Д.Болдбаатар: Хууль хэмээгч ёс суртахууны хамгийн доод хязгаар мөн
Би энэ үгийг хятадын хэвлэл дээр олонтоо харж байсан. Анхны гарал нь өрнөдөөс эхтэй ч байж мэдэх юм шүү. Хэрвээ хүсэх юм бол би дараа нягтлаад өгч болно. Би одоогоос арваад жилийн өмнө охиныгоо Америкаас амралтаараа ирчихээд байхад нь салхинд гаргах санаатай Дархан цаазат Богд хан уулын Тахилтын ам руу явахдаа энэ үг ёстой орой руу минь орох шиг болж билээ.
-Би энэ үгийг хятадын хэвлэл дээр олонтоо харж байсан. Анхны гарал нь өрнөдөөс эхтэй ч байж мэдэх юм шүү. Хэрвээ хүсэх юм бол би дараа нягтлаад өгч болно. Би одоогоос арваад жилийн өмнө охиныгоо Америкаас амралтаараа ирчихээд байхад нь салхинд гаргах санаатай Дархан цаазат Богд хан уулын Тахилтын ам руу явахдаа энэ үг ёстой орой руу минь орох шиг болж билээ. Одоо ч яахав холоос харахад Богд уулын модод сүглийгээд бүрэн бүтэн юм шиг сайхан л харагдаж байна. Гэвч яг дунд нь ороод ирэхээр бараг арван модны дөрвөөс доошгүй нь тайрагдаад заримыг нь бүр ачихад бэлдээд хураачихсан харагдаж байсан.
-Ганц Богд уулч биш л дээ. Харангын Лхагвасүрэнгийн дуулдаг нэг дуунд “Хүмүүс та нар тэр цагт мөнгийг идэж болохгүй мэднэ” гэж дуулдаг даа.
-Уулын орой дээр майхантай хэдэн залуус гаднаа хоёр шуудай боргоцой хураачихаад хажууд нь нэг том муна хэвтэж байв. Муна ч гэж дээ дунд зэргийн бүдүүнтэй түлээний модонд зургаан ширхэг бариул хадсаныг мөн төдий тооны хүн өргөж хуш модны оройд байгаа арав хүрэхгүй тоотой самрыг нүдэж унагах зориулалттай байгалийг эвдэн сүйтгэх багаж гэвэл оновчтой юм уу даа? Багадаа аавтайгаа Чингэлтэй уулын зах руу өнгийгөөд л сүхний иш шиг жижиг мунаар зөөлөн түнших төдийхөнд хур бороо мэт хушны самар шаагин асгардаг байсан тэр дүр зураг дээр өгүүлсэн байдалтай яг эсрэгцэх мэт санагдаж байсан даа. Нөгөө тоотой хэдэн самрыг нь авах гээд хуш модыг хөрөөдөөд унагачихсан ч байх шиг.Бидний сайн мэдэх буга, баавгай, бодон гахай, чоно, туулай, хэрэм тэргүүтэнгийн үзэгдэх бараа ч алга болсон байв. Нөгөө гүзээлзгэнэ, мойл энэ тэр бол бүр нүдний гэм, ганц нэг бутанд цөөн тоотой үлдсэнийг нь түүнээс хавьгүй олон тооны хүүхэд шуухад, хүн харгүй цөлмөж харагдсан. Америкийн байгаль хамгаалал ямар сайн билээ дээ? Яг түүний эсрэг дүр зураг харуулсандаа охиноосоо ичих ч шиг.
-Ер нь манайд мөнгө л олж байвал яахаас ч буцахаа байгаад удсан шүү дээ. Одоо нэг их хэрүүл болоод байгаа төмөр замын өргөн нарийн царигийн тухай нэг нэвтрүүлэгт хөтлөгчөөр оролцоод нэг л юм ойлгож авлаа. Хэдхэн олигархууд л бушуухан урагшаа нүүрс зөөх тухай л бодоод байгаа болохоос нэг сүрхий геополитик энэ тэр гэж бодоод байгаа юмгүй л юм шиг билээ.
