Коммунист үзэл суртал, коммунист сэтгэлгээ Монголд байсаар байна. “Коммунизмын бүрмөсөн булшлах нь” цуврал өгүүлэл гарсны дараа сэтгэдлүүдийг  харвал хучнаа санагалзах үзэл Монгол амь бөхтэй хэвээр байгааг харж болохоор байна. Ялангуяа МАХН-ын зүгээс зохион байгуулалттайгаар нийгмийн дэвшилийн төлөө, коммунист үзэл санааны хор холбогдлын талаарх өгүүллүүдийг эсэргүүцэж, элдвээр гутаан доромжилсоор байна. Энэ нь МАХН өөрчлөгдөөгүй, хуучин хэвээр байгааг харуулж байна.  Манай уншигчид Монгол дахь коммунист дэглэмийн талаар сайн мэддэг болсон гэж итгэж байна. Иймээс коммунизмын золио болсон бусад орнуудын талаарх өгүүллүүдийг маш олон уншигчтай “BAABAR.MN” клубын гишүүн болсноо ашиглан олон нийтэд хүргэх нь өөрийн үүрэг гэж үзлээ. ЭНэ бүхэн коммунистудын үнэн дүр төрхийг илчлэх юм. Цуврал өгүүллүүдийн олонхийг нь манай сонины тоймч агсан, хэлмэгдлийн хар шуурганд амьдралынхаа 27 жилийг сүйтгүүлсэн ч сөхрөөгүй нийтлэлч Ц.Навагчамба агсан өөрийн хувийн архиваас, бусад хүмүүсээс олж бэлтгэж байсныг онцлон дурдах ёстой. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа коммунистуудын цуст хэрэг явдлын талаар “Улстөрийн сонин” нийтлэж байсныг бид хүргэж байна. Эдгээр мэдээлэл аль болох олон хүнд хүрэх ёстой.


1996 онд Монголд сууж байсан Чехийн элчин сайд Здэнэк Окунэк “1968 онд Чехэд болсон болсон үйл явдлын учрыг би одоо ч ойлгодоггүй юм. Тэр үед манай улс ЭЗХТЗ болон Варшавын гэрээнд нэгдсэн, коммунист нам улс орны нийгэм, эдийн засгийн бодлогыг зангидаж байсан социалист лагерийн орон байсан шүү дээ. Манай зарим хүмүүс Оросын цэрэг орсон тэр өдөр  шоконд орж “Америкийн империализм рүү довтлох гээд улсаа андуурчихсан юм биш байгаа” гэж хүртэл ярьж байсан…


Үнэхээр Чех-Словакийн ард түмэн ах дүү гэгддэг социалист системийн орнууд нэгийнхээ эсрэг нэгдэж, хүч хэрэглэн довтлоно гэж зүүдэлдэг ч үгүй байжээ. “1968 онд би хүүхэд байлаа. Тэр их цэрэг, текникийг харахад үнэхээр аймшигтай байсан. Бага насны хүүхдүүд олноороо үрэгдсэнд туйлаас харамсдаг” гэж элчин сайд хэлсэн юм.  


Нэмэлт: Нэгэн түүхийг аль аль тал нь дурсдаггүй, удтал нуужээ. Тэр үед аймшигтай юм болсон нь эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Прага ордог уулын хавцлын гол замыг хааж яслийн хүүхдүүд суулгажээ. Цувааны эхний танк хүүхэд дайрахгүй гэж замаасаа гарч хавцалд унаж сүйджээ. Цуваа саатаж мэдээ дамжуулахад хариуд нь “Дайраад гар” гэсэн тушаал иржээ. Прагад орж ирсэн коммунистуудын танкны гинжинд хүүхдүүдийн гар хөл наалдаастай байсан гэдэг…


Чех, Словак нь Зүүн европдоо өндөр хөгжилтэй, эртний соёлтой орон байсан, жараад оны дунд үеэс хөгжлийн хурдац мэдэгдэм саарч, ард түмний санаа сэтгэл алдагдаж эхэлжээ. Социализм гацаанд орж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг явахаа байлаа гэдгийг мэдэрсэн анхны тохиолдол 1968 онд Чехэд мэдэрсэн гэж судлаачид ярьдаг. Тэр үеийн Чехийн удирдагчид барууны хөгжингүй орнуудын нэртэй сургуулиудад боловсрол эзэмшсэн өндөр боловсролтой хүмүүс байсан. Тэдний дунд Чехийн Гадаад яамны сайд Гайк, Ерөнхий сайдын орлогч Улсын Төлөвлөгөөний Комиссийн дарга Шик зэрэг баруунд нэрд гарсан, зах зээлийн эдийн засгийг судалсан  мундагчууд байв. Тэд ард түмнийхээ хэлсэн үгийг зөвшөөрөөд зогсохгүй ил тод дэмжиж  байсныг дор өгүүлэх түүхээс мэдэж болно.


