Наймдугаар бүлэг


Тэр өдөр 1974 оны 10 сарын 29-ны өдөр байсан юм. Тэр өдрийг би санаж байна аа.

Тэр өдөр бол Баасан гариг байсан. Би өглөө босоод хичээлдээ явлаа. Тэгээд замдаа би холбооны газраар оров. Тиймээ тэр өдөр Хулангаас надад нэг захидал ирсэн байв. Гэхдээ маш товчхон. «Дэлгэрээ чи намайг бүү зовоо! Би өөр бодолтой байгаа. Уучлаарай. Баяртай» Ердөө л энэ! Юу гэхэв??? Би түүний бичсэн тэр захидлыг базаад, чанга гэгч нь атгаад хот хооронд утсаар ярьдаг холбооны салбарт хүрч ирэв. «Яагаав? Хүү минь чи нэг л эвгүй! Харагдаж байна!» Залгагч эмэгтэй надаас ингэж асуулаа.

«Үгүй дээ. Зүгээрээ эгч ээ! Би нэг... би эгчээ... Улаанбаатар энэ дугаар яаралтай би ярих гээд... Одоо би хичээлтэй байгаа л даа» гээд эв хав муутайхан сунжруулан би түүнээс гуйв. Залгагч эгч «Тэгэлгүй яахав» гээд «Яагаав хүү минь? Бие чинь өвдөөгүй биз? Гэр орныхон чинь сайн уу?» гээд санаа зовнингуй харцаар над руу харна.

«Үгүй ээ. Баярлалаа танд. Би одоо дээд математикийн лабораторийн хичээлд суух ёстой юм. Яагаав та таньдаг шүү дээ. Алуева багш манай группд ордог юм. Тэгээд би яараад...» хэмээн би түүнд тайлбарлах аядав. Тэгээд тун удсангүй «Уланбатор яриа. 3-р купенд орно уу?» гэж утсаар ярьдаг купенд намайг урив. «Байна уу? Байна уу? Хэн бэ?» гэх Хулангийн дуу утасны цаана надад сонсогдов. Би баярлан «Аан Хулаан. Би Дэлгэр байнаа. Би чамаас захиа аваад... тэгээд л...» ... «Байна уу? Байна уу? Хулаан чи намайг сонсож байна уу? Би Дэлгэр байна аа!!!» Утас тасрав.

Түй чёрт! Өнөөдөр чинь хар Баасан гариг юм байна шүү дээ. Өглөөнөөс эхлээд л азгүй явдал. Энэ муу хар Баасан гариг Би биш. Хулан биш. Ер нь хэн ч биш. Тэр муу хар Баасан гариг буруутай юм шиг надад бодогдов. Хар Баасан гариг буруутав.

Тиймээ. Гэхдээ Хулан тэр бүсгүй үгийг минь сонссонгүй. Тэр миний үгийг сонсохыг хүсэхгүй байна л даа! Гунигтай байна. Харамсалтай байна. Би өөрөө өөртөө ингэж хэллээ.

Бас гутамшигтай юм шиг надад санагдав. Харин тэр харамсал гунигаас яаж салж хагацах арга ухааныг би бодож амжсангүй. Би математикийн лабораторийн танхимын үүдэнд ирэв. Би танхимын хаалгыг онгойлгоод «Орж болох уу? Багшаа!» гээд асуулаа Багш доошоогоо хараад юм бичиж сууна. Багш доошоо харсан чигээрэй толгой дохив. Тэгээд багш над руу нэг харсанаа, хичээлд суухыг урин бас толгойгоороо дохилоо. Ангид анир чимээ үгүй. Нам гүм. Багш бидний бодсон бодлогыг шалгаж дүн тавиад тун завгүй сууж байв. Багш надад «Хорошо» гэж тавьжээ. Тэгээд би миний хажууд суудаг Смитийн дүнг сэмхэн харав. Багш түүнд «Отличьно» гэж тавьсан байлаа.

Яагаад???... Энэ муу Смит надаас хуулсан шүү дээ!Тэгээд би 4 энэ 5... Бидний ажил солигдчихсон юм болов уу? Бараг л тийм юм болоо биш үү? Үгүй л байна даа. Би гараа дээр өргөөд «Багшаа болох уу?» гэв. Багш «За» гэв. «Багшаа гайхмаар юм болоод байна аа. Би «А» вариант энэ Смит «В» вариант. Та харж байгаа биз дээ?» гээд.

«Гэтэл энэ Смит өөрийнхөө В варинтын тоог огт бодоогүй. Зүгээр л миний бодсон бодлогыг надаас хуулчихсан» гэв. Багш «Тэгээд?» гэлээ.

