Дамбийжаа
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
ДАМБИЙЖАА
Энэ үед баруун Монголыг эзэгнэнхэн төрж байсан хүн бол олонд Жа лам[1] хэмээн алдаршсан Дамбийжанцан гэгч эр байлаа. Жа лам уул нь 1860 онд Айдархаанд (Astrakhan) төрсөн Оросын харьяат. Түүний жинхэнэ нэр нь Балдан Санаев бөгөөд Хаант Оросын Астрахань мужийн халимаг дөрвөд гаралтай нэгэн. 1865 он буюу ирээдүйн Жа ламыг 5 настай байхад Санаевынх Ойрдод нүүн ирж суурьшижээ.[2] Хүүг том болохоор нь Төвдөд шавилуулахаар явуулсан байна. Төвдөд очин Лхасын нэгэн сүмд шавилж Дамбийжанцан хэмээх номын нэртэй болсон ч хожим Жа лам гэх богино нэрээр алдаршчээ. Тэрээр Төвд, Хятад, Энэтхэгээр хэдэн жил тэнэсний эцэст 1890 онд Монголд хоёр тэмээ хөтлөн явган нүцгэн буцаж ирсэн гэдэг. Ирээд даруухан ламын дүрээр буян номын үйл хийх явцдаа өөрийгөө 150 жилийн өмнө амьдарч асан Амарсанаа вангийн хойд дүр гэж танилцуулж байв. Балдан Санаев гэх жинхэнэ нэрээ ч Амарсанаев гэх болжээ. 1900-1910 оны хооронд Төвдөд эргэж очсон ба дараа нь Дорнод Түрэгстан оржээ. Оросын алдарт монгол судлаач Козловын экспидицэд хөтчөөр ажиллан 1911 онд Монголд гурав дахь удаагаа ирсэн байна. Энэ үед Монголд үндэсний чөлөөлөх хувьсгалт үйл хэрэг өрнөхөд Жа лам түүнд идэвхийлэн оролцсон.[3]
Буриадад ХХ зууны эхэнд үндэсний үзэл сэргэж, нармай Монголын үзэл санаа түгэн дэлгэрэхэд монгол овогтных нь хувьд халимагуудад талтай хандаж чаддаг болсон ба түүнээс уламжлаад Халимаг нь бусад монголчуудтай өргөн харилцаж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Жа лам баруун Монголыг Богд хаант Монгол улсад хамааруулах гэсэн халхуудын эрмэлзэлийг эсэргүүцэн, Ховдын хязгаарт автономит эрх олгохыг шаардаж байсан бөгөөд иймээс ч улс төрийн нэгдмэл хяналттай нэгдмэл Монгол улс байгуулахын ач холбогдол, ирээдүйг үл ойлгожээ. Анх баруун Монголд хоёр тэмээ хөтлөн орж ирсэн энэ гэлэн нэг их удалгүй тэр хавийнхаа хамгийн нөлөөтэй эрхэм болжээ. Жа лам тэрчлэн баруун монголчууд, тагна урианхай нарын хоорондын харилцаа холбоог төлөөлж байлаа. Оросууд Тагнын Урианхайд улам ихээр нүүн сууршиж буй нь үндэсний үзэлт урианхай, монголчуудын эгдүүцлийн төрүүлж, улмаар тэд Жа ламыг хүрээлэн цэрэгт нь нэгдсэн аж. Манжийн үед Тагна Урианхай нь Ховдын захиргаанд байсан бөгөөд Хятадын ноёрхлыг Ховдод тогтоож хасагуудыг Монголоос хөөж Орос, Хятад руу шахсан нь монгол, хасагийн буюу шарын ба лалын шашны харилцааг улам хурцатгажээ. Лал нар 1870 оны Дунгааны бослогын үеэс Төв Азид хүчээ авч хятадын лал мөргөлтөн Монгол нутгийг хоосруулан сүйтгэж, бурхны ариун газар шороог бузарласан гэж монголчууд үздэг аж. Жа лам Шар сүмийн ойролцоо, Шиньжааны хилийн дагуу газарт буудаллаж заримдаа зугтан орогнодог байсан ба Орос, Хятад, Монголын хилийн залгаа энэ газар хятад суудаггүй, харин холимог үндэстэн, тухайлбал ойрд, урианхай, хасаг, дунгаан, уйгар нар амьдардаг байлаа.