Чехэд түрэмгийлсэн коммунистууд ЧКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Дубчекийг хүчээр машинтай нь цэргийн тээврийн онгоцонд оруулж  Москвад авчирсан байна. А.Дубчек болон Ерөнхийлөгч Свободаг Москвад хүч тулган Чехийн эрх ашгийн эсрэг гэрээнд гарын гарын үсэг зуруулжээ. Харин Чехийн парламентийн дарга Смирковский нарын бусад удирдагчид нь Зөвлөлтийн тулгалтыг хүлээж авалгүй эсэргүүцэж, улс орноо бие даан хөгжүүлэх өөр гарцыг томъёолж,  их гүрний хараат байдлаас гаргахаа зоригтой илэрхийлж байсан ажээ. Харин тэднийг 1956 оны Унгарын  хэрэг явдлын дараа удирдагчдыг нь Москвад хүчээр аваачаад  цаазласан шиг харгислаж чадаагүй юм.


БНСЧСУ-д Варшавын гэрээний орнуудын цэрэг орсон тэр өдөр БНМАУ-ын удирдагч, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал өөрийн улсын байр суурийг илэрхийлэхдээ “Чехэд болж байгаа үйл явдал бол империалист орнуудын түлхээсээр болж байгаа хувьсгалын эсэргүү бослого мөн, Чех-Словак болон социалист системийг аврахын төлөө хийж байгаа ЗХУКН-ийн зөв мэргэн бодлогыг МАХН талархан хүлээн авч, дэмжиж байна” гэж мэдэгдэн сонинд нийтлүүлжээ.

Отто Шик:  Биднийг мунгинаж байх хооронд…!

Чехийн халуун өдрүүдэд үйл явдлын халуун цэгт байж, бүхнийг нүдээрээ харсан БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Чех Улсын арьс шир гутлын үйлдвэрийн гавъяат ажилтан Ч.Цэмбэлдорж гуайн дурсан  бичсэнийг нийтэлж байна.

1968 он гарав. Коммунизмын дутагдалтай талууд энэ үед ялангуяа эдийн засгийн алдаа дутагдлууд илэрч, хөгжил зогсонги байдалд орж, ард түмэн эрх чөлөөгөө алдаж, ядууран доройтож эхэлснийг хөгжингүй орнуудтай хил залгаа зүүн Европын социалист орнууд мэдэрч байлаа. 1956 оны Унгар дахь бослогыг цуслан дарсан коммунистуудын харгис авирыг хаалттай нийгэмд байсан Чех-Словакын ард түмэн сайн мэдээгүй байжээ.

1960-аад оны сүүлчээс улс орноо зөв замаар хөгжүүлэх, эдийн засгийн хоцрогдлоос гарахыг зорьсон олон түмний дуу хоолой Чех-Словакийн хэвлэл мэдээллээр тасралтгүй цуурайтах болжээ. Улс орныхоо хөгжлийг коммунист бус өнцгөөс өөлөн харж, чамлан шүүмжилсэн үзэл бодол илт давамгайлах байдал өдрөөс өдөрт нэмэгдэв. Үүнтэй Бүгд Найрамдах Социалист Чех-Словак Улсын нам төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд ч санал нийлж, телевиз радио,  сонин хэвлэлээр нээлттэй маргаан мэтгэлцээн ил тод үргэлжлэх болжээ.

Чех-Словакийн Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний комиссийн дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Отто Шик (Otto Sik) телевизийн нэгэн ярилцлагадаа: “Чех-Словакт феодалийн нийгмийн үед гар үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн юм. Янз бүрийн гар урлал, жижиг эд хэрэглэл, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн болон байгалийн материалаар чанар, үзэмж сайтай олон түмний хүсэл дурыг татахуйцаар үйлдвэрлэж, зэргэлдээ орнууддаа худалдан борлуулж, амьдрал ахуйгаа залгуулан боломжийн ашиг орлого олдог байлаа.