«Тэгээд үү?... Тэгээд яахлаараа хуулуулсан би 4. Хуулсан Смит 5 авдаг байнаа? Аль эсхүл бидний ажил солигдчихсон юм болов уу?» Багш над руу харав. Тэгээд тэр хэллээ. «Дэлгэр! Тиймээ би мэдэж байгаа. Нуух юм алга» гэж багш хэлэв. Тэр нүдийнхээ шилийг авч ширээн дээрээ тавилаа. Тэгээд багш хэлэв. «Дэлгэр! Смит та 2 хоорондоо ямар их ялгаатайг бид бүгдээрээ харж байгаа шүү дээ. Мөдхөн удахгүй чи бас 5 авдаг болох тэр мөчийг би харж байгаа» гэв.

Тэр муу хар царайтай нигерь Смит, тэр нүүр царайгаа үрчилзүүлэн элдэв янз болгон намайг өднө. Тэр өөрийгөө бас миний дэвтэрийг заагаад, эрхий хуруугаа гозолзуулан маяглаж элдвээр намайг залхаана. Би түүнийг барьж аваад нүдчихмээр санагдав. Гэсэн хэдий ч би тэслээ. Би жаахан зөрүүд гэхдээ тууштай бас нилээн шазруун талдаа оюутан байсан юм. Би бас хор шартай. Муу ч биш. Сайн ч биш тийм нэг зан чанар надад байдаг л даа. Би нэг л мэдэхэд дэвтэрээ базаж атгаад, багшийн ширээний хажууд ирчихсэн зогсож байлаа. «Ийм шударга ёс журам бол надад хэрэгггүй» гэж би түүнд хэлээд дэвтэрээ базаад багшийн ширээн дээр чулуудаж орхив. Тэгээд би хаалга саван эргэж харалгүй гарч одлоо.

Би гадаа гараад тамхи татан хэсэг зуур суулаа. Одоо яахав? Баларсаан! Түй чёрт! Муу хар Баасан гариг. Дахиад би биш. Багш биш. Смит ч биш. Хар Баасан гариг буруутлаа.

«Хийвэл бүү ай! Айвал бүү хий» ийм нэг үг байдаг билээ. Би бага зэрэг тайвширлаа. Төдий их удалгүй хонх дуугарч хичээл завсарлалаа. Багш ангиас гарч ирэв. Тэр хэсэг зуур намайг харж дуугүй зогслоо. Тэгээд «Намайг дагаад яв» гэж хэлээд багш миний урд ороод алхав. Тэр хэсэг алхаад, эргэж харж зогсоод надад ингэж хэлэв. «Дэлгэр! Чи намайг сонс!» гэв. «Ном сурна гэдэг бол номын чадал. Энд чиний гэх юм ерөөсөө байхгүй. Чамд ном эрдэм сурах ухаан чадал хараахан бүрдээгүй ажээ» гэлээ. 

Тэгэж хэлээд багш над руу харж инээмсэглэв. «За яахав. Гэхдээ чи үүнийг дахин нэг сайн бодож үзээрэй» гэж багш надад хэллээ. Тэгээд тэр багш цаашаагаа буцаж эргээд алхаж одсон билээ. Би багшийнхаа бүтэн нэрийг нь мартчихажээ. Тэр багш еврей гаралтай хүн байсан юм. Бид нар оюутангууд түүнийг Алуева багш гэдэг байсан. Нямбай их ухаалаг хүн байсан. Тайван тогтуухан, итгэл хүлээж чадахуйц сайхан биетэй сайхан царайтай, сайхан багш байсан юм.

Энэ нэг явдалаас хойш тэр багш намайг их л тоож үздэг болсон билээ.

Тиймээ ном сурна гэдэг бол номын чадал ажээ. Ном суръя гэвэл «Би»-гийн эрхшээлээс бүрэн ангижирч чадах ёстой ажээ.

Тийм учраас. «Амьдралд шунах мунхаглал. Амьдралаас зугтах тэнэглэл. Аль аль руу нь хэлбийлгүй дунд нь орш. Энэ л билгүүн ухаан билээ» хэмээн Бурхан багш айлдсан билээ. Юу гэсэн үг вэ? гэвэл Аливаад бүү туйлшир. Тэхий дунд нь оршиж бай гэсэн үг.

Аливаа юмыг тэсээд, тэгээд өнгөрөөж сур гэсэн үг. Тэгээд цаг нь ирвэл сөрж үлд. Тэр цагийг хүлээ гэсэн үг. Дотор зүрх сэтгэл рүүгээ чи нэвтэрч ор. Бүүр гүн орж чад. Түүнтэйгээ чи ярилцаж бай. Байнга ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг тэсээд өнгөрөө. Тэгээд сөрж зогсох ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг. Сэтгэл юугаа шинж судал. Бардам зан. «Би»-гийн үзэл. Харамч хомхой сэтгэл. Муу бүхнийг тэвч хая гэсэн үг. Гэрэл гэгээг ухаарч хараа гэсэн үг. Товчлоод хэлбэл. Өнөөдөр маргаашийн биш. Оршихуй эс оршихуйн ухаанд суралц гэсэн үг ажээ.

Би ингэж бодов.

Оршихуй эс оршихуйн ухаанд би суралцах ёстой ажээ. ...


БАДАМХАНД МУЗЕЙ