Жа лам уламжлал дагадаг хувьсгалч байжээ. Мань эр Монгол, Оросын соёлыг гайхамшигтай хослуулж чаддаг байлаа. Тэрээр эртний мухар сүсэг, зэрлэг балмад байдлыг соёлын өөрчлөлттэй хослуулдаг байв. 1912 оны наймдугаар сард Ховдод ялалт байгуулснаас эхлээд 1914 оны хоёрдугаар сард оросуудад олзлогдох хүртэлээ маш богино хугацаанд Баруун Монголыг захирахдаа Монголын нийгмийг өөрчлөхийг зорьж байжээ. Тэрээр Пётр хааны жишээг дагана гэж зарлаж, шинэ нийслэл байгуулж, өөрийн хараа хяналтын дор хатуу сахилга журам тогтоов. Тэрээр их хатуу, ширүүн догшин, заримдаа бүр зэрлэг балмад хүн байв. Түүний лам нар болон сүм дуганд тавьдаг байсан шаардлага их сонин. Жа лам онцгой цэвэр, нямбай байдлыг шаарддаг байсан ба өөрийн орчны тайж нарыг орос гутал, хувцас өмсөхийг албадаж, заримдаа бүр Оросын олон өнгөт форм өмсөхийг шаарддаг байсан төдийгүй архи ууж тамхи татсан лам нарыг хөөн зайлуулдаг байснаас гадна мөн олны өмнө доромжилж, хатуугаар шийтгэж, өөрийнх нь зарлиг шаардлагыг биелүүлээгүй бол заримдаа үхтэл нь зоддог байжээ.[4]
Хааяа өвчин нь хөдлөхөөр туйлын балмад зэрлэг аашилж хүний нүд амьдаар нь ухаж хүртэл дөвчигнөнө. Өөрийн тушаал зааврыг ажил хэрэг болгохын тулд харгис хатуу хандаж, алдаа гаргасан хүнийг хайр гамгүй шийтгэдэг, лам нарт ч өршөөлгүй нэгэн байжээ. Олзны хүмүүсийг хэрцгийгээр тамлан тамгалах, амьдаар нь арьсыг нь хуулах, ууранд жигнэх зэргээр аль мууг нь үздэг байсан юм. Ард олныг айдас хүйдэст автуулж, нутгийн Чингисийн угсааны ноёд тайж нар хүртэл сөрж чадахгүй, бүр моринд нь мордуулж үйлчилдэг байжээ. Монголчуудаар хязгаарлагдсангүй Алтайн хасагуудыг харгислан малын бэлчээрээ томруулав. Хасагийн отгийн ахлагчийн арьсыг амьдаар нь хуулаад эхэд нь аваачиж өгчээ. Хөөрхий эх хүүгээ аврахын тулд Жа ламд өөрийн биеэр очиж барьцаа мөнгө төлсөн байдаг. Олзонд ирсэн гадаадын иргэд (ялангуяа, хятадууд)-аар амины өргөл өргөж, цусаар нь туг хиураа мялааж, арьсаар нь ёслолын хэнгэрэг бөмбөрөө бүрдэг байсан гэх. Эдгээр ёслол заншлыг үйлдэхдээ нэг ёсны трансд ордог гэх. Жа ламыг дагагчид нь XVIII зууны Ойрдын хааны хойд дүр төдийгүй буддын догшин бурхан (дармапалын дэг сургууль) Махагал сахиусын амьд бүрэлбаа гэж бишрэн шүтэх болов. Энэ бурхан нь буддын шашны хамгаалагч сахиус юм. Жа лам энэ шүтлэг бишрэлийг ч улс төрийн зорилгодоо ашиглахыг чармайсан билээ.[5]
Түүнийг харахад галзуу-суут хүн мэт санагддаг байсан ба монголчууд Жа ламыг “Амарсанаагийн амилсан дүр” гэж үнэн голоосоо итгэдэг байв. Жа ламыг сум нэвтэлдэггүй учир тэр хэмжээ хязгааргүй хүчтэй хувилгаан гэж монголчууд итгэн үхтэлээ айдаг байсан ажгуу.
