Дели-Москва-Бээжингийн стратегийн гурвалжин

  • Логик ба Онол талаасаа

Би мэдээж Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа, стратегийн оюун санааны түншлэлийн төлөө хоёр гараа өргөн дэмжинэ. Оюун санааны түншлэл маань бодит агуулгаар баяжиж байгаад баярлан бахдана. Олон жил геополитикийн судалгаа хийж, хэд хэдэн ном бичсэний хувьд гарчигт өгүүлсэн асуудлаар байр сууриа илэрхийлье гэж шийдлээ. Монголын ард түмний эрхэм анд бөгөөд глобал геополитикийн нэг чухал тоглогч болчихоод байгаа Энэтхэг ба Н.Модиг танихад чинь мэдлэг болог ээ!


Гарчигт өгүүлсэн гурвалжин ингэхэд хэзээ үүссэн юм бэ? Юунаас үүдэлтэй юм бэ? Саяхны Төрийн айлчлалд дагалдан явчихаад гэнэт бичиж буй хэрэг биш шүү. 1998 онд Нью Делид ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож очоод бичиж, судлаж, төвдөө мэдээлж байсан архиваасаа нийтлэлээ босгоод авлаа. Зөвөөр ойлгоорой.

Би л лав гурван жил Нью Делид ажиллахад Энэтхэг-Пакистаны харилцааны зөрчил маргаан гэж бөөн асуудал байн байн дэгддэг, бүр хэтрээд 1999 оны зун хилийн дайн хийгээд авсныг санаж байна. Лалын геополитикийн зэвсэг нь Пакистан хэмээх Делид үздэг байсан, одоо ч яг хэвээрээ. 

Юу гэвэл “Москва–Дели–Исламабад–Кабул–Урумчи“ гэсэн тэнхлэгээр Пан–Исламын терроризмтэй явуулах хамтарсан тэмцэл ирээдүйн шийдлээ хүлээж буй тухай тэр үедолон улсын шинжээчид бараг тасралтгүй бичдэг байсансан. Гэтэл Пан–Ислам, лалын терроризмтэй тэмцэх гэдэг нэр томъёонд лалын шашинт “ардчилсан”гэгдэх улсууд эмзэг хандсаар, хэт улиглабал хоёр талын харилцаанд нь нөлөөлчих гээд байдаг байсан даа.

“Орост Чечень, Энэтхэгт Кашмир, Хятадад Шинжаан бий” гэсэн эмзэг сэдвийг оросын стратеги судлаачид бүр ил тавьж, нөгөө хоёр нь шууд биш ч, далдуур зөвшөөрдөг байв. “2001.09.11”-ний үйл явдлаас хойшхи АНУ-ыг тойрсон олон улсын эвслийнкампанит ажлаас энэ гурван гүрэн санаа сэдэл авсан. Гурвууланд нь адил асуудал оршиж байна гэдгийг харилцан зөвшөөрч эхэлсэн ба Шинжаан-Кашмираас–Чеченийг хүртлэх геополитикийн орон зайд хамтарсан тэмцлийн өргөн фронт, нэг үгээр геостратегийн урт хугацааны сонирхолын хослол үүсэх эхлэл тавигдсан. Түүний нотолгоо ШХАБ-ын гурван хорт хүчний номлол болов уу. 

ШХАБ-аас өмнөхөн юм даа. Гэхдээ лалын экстремизмийн аюулын фонон дээр ОХУ-ын Засгийн газрын дарга Е.Примаков (нэрт арабист эрдэмтэн) 1998 оны 12 дугаар сард БНЭУ-д албан ёсоор айлчилдаг юм аа. Хэвлэлийн мэдээг нь судлаад төвдөө мэдээлж байсны хувьд сайн санаж байна. “Орос–Хятад–Энэтхэгийн стратегийн гурвалжингийн”тухай үзэл санаагаа анх удаа ОХУ дэвшүүлж билээ. 1998-2000-аад оны үед Хятад энэхүү үзэл санааг хуваалцахгүй гэдгээ мэдэгдэж, “эзэн мэдсэн гадаад бодлого” гэдгээ давтан ухуулж байв. Ельциний өнгөн дээр гурвалжин маань “хоёрложин” болчихоод цааш явдаггүй. Харин В.Путины өнгөн дээр Хятад аргагүйн эрхээр “гурвалжин” руу татагдан оросн доо. Тодорхой үечилбэл хэрэгжүүлэхэхлэл Примаковын үзэл санаагаар ерөнхийдөө тавигдаад, тэр нь Нью Делид дэмжигдсэн бол 2000 оны зун БНХАУ-д В.Путины хийсэн айлчлалын үеэр ОХУ–БНХАУ–ын хооронд Стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, мөн тэр үедээ Энэтхэгтэй мөн төрлийн тунхаглалд гарын үсэг зурцгаажээ. Ингээд Азийн “эх цээжинд“ цөмийн зэвсэг бүхий дэлхийн 3 том гүрнийгурвалсан түншлэл үүсэх нь тэр болжээ.