Гэтэл 1948 оноос социалист системийн нэгэн гишүүн орон болсноос хойш манай орны аж үйлдвэрүүд, ялангуяа металлургийн үйлдвэрүүд ЗХУ-Варшавын гэрээний орнуудын цэргийн техник, буу зэвсгийг үйлдвэрлэх боллоо.

ЗХУ-ын Урал-Сибирийн алс бөглүү нутгаас 20-30%-ийн төмрийн хүдэр гэх шавар шороог өдөр бүр олон зуун вагоноор тээвэрлэн Кошице хотод авчраад танк, тракторын төмөр гинж цутгаж, улс эх оронд орох ямар ч ашиг орлогогүй зүйлийг олон мянган ажилчид хийж байна. Тракторын нэг ширхэг гинж 5-1О кг жинтэй гэж тооцон үзвэл энэ төмрөөр хичнээн тооны бугуйн цаг, тамхины асаагуур үйлдвэрлэж болох вэ?


Гэтэл биднийг ингэж мунгинаж байхад хөрш зэрэгцээ Австри, Швейцари улсуудад жижиг үйлдвэрүүд өргөжин хөгжиж хөгжлөөр цойлон, харин манай улсын хөгжил онцгой хол хоцорлоо. Энэ бол улс эх орон, Чехословакийн ард түмэнд орох өчүүхэн ч ашиг байхгүйг илтгэж байна” гэж ярьсан байдаг. Үүнээс улс ардын аж ахуйг буруугаар зохион байгуулж, эх орондоо ямар ч ашиггүй бүтэц бий болгосноор Чехословак нь ЗХУ болон бусад социалист улс орнуудын үйлдвэрлэлийн хавсарга болж байсныг мэдэж болно.


Бидний хүүхдүүд зэрлэг болжмор шувуу шиг болжээ


Бас нэгэн жишээ болгож Чех-Словакийн төв телевизийн нэгэн нэвтрүүлгээр хүүхдийн хүмүүжлийн талаар ухуулан ярьсныг сийрүүлбэл: "Капиталист нийгмийн үед Чехословакийн хүүхэд залуус эцэг эхийнхээ ажил мэргэжлийг уламжлан залгаж, ажлын дадлага эзэмшээд 15 наснаас эхлэн бие даан амьдарч эхэлдэг байв. Энэ үед гэрийн эзний хөдөлмөрийн хөлс тэр айлын амьдралд бүрэн хүрэлцээтэй байсан тул гэрийн эзэгтэй үр хүүхдээ өдрийн турш хараа хяналтандаа байлгаж, ямар нэгэн буруу хүмүүжилд өртүүлэлгүй зөв хүмүүжил олгодог байлаа. Гэтэл Чех-Словакийн социалист нийгмийн үед гэрийн эзний хөдөлмөрийн хөлс гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйгээс гэрийн эзэгтэй ямар нэгэн хөдөлмөр эрхлэхээс аргагүйд хүрч, эцэг эх нь ажилд явсны дараа гэртээ ганцаар үлдэж байна.  

Хүүхдүүд цэцэрлэг сургуульд явах буюу гэртээ үлдэж гудамж талбайд өдрийг өнгөрүүлэхдээ бусад айл хөршийн хүмүүжил дорой хүүхдүүдтэй нийлж муу, муухай бүхнийг суралцан өсөж, эцэг эхийн хараа хяналтгүй буруугаар хүмүүжиж байна. Цаашид өсөж хөдөлмөр эрхэлж амьдрах насанд хүрэхдээ ажил хөдөлмөр, амьдрал гэгчийг мэдэхгүй, бэлэн хоол амандаа халбагдуулан иддэг, архи пиво ууж, тамхи татдаг, ахмад хүний хэлсэн үгийг огт авдаггүй тэжээвэр нохой, гахай мэт туйлын бохир бүдүүлэг хүмүүжлийг олж авч байна.

Чехословакын ажилчин анги, тариачид, нийт хөдөлмөрчдийн цалин хөлс бага байна. Одоогийн Чехословакын хүүхэд залуучууд, социалист нийгмийн дотор өсөж өндийхдөө үсээ урт ургуулж, гуяа барьсан өмд өмсөж, гудамж талбайн хайс хашааг сандайлан, цахилгаан утсан дээр сүргээрээ зэрэгцэн суух зэрлэг бор шувуунууд шиг болжээ. Иймээс гэрийн эздийн цалин хөлсийг нэн даруй нэмэгдүүлж, гэрийн эзэгтэйг ажил хөдөлмөрөөс бүрэн чөлөөлж, хүүхдээ зөв хүмүүжүүлэх боломж олгох хэрэгтэй. Ингэхгүйгээр манай ирээдүй болсон үр хүүхдийн маань хүмүүжил сайжрах ямар ч боломж байхгүй. Чехословакын иргэдийг механикаар олон хүүхэдтэй болгохын тулд социалист хууль дүрмээр хавчин, олон хүүхэдтэй гэр бүлд урамшил, сайшаал бий болгох замаар хүн амыг хэт олшруулах бодлогыг төр засаг барамтлан хэрэгжүүлж байгаа нь туйлын буруу бөгөөд нэг хүүхэдтэй, гурван ам бүлтэй айлын сарын орлого, 5 хүүхэдтэй, 7 ам бүлтэй айлын орлогыг өнөөгийн цалингийн тэгшитгэсэн системээр тооцож үзвэл өрхийн нэг гишүүнд ямар хэмжээгээр ноогдох нь тодорхой.

Бодат нөхцөл ийм байгаагаас гэрийн эзэн, эзэгтэй  хоёулаа ажил хөдөлмөр эрхлэхээс өөр боломжгүй болдог хуультай. Хэрэв гэрийн эзний цалин хөлс гэр бүлийн бүх гишүүдийг хангалттай тэжээх хэмжээнд байдаг бол, гэрийн эзэгтэй үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, улс эх орондоо зөв хүмүүжилтэй иргэнийг бий болгож чадна. Улс орны хөгжил дэвшлийн гол чухал асуудал зорилт бол хүүхдийн хүмүүжлийн асуудал юм гэх зэргээр хүн ардынхаа оюун санаанд ортол ярьж сурталчилдаг боллоо.

Энэ мэт мэтгэлцээнээс Чехословакын хөдөлмөрчид “Социализм гэдэг чинь улс орны хөгжлийн чөдөр тушаа, улс түмний амьдралд ямар ч хэрэггүй нийгэм юм байна” гэж ухамсарлан ойлгож мэдэхийн хамт иргэд олноор цуглардаг хоолны газар, ресторан гуанзанд ширээ тойрон суухдаа, олны хөлийн газруудад хэсэг бүлгээр цуглан яриа маргаан үүсгэж, засаг төрийнхөө бодлогын зөв бурууг цэгнэн дүгнэдэг болжээ. Энэ сэдвүүд цаашид улам олныг хамрах болж, Чехословак даяар улсын хөгжил, социалист төрийн бодлогод эргэлзэх, илт шүүмжлэлтэй хандах, буруушаах явдал газар авчээ. Үүнтэй зэрэгцэн  капиталист хөгжлийг сайшаах ухамсар давамгайлж эхэлжээ.

Нэг иргэнд ганцхан хос гутал

Социалист онолоор нийгмийн бүх баялгийг хүн ардад тэгшитгэн хуваах нь туйлын буруу, иргэд хэн боловч хийж бүтээж чадах мэргэжил мэдлэг, хүч чадлын хирээр хийсэн ажлынхаа хөлс цалинг авах ёстой. Одоо үед коммунист намын гишүүн л бол төр улсын бүх байгууллагуудад удирдах ажилд томилогдоод тухайн байгууллага, үйлдвэрлэлийн талаар мэргэжил мэдлэггүй ч гэсэн өндөр цалин аваад ажил хэргийг хохироож нурааж байна.


Ялангуяа үйлдвэрийн ажилчдын дотор дарга нарын эзлэх хувийн жин хэт нэмэгдэж, капиталист нийгмийн үед сул цалин авдаг нэг дарга байсан бол одоо 10 даргатай болсон байна. Мэргэжилтэй нэгэн ажилчны авах цалин хөлсийг огт шаардлагагүй орон тоонд байдаг 3-4 хүнд хуваан өгч хөдөлмөрийн хөлсийг тэгшитгэн олгодог хууль дүрэм мөрддөгөөс мэргэжилтэй ажилчдын хөлс хүчийг сорж мөлжиж байна. Ийм буруу замаар улс эх орон хөгжих боломж байхгүй, энэ мэт хөгжил дэвшлийг чөдөрлөн сааруулсан социалист системийн буруу бодлогоос болж эдийн засаг, үйлдвэр, хөдөө  аж ахуйн  бүх  салбарын  хөгжил  капиталист орнуудын үйлдвэрлэл, хөгжлөөс хол хоцорч, хүн ардын ядуурал хирээс хэтэрч байна. Ингэснээр иргэдийн худалдан авах чадал доройтож байна гэхчлэн зөв эрэгцүүлэн тооцож өргөн сурталчлах болов.