-Тийм ч байх аа даа. Урагшаа төмөр зам тавих ойр хямд болоод л бас л ухаж гаргахаа түрүүлж бодоод байгаа юм шиг билээ... Би тэгээд нүд хальтраад охиноосоо ч ичээд бушуухан явахын түүс болоод уулын ам уруудаж явтал нэг нөхөр хүүхэд дагуулчихсан буу барьчихаад замд зогсоодог юм байна. Өөрийгөө ойн цагдаа гэж танилцуулаад торгох юм болоод явчихлаа. “Яагаад тэр билээ?” гэсэн чинь бидний араас нэг жаахан гөлгөн нохой дагаж явсан нь “Дархан цаазтай газрын ан амьтанг үргээж цочоож болзошгүй” тул хориотой байдаг гэнэ л дээ. Тэгээд тэр үедээ л тэнгэрт тулам шахам өндөр торгууль хэлдэг байгаа. Би ч өөрийн үзэж харсандаа бухимдаад тэсэрчих гээд байдаг. Харин эхнэр маань эмэгтэй хүн юм болохоор “Тэр гөлгөн нохой ямар амьтанг айлгаж ичээв гэж? Тэгээд ч дээр амьтан байтугай хүлчин чөтгөр тогтохооргүй аймшигтай дүр зураг үүсчихээд байгааг чи өөрөө бараг мэдэж байгаа биз дээ?” гэж учирласан чинь арайхийж биднийг сая тавьж явуулсан даа. Түүнээс улбаалаад «Хууль гэдэг бол ёс суртахууны хамгийн доод хэм хэмжээ мөн» гэдэг үг сав л хийвэл тархи толгойд орж ирдэг. Энд тэнд ч ярьж явдаг болсон болохоор чиний чихийг дэлссэн хэрэг байж таарна.
-Би яг наадхи шиг чинь үйл явдлыг 2008 оны сонгуулийн өмнөхөн байна уу даа, Чингэлтэй уулын нэгэн аманд улс төрч О.Магнайтай цуг сурвалжилж очоод нэвтрүүлэг хийж байтал бас тийм юм болж билээ. Чи үзсэн байж магадгүй. Ойн цагдаа нар модны хулгайчтай сүлбэлдээд хийдэг юм билээ.
-Би Магнай та хоёрын нэвтрүүлгийг харж байсан. Ойн цагдаа модны хулгайч хоёр хоршдог гэж барим тавим хэлж болохгүй боловч оргүй биш байж мэднэ шүү. Хятадад «Цэрэг дээрэмчин хоёр амь нэгтэй», «Манж Монгол амь нэгтэй» гэсэн зүйр үг байдаг шиг юм болчихсоныг хэн байг гэх билээ? Хааяа Тэрэлж, Туулын сав газар руу гарахад энд тэндгүй архины шил хөглөрч, согтуу хөлчүү улс хонь мал нядласан дүр зураг хэвээрээ байдгийг санахад байдал нэг их сайжраагүй л болов уу?
-«Хууль гэдэг бол ёс суртахууны хамгийн доод хэм хэмжээ мөн» гэдэг үгнээс харахад нийгмийн харилцаанд ёс суртахуун илүү чухал байр суурьтай гэж уншигдаад байна. Гэтэл Америк гэгч оронд хичнээн ч хууль байдаг юм бэ дээ? Хальтарч унасан хүнийг очиж туслахад ч хуулиасаа айдаг. Гэр бүл болно гэдэг бол бараг компани албан газрын гэрээ шиг хуруу зузаан гэрээ хийдэг. Хачин орон юм билээ.
-“Тэгж орчуулсан ч болно оо” Америк үй олон янзын зүсмийн хүмүүсийг нэгтгэсэн орон болоод л тэгж бүхнийг хуулиар шийдэх гэж оролддог нь үнэн. Нэгдсэн улс л болохоос биш түүхийн эртний соёл, ёс суртахуун гэгч байхгүй болохоор л хүчээр хийж байгаа хэрэг шүү дээ. Монгол бол маш эртний ёс суртахуун, соёлтой орон байсан. Харин одоо л хуулиар л барих хүртлээ ёс суртахуун доош орж дээ.Тэгээд л доод хязгаар гэдгийг сануулсан хэрэг.
-Ингэхэд «Хужаа» гэж яг юу гэсэн утгатай үг вэ?
-Барлаг гэсэн утгатай үг. Зарим хүмүүс «Хуацяо» буюу цагаач хятад гэсэн утгатай гэж тайлбарлах нь буруу юм. Ер нь улс үндэстэн байтугай хувь хүн ч гэсэн бие биесээ хочлон дуудах нь тийм ч таатай хэрэг биш ээ. Америкт хар арьстангуудын дэргэд «Негр» гэж хэлэх нь бараг л цээртэй шахам хэрэг байдгийг чи гадарлах байх. Хятад япончуудыг урьж авчирчихаад дөрвийн тоотой өрөөнд оруулчихвал төдийлөн таатай байдаггүйг бодолцож байхад гэмгүй. Учир нь дээрх тоо нь үхэл гэсэн үгтэй ижил дуудлагатай ханз үсгээр бичигддэг. 444 гэсэн өрөөнд оруулчихвал хоёр талын хэлэлцээр бараг бүтэхгүй тал руугаа ч хандаж мэдэх юм шүү. Манай улсын гадаад харилцаа өргөжин тэлж байгаа өнөө үед компани байгууллагын гадаад харилцаа эрхлэсэн ажилтангууд иймэрхүү зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй. Харин 888 гэсэн өрөөнд оруулчихвал баяжих гэсэн ханзтай ижил дуудлагатай байдгийг бас л бодолцож байхад гэмгүй.