Орос–Хятад–Энэтхэгийн хоорондын гурвалсан харилцаа нь хэтдээ тус бүс нутгаас лалын төдийгүй АНУ-ын ба Өрнөдийн нөлөөллийг шахах алхам болохыг Орос, Хятад хоёр үнэхээр хүссэн.“Олон туйлт дэлхийн тухай гурвуул нэгдсэн ойлголтод хүрч чадлаа” хэмээн Хятадын хэвлэлүүд тэмдэглэж байсан ба Орос бол тасралтгүй тэгж сурталдсаар өнөө хүрсэн. АНУ-ын нөлөөллийг шахах гэдэг нь Орос, Хятадын хамтарсан сэтгэл зүй, хүсэл тэмүүлэл, гэхдээ яаж хэрхэн гэдэг дээр санал бодлын зөрүү бий. Харин Энэтхэгийг ингэж шахаж болохгүйг өнгөрсөн хорин хэдэн жилийн түүх харууллаа. Энэтхэг нь АНУ, Япон, Австралитай хамтраад Энэтхэг-Номхон далайн үзэл санааны автор болчихсон. 

Хэдийгээр Энэтхэг нь Орос, Хятадтай ШХАБ, БРИКС, G20 бүлэгт холбоотон, түншлэгчид мөн боловч “Глобал түвшинд биш” гэх нэн этгээд, өвөрмөц бодлого явуулж байна. Глобал түвшинд Орос, Хятадаасаа илүүтэй, АНУ, Европын Холбоо, Японыг тэргүүнд тавиад байдаг. Тэнгисийн цэргийн флотоо бэхжүүлэх дээр АНУ, Япон, Австралийг илүү түшсэн бодлого явуулж, бүр Япон тэнгист цэргээ илгээн хамтарсан сургууль хийдэгт Хятад тун эмзэг ханддаг.

АНУ, Европын Холбоо, Япон бидэнд чухлаас чухал аа, тэдэнтэй Оросын ятгалгаар, Хятадын дохио зангаагаар бид муудалцаж, хоёр талын харилцаагаа баллахгүй ээ гэдгийг сүүлийн 30 гаран жилд удаа дараагийн Ерөнхий сайд Индер Кумар Гужрал, Атал Бихари Важпаи, Манмохан Сингх, Нарендра Модийн өнгөн дээр шувтан ойлгуулсаар байгаа бус уу? 

ШХАБ, БРИКС, G20 бүлэгт холбоотон, түншлэгчид болж оролцож яваа гурван гүрний харилцааны давуу тал, сул тал, эмзэг асуудал, бугшсан далд зөрчил гээд бичвэл бүтэн боть болохоор мэдээлэл надад байна. Хятад-Пакистаны хооронд торгоны замын эдийн засаг хөгжүүлэх болоодохсон чинь Энэтхэг хөндөлдөөд хэвтчихдэг. “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтыг Энэтхэг бойкотлоод Бээжинд саммитад нь оролцоогүй явдал бий. ШХАБ-ын хүндэт гишүүд Энэтхэг, Пакистан хоёр дайтахад тун ойртсон, бараг ч ямагт тийм байсан, гэрэлт ирээдүй харагддаггүй. Энэтхэг дэх лалын терроризмыг Пакистан ил шууд өөгшүүлдэггүй ч шууд буруушаадаггүй. Ингэхэд ШХАБ нь Энэтхэг-Пакистаны хилийн маргаан, мөргөлдөөн эцэс төгсгөлгүй хэлэлцэж байдаг арбитрын шүүхийн индэр болж хувирах вий гэдэг эмзэглэл бусад гишүүдэд нь байдаг.

Яг ийм фонон дээр Москва-Бээжин-Делийн стратегийн гурвалжин төлөвшлийнхөө түвэгтэй замыг туулан явна. Нөгөө “Гурвалжин”-гаа дахин эргэцүүлэе. Геополитик судлаачдын үздэгээр, Азийн аугаа их орон зайд геополитикийн потенциал бүхий дараахи хүчнүүд өрсөлддөг. Орос, Хятад, Энэтхэг, Турк, Иран, Арабын ертөнц. “Хүчнүүд” гэдэг нь шууд үндэсний-төрт улс гэсэн үг хараахан биш.Энэ орон зайд лалын геополитик хязгааргүй тархахад нь гол хаалт болох нь Хятадын ба Энэтхэгийн хүчтэй иргэншил, түүний чадавхи, энэ хоёроос Орос, АНУ, Өрнөдийн орнуудтай тогтоосон тэдний тэдний стратегийн харилцаа болно. Тэглээ гээд лалынхан эдний өмнө амархан хүчгүйдэхгүй, бүр эсрэгээр “Лалын их эвслийн” зам одоо биш гэхэд хэтдээ сонгож авах магадлалтай юм. Олон улсын террористуудыг спонсорлодогийг нь тооцохоо байя гэхэд соёлжсон Малайз, Индонез, Бруней, Филиппиний хагасыг Пакистан, Бангладештэй хамтатгаад тооцоход л Хятад, Энэтхэгийн геополитикт шинэ асуултын тэмдэг!

