Дэлгэр-13
Долдугаар бүлэг
Долдугаар бүлэг
Тэгээд хоёр хоногийн дараа Хуланд би захидал бичихээр шийдлээ. Би Хулангийн зургийг урдаа гаргаж тавив. Би түүний зургийг удаан ширтэн харж суулаа.
Тэгээд би үзгээ бариад, ширээний ард суув. Би яаж эхлээд, юу гэж цааш нь бичихээ мэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичнэ гэдэг амаргүй хэцүү ажил ажээ.
Би их гоё гоё үгтэй, мундаг сайхан захидал бичихийг хичээнэ. Нэг бичлээ болсонгүй. Ямар ч утга учир алга. Би дахиад бичив. Бас болсонгүй. Мунхаглал. Би бичсэн захидлуудаа хогийн сав руу чулуудаж орхив. За байз яахав? Би хэсэг зуур бодов. Хэтэрхий их гоё ганган чамин үгс бол хэрэггүй юм байна. Нялуун нялцгай халуун байж таарахгүй. Энгийн тэгээд идэвхтэй, зүтгэлтэй сэтгэлтэй ийм захидал байх ёстой бус уу? Би ингэж бодов.
Би дахиад нэг захидал бичлээ. «Би энд ирээд чамайгаа их боддог. Уучлаарайминий сэтгэл өвдөж байна...» нэг иймэрхүү.
Түй чёрт! Юуны сэтгэл өвдөх ! Юун уучлах энээ тэрээ байдаг билээ. Юу ч болоогүй шүү дээ! Ерөөсөө больё.
Утсаар ярья. Амар мэндийг нь асуугаад, тэгээд боллоо юм биш үү? Би ингэж шийдээд босож цонхоор гадагшаагаа харж зогсов.
Гадаа бороо цутган орсоор, борооны дуслууд цонхны шилийг нижигнүүлэн балбаж нам гүмийг эвдэнэ. Цонхны шилийг дагаад борооны тэр дусал ус урсана. Хаана нэгтэй дотуур байрны аль нэгэн өрөөнд хөгжим хангинаж «Би-джис» хамтлагын яруу сайхан дуу хоолой сонсогдоно. Юутай сэтгэл сэргээм аугаа аялгуу. Юутай гайхамшигтай сайхан орчлон ертөнц. За байз! Энэ дууны нэр нь юусан билээ? Аан тийм нээрээ «Массачусетс» гэдэг шүү дээ. Би «Массачусетс» хэмээх энэ нэг магт дууг чих тавин сонсов. Би өөрийн эрх үгүй инээвхийлэн зогсож байлаа.
Миний бага насны минь, хүүхэд ахуй тэр цагийн минь гэгээлэг сайхан дурдатгалууд миний сэтгэлд хурган буув. Миний төрсөн нутаг Хангайн овоо, Шанхын хийд ийгээд Эрдэнэ зуугийн минь 108 суврага. Өндөр гэгээн Занабазар ээждээн босгосон бунхант шарилын суварга. Тэр гоё хээтэй өндөр цагаан суварга миний нүдэнд үзэгдэв. Миний ээжийн минь, нутгийн олон ах дүүсийн минь царай зүс миний нүдэнд тодрон харагдав. Тэгээд миний өмнө Орхон гол, Орхон голынхоо усанд шумбан наашаа цаашаагаа гүйлдэх, бургасан уургатай жараахай бага насны минь тэр л дүр зураг үнэт зүйлс надад төсөөлөгдөн үзэгдэв. Би ээжийгээ саналаа. Миний ээж их сайхан дуу дуулдаг эмэгтэй байсан. Ээж бидэнд «Дуу дуулах учиртай» гээд «Дуу дуулхад инээж биш, инээмсэглэж биш. Инээвхийлэн дуулдаг. Дууг хүн дотор сэтгэлдээ зүрхэндээ шивнэж дуулдаг. Дуу дуулахаасаа өмнө нь инээж бай. Дуулж дуусаад инээмсэглэ» гэж хэлээд, тэгээд тэр өөрөө инээмсэглэдэг байсан сан.
Би ингэж бодов. Гадаа харанхуй боллоо. Бороо дахиад л бас шиврэн орж эхлэв. Тиймээ энэ жижигхэн цонхны энэ жижигхэн гэрэл, аврага том тэр харанхуйг гэрэлтүүлэж чадахгүй билээ. Би ингэж бодов.