-Хоёулаа түрүүчийн үндсэн асуудал руугаа оръё.
-Би хэрхин хариулахаа мартаагүй байгаа. Хэдэн тооны ямар хууль байдгийг ч мэдэхгүй хэр нь хууль зөрчдөггүй хүмүүс хүн амын дийлэнхийг эзлэдэг шүү дээ. Гэтэл хуулийг бараг муухан хуульчдаас илүү сайн мэддэг нөхдүүд хуулийг зөрчөөд байх явдал цөөнгүй байдаг шүү дээ. Тэд нар хүн амын хэдэн хувь билээ. Үнэндээ тэднийг засаглах гээд өдий төдий хууль үйлдвэрлээд байх нь хэр зэрэг зохимжтой байдаг бол? Миний энд хэлэх гээд байгаа хамгийн гол санаа бол хууль гэдэг бол ёс суртхуунаас хавьгүй хожуу үүссэн хүний зохиосон засаглах арга хэрэгсэл. Түрийн чи Америкыг жишээ авлаа. Америк хэзээ үүслээ дээ. Харин ёс суртхууны нас сүүдэр хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй бараг л чацуу болов уу гэж бодож байна.
-Хууль гэхээр л хорих цагдах тухай бодол орж ирээд байдаг болж дээ өөр олон арга байх ёстой л байлтай. Нэг л хачин хуучин социалист дарангуйлал хууль гэх нэрийн цаана байгаад байх шиг?
-Манай охин арван жил Америкад сурч ажиллаж ирээд одоо монголдоо ажиллаж байгааг чи мэднэ. Охины маань ярьсан Америкад хэрэгжүүлдэг өөр нэгэн арга хэрэгсэл анхаарлыг минь маш их татсан шүү. Америкад удаан хугацаагаар ажиллаж сурч байсан монголчууд маань ч андахгүй мэдэх нэг зүйл бол «Нийгмийн хариуцлагын карт» гэж зүйл байдаг шүү дээ. Иргэн болгонд уг картыг анх олгохдоо 850 оноо өгдөг гэсэн. Тэгээд хүн л юм болсон хойно учиргүй шорон оронд орж шийтгүүлчихээргүй жижиг алдаа осол гаргах юм бол уг картанд нь тэмдэглээд өгсөн онооноосоо хасуулаад байдаг ажээ. Би 2005 оноос хойш дөрөв таван жил дараалан Америкад өвөл зундаа явж амардаг байсан л даа. Тэгж байхдаа тэндхийн «Дайжест» сэтгүүл дээрээс уншсан нэг өгүүлэл энэ талын ойлгоцтой болоход маш их нэмэр болж билээ.
-Харин тэгдэг юм билээ. Энэ мэт зүйлийг л уг нь нэвтрүүлмээр байгаа юм даа.Дээр би хэллээ шүү дээ. Хууль гэхээр л торгоно хорино цагдана гэсэн дарангуйлал байх юм гэж.
-Нэг сонин жишээ байна. Тэр сэтгүүлд бичсэнээр нэг эмгэн париш буюу манайхны ойлголтоор хорооныхоо цагдаад нэг золбин нохой гэрийнх нь ойролцоо яваад байна энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж бичжээ. Золбин нохой гэдэг бол монголчууд бидний хувьд хамгийн энгийн нүдэнд дасал болсонүзэгдэл байдаг. Харин америкад бол нохой муургүй айл олно гэдэг бараг бүтэшгүй хэрэг байх. Гэтэл золбин нохой тэнд байдаггүй нь сонин. Гэтэл хожим би энэ жижиг асуудлыг лавшруулаад судлаад үзсэн чинь америкад манайхан шиг нохой муурыг хувиараа замбараагүй үржүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. Тусгай эрх бүхий үржүүлгийн газарт л үржүүлээд хүссэн хүнд тусгай дугаар, паспортын хамт нэлээд өндөр үнээр худалддаг. Тэр худалдаж байгаа нохой муур зэрэг амьтдыг төрөнгүүт нь 24 цагийн дотор тусгай аргаар үргүйдүүлэх арга хэмжээ авсан байдаг болохоор үржиж олширно гэдэг асуудал байдаггүй ажээ. За энэ ч яахав. Хэрвээ дээр өгүүлсэнчлэн хорооны цагдаа нь эмгэний хүсэлтийн дагуу нөгөөх золбин нохойг олж ирэхгүй бол наанадаж нийгмийн хариуцлагын картаасаа 50-аас доошгүй оноо хасуулна. Аягүйдвэл тэр хэрээр хариуцлага алдсан гэдэг утгаараа ажлаасаа ч халагдаж мэдэх аюултай байдаг гэнэ. Харин нөгөө нохой золбируулсан эзнийг олж авахад харин ч амархан биз дээ? Ямар үүлдрийн, ямар өнгө зүстэй, хэдэн настай нохойг аль дүүргийн хэн гэдэг хүнд худалдсан тухай мэдээллийг амьтан худалддаг дэлгүүрийн санамжийн сангаас шүүлгэж үзэхэд гараад ирэх юм чинь. Хэрвээ тэр этгээдийг барьж авбал картын оноо хасаад зогсохгүй, хууль зөрчсөн гэдэг утгаар шоронгийн хаалга ч татаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл америкчуудын хувь хүний ёс суртхууны үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн энэ арга хэрэгслийг манайх ч гэсэн судлаж нэвтрүүлбэл улс төрчид, төрийн захиргааны ажилтнууд, сэтгүүлч, эмч, багш нарын ажлын болоод нийгмийн хариуцлагыг өсгөхөд том ташуур болмоор санагддаг.
-“Анзаарагдахгүй гэж хичээсэн бүхнийг анзаарч сур!” гэж Эдуард Лимонов хэлжээ. Чи бид хоёрын яриа маш жижиг юм шиг зүйлээс их сонирхолтой өрнөөд явчихлаа шүү. Тэнгэр язгууртай гэж манайхан сайрхах. Энэ юун тухай яриа юм бэ?
-Манайхан хөгжил гэдгийг хэдэн ногоон дэвсгэрт олоод, өндөр байшин барилга барьсан төдийхнөөр ойлгоод байх шиг. «Хөгжил гэдэг бол хатуу ёс» хэмээн Дэн Сяо Пингийн хэлсэн үг байдаг нь угтаа маш нарийн цогц ойлголт юм шүү гэсэн санаа болов уу хэмээн би мунхагладаг. Би одоо «Хубилай хаан» олон ангит киногоо ид орчуулж байна. Уг кинон дээр Тулуй Хубилайд хандан “Бид өөрсөндөө «Алтан ургийнхан» гэдэг эрхэм хүндтэй цолыг өгчихсөн юм биш ээ. Харь элгийнхэн бидний адтай, шидтэй, хүчтэйг бахдаж хайрласан цол юм шүү. «Алтан урагт» багтана гэдэг нийгмийн асар өндөр хариуцлага, эрх үүрэг юм шүү гэдгийг цаг ямагт ухаарч яваарай.” хэмээн сургаж байх юм. Чи бодоод үз дээ? «Алтан ураг», «Тэнгэр язгуурт», «Тэнгэрлиг монголчууд» гэсэн эрхэм алдар, үнэт нандин титэмтэй ард түмэн, үндэстэн энэ дэлхийн өнцөг буланд өөр бий бил үү? Монгол Хятад хоёр үндэстний соёлд нэгэн сонин эсрэгцэл ажиглагддаг. Тэр юу хэмээвээс нэг нь хэдэн сая живаа хүн амтай бол монголчуудын хүн ам яг одоогийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг саяас илүү гарч үзээгүй. Гол нь нүүдэлчин соёлын амьдралын хэвшил хүн амын тоогоо түүнээс хэтрүүлэх боломж олгодоггүй байжээ. Хятад нь цагаан хэрэм гэдэг тухайн үеийн дэлхийн хамгийн нүсэр гайхамшигтай батлан хамгаалах цогцолбор байгуулж чадсан бол монголын талд бараг хов хоосон гэж болохоор тэмээн тоотой хэдэн гэр л өөдөөс нь сөрөн зогсож байх жишээтэй. Хятадын ханз үсгийн нийт тоо 50 мянга байдаг бол монгол бичиг анх 14 хөн тэмдэгттэй байсан гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг нь бодит байдлын төгс төгөлдөр рүү тэмүүлээд байгаа хэв шинжтэй бол монголын соёл хоосон чанарыг бэлгэдээд байгаа мэт санагддаг.
-Хоосон чанар гэхээр хүмүүс гагц үхлийн тухай л бодоод байдаг. Мөнх бус гэдгийг ч мөн тэгж л ойлгодог. Угтаа бол дөнгөж өчигдөр байсан хүн өнөөдөр өөрчлөгдөж байгааг л хэлдэг. Чи бид хоёр олон жилийн өмнөөс нөхөрлөсөн гэвч тэр үеийн Болдоо одооны Болдоо биш шүү дээ. Энэ сэдвээр би их юм ярьж чадна. Харин одоо асуулт тавих үүрэгтэй болохоор жоохон тэвчээд л сууна.
-Бид хоёрын яриа «Тэнгэр язгуурт» гэдэг сэдвээсээ халиагүй байна шүү. Гэхдээ уншигчдад ойлгомжтой болгохын үүднээс нэг зүйлийг тодруулъя. Хоосон билгүүн гэж юу яриад явчихав? Гэхдээ бидний билиг оюун дөрвөн зүйлийн саад тотгорт хүлэгдчихсэн байдаг юм байна л даа. Эхнийх нь ч яахав элдэв бодол буюу нисваанис. Ялангуяа орчин үеийн хүмүүс зурагт, хөгжим, фэйс, твиттер, баар, диско, чаат, мессиж, бизнес, мөнгө төгрөг. . . гээд түүнээс харгасан хичнээн олон дэмий балай бодол толгойд эргэлдэж байгаа билээ. Хоёрдугаарт автах баримтлах буюу загварт автах саад байдаг.
-Энэ тал дээр манай боловсролын систем их буруу юм шиг санагддаг ил ухамсарт хүчээр л юм суулгах гээд нэг хэвд цутгах гээд байдаг. Математик, физик гэх мэт хичээл ер нь хожим амьдралд хэрэг болдог юм уу? Уран зохиол хэл бичиг бол зайлшгүй хэрэгтэй ч нэг их заагаад байхгүй юм шиг. Саяхан бас уран зохиолын хичээлийг хасах танах тухай яриа гараад бөөн юм болсон?
-Хүүхэд дээр аваад үзэхээр хүн болгож сурган хүмүүжүүлэх ёстой байтал физикийн хичээл дээр Эйнштейн болгох гээд байгаа ч юм шиг, химийн багшийн цаад санаа сэдэл нь Менделеев л бэлдчих гээд байгаа ч юм шиг. Тооны багш Гаус гаргачих гээд байх жишээтэй. Цаана нь нэг том зүйл орхигддог нь хүмүүний эрдэм, сэтгэлийн эрдэм юм. Чи бид хоёр одоо яг тэр тухай яриад байна л даа. Түрүүчийн ярилцлага дээр хоёулаа орчлон хязгааргүй гэж бодохоор ойлгоход төвөгтэй шүү гэдэг дүгнэлттэй салцгаасан. Тэгвэл хүний билиг оюун гэдэг бас л огторгуй мэт гурван цагийг дамнан оршиж байдаг гайхалтай зүйл байдаг тухай «Доржзодов судар» дээр өгүүлсэн нь буй. Гэтэл тэр хязгааргүй гайхалтай зүйлийг бид хязгаартай баригдмал болгон хувиргаад байдаг нь хоёрдахь тотгор байх нь. Гуравдугаарт атгаг буюу аливаад ялгамжаатай хандах үзэл юм. Ойрын жишээ авахад бид огторгуйн хязгааргүйг одоо хэр ойлгож ядаад л сууж байна. Хүн төрөлхтөн дэлхий бөөрөнхий, нарыг тойрон эргэдэг гэдгийг ойлгон ухаарах гэж хэр зэрэг мунхарч байлаа даа. Үнэндээ энэ атгагийн хүлээснээс ангижирч чадах аваас жирийн хүн ч Бурханы тааллыг ухан ойлгоод гэгээрэлд хүрч чадах боломжтой аж.
-Дөрөвдүгээр том саад болох «Би хэмээн баримтлах үзэл» буюу “Эго” байхаа даа?
-Би дияаны урсгалын үүднээс тайлбарлахад үнэндээ яг тогтсон хөдөлбөргүй би гэж зүйл байхгүй. «Төрмөнх» гэж миний хэлэх агшингийн Төрмөнх аль хэдийн алга болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл чи биеэ займчин хөдлөсөн, нүдээ цавччихлаа. Биеэр чинь физик химийн зөндөө урвал явагдаж байгаа. Дэлхийн бөмбөрцөгтэй секундэд хорин дөрвөн км эргэчихсэн байгаа гээд дурдаад байвал миний дуудаж байсан агшны Төрмөнх алга болчихсон гэсэн үг. Хүн үнэндээ төрөх мөчөөсөө эхлэн үхэж эхлэдэг гэдгийн учир энэ юм. Өрнийн философид «Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй» хэмээн хэлсэн нь цаад утгаараа энэ л ёсыг өгүүлээд байгаа юм шүү дээ. Харахад хэвээрээ юм шиг атлаа яг миний орж байсан үеийн ус аль хэдийн Алтанбулаг өнгөрөөд явж байж таарна.
-Чамтай ярилцах үнэхээр урамтай болоод л би дахиад хүрээд ирлээ шүү дээ. Би бясалгал хийдэг энэ тухай их юм уншсан боловч ярих боломж нэг их гардаггүй. Тэр болгон хүн ойлгохгүй болохоор нүүрний номондоо ч бараг бичдэггүй."Гүн нарийн номыг сонссон доод төрөлтөн шоолон инээдэг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг үгүй ч юм шиг санагддаг. Дээд төрөлтөн сонсож ойлгоод дуугүй болчихдог" гэж чи нэг бичсэн байсныг санаад нэг их дуугардаггүй юм л даа.
-Дээр өгүүлсэн бүхнээ дүгнээд ярихад анх төрөхөд байгаль эхээс бидэнд хов хоосон буюу зуун хувийн хүчин чадалтай ирсэн билиг оюун маань энгийн үгээр хэлбэл элдэв бодол, ялгамжаатай үзэл, загварт баригдах, би үзэл гэсэн дөрвөн хүлээсэнд баригдсаны эрхээр хүчин чадлынхаа дөнгөж арав хүрэхгүй хувийг л ашиглаж чаддаг ажээ. Хэрвээ түүнийг дээрх хүлээсүүдээс ангижруулаад буцаагаад анхны зуун хувьд хүргэхийг гэгээрэл гээд байгаа хэрэг юм. Дээрх дөрвөн тотгороос гэтлэж чадах юм бол миний дээр өгүүлсэн хоосон билгүүн гэгч нандин зүйлтэйучирдаг ажээ. Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэрийн суутангууд байдаг. Харин сургуулийн ширээний ард суухаараа жирийн хүн болон хувирдаг гэж өрнийхөн ярьдаг тухай би чамтай уулзахаар ярьж л байсан санагдана. Өөрөөр хэлбэл зургаа хүртлээ хоосон билгүүн буюу оюун ухааны хүчин чадал нь зуун хувьд дөхүү байснаа сургуулийн ширээний ард суухаараа түүнийгээ алдаад жирийн хүн болж хувирдаг байж болох биш үү?
-Ер нь хүн бүр анзаарсан л байх. Сургуульд онц сураад л нэг их алтан медаль аваад байсан хүүхдүүд амьдрал дээр гараад сураг тасрах нь их байдаг. Тэр нөгөө алтан медаль бол чи хүн биш болсон гэсэн лац тэмдэг байж ч мэднэ. Нобелийн шагнал авсан хүн дахиад өөдтэй юм бичдэггүй шүү дээ. Би гэх Эго томроод бас буруу сул юм хийчих болов уу гэсэн айдас тэр их сэтгэлийг таглачихдаг байгаан.
-Өөрөөр хэлбэл би үзлийг нь лавшруулаад, хичээлийн хөтөлбөр нэрт загварыг хэрэгжүүлээд, онц, сайн, дунд, муу хэмээх ялгамжаатай үзэл олгоод, түүнээс харгасан үй олон бодлыг толгойд нь суулгаад хаячихдаг ажээ. Өрнө Дорнын соёл хичнээн гайхамшигтай байгаад ч дээрхи дөрвөн тотгороос ангижруулж чаддаггүй. Тийм болохоор Билл Гейтс, Стив Жобс зэрэг алдартай хүмүүс аягүй бол үүнийг ойлгоод Харвард, Колумбийн их сургуулийг хаясан ч юм бил үү?
-Бурханы сургааль гэхээр л ум мани бад ми хум гээд л болоо юм шиг ойлгоод байх юм. Гүнзгий ухаж ойлгох талаар хичээл ч алга ном хэвлэл ч цөөн. Байгаа хэдэн номыг нь хүмүүс авч уншихаасаа илүүтэй зүгээр л Бурханыхаа хажууд залаад байх шиг?