Хүрээнээс очсон Магсаржав, Дамдинсүрэн нар чухам л энэ Жа ламын тусламжаар Ховдыг чөлөөллөө. Энэ хувилгаан гэгдэх халимаг лам өөрийн нэр хүнд, сүр хүчээр бүхий л баруун Монгол, Урианхайг хөдөлгөж Монгол дахь Манж Чин улсын сүүлчийн тулгуур болсон Ховдын хэрмийг дайрчээ. Тэрээр ийнхүү Богдтой эвлэрэн бие даасан Ойрд байгуулах санаагаа түр орхисон нь нийт Монголын нутгаас хамтарч байж хятадуудыг нэгмөсөн хөөж гаргах нь юун түрүүн илүү ач холбогдолтой болохыг ойлгожээ.
Монгол улс тусгаар тогтнолоо зарласан тухай чимээ шуугиан бараг сарын дараа Ховдод очжээ. Уул мэдээ хоёр мянга орчим километр туулахдаа замдаа үнэн баримтаа орхин ихээхэн домогжсон, ид шидтэй холилдсон үлгэр туульсархуу сонин болж хүрсэн нь ам дамжуулан мэдээ тардаг нүүдэлчдийн хувьд төдий л хачирхам зүйл биш аж. Олон ястан холилдон суусан Ховдод Монгол улс тусгаар тогтнолоо зарласныг янз бүрээр хүлээж авчээ. Халхууд туйлын сэтгэл ханамжтай байхад баядууд хэрэг явдалд ихэд гонсгор “халхууд биднийг муу юманд оруулна шүү, сүүлд нь хятадууд биднийг сүйдлэх вий!” гэцгээнэ.[6] Тэртээ хоёр зууны өмнө Монгол Манжид дагаар ороход ойрдууд илүүтэй эсэргүүцэж байсан бол Манжаас салахад чухам ойрдууд дургүйцэн улдаж байсан нь түүхийн шоглоом гэлтэй. Сонирхолтой нь хожим Монголд коммунизм нэвтрэхэд хамгийн түрүүн ойрдууд эсэргүүцэн тэмцсэн мөртөө 1990-ээд оноос монголчууд коммунизмаас салахад мөн л ойрдууд илүү дургүй байлаа. Ховдын хязгаарт халхууд дунд Жалханз хутагт нөлөөтэй байсан бол ойрдуудад Дамбийжанцан хамгийн нэр хүндтэй нь байлаа. Эргэлзсэн, заримдаа эсэргүүцсэн ойрдуудыг Хятадын эсрэг хөдөлгөөнд чухам Дамбийжанцан татан оруулжээ.
Монголын зүүн хязгаарт өөрсдийг нь нэгдүүлсэнгүй хэмээн гоморхсон төв рүүгээ тэмүүлэх хүч үйлчилж байхад баруун хязгаарт Дамбийжаагийн нөлөөгөөр салан тусгаарлах санаа цухалзаж эхлэв. Ховдыг чөлөөлөх байлдаанд гавьяа байгуулж Богд хаанаас Номун хан цол хүртсэн нь түүний нэр сүрийг улам өргөжээ. Дараахан нь Ховдын хязгаар руу хасагууд уулгалан довтолж тонуул дээрэм хэрээс хэтрэв. Тэднийг араас нь хятадууд тухирчээ. Дээрэмчид Ховдын төдийгүй Улиастайн хязгаар хүртэл нутгийн гүн рүү халдах болов. Дээрэмд өртөгсөд мэдээж Жа ламаас тусламж гуйв.
Хувилгаан өөрийн нэр хүндийг улам өргөх учиртай энэ далимыг зүгээр орхисонгүй, хасагуудтай амжилттай байлдсан төдийгүй баривчлагсдыг нь туламлан өвчиж сүр бадруулав.[7] Ийнхүү хятадууд өдөөн тухирагчаараа баруун хязгаарын тав тухыг алдагдуулсан учир Хүрээнийхний хүсэлтээр оросууд Дээд Үд, мөн Бийскээс гурван мянган козак цэрэг Ховдод татан байрлуулжээ. Чин династийн үед байгуулсан цэрэг стратегийн зориулалт бүхий хуаран болох Улиастай, Ховд шинэ нөхцөл байдалд өөрийн тэр шинжээ алдаж эхэлжээ. Иймээс Ховдод Шиньжаанаас дээрэмчид ороод ирэхгүй л бол энэ хотыг оросуудын мэдэлд үлдээж болох юм гэсэн бодол Хүрээнийхэнд байсан бололтой.