Чехословакын коммунист нам, төрөөс явуулж байгаа зорилго бодлогыг цэгнэн дүгнэх, шүүмжлэн маргалдах явдал өргөжин тэлж хөдөлмөрчдийн сэтгэл санааг зовоох, эргэлзүүлэх үймүүлэх, шүүмжлэх, талцан маргалдах явдлууд хирээс хэтэрч, нийгмийн уур амьсгал тогтворгүй болж байлаа. Социалист Чехословак улс арьс шир, гутал хувцас үйлдвэрлэлээр социалист орнуудын дотор тэргүүлдэг байв. Жилд 120 сая хос гутал үйлдвэрлэдэг тус улсын нэг хүнд 10 шахам хос гутал ноогддог байсан боловч ЗХУ-д 110 сая чанар сайтай бэлэн гутлыг хямд үнээр худалдаж экспортолж байснаас үнэн хэрэгтээ Чех-Словакын нэг иргэнд ганцхан хос гутал ноогдож байлаа.


Энэ бүх харамсалтай үнэн, бодит баримтуудыг дэлгэн шүүмжлэн ярилцах болсноос социалист эдийн засгийн бүх хохирол-хоцрогдол нь нийтийг хамарсан шүүмжлэлийн бай болсноор барахгүй, энэ яриа шүүмжлэл улс орны эдийн бүх салбарыг хамарснаар Чехословакын улс төрийн удирдлага, эрдэмтэн мэргэд нь ч хүлээн зөвшөөрч капиталист ертөнц-барууны гэгдэх орнуудын хөгжил дэвшлийг таашаан, бодлого нь илэрхий баруун тийш хазайх болжээ.


Түрэмгийлэл


Нийтийг хамарсан энэ үзэл баримтлал социалист системээс салан тусгаарлах хөдөлгөөнд нэгдэх иргэдийн тоог өргөжүүлэн нэмж, тэмцлийг улам эрчимжүүлэх болов. Зөвлөлтийнхөн Чехэд өрнөж буй өөрчлөлтийг хүчээр дарах бэлтгэл хийж эхлэв. ЗХУ олон улсын тавцанд ганцаардахгүйн тулд Варшавын гэрээнд нэгдсэн хэд хэдэн коммунист орныг энэ хэрэг явдалд шахан оролцуулахаар бэлтгэжээ.  Чехословак улсын хилийн дагуу томоохон цэргийн хүч хуримтлуулж, цэргийн анги салбарууд, байлдааны зэвсэг техникийг байрлуулснаар 1968 он гарснаас хойш Чехословакт эрч хүчээ авсан тайван замаар явагдсан өөрчлөлтийг цус урсган дарах бүхий л бэлтгэл хангагдсан байна.  


1968 оны 8-р сарын 20-нд ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний таван орны цэрэг асар их хүчээр Чех-Словак улсад гэнэт түрэмгийлэн халдав. Энэ түрэмгийлэл, булаан эзлэлтийг Чехословакын коммунист намын төв хэвлэл, "Rude Pravo" сонины ганцхан нүүрээр гарсан 231 дугаарын эхний нүүрт ард түмэндээ хандан яаралтай мэдээлжээ. Энэ сонинд Чех-Словакын Коммунист Намын Төв хорооноос Чех-Словакийн бүх иргэд, ард түмэнд зориулан гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулъя.


Социалист Чехословак Улсын бүх иргэд Ард түмэнд

Өчигдөр, 1968 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн оройн 23:00 цагт ЗХУ, БНПольш Ард Улс, БНАрдчилсан Герман Улс, БНУнгар Ард Улс ба БНБолгар Ард Улсын цэргүүд Улсын Ерөнхийлөгч, Үндэсний хурлын дарга, 3асгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, Чех-Словакийн Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болон эдгээр байгууллагад урьдчилан мэдэгдэлгүй Чех-Словак Улсын Дархан хилийг нэвтрэн довтоллоо.

Энэ цаг мөчид ЧСКН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурал болж, намынхаа ХIV их хуралд бэлтгэх чухал асуудлыг хэлэлцэж байсан билээ. ЧСКН-ын ТХ-ны тэргүүлэгчид нийт ард иргэд, манай Ардын арми, Аюулаас хамгаалах байгууллага, цагдаа, хүчний бүх байгуулагуудад Эх орноо хамгаалах тэмцэл эсэргүүцэл гаргахгүй хүлцэнгүй байхыг уриалж байна. ЧСКН-ын Төв Хороо, Социалист орнуудын холбоо харилцаа, олон улсын гэрээ эрхийн зөрчил гэдгийг ойлгож байна. Төр улсын бүхий л албан үүрэг гүйцэтгэгчид ЧСКН, Үндэсний фронт, БНЧСУ-ын улсын нийт ард түмэн нийгэмлэгийн өмнө хүлээсэн хууль ёсны эрх үүргээ биелүүлэн ажиллаж байна. Төр засгийн удирдлага Чехословак улсын Үндэсний хурал, Засгийн газар, ЧСКН-ын Төв Хороо гарч байгаа ноцтой асуудлыг хэлэлцэж байна.

Чех-Словакын Коммунист Намын Төв Хороо гэжээ.


Энэ үйл явдал эхэлмэгц Чехословакийн нийслэл хотын иргэдээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Танд захидал бичжээ.


Энэ захиаг, Монгол хэлэнд хөрвүүлбэл:

АНУ. Нью-Йорк.

НҮБ, Ерөнхий нарийн бичгийн дарга У ТАН гарт нь


ЗХУ, Польш, БНАГУ, Болгар ба Унгарын эзлэн түрэмгийлэлийн талаар.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган зарлан хуралдуулж, түрэмгийлэлд өртсөн манай улсын хууль ёсны засаг төрийн удирдагчдын хохирлыг барагдуулан, булаан эзлэгчдийг Чех-Словакын улсын нутаг дэвсгэрээс даруй гаргахыг хатуу шаардана уу. Чех-Словакын улсын хэвийн амьдралыг бүрдүүлж Ардчилсан Социалист, Хараат бус улс болж хөгжихөд туслана уу.


Нийслэл хот Прагын иргэд. Прага. 1968.8.23 гэжээ.


Ян Палах өөрийгөө шатаав


Чех-Словакийг ийнхүү түрэмгийлэн /эсэргүү гэх/ бослогыг дарах төлөвлөгөөг ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний таван улс урьдчилан боловсруулж хэрэгжүүлэхдээ Чехословактай хил залгаа Герман, Польш, ЗХУ, Унгарийн хилийн дагуу асар их цэргийн хүч, зэвсэг техникийг бөөгнөрүүлэн бүслээд бүх хүчийг нэгэн зэрэг хил давуулж, Прага, Братислав зэрэг холбооны улсын нийслэлүүд, хүн ам төвлөрсөн хотуудад цэргийн десант буулгасан байна.


Тэр үеийн Чехословакийн сонин хэвлэл бусад мэдээ мэдээллийг үзэхэд зөвхөн нийслэл Прага хотыг эзлэхийн тулд 1968 оны 8 дугаар сарын 20-ны 23:00 цагт Прага хотын нисэх буудалд “Варшавын гэрээний цэргийн онгоц байна… Газардах зөвшөөрөл өгнө үү!” гээд зөвшөөрөл авч буухдаа тийрэлтэт сөнөөгч бөмбөгчдөгч онгоцны араас 70 тээврийн онгоц газардуулж, байлдааны техник, цэргүүдийг буулгасан гэдэг.


Тээврийн онгоцууд газардахад онгоц бүрээс гурав, нийт 210 танк гарч Прага хотыг чиглэн хөдлөхөд ЗХУ-ын ЭСЯ-ны хар өнгийн "Волга" машин газарчлан дагуулж замчлан явж ЧСКН-ын Төв Хороо, Үндэсний хурал, Засгийн газар, Улсын Ерөнхийлөгчийн ордон, БХЯ, НАХЯ, Радио телевизийн газар зэрэг улсын бүх чухал зангилаа обьектуудыг  хяналтандаа авчээ.


Төрийн бүх байгууллагыг цэрэг, танкаар бүслэн засаг төрийн бүх удирдагчдыг  нь баривчлан Москва уруу авч явсан байна. Варшавын гэрээний түрэмгийлэгч цэргүүдэд эсэргүүцэл үзүүлсэн Чехословакийн энгийн иргэдийг буудан алах буюу баривчлан эрүүдэв. Орон сууц, барилга байшин ялангуяа Чехословакийн радио телевизийн байр, үндэсний музей, сургууль цэцэрлэг, ясли зэргийг буудан олон зуун иргэдийн амь насыг бүрэлгэн бүрдүүлж, олон зуун хүнийг шархтуулан гэмтээжээ.


Энэ хүнд үед Прага хотын эмнэлгүүд шархатсан хүмүүсээр дүүрч эмнэлэгт донор цус хүрэлцээгүй болсноос, цусаа өгч тус болохыг олон түмэнд уриалж байжээ. Нэгэнт төр Засгийн газраас армийг эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг уриалсан тул арми хөдлөж завдсангүй. Харин энэ хүчирхийлэл түрэмгийллийн эсрэг Чехословакийн энгийн ард иргэд, ажилчин тариачид бүх боломжоороо эсэргүүцэн, хурал цуглаан, нийтийн жагсаал зохион байгуулав.


Оюутан залуу Ян Палах Прага хотын төв Братиславын талбайд өөрийгөө шатааж булаан эзэлсэн харгис түрэмгийллийг эсэргүүцэн амиа золиослосон баатарласан юм. Энэ мэт эсэргүүцэл нийт орон даяар хүчтэй өрнөж социалист системээс салан тусгаарлах үйл хэрэгт нэгдэх хөдөлгөөн улам эрчээ авчээ. Чехословакийн жирийн иргэдийн булаан эзлэгчдийг эсэргүүцсэн тэмцлийг "Mlada fronta" сонин 1968 оны 8 сарын 24-ний өдрийн 236 дугаарынхаа эхний нүүрэнд фото зурагтай үзүүлжээ. Ачааны машин дээрх залуус “Оросууд харь” гэсэн уриа барьсан байв.


Монголд юу болов?


Найрамдалт Чехословакт Варшавын гэрээний таван орон түрэмгийлсэн энэ цаг үед буюу 1968 оны 8-р сарын 20-ны өдөр БНМАУ-д зочлон урлагийн тоглолт үзүүлэхээр Улаанбаатар хотноо ирсэн  алдарт дуучин Карел Дуба /Karel Duba/ болон 20 гаруй жүжигчинтэй чуулга Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг үзэхээр явж байгаад  Чандмань амны баруун талын огцом хөтөл, Туул голд хатган орсон хошууг давж яваад осолджээ. /Энэ осол явдал Прагад хүүхдүүдийг танкаар дайрч байсан тэр өдөр болжээ/ Чуулгын долоон гишүүн газар дээрээ нас барж, бусад гишүүн, тэдэнд үйлчилж явсан Чехословакт сургууль төгссөн урлагийн ажилтан Рэнцэн нарын монголчууд хүнд хөнгөн гэмтэл авчээ. Урлагийн энэхүү чуулгын ахлагч болон нялх хүүхдээ нутагтаа үлдээн аялан тоглолт хиихээр ирсэн эмэгтэй зэрэг долоон гишүүн осолдсноос тоглох боломжгүй  болж тоглолт бүрмөсөн хаагдсан байдаг.


Энэ тухай 1968 оны 8 сарын 21-нд Чех-Словак орон даяар мэдээлж тус улсад тохиосон хүнд бэрх зовлонд нэмэр болсон харамсалтай мэдээлэл түгээсэн нь Чехословак улсад ажиллаж, амьдарч байсан монгол иргэд, ЭСЯ-нд зовлон айдас төрүүлсэн юм. БНМАУ-аас ИЛ-14 онгоцоор Монголд осолдсон Чехословакийн долоон иргэний шарилыг тээвэрлэн Прага хотноо хүргэв. Соёлын Яамны сайд Ч.Лодойдамба гуай Прага хотын оршуулгын газарт гашуудлын цуглаан зохион байгуулахад Чех-Словак улсаас цуглаанд оролцсон хариуцлагатай хүмүүс манай улсыг чиглүүлэн хатуу үг хэлж байжээ. Энэ нь ослоос болж буруутгасан хэрэг бус харин Чех дэхь хэрэг явдалд Монголын удирдагчдын барьж байсан байр сууринд эмзэглэсэн бололтой.