Тиймээ дуу дуул. Дуу дуулахдаа инээж биш инээмсэглэж биш. Инээвхийлэн дуулдаг. Дууг дотор сэтгэлдээ зүрхэндээн шивнэж дуулдаг билээ. Дуу дуулахынхаа өмнө нь инээ. Дуулаж дуусаад инээмсэглэ.
Ингэж бодоод би нүдээ аниад зогсож байлаа. Би энэ өрөөнд ганцаараа байгаа биш юм шиг надад санагдана. Үл мэдэгдэх хэн нэгэн өлмий дээрээ гишгээд аяархан яваад байх шиг надад бодогдоно. Тэгээд тэр миний хажууд ирээд чимээ үгүй зогсоод байх шиг надад санагдана. Тэр бас намайг элдэв олон аюул осол, муу юмнаас сэрэмжлүүлэж анхаарал болгоомжийг минь хурцлаад байх шиг. Бүү мэд! Ийм нэг сонин бодол совин, тэгэхэд надад төрсөн билээ. Би нүдээ алгуурхан нээгээд, эргэн тойрныгоо сэм харав. Миний нүдний үзүүрт ямар нэгэн юм сүүтэгнэж үзэгдээд тэгээд тэр алга болов. Ямар сонин юм бэ? Нэг л биш ээ. Тэгээд гадаа цонхны цаад талд хоосон харанхуй агаарт, үл таних эмэгтэй гэнэт гарч ирээд гэрэлтэн харагдав. Тэр бас алга болов. Үл ойлгогдом гэнэтийн энэ нөхцөл байдалд би сандарч балмагдан айж чичирч эхэллээ. Ийм юм байх учир үгүй билээ. Би нүдээн аниад, нээгээд дахиад харлаа. Миний өмнө үзэсгэлэнтэй сайхан царайтай 40 орчим насны эмэгтэй сууж байв.
Тэр 2 гараа дээш харуулаад нь өвдөгөн дээрээ тавиад завилан сууж байсан. Тэрбээр над руу харж ердийн сайхан инээмсэглэн сууна. Ийм юм байх учиргүй дээ! Би ингэж бодов. Би нүдээ аниад, нэгээд дахин харав. Тэгээд би «Ээж байна!... Ээж минь!» гэж чичирхийлсэн хоолойгоор дорой дуугарч сулхан хэллээ. Би хоёр гараа газарт тулаад түүнд сөгдөн мөргөв. Би өвдөг дээрээ суугаад дахин дахин сөгдөн мөргөсөн билээ. Ээж надаас 2-3 алхамын зайтай газарт суун, сүрлэг их атлаа энэрэнгүй зөөлхөн харцаар намайг ширтэн харсаар. Хэсэг хугацаанд тэрбээр намайг ийн ширтэн харж суулаа. Эцэст нь тэрээр юу ч гэж хэлсэнгүй зөөлхөн инээмсэглэв. Тэр бас дахин инээмсэглээд, тэгээд надад ингэж хэлэв. «Хүү минь ээж нь чамайг бахархан харж байлаа. Ээж нь хүүдээ туслах юмсан гэж боддог юм» гэв. Яг энэ мөчид «Бурхан өршөө! Сэрж үз! Бурхан болсон ээж чинь чамд тусламж бариад ирж байна шүү дээ.» гээд миний зүрх намайг угзчин татаж сэрээв.
Ээж хэлэв «Дэлгэрээ миний хүү ээжийгээ сонс» гээд «Юмс их энгийн. Битгий түүнийг адармаатай хэцүү болгож бай. Юм чамаас өөрөөс чинь эхэлдэг юм» гэв. Би ээжийгээ дув дуугүй мэлрэн ширтэнэ. «Тиймээ хүү минь. Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж хүнд битгий гомдож бай. Хүмүүс чамайг ойлгож харж байгаа. Харин чи өөрийгөө хүмүүст ойлгуулж чадахгүй байгаа энэ байдал чинь үнэн байдал учир шалтгаан юм шүү дээ» гэв. Ээж намайг чимээ үгүй ширтэн харсаар. Тэгээд ээж «Миний хүү тэгэж битгий бод!» гэв. «Би яаж чадах вэ? гэж бодож бай. Ямар мундаг хүн бэ? гэж бас битгий бодож бай. Яаж би түүнд хүрэх вэ? гэж бодож бай» гэлээ. Би гүн их бодолд автан суусан билээ.