Харин үүнийг нь далимдуулан Жа лам Ховдоос 60 мод газарт баруун Монголын өөр нэг төвлөрөл үүсгэх гэж оролдсон байна. Дамбийжанцан Баруун Монголыг салгаад өөрийн жижиг ханлиг үүсгэх далд хүсэлтэй байсан гэж олон хүн, түүний дотор түүнтэй энэ үед ойр байсан Бурдуков таамагладаг. Мүнжигийн хийд хэмээх нэлээд бөглүү газар тэрээр Ховд орчмын бүх сүм хийдийг нэгтгэх гэж оролдлоо. Уул нь тэрээр Богдоос авсан Номун хан цолоо энд анх “угаасан” аж. Энэ үедээ тэрээр Ховдод төвлөрсөн оросуудтай ам мурийж эхэлсэн бололтой. Үүнээс гадна өөртөө дэндүү итгэлтэй байсан тул хүн амын сэтгэл түгшүүлсэн янз бүрийн харгислал үйлдэн дөвчигнөснөөр эцэст нь Оросын харьяатын хувьд козак цэрэгт дайчлагдан баривчлагдаж хойш ачигдах шалтаг болсон гэж Бурдуков нотлодог. Ховдын хаант улс байгуулах далдын санааг нь хардсан Хүрээнийнхэн энэ ажлыг оросуудтай хамсан үйлдсэн байж ч болох талтай. Үүнээс гадна Жа ламд харгислуулсан зарим ноён Ховдын козакуудын эрх мэдэлтэнд гомдол мэдүүлсэн шалтаг ч бас бий.
Хиагтын гурван талын хэлэлцээрээр Ховдыг цэрэггүй бүс маягийн болгосон ба Орос улс дэлхийн дайнд оролцсон зэрэг шалтгаанаар Ховдод ердөө л хоёр зуу орчим козак цэрэг үлдсэн байна. Мөн хэлэлцээрийн дагуу Ховдод Хятадын төлөөлөгч ирж суух болов. Өөрөөр хэлбэл хөөгдсөн хятад эргэн ирж, ирсэн Орос буцаж эхэлсэн хэрэг. Нөгөөтэйгүүр ойрдуудын дунд нэр хүнд олж нэг ёсны удирдагч нь болчихоод байсан Жа лам эзгүй болсон тул баруун монголчуудын дунд янз бүрийн санал буй болж эхэлжээ. Хятадууд эргэж ирснээс болоод нэг хэсэг нь Орост Ойрд дангаараа дагаар орох тухай асуудал ярилцаж байхад Баядын ноён Нацагаар толгойлуулсан нөгөө хэсэг нь Хятадын талыг “тууштай” баримталж байлаа. Үүнд монголчуудын бэлэг сэлт, хээл хахуульд дуртай чанар ч их үүрэг гүйцэтгэж байв. Хятадууд монголчуудын аргыг хэзээний олдог учир Оросын хяналт буурсныг далимдуулан 1911 оноос өгөөгүй хэдэн жилийн пүнлүүг нь нэгмөсөн гардуулжээ. Энэ бол Хүрээний засгийн газар болон Ховд дахь Оросын консулын нүднээс далд хийгдсэн зүйл. Хятадууд Ойрдын ноёдод цалин пүнлүүг нөхөж олгоод эхлэнгүүт Халхаас эгнэгт салж Хятадтай эргэж нэгдэх хүсэлтэй ойрд ноёдын тоо эрчимтэй өслөө. “Оросууд Германтай байлдаж байгаа учир наашаа харах нь өнгөрсөн” гэсэн аман ухуулга ихэд тарснаар хятадуудтай эргэж эвлэрэх эрмэлзлэлийг хүн амын дунд хүчтэй болгожээ. Энэ үед Ховдод байсан Оросын худалдаачин Бурдуков хятадуудаас цалин авч байгааг нь буруутган үүнийг ард түмэн, төрөөсөө урвасан хэрэг гэж ятгахад “Бид хятадуудад юу ч өгөөгүй, харин тэд бидэнд өгч байна. Өгөх дуртай юм бол бид түүнээс татгалзаад яахав” гэсэн хэнэггүй хариулт сонссон байна.[8]
Богдын Засгийн газраас Ховдыг зэвсгийн хүчээр чөлөөлөх шийдвэр гарч 1912 оны эхээр Хүрээнээс Магсаржав, Дамдинсүрэн нар 25 цэрэгтэй барууншаа морджээ.[9] Дамдинсүрэн нь Хайсан, Тогтох тайж нарын нэгэн адил Баргад Чингийн эсрэг бослого дэгдээхээр бэлдэж байснаа Монгол улс тусгаар тогтнолоо заралсныг сонсоод 1912 оны эхээр Хүрээнд яаран иржээ. Ирсэн даруйдаа Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцохоор мордсон байна. Тэднийг замаас нь тосон Тогтох тайжийн цэргүүд Оросын хил даван орж ирж нэгдэв.
Ховдод ирэнгүүт дөнгөж сая урдаас орж ирсэн Козловын экспедицийн хөтөч Жа лам тосон авлаа. Козловын экспедиц дан цэргийнхнээс бүрдэж байсан. Жа лам ч Монголд орж ирүүтээ орос офицерийн дүрэмт хувцсаа сольсонгүй, шууд л гадуур нь лам дээл өмсчээ.[10] Өмнө нь Магсаржав баруун хязгаарт яаралтай цэрэг татлага заралсан боловч олигтой бүтэлтэй юм болоогүй[11] бол олон удаа Монголд ирж сүсэгтэн олныг дагуулж итгэлийг нь олсон энэ халимаг лам бараг л ганц дохиогоор армийг нь тэр даруй хүн хүчээр дүүргэв. Жа ламыг Оросын бэлтгэгдэсэн нууц тагнуул байсан гэж түүхч-архивч Трифонов баталдаг. Астрахан хотод боломжийн амьдралтай байсан Санаевынх яагаад 1865 онд ядуу зүдүү Ойрдод гэр бүлээрээ шилжин ирэв? Тэрээр Монголын төлөө хичнээн жил зүтгэсэн мөртөө Оросын иргэний харъяаллаасаа хэзээ ч татгалзаагүй. Яагаад тэр Балдан Санаев нэрээ Амарсанаев болгон өөрчлөв? Оросуудын хүлээн зөвшөөрсөн Богд хааныг эсэргүүцсэн хэргээр түүнийг 1914 онд баривчлан Орост хүргэн шоронд суулгасан гэх авч Жа ламыг шүүхээр яллаж шийтгэсэн ямар ч тогтоол, баримт бичиг байдаггүй.[12] 1757 оны Манжийн эсрэг бослогыг толгойлсон Амарсанаа ялагдаад Орос руу дутаан одсон. Гэтэл Ховдыг чөлөөлөх тулалдааны өмнөөс Амарсанаа тун удахгүй шамбалын дайчдыг дагуулан Оросоос эргэж ирэн манж хятадуудыг хөөх болно гэсэн цуу ойрдоор нэг таржээ. Баруун Монголд ихэд дэлгэрсэн тууль хайлах урлагт туульчид Шамбалын орон Орост байдаг, их дайныг Цагаан хаан өөрийн биеэр удирдах болно гэсэн үгтэйгээр хайлах болов.
1914 оны хоёрдугаар сард оросууд Жа ламыг Ховдод баривчлаад Томскийн шоронд хорьж, дараа нь Эрхүүгийн ойролцоо Александровск руу, сүүлд нь Якутск руу цөлжээ. 1916 онд Астраханьд буцаж ирснийх нь дараа буюу 1917 оны есдүгээр сард Монголын талаарх гайхамшигт мэргэжилтэн Владимирцов[13] мань хувилгаантай уулзсан байна. Жа ламыг хараад Владимирцов алмайрсан бөгөөд сүүлд нь Бурдуковт бичихдээ: “Бидний мэддэг Жа ламаас огт юм үлдээгүй байна, ганган орос хувцастай, гялалзсан гутал өмссөн тэрээр одоо тэр чигээрээ орос болжээ” гэсэн байна. Жа лам буриад, халимаг, монголчуудын талаар огтоос мартаж зүгээр л орос болмоор байна гэж Владимирцовт ярьжээ. Тэр оросоор маш сайн ярьдаг болсон байсан ба бүр уусахад нь бэлнээ хэлжээ. Гадаад байдал нь маш их өөрчлөгдсөн тэрээр урьдын зэрлэг бүдүүлэг хүн гэх байтугай барууны соёлт ертөнцийн зочны өрөөний чимэг мэт болтлоо хувирсан байлаа.[14]
Большевик хувьсгал түүнийг цөллөг, гэрийн хорионоос чөлөөлж, тэрээр 1918 оны зун Монголд эргэж иржээ. Хүрээнээс хойш Сэлэнгийн хөвөөнд Хятадын эсрэг бослого гаргах гэсэн нь нутгийн хүн ардаас дэмжлэг авч чадаагүйгээс ч юм уу эсвэл Жавзандамба хутагтын Засгийн газраас дэмжлэг аваагүйдээ ч юм уу амжилтгүй болж, мань хүн Баруун Монгол дахь өөрийн дассан нутагтаа ирсэн байна. Тэрээр урьдын найз Жалханз хутагт, Хатанбаатар Магсаржав нартай уулзсан боловч цаадуул нь төдийлөн нүүр өгөөгүй бололтой. Энэ нь түүнд илүү тааламжтай ч байж.
Бурдуковын[15] бичсэнээр, “Халхын Засгийн газар (автономит Монгол) ойрдуудтай эрх тэгш харилцдаггүй байсан тул ойрдууд дургүйцлээ энэ хэдэн жилийн турш хадгалсаар, Жа лам эргэж ирнэ гэсэн дам ярианд итгэсээр байжээ”.[16] Манж, Хятадын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг, домог болсон энэ хүн үүнээс гадна ойрдуудыг хасагийн дээрэмчдээс хамгаалж байсан тул мартагдашгүй ул мөрөө үлдээгээд, баривчлагдан явсан юм. Хэдийгээр Жа ламын хөрөнгийн ихэнх нь Ховдын сүм хийдэд хамаарч байсан боловч түүнийг баривчлагдаад цөлөгдсөний дараа хөрөнгийг нь Хүрээний Засгийн газар хурааж аваад ачаад явсан байлаа. Жа лам баруун Монголд амар жимэр хоёр жил амьдарч, өөрийн нөлөөллөө өргөжүүлэн сууж байтал тэнд эхлээд цагаантан, дараа нь араас нь хөөсөн улаантан эргэлдэн хоорондоо дайтах болсон тул хүмүүсээ аваад Монгол-Хятадын хил орчим дахь Маажинсан ууланд очиж бүгжээ. Яах гэж чингэсэн нь төдий л тодорхой бус боловч, үргэлж л ямар нэг ид шид бүтээх гэж явдаг хүний хувьд ирээдүйн өөрийн толгойлох гүрний цэцэглэлтийн эх болсон Мекка, Ерусалэм маягийн домогт төв үүсгэх гэсэн байж магадгүй. Учир нь, тэндээ хадат ууланд гайхамшигт ордон цайз бариулж эхэлж байжээ. Мэдээж үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй ба тэрийг нь ламбугай ойр орчноосоо дээрэмдэн цуглуулна. Тэрээр энэ бөглүү ууланд таван зуу орчим өрх айл дагуулан ирсэн ба 300 морьт цэрэгтэй байжээ.[17] Олон зууны турш Төвд-Монголыг холбосон худалдааны гол замд байрласан түүнд хөрөнгө мөнгө хар аяндаа цутган орж ирсээр байлаа. Түүнийг дагалдан монгол гэмт хэрэгтнүүд, хятад төрд тэрслэгчид, торгуудын хил зөрчигчид, хил дамнан нууц наймаа хийгч төвдүүд гэх мэт зүсэн зүйлийн хүнээс бүрдсэн томоохон хүч бүрэлджээ. Жа лам толгойлон дагуулуудтайгаа нутгийн худалдааны замд дээрэм тонуул хийх болсноор энэ замаар жин тээх явдал зогссон байна. [18]
Ийнхүү өөрийнх нь хэлснээр Амарсанаа вангийн ач хүү, энэ хувилгаан лам урьдын Зүүнгарын хаант улсын жишээгээр бие даасан Дөрвөд-Ойрдын тусгаар улс байгуулах санаатай байсан бололтой.
Баруун Монголд нөлөөтэй хүнийх нь хувьд Жа ламд Ерөнхий сайд Бодоо бичиг явуулан амар амгаланг нь айлтгаж байжээ. Харин Бодоог буусны дараа Жа ламыг устгах төлөвлөгөө боловсорсон байна. Дугаржав сайдаар толгойлуулсан хэдэн хүн Жа лам руу очин түүнийг Ардын засаг сайд бол гэж гуйж байна хэмээн хуурч байгаад буудан алжээ.
Олон жилийн анд Жалханз хутагт нь Ерөнхий сайд болчихсон болохоор тэрээр энэ хууралтанд нь автсан болов уу. Дотоодыг хамгаалах газрын дарга нөхөр Балдандорж[19] эрэлхэг зоригоо чангалахын тулд алуулсан ламын зүрхийг иджээ. Толгойг нь тасдаад монгол маягаар задгай галд утаад, жаданд сүвлэн сүсэгтэн нүүдэлчдийг айлган, аймаг хошуудаар зөндөөн удаан авч явжээ.[20] Бүхий л баруун Монголд 10 гаруй жилийн турш нөлөөлж домгийн баатар болсон Жа ламыг үхсэн гэдэгт хэн ч үнэмшихгүй тул толгойг нь Улиастайн Баатар зээлд өлгөн олон хоног ардуудад үзүүлсэн аж. Дараа нь тасчигдсан толгойг Хүрээнд авч ирсэн ба 1925 онд дадлага хийж байсан орос оюутан Казакевич гэгч хулгайлан Ленинградад аваачжээ. Пётр хааны үеэс цуглуулсан Куншткамер (Kunstkamer) хэмээх сонин хачин юмны цуглуулганд Жа ламын толгой 3394 гэсэн дугаартай, “Монгол хүний толгой” гэсэн нэртэйгээр үүрд музейн үзмэр болон үлджээ.[21] Жа лам Aрдын засгийг унагах гэж оролдоо ч үгүй, тийм бололцоо ч байгаагүй, гэвч түүнийг чухам ийм зорилготой байсан ба үүний Хүрээн дэх хамсаатан нь Бодоо юм гэсэн “хувилбар” гарган үүнээ “албан ёсны түүх” болгожээ. Улс төрөөс бүрэн татгалзсан Бодоог устгахын тулд Aрдын төрийг унагаах гэж оролдсон Жа ламын домгийг зохиосон байж болох бүрэн үндэстэй.
[1] Жа лам (1862-1922) Жинхэнэ нэр нь Балдан Санаев. Сахилын нэр нь Дамбийжанцан.. Хуурамч нэр нь Амарсанаев. Баруун Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагч нарын нэг.
[2] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-440 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-440]
[3] Почекаев, Р.Ю. Узурпаторы и самозванцы “степных империй” (Издатедство Евразия) ст-269 [PochekayaevR.Yu Usurpators and impostors of the Empire of Steppe]
[4] Бурдуков, А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969). ст-97
[5] Почекаев, Р.Ю. Узурпаторы и самозванцы “степных империй” (Издатедство Евразия) ст-270. [Pochekayaev R.Yu Usurpators and impostors of the Empire of Steppe]
[6] Бурдуков, А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969). ст-63
[7] Бурдуков, А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969). ст-112
[8] Бурдуков А.В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969). ст-120-121
[9]Жамсран, Л. Жанжин Дамдинсүрэн, түүний шинэтгэлийн бодлогууд (УБ 1991) х-89 [Jamsran, L. General Damdinsuren and his innovations]
[10] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-440 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-440]
[11] Дамбийжанцан. Баримт бичгийн эмхтгэл (1912-1914.05). I боть. (Соёмбо принтинг УБ.,2012)
[12] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-441 [Trifonov EugenySecret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-441]
[13] Владимирцов, Борис (1884-1931) Монгол судлаач
[14] Бурдуков, А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969).
[15] Бурдуков, Алексей (1883-1943) Орос худалдаачин, монголч, монгол хэлний багш
[16] Бурдуков, А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969).
[17] Ломакина, Инесса. Голова Джа ламы (Агентство Экоарт, Улан Удэ - Санкт-Петербург 1993) стр-136-146
[18] Почекаев, Р.Ю. Узурпаторы и самозванцы “степных империй” (Издатедство Евразия) ст-270 [Pochekayaev R.Yu Usurpators and impostors of the Empire of Steppe]
[19] Балдандорж, Дашийн (1894-1937) Монгол улсын төрийн зүтгэлтэн, Дотоодыг хамгаалах газрын дарга (1922-1923)
[20] Пауллер Олег. Монголия при Богдо-гэгене. Журнал “Самиздат”, 16/07/2017
[21] Ломакина. Инесса Голова Джа ламы (Агентство Экоарт, Улан Удэ - Санкт-Петербург 1993) стр-135-147