурхайд гүний уурхайгаас олборлолтоо хийж эхэлснээр дэлхийн улс орнуудын ногоон эдийн засаг руу шилжих гол металл болох зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд ноёлох байр суурьтай болох нь хэмээн онцолсон байгаа юм.
Нүүрс төрөгчөөс ангижирч ногоон эрчим хүчний технологийн эрэлт хэрэгцээг хангахын тулд газрын гадаргаас 1300 м гүнд блокчлон хэсэглэх аргаар хүдрийн биетийг дороос нь тосч аваад газрын гадаргуу дээр гаргах нь оргил үедээ жилд 500 мянган тоннд хүрнэ гэсэн тооцоог тэд мөн дурджээ.
Түүнээс гадна Монголын талтай бүрэн ойлголцолд хүрэхгүй явж ирсэн ч уян хатан байж, Монголын талд хамаарах хувь түүнийг дагасан өрийн асуудлыг цэгцэлсэн нь өнөөдрийн ажил амжилттай урагшилж, гүний уурхайг ашиглалтад оруулахад дөтөлж чадсаныг мөн дурдсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гурван гол түүхий эдийн нэг болох зэсийн ач холбогдол асар их нэмэгдэж байгааг хэвлэлийнхэн ихээхэн анхаарсан нь анзаарагдана. Мөн “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын Монголын Засгийн газартай ойлголцож асуудлаа нэг талдаа гаргаснаас хойш гүний уурхайн ажил руугаа төвлөрч, улмаар энэхүү нээлтийн ажиллагаа болж байгааг онцолсныг гадны хэвлэлүүд хөнджээ.
Түүнчлэн Монголын говьд байгаа Оюутолгойн уурхай нь жилд 6 сая цахилгаан машин үйлдвэрлэхэд шаардагдах зэс олборлоно гэдгийг тэд олзуурхан мэдээлснийг дурдахгүй байхын аргагүй.
Энгийнээр хэлэхэд дэлхий даяараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг техник технологийн олон өөрчлөлтүүдийг хийж байна. Цахилгаан автомашин хэдэн янзаар нь туршиж, цэнэгээ хэр удаан барьдаг байх, хүйтэн өвөлтэй оронд цахилгаан зарцуулалт таллаж шахам буугаад байгааг яаж өөрчлөх үү гээд гашилгах бүрийд хамгийн чухал түүхий эд нь зэс болж байна. Зэсийн хэрэгцээ жилд 50 сая тн хүрэх үед 500 мянган тн-ыг нь Оюутолгой олборлож байх үе тохиох бөгөөд хэдхэн жилийн дараа дэлхийд томоороо дөрөвт орох уурхай болох нь. Өөрөөр хэлбэл, дэлхий зэсийн эрэлд гарах цаг дор бид энд үүцээ задлаад дэлгэж байх нь л дээ. Дандаа ч цаг үеийн тохироо бүрдээд байдаггүй учраас бид ухаантай байх учиртай. Энэ цаг үед бид хуучны хохирогчийн байр сууринаас биш арай өөр байр сууринаас хандаж, дэлхийн эрэлт энд төвлөрч байгаа үед нийлүүлж байгаа хамтрагчдын нэгийн хувьд хийж болох нүүдлүүдээ харж эхлэх нь зөв юм даа. Гадны хэвлэлүүдэд Монголын говьд ажиллаж байгаа уурхайн талаар бичсэнийг хараад хамгийн түрүүнд ийм бодол төрлөө.