Лалын хүчирхэг 8 улс 1997 онд эвсэж,“Хөгжижбуй найм”гэгч холбоо байгууланЕвразийн төдийгүй Африкийгбүхэлд нь хамрах шинэ орон зай үүсгэхээр үгссэн. Бангладеш, Египет, Индонез, Иран, Малайз, Нигериа, Пакистан ба Турк гэсэн улсууд. Нягталбаас 28 жилийн тэртээт тэд дэлхийн хүн амын 13.5 хувь, дэлхийн худалдааны 4 хувь ногдож, хүн амаараа лалын орнууд дотроо бүгд толгой цохиж байв (Индонез,Нигериа, Пакистан, Бангладеш гэж жагсана). Эдгээр 8 улсын нийслэлүүдийг дэлхийн улс төрийн карт дээр өнгөөр ялган зурж холбож үзвэл нэн сонирхолтой, бас ч “айдас” төрмөөр тэнхлэг үүсэхээр юм. 

Энэ тэнхлэг Энэтхэгийг “бүслэн хаасан” төдийгүй бүх Өмнөд Ази, Ойрхи Дорнод лалын зурвас дотор орсон, одоо ч тийм байна.Лалын хувьсгал, Лалын жихад, Талибан, Пантуркизм, Петро-ислам, Нефть-доллар, “Арабын хавар”, ISIL, ХАМАС, Хезболла, Хусит гэх мэт өөр хоорондоо шууд авцалдахгүй үзэгдлүүд цаанаа логик холбоостой байх бөгөөд энэ нь лалын геополитик гэгчийн салангид элементүүд нь ажээ. 

“Дэлхийд ноёлохын тулд Энэтхэгийн далайд эхлээд хүрэгтүн, дараа нь эзэмш”, “Энэтхэгийн далай бол дэлхийн ноёрхолд хүрэх зам мөн” гэсэн нэр томъёо үе үеийн геолитикчдын судалгааны бүтээлд зөндөө бичээстэй байдаг. Энэ юунаас үүдэлтэй үгс вэ? Евразийг “Дэлхийн арал”, “Тэнхлэгийн бүс”, “Дэлхийн голт зүрх” гэж нэрлэсэн байх нь элбэг бөгөөд дэлхийн арал руу хүрэх хамгийн дөт замыг Энэтхэгийн бүлээн далай гэж үздэг. Хүн төрөлхтөний түүх урагшлахтай зэрэг энэ далайн ач холбогдол ямагт өсч ирсэн, тэр хэрээр дэлхийн геополитикийн бүтэц даган хувьсаж иржээ. 

Бельгийн судлаач Робер Стойкерс Энэтхэгийн далайг “Газар дундын далай”гэж нэрлээд, Номхон далай, Атлантын далай хоёр талаасаа энд залгагддаг, Африкийн зүүн эрэг бүхэлдээ,Энэтхэг-Хятад, Малайз, Индонез, Филиппин, Австрали, Шинэ Зеландын баруун эрэг бүхэлдээ,умаршаа бол Энэтхэг, Арабын ба лалын ертөнц, Таиланд, Бирмээр захладаг нэгэн их далайн ач холбогдлыг тэмдэглэж үлдээжээ.Хэрэв Энэтхэгийн далайг хянажхүчирвээс гурван чухал орон зайг зэрэг хянах боломжтой. Африк, Өмнөд Евразийн зах хөвөө, улмаар Номхон далайн сав газрыг хянах тухай бельги судлаач номложээ.Диего Гарси арлыг АНУ хэдийнээ эзэмшин цөмийн зэвсэг бүхий цэргийн баазаа болгож тэргүүлэх чиглэлийн бодлогоо тийш нь явуулж ирсэний цаад утга ингэж тайлагдаж байна. Стойкерсийн үзэж байгаагаар, Энэтхэгийн далайд Европын бүх стратеги төвлөрөх учиртай бөгөөд ингэснээр Европынхон үүгээр дамжин АНУ-ын бодлогод нөлөөлөх, Еврази, Японд нөлөөлөх боломжтой гэсэн байгаа юм.Сонин л санаа. Түүхээс улбаалсан энэ санаа XXI зууны дэлхийн геополитикийн их хувьслын нэг хувилбар байхыг үгүйсгэмгүй!

Ийм л логик дээр өнөөгийн Энэтхэг ба Модийг би ойлгож мэдэрч байна даа.