ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.
ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Аль ч улс оронд Үндэсний аюулгүй байдлын хамгийг салшгүй бүрэлдэхүүнд Төрийн функционал ажиллагааны тасралтгүй, найдварай, хүчин төгөлдөр үйл ажиллагааг тооцдог. Аль ч орон, түүний дотор Монголд Төрийн хүчин төгөлдөр тасралтгүй функционал ажиллагааны зарчмыг Үндсэн хуулинд тусгасан байгаа.
Үндсэн хууль бол төрийн зүгээс ард түмэнтэй хийсэн гэрээ юм. Зөвхөн өөрчлөлт орсон тохиолдлоос бусад үед хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Үндсэн хуулийг үгчлэн дагах нь ялангуяа төрийн байгууллагуудын үндсэн үүрэг. Олон нийтийн байгууллага ч. Иймээс улс төрийн намын үзэл бодол хандлага дүрэм программ нь хүчин төгөлдөр Үндсэн хуультай зөрчилдөж байвал тийм нам улс төрийн болон олон нийтийн байгууллагыг төр хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй, оршин буйг нь хууль бус гэж үздэг.
Төр бол тухайн улс оронд засаглаж буй улс төрийн бүлэглэлийн шийдвэр гаргах дээд байