ДЭЭРЭЛХҮҮЛЭХ ТУСАМ ЧАНГАРДАГСАН
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ? Нүүрсээ солилцох уу.
Тахал дэгдэж үнэ тэглэснээр гамгүй хэрэглээнд эрчим хүч доголдов. Ковид зэргийг үл тоогч-халдвар тээсэн хэнэггүй маниас урд хөрш сэрэмжилж, нүүрсний 20-30 мянган машины 100 км урт түгжрэлтэй алдарт мангуу экспорт маань хумигдлаа. Үхэл олширч ходоодоо хонхолзоход монголчууд олон жил гацсан мега төслүүддээ (унтаж байгаад сэрсэн мэт) гэнэт харамсаж, “төмөр замаа тавьдаг байж”, “эрчим хүчний үүсвэрээ амжуулдаг байж” гээд өндөлзөхөд “төөрөгдлийн түгжээ мултрав уу” гэж горьдоод, эмгэг болсон тархины эргээг гаргах санаатай эрээчсэн бүх хуучин бичвэрээ 7 хуудаст хураангуйлаад гацсан төслүүдээ хөдөлгөх тэмцэлд даган баясав. (Тэнхээрхсэн өвгөнд өөр нэмэрлэх юм үлдсэнгүй).
Тэтгэврээ хүртээд, эрих имэрч, үхлээ хүлээж хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд хоёрхон бодол эргэлдэх болж. 50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлджээ. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр. Уудам цэлгэр эл хуль нутгаа туучиж-амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун-алс хол өнцөг булан бүртээ эрчим хүч дамжуулах маш урт сүлжээ хэрэгтэй. Шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрөө үйлдвэрлэхгүй бол хэт үнэтэй импорт босгохгүй нь.
Хөл хорионд орлогогүй гуриатагчид нэг тонн коксжих нүүрс 500-600 доллар хүрснийг сонсоод төмөр зам гацаагчдыг олж сэгсэрье гэж хуйлрахад тэвдсэн зарим золтой “орос гацаасан” гэж ам алдсангүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч ковид-19 утсан чинээ улаан гол гогдчихов. Ковидтой үед ч нүүрсээ төмөр замаар зөөх боломжийг хэн хаав гээд давалгаалах янзтай. 40-50 мянгаа буудуулсан удмын хугархай сэхээ авч, амиа хоохойлдог зуршлаараа муу нэрт эрх баригчдаа зөөлчилж, мега төслүүд гацаасан нүглийг тэдэнд тохоод орос ахаа цэвэрлэв.
3-хан сая хүндээ харьцуулбал ковидоор нас барагчдаар тэргүүлж, ядуурал нөмөрлөө. 60 жил гацсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг-тендерт шалгарсан Хятадын компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохиролцоонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл ковидын цочролоор 2022 оны 4-р сард хөдлөх болжээ.
Овоо доо гээд баярлатал-даврах болоогүй гэсэн шиг Орос шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг гэнэт түгжиж цочирдуулав. Валютаар төлбөрөө авчихсан тэд гэрээгээ ийнхүү зөрчлөө. Үйлдвэртээ засвар хийвэл крантаа хаана гэх заалт гэрээнд тусгаагүйгээс манайхан сандарчээ. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлов. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ.
БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйтай сэтгүүлч М.Мөнхцэцэг ярилцахдаа бензингүй явгарсан эх орончид орос ахдаа үг хэлж зүрхлэхгүй хэл нь хальтарч, уурандаа өмнөд хөршөө өдсөнийг эвтэйхэн хавчуулсанд олзуурхав. (Сэтгүүлч хатуу самар байх тааламжтай).
-БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа... Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?
-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш... Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийж, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн... Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай... хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна... Энэ бүхэн шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг онцолмоор байна.
-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.
-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа.
-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ... Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна... Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна. (ярилцлагын хэсэг “Өдрийн сонин” 2021-09-27).
Шатахуун тасарсан бурууг хөөрхий нэг орлогчид үүрүүлээд, дээрэлхсэн шоглоомыг өнгөлөн далдлав.
Эрдэнэбүрэнгийн УЦС
Энэ станцыг 1964 оноос ярьсан гэхэд нэг жаран өнгөрч. Оросоос авдаг цахилгаан Дөргөнийхөөс 7 дахин үнэтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол дор хаяж 7 дахин хямд эрчим хүчээр баруун бүсээ хангаад, илүүг төвийн бүсүүдэд нийлүүлнэ. 90 мВт-ын УЦС баригдсанаар баруун бүс импортоор эрчим хүч авахгүй болж гадагшаа урсдаг олон зуун сая доллар 3 сая хүн амдаа наалдана. Төслийн нийт өртгийн 95 хувийг бидний хужаа гэж доромжилдог БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр, 5 хувийг Монгол улс төсвөөсөө санхүүжүүлнэ. Эгийн УЦС, Багануурын ДЦС мөн л БНХАУ-ын урт хугацааны хөнгөлттэй зээлээр (зогсоочихсон болохоос) хөдөлж байлаа. Ц.Даваасүрэн сайд-гишүүний гацаадаг Могойн станцад бас л хятадууд оролцсон. Эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулагч нь өмнөд хөрш, гацаагч нь хойд хөрш аж. Энэ бол сэрдэлгэ бус факт. Фактыг үгүйсгэх гэмт хэрэг.
Манай төмөр зам, эрчим хүчний эх үүсвэрт хурц аллергитай орос баячуудын далд санааг тайлах гэж би залхтал яншиж ад болдог өвгөн. Хил давдаг гол дээрээ станц баривал Оросын зөвшөөрлийг заавал ав гэдэг. Гэтэл нутагтаа шингэдэг Завхан Ховд голдоо станц барихаар шавдтал “Тайширын УЦС-ыг баривал Завхан гол ширгэж загас жараахай устана” гэж үймүүлсэн. Тайширын УЦС-ыг барьснаар Гэгээ-хиймэл нуур үүсээд өдгөө дүүрэн загас жараахай бужигнаж буй. Хиймэл нуур хуурайшлыг чийгшүүлж, хур бороо элбэгшсэнээр гүний ба хөрсний ус арвижна. Хиймэл нуурын ачаар гантай жил Завхан гол тасрахаа болив. Алтай хот цэвэр усаа Гэгээ нуураас авах завшаан үүсчээ.
С.Бямбацогт гишүүн (Өдрийн сонин. 2021-04-06) ярилцлагадаа “гацаах гадны сонирхол байдаг нь нууц биш. Байнга өөрсдөөсөө хараат байлгах гэсэн тэдний хавханд хэдий болтол хавчуулагдах вэ... Монгол улстөрчдөөр дамжуулж л гацаах, сарниулах, бусниулах ажлаа хийж ирсэн” гэжээ. Гишүүний үг-Төрийнх. Зохиолчийн үг-иргэнийх тул гишүүнийхээс задгай байдаг. Энэ боломжоороо би гишүүний цухуйлгасныг тодруулъя. “Гадны гацаа” гэдэг орос олигархиудын гацаа. Төмөр зам, эрчим хүчний төслийг сарниулдаг, бусниулдаг улстөрчид Х.Баттулга, З.Энхболд, Ц.Даваасүрэн. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчдыг хөөгч босоо Гамбаа, Х.Болорчулуун гээд дүрэлзсэн эх оронч гишүүд “өлсөх” байтугай “шатна” гэж хийрхэх энүүхэнд.
Дөргөний УЦС нутгийн буянаар бүтсэн тул-өгөөж нь наалдацтай. Хаврын хүчтэй шуурганаар Орос, Монголд өндөр хүчдлийн цамхаг унахад Дөргөний УЦС л аминд орсон. Хоёр жилийн өмнө идэр есийн тэсгим жаварт гамшиг дайрахад баруун гурван аймаг Дөргөний ачаар хөлдчихөлгүй онд орсон гэж С.Бямбацогт онцолжээ. Дөргөн баруун аймгуудын цахилгааны 20 гаруй хувийг хангадаг гэнэ. Овоо шүү. Өөрийн юм өр үүсгэхгүй-ээж аавын хайр шиг. Хязгаар нутгийнхны амны хишгээр заяасан Ховд голын төгсгөлгүй урсах буяныг уугуул эздэд нь хүртээлгүй 57 жил хорлов. Хямд цахилгаанаар үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн зах зээлд өрсөлддөг. Эрчим хүчний өөрийн эх үүсвэртэй болсон цагт л баруун бүс хөгжинө.
Өөлд ах дүү нараа Ховд голынхоо мөнхийн урсгалыг хөгжлийн ундарга болгооч. Тайшир Дөргөн шиг. 60 жил гацсан станцаа хөдлөх сургаар нүүдлийн зардал-хэдэн цаасны төлөө хаяандаа босох цахилгаан үйлдвэрлэгчийг эсэргүүцэгч малчид олширч буй нь мунхаглал. Алсыг харж Ховд голынхоо урсгалаар чинээлэг амьдар. Ардчилал чөлөөт зах зээлд-өөрсдөө өндийх хийморио бадруулаад жаран жил гацсан станцаа даруй барьж дуусгавал нэр төрийн хэрэг. 95 хувийн хөрөнгө оруулсан хамтрагчаа хужаа гэж доромжлоод хөөчихөлгүй станцаа юутай ч бариулаад ав. Ховд гол урсгалаараа өдөр шөнөгүй эрчим хүч үйлдвэрлэсээр нэг өдөр хөрөнгө оруулагчийн 95 хувийг хүүтэй нь төлж дуусна. Цахилгаан станц барихгүй бол асар үнэтэй импортын эрчим хүчинд үүрд шулуулна. Тэгж байтал харилцан ашигтай хамтрах оросууд тодорно гайгүй.
V-ДЦС
V-ДЦС барих дов сая таван зуун мянган кв. км нутгаасаа ололгүй 15 жил будиллаа. Мэдээж нууц тулгалтаар өрнөж буй жүжиг. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Харин шав тавьсан дош болгонд ТЭЗҮ зохиодог бол хэсэг хүн цадаа. Гэхдээ барууны ба инээсэн данжаад нарын дээрмээс аварч байна гээд үүнд мөргөх ёстой юм гэдэг шүү-Ц.Даваасүрэн гишүүнийхээр бол. Эдийн засгийн алуурчдаас ингэж хамгаалдаг баатруудаа бид Төр засагтаа бөөнддөг.
Хэдэн жилийн тэртээ Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. Тавдугаар ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил хүлээсний эцэст энэ төслийг Орос зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз.
V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор ширүүсмэгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байх юм. Том албан тушаалтанд нялуурах айдас тулгардаг биз. Ардчиллаар үнэнийг сөхөх боломж зохиолчдод харин морилсон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Эрх баригчдын айдсыг зохиолч нөхөх нь зүй. Энэ бол зохиолчдын үүрэг.
В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчнийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). О.Дерипаска хувийн УЦС-уудынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж эх сурвалж өгүүлжээ. Хэдээр панзлах түүний эрх учир хүлцэл гуйя.
Хуучин мэдээ: Эгийн УЦС-ыг Байгал нуурт сөрөг нөлөөтэй гээд зогсоох тэр үед ОХУ-ын Монгол улс дахь Элчин сайдын Яам мэдээлэл хийв: “Монгол улсын эрчим хүчний дутагдлыг шийдэх өөр хувилбарыг (УЦС биш. Ц.Д) харилцан ашигтайгаар хэлэлцэхэд манай тал бэлэн байна. Бидний авсан мэдээгээр эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийн талаарх талуудын хэлэлцээр амжилттай урагшилж байгаа... одоо ажиллаж байгаа объектуудыг шинэчилнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Шинэ мэдээ: III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануурт зогссон станцын нийт өртгийн талаас илүү өртөгтэй сэлбэг?! Гайхалтай. Энэ мэдээг нягтлах “шилэн” гэдэг нь бий юү? Хулхи шилэн болсон уу. 655 саяыг шилэнгээс магадлаач залуусаа.
Дээрэлхүүлдгээ нуудаг хөөрхийс
“Танк их буу” онигоо 10 жил манай руу урсах олон тэрбум долларыг хааж дөнгөсөн. Гиннест бичигдэхээр үнэтэй онигоо. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах байв. Хятадууд танк их буугаа галт тэрэгний цуваанд ачаад орж ирэхэд л муу Монгол конец. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод, хүн ам нь дагаж намирсанд ичиж үхмээр. Гашуун сухайтын замаа дээд хэмжээнд нарийн царигаар тохирсноо зөрчиж, өргөнөөр тавиад өдгөө дуусаж буй нь Хятадын танк их бууны аюул хэвээр гэдгийг манай Төр засаг одоо ч сануулсаар буйн нотолгоо гэж ойлгогдов.
Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэдэгт бид итгэж дөнгүүлсэн юм огтоос биш. Хэлмэгдлийн шарх хөндүүрлэсэн юм. Уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ нээлттэй үлдээсэн ч сэм хаачихаж. Нарийн царигаар төмөр зам тавивал өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэн ачих чирэгдэлгүй, асар их мөнгө хэмнэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ. Мэддэг юм бол нарийнаа тавиач гэх биз. Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг манай хүрэн бөөртнүүд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг Төр засаг нь зориуд хөөддөг гээд бодчих. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 жил тавьж чадсангүй” гэж өөртөө бурууг тохож, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм чааваас. Оросыг зөөлрүүлж мэнд мултарвал бусад нь болно биз гэж залбирсаар ХХ зууныг туулсан нь эмчилгээгүй хууч болж архагшсан нь энэ.
Төмөр зам тавиад нүүрс хүдэр зэсээ тээвэрлэх-бидний шийдэх манай ажил уг нь. Олон жил гацав. БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй-хөршийн асуудал. Гашуун сухайт руу нүүрс зөөх төмөр зам тавих манай төслийг гацаасан Оросыг сөрөх-харин манай хэрэг байв. “Жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй монголчууд одоо “Орос манайхыг нүүрсний экспортоос шахлаа” гэж гоншигнох зохимжгүй. Коксжсон (бүр угаасан) нүүрсээ төмөр замаар 10 жил зөөсөн бол бид баяжсан. Үгүй ядаж ковидын үед нүүрсээ галт тэргээр саадгүй тээвэрлэж байгаа. Хөгжилд хүргэх олон их наядаа алдчихсан хойноо өргөн царигаас нарийн руу нүүрсээ яаж шилжүүлэх аргаа олохгүй дүнхүүрч, төмөр замаар Ганц модонд нүүрс буулгах агшныг хойшлуулах ээлжит комбинаци-чингэлэг терминалыг магтаж буй сайдыг хар. Чингэлэг гэж самгардсанаас төмөр замаа түргэлээч. Чингэлэгтэй болсон хойноо төмөр зам хэрэггүй гэх вий дээ. Монголыг бяд суулгахгүй гэх орос геополитик хил залгаа Хятадын үсрэнгүй хөгжлөөс биднийг юм олж долоогоод сэхчих вий гэж цагддаг нь гэм биш зан.
267 км төмөр замыг оросууд гацаахдаа хэрхэн дээрэлхэж байсныг унш: “Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монгол компанид өгчихөв... Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгочихжээ... ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ... Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгөв” гэж дорой Монголыг яасан ч дур гэдгээ өчүүхэн ч нэрэлхэлгүй зарлажээ. (Asiarussia. ru).
Төмөр замын гацаа анх яаж үүслээ. Элс дүүргэсэн гялгар уутны ёроолыг хадаасаар хатгаж, цоорсон нүхнүүдээр элс асгарч буйг телевизээр харуулаад, төмөр зам Хятад руу тавивал манай баялаг ингэж гоожоод дуусна гэх зураач Х.Баттулгын уран зохиомжоор эхэлж байв. З.Энхболд “төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө” гэж 10-аад жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байлаа. Аварга даацын 20-30 мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, хэдэн мянган жолооч-ажилтны цалин, зам засварт өм цөм залгиулдаг. Багцаагаар 200 жолооч амь алдсан. Цааш амь эрсдэх аюул дор тээвэрчид жолоо мушгиж явна. Энэ бүх нүгэл бурхны номоор бол Х.Баттулга, З.Энхболд хоёрт үсрэх ёстой.
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч-шулах хятад хорон санаа гэдэг суртал дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг нь даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа хамтаръя гэдэг. Манай нүүрсийг Сумитомо борлуулж өгье гэдэг. Ядуу биднийг дэмжье гэсэн хөршүүддээ багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёр тагалцагт Хятад Японы тэвчээр барагдсан байлгүй. Амиа хичээх шуналаар тэр хоёр баяжаад буусан ч ард түмний амжиргаа дордсон.
Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. Энэ зурвас хугацаанд олон тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг хаачихсан. Хайран мөнгө. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангаж утаанаас салах мөнгө гэнэ. Өөдлөх замыг минь хааж дөнгөсөн комбинаци ердөө танк их буу онигоо. Онигоо эрх биш хуучраад араас нь Тувагийн Арцсуурь, Хөвсгөлийн Овоот, Зүүнбаян, Восточный гэх үлгэр хайлж, бүр Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг жолоодогчийн гарт атгуулахаар зүтгээд муу нэрт УИХ аврав.
Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ З.Энхболд. (“Өдрийн сонин”). 200 байтугай 100 жил хүрэхгүй нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс самосвал экскаватор бус цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ хөгжлөөс хоцорсон биднийг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал, дорно өмнийн бүлэг ордуудын баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс оросууд ад үздэг зам.
Найрамдал-дружбад би бусдын адил мөргөдөг. Гэлээ ч 100 жил жаргал зовлонгоо хуваалцсан хөршүүдэд хэлмээр үг үүссэн үү гэвэл үүссэн. Нуусан үг өмхийрдөг. Худлаа магтаал бүр ч хортой. Мөнхийн хөршүүд илэн далангүй нээлттэй айлсвал сэтгэлд цөвгүй гээд хадан гэртээ очихын өмнө цээжинд хургасан үгээ үргээв. Нялуунаас шулуун дээр. Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй, ард олны ёс зүй жудгаар гагнагдана.
Эгийн УЦС-д БНХАУ-аас олгох нэн хөнгөлттэй урт хугацааны тэрбум долларын зээлийг Оросын эрчим хүчний магнатууд гацаасныг бид ярих дургүй. Ярихдаа тулбал хоёр хөрш гацаав гэж Хятадыг хамсруулж Орост бялдуучилдаг. “Зөвлөлт тусламж”, “Хятад аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл эрүү үүсгэх үү? Зөвлөлтийн тусламж арилсан гэв, Хятадын аюул арилсан гэв гээд урьд бол ална.
Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ өөрчлөлтөд далдуур хорсдог Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний өшөө авах ангийн дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд. Өөрчлөгдөхгүй юм хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий аж. Тиймээс гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй гэж сур. “Оросууд гацаалаа” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулдаг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор.
Тэгтэл нэг хачин юм болох нь тэр. Зөвлөлт тусламж-орос гацаанд хувираад дээрэлхэв. Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар-Наушки 1000, сибирийн транс 5000, нийт 6000 км-тэй харьцуулахад Бугат өндөр уулан дээрээс харагдах газар. Нүүрсээ цэвэршүүлэх үйлдвэр барьтлаа түүхий нүүрс авдаг Бугат руу тавих 260 км-ээс өрсөж Зүүнбаян руу 415 км зам-төрийн нууц санхүүжилтээр сунайлгав. Хүчиндээд тавьчихсан 415 км зам гарцгүй мухар. Бичигт Хөөт 600-700 км. Тийшээ төмөр зам тавиад эрдсээ экспортолно гээд буй. Хэзээ бүтэх вэ?
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ? Нүүрсээ солилцох уу. Хоёул адилхан чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Хятадын мангас шиг ходоод Монгол Оросынхоос гадна Австрал Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг их Орос гацаах-нэрийн хор баймаар. Ядмаг бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү?!
Хятад арми Багануурт хяналтаа тогтоож, 5000 хужаагийн тосгон байгуулах гэж байна гэх цуу хятад харшилтай масст таалагдахыг тооцож, Багануур станцыг зогсоохдоо гагцхүү олны шаардлагаар царцаах улстөр Ц.Даваасүрэн сайд өгдөөж, хужааг үзэн ядагчдыг дэврээснээр ялсан. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу хэдий хүртэл урсахыг бид биш тэд шийднэ. Оюу толгойгоос Рио Тинтог хөөх омог-галзуу ч төлдөг татвар нь 10 хувийн Даваасүрэн мэтэд хайран биз.
Хятадын мангас шиг хэрэглээ, хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурч байна. Энэ аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Оросод таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн бодлого өндийх гэж ядаж буй цөөн буурай ядуу бидэнд ус агаар шиг чухал. Өмнөд их хөршийн аядуу хандлага манууст том боломж. Энэ эерэг өгөгдлийг гарааны бизнес болгож овжноор ахиухан хүртэж тамиржъя.
Энэтхэгийн тэрбум зээлээр нефть үйлдвэр одоохон бослоо гээд байхаас, хангалттай нөөц бүхий ордоо олов уу, олон зуун км хоолойгоор лаг түүхий тос саадгүй урсах уу? Судалгааныхаа дүнг ер ярихгүй юм. Үйлдвэрээ бариад дэд бүтцээ ярайлгасан ч нефть бөглөрөөд ирэхгүй бол “монголчуудын бие дааж юм хийж буйг хар” гэж тавлах гүрэн бий. Үйлдвэрээ бүтээж, юу чаддагаа үзүүлэхсэн.
Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Урд хөршийн хаялгаас өөр өгөгдөл дэлхийн дээвэр дээрх зөдгий цөөхөн маньд хомс тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Олон улсын хууль байна. НҮБ байна. Бүрэн эрхт улс шүү юм байна-уусахгүйгээр айлсахаа тааруул. Ах араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илааршихдаа ужиг аж. Уг нь хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх боломж 1990 оноос нээгдсэн юм. Хулчгартаа ашиглаж чадсангүй. Бид дээрэлхүүлдгээ далдлаад зогсохгүй дээрэлхэгчдээ өмөөрдөг одонд төрсөн амьтад. Доромжлуулах тусам ухаажмаар. Бид ухаажвал оросууд биднийг хүн гэж үзнэ. Гагцхүү наана нь ховдог банхруудаа гурван саяулаа элбээд дэглэ.
2021-10-18
Sarnai
zochin
Зочин
оссо
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
ы
!
Басаа
Зочин
Уншигч
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Оноч
Оноч