-Одоо би нэг сонин зүйл өгүүлбэл чамд бүр ч гайхалтай санагдаж болох юм. Түүний өмнө нэг бяцхан тайлбар хийе. Үүнийг чи сайн ойлгоно гэдэг нь хэдүйний ярилцлагын явцад ойлгогдсон. Бага хөлгөнтөн, их хөлгөнтөн гэхээр манайхан мэдэх байх аа. Бага хөлгөнтөн дотроо Ширваан, Брадигабуд гэж хоёр түвшинтэй. Ширваан нь бас дотроо урсгалд орогч, жич ирэгч, харин үл ирэгч, Архад гэсэн дөрвөн үр лүгээ учирдаг гэлцдэг. Би нөгөө л «Тэнгэр язгуурт монголчууд» гэдэг сэдвээ мартаагүй, халиагүй. Түүнийг л ертөнцийн үнэний тухай өгүүлдэг Бурханы номын үүднээс батлах гээд байгааг минь уншигчид эрхбиш ойлгож байгаа буй за. Бурхан багшийн айлдсан «Дөчин хоёр бөлөг судар» гэж байдаг л даа. Би өөрөө хятад хэл дээр уншиж судладаг болохоор манайхан Төвд хэлээр арай өөрөөр нэрлэдэг ч байж мэдэх юм. Гэхдээ дотор нь өгүүлэх агуулга тэгтлээ зөрөх учиргүй юм. Түүнд өгүүлснээр бол “Зуун муу хүнийг хооллосноос нэг сайн хүнийг хоолло. Мянган сайн хүнийг хооллосноос нэг таван сахилтанг хооллосон нь дээр. Түмэн таван сахилтанг хооллосноос нэгэн урсгалд орогчийг хооллосон нь дээр. Нэг сая урсгалд орогчийг хооллосны буян нэг жич ирэгчийг хооллосны буянг гүйцэхгүй. Арван сая жич ирэгчийг хооллосноос нэг харин үл ирэгчийг хооллогтун. Зуун сая харин үл ирэгчийг хооллосносноос нэг архадыг хооллосон нь дээр. Тэрбум архадыг хооллосны буян ганц Брадигабудыг хооллосны буянд хүрэхгүй. Арван тэрбум Брадигабудыг хооллосны буян гурван цагийн хамаг Бурхадын нэгийг хооллосны буянд хүрэхгүй. Зуун тэрбум гурван цагийн хамаг Бурхадыг хооллосны буян элдэв долоон бодолгүй, оршилгүй, суралцдаггүй, үр дүнг батладаггүй нэгнийг хооллосны буянд хүрэхгүй” хэмээн номлосон тухай уншиж байсан.
-Харин тийм энэ бүхнийг ойлгохын тулд эхлээд бясалгалд л суух хэрэгтэй юм билээ. ДУДС д сурч байхдаа Өндөр гэгээний бүтээсэн “Үл хөдлөгч” гэдэг нэртэй бурханы дүрийг бишрэн хардагч яагаад ийм нэртэйг огт ойлгодоггүй байлаа. Гэтэл бясалгал хийгээд л ойлгосон. Одоо ч чиний ярианд гарч байгаа урсгалд орогч гэхээр хир баргийн хүн ойлгохгүй. Гэтэл бясалгалд гүнзгийрээд ирэхээр бүх биеээрээ чөлөөт урсгал гэгчийг мэдэрч эхлэнэ. Үүнийг хэлж байгаа юм шүү дээ. Архад гэхээр ч хүмүүс бас л ойлгохгүй байгаа. Энэ их гүнзгий сэдвээс гадна. Өөрөө л биеэр үзэхээс нааш ойлгоход их хэцүү эд л дээ. Тэгээд би ийм сэдвээр нэг их ярьдаггүй юм.
-Тиймээ гэхдээ Монгол соёлтойгоо холбоод бодож үзвэл бас тийм ч хэцүү бус. Ялангуяа тэр сүүлчийн элдэв долоон бодолгүй, оршилгүй, суралцдаггүй, үр дүнг батладаггүй хүн гэж хаана байсан байж таарах вэ? Оршилгүй гэдэг нь загварт автдаггүй задгай сэтгэдэг гэсэн үг. Би бодохдоо Хүннүгээс авахуулаад Чингис хаан түүнээс хойш ч гэсэн манай монголчууд өрнийн соёл, дорнын соёл гэж хошуурдаггүй өөрийн унаган нүүдэлчдийн соёлоо дээдлэж ирсэн нь, энэ ёсыг ухааран ойлгодог байсан хэрэг биз дээ. Тэгээд ч чиний нэг нийтлэлд Азарууд гэж ачиара гэх бясалгалын багш нар бүр Хүннүгийн үед байсан гэж бичсэнийг харсан санагдана. Тэр хэрээр дээр өгүүлсэн асар их буян хурааж цаглашгүй их хүчийг эрхшээн чадаж байсныг нь эртний мэргэд ойлгож мэддэг байсан учраас «Тэнгэрлиг заяат монголчууд» хэмээн нэрийдэж ирсэн болов уу гэж ойлгодог доо.
-Ухаан гэгч их шунахай эд, эхлээд л үр дүнг хардаг гэдэг.Хятадын гүн ухаанд, яруу найрагт энэ үл анзаарагдам зүйлсийн тухай их анзаарч бичсэн байдаг. Тэгэхээр чиний саяын ярьсан зүйлсээс чинь «Монгол ухаан» гэх ойлголт урган гарч ирээд байх шиг санагдлаа.Айлаас эрэхээр авдраа ухаа гэж...
-Манай Инжинааш авгай «Хөх судар» романы долдугаар бөлгийн цохолборт дууриамал, сурмал, төрмөл эрдмийн тухай өгүүлээд өмнө орон буюу Хятад газар дууриамал, сурмал эрдэм байхаас бус төрмөл эрдэм гэж байдаггүй. Харин манай монгол газарт дан төрмөл эрдэм байдаг. . . Найман үеэрээ хураасан буяны үрээр Хятадын хааны түшмэл болдог гэдэг. Тэгвэл дэлхий дахиныг эрхшээсэн Монголчуудын буян хичнээн цаглашгүй их байх нь ойлгомжтой гэсэн санааг өгүүлсэн байдаг нь угтаа цаагуураа миний дээр өгүүлсэн болгоныг батлаад байгаа хэрэг юм. Дээр өгүүлсэн болгоныг цэгцтэй ухааран ойлгож чадах юм бол жинхэнэ цул шижир мэт монгол ухааны учгийг тайлан ухах боломжтой.
-Бөөгүй юм гэж бараг алга болжээ. Бөө шүтлэг гэж яг ямар юм байдаг бол? Энэ шүтлэг мөн үү? Хятадад байх уу?
-Би өөрийн ядамлан дээдэлдэг Бурханы сургаалдаа үнэнч байхсан. Бусдын шашин шүтлэгт аль болохуйц хүндэтгэлтэй хандах юмсан гэдэг зарчмыг баримтладаг хүн. Күнз, Лаозыгийн сургаал номлолыг нэлээд ултай сонирхон судладаг гэдгийг чи өөрөө ярианы явцад гадарласан байх аа. Христийн болон Исламын шашны талаар орчуулгын бүтээл оролдож байхдаа нэлээд тоймтой ойлгоцтой болсон. Бөө мөргөлийн тухайд бол ултай судалсан гэж худлаа яриад яахав. Ертөнцөд хоёр үнэн гэж үгүй. Нэг л үнэн байгаа. Шашин болгон тэр үнэнийг өөр өөр өнцгөөс, ижил бус түвшинд тайлбарлаад байгаа болохоор тэс өөр мэт ойлгогддог байж таарна. Энгийн жишээ хэлэхэд миний талаас чиний гарт байгаа аяганы сэнж харагдахгүй шүү дээ. Харин чамд бол харагдаж байгаа. Өөрт минь сэнж харагдахгүйн зоргоор сэнж алга байна гэж болохгүй. Харин их олон талаас нь маш өндөр түвшинд ертөнцийн үнэнийг гүн гүнзгий судлаж тайлбарласан шашин бол манай Бурханы шашин яах аргагүй мөн.
-Өмнөх ярилцлагаас ажил хэрэг болсон юм бас байна. Чи Хубилай хааныг орчуулаад манай 2 суваг тв ирэх долоо хоногоос гаргах гэж байна. Ямар янзын кино байна вэ? Юань гүрний түүхийг манайхан бараг мэддэггүй.
-Ер нь энэ кино Хубилайн мэндлэсэн 1215 оноос эрийн цээнд хүрч Юань гүрнийг байгуулаад насан эцэслэх хүртэл ная гаруй жилийн түүхийг бараг тэр чигээр нь багтааснаараа маш сонин байна. Турхан хатан түүний шивэгчин Хаймиш нэрт хорон санаат хүүхэн байсан гэдэг. Тэд нарын хорт явуулгыг онцгой хурцаар сэтгэл хөдлөм харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулах буй за. Гонконгийн найруулагч буюу бүр урд зүгийн хүн найруулсан болохоор хувцас хэрэглэл, зан заншилтай холбоо бүхий мэр сэр ганц нэг зүйл ажиглагдаж байсан нь нэг бодлын зайлбаргүй зүйл байх л даа. Чингис хаан Басанжав маань уг киноны Өгөөдэй хааны дүрийг сонирхолтой үзүүлжээ. Хоёр орны засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн жилийн сүүлчээр энэ оныгнайрамдалт харилцаа, солилцооны жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Монголын түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн уг киног гаргахаар болсон нь танай телевизийн зүгээс хоёр орны соёлын солилцоонд оруулж байгаа чухал хувь нэмэр гэж бодож байна. Миний хувьд кино орчуулгаас удтал завсарласны хойно тус томоохон бүтээлийг орчуулахаар зориглосон нь эдийн засгийн хямралын сүүдэрт дайруулаад байгаа олон түмнийхээ оюун сэтгэлийг өчүүхэн атугай ч цэнгээе гэсэн сэдэлтэй болохыг өгүүлэх юун.
-За баярлалаа. Зарим хүнд хий цэцэрхээд энэ хоёр юм гэж бодогдож болох л юм. Гэхдээ яахав ээ. Монголчууд бол хэзээнээсээ оюунлаг, тэнгэрлэг ард түмэн болохоор амтархан унших бизээ. Муухай Хятад хүн номоо бэлэглэсэнд баярлалаа.