Энэхүү түрэмгийлэл Чехословак улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан ч социалист лагерийн гишүүн орноос салан тусгаарлах эрмэлзэл хөдөлгөөнд нэмэр болсноос өөр үр дүн авчраагүй юм. Чехословакт түрэмгийлсэн дөрвөн орны цэрэг тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарч, Зөвлөлтийн цэргийн хүч үлдсэн боловч ардчиллын төлөө ард түмний тэмцэл цааш үргэлжилсээр байсан юм.


1990 онтой золгож, ЗХУ задрахад Бүгд Найрамдах Социалист Чехословак улс Чех, Словак гэсэн хоёр улс болон тусгаарлаж, Вацлав Хавел Бүгд Найрамдах Чех Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон Европын холбооны гишүүн болж удтал тэмцэж, хүсэн хүлээсэн цэцэглэн хөгжих замдаа орсон болно.


Чехийн тухай


1968 онд Сех-Словакт баруун ертөнц, чөлөөт эдийн засгийн хөгжлийг талархах үзэл санаа газар авч, коммунистуудын хяналтаас гарсан нь коммунист системийг толгойлогч ЗХУ-ын дээд удирдлагыг эртнээс түгшээжээ. Коммунист систем хамгийн үйлдвэржсэн, технологийн өндөр хөгжилтэй орноо алдахын ирмэгт тулж иржээ.


Хэрэв ингэвэл ЗХУ тэргүүтэй коммунист системийн орнуудын нэр хүнд дэлхий дахинд унаж болзошгүй боллоо. Энэ үед хэдийгээр Франц, Итали гэх мэт хөгжингүй орнуудад коммунист намууд үйл ажиллагаагаа зогсоож байсан боловч Ази, Африк, Латин Америкт коммунизмыг талархагч хэт зүүний үзэлтнүүд Зөвлөлтийнхний тусламжаар идэвхжиж байв. Зөвлөлтийн далд санхүүжилтээр зэвсэглэсэн гуравдагч орнуудын хэт зүүний хүчнүүд тусгаар тогтносныхоо дараа социалист чиг баримжааг сонгох амлалт авч тусгаар тогтнолын төлөө цус асгаруулсан хувьсгалуудыг эхлүүлээд байлаа. Систем нурж болзошгүй, үгүйдээ гэхэд сүрхий хохирол үзэж болзошгүй байлаа.


ЗХУКН-ын төв Хорооны Улс төрийн товчоо Чех-Словакт цэрэг оруулах асуудлыг хэлэлцэхэд дотроо санал зөрөлдсөн байна. УТТ-ны олон гишүүн, ялангуяа Н.С.Хрушевыг дэмжигчид ЗХУ-ыг олон улсын тавцанд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч ганцаардахаас болгоомжилж байгаагаа илэрхийлсний дараа М.А.Суслов, Ю.В.Андропов нарын хатуу коммунистууд Чех-Словак цэрэг оруулах саналаа тулгаж, олон улсын тавцанд ганцаардахгүйн тулд Варшавын гэрээний орнуудын нэрийг дор түрэмгийлэхээр болжээ.


Чех-Словак бол эртнээс гутлын үйлдвэрлэлээрээ алдартай. 1939 онд А.Гитлер Чехийг эзлэхдээ ЗХУ-тай хийх дайнд хэрэгтэй том оврын чирэгч, ачааны машины үйлдвэрлэл, цэргийн гутлын үйлдвэрлэл, зэвсгийн үйлдвэрлэлийг мэдэлдээ авахыг зорьж байв. Зөвлөлтөд довтолсон Германчууд цаиилгаан дайны явцад Оросын өргөн төмөр замыг нарийн төмөр замаар сольж амжихгүй тул Чехээс шаардлагатай 500 000 хүнд даацын чирэгч, ачааны машины ихэнхийг авна гэж тооцож байжээ. Социализмын жилүүдэд “Шкода” суудлын машин, “Татра” хүнд даацын автомашин, чанар сайтай гутал, хүнд технизийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын автомат буу зэрэг олон зүйлээр социалист орнуудад тэргүүлж байжээ.


БНСЧСУ-ын тусламжаар манай улсад 1959 онд гутлын үйлдвэр, 1960 онд шевретийн үйлдвэр байгуулагдаж, 30 шахам мянган боловсон хүчнийг бэлтгэж өгсөн юм. Чех-Словакийн геологичид Эрдэнэтийн зэс-молибдений ордыг нээсэн юм.


Бичсэн Ц.Навагчамба.

Редакторласан А.Баатархуяг.

“Улстөрийн сонин”-ы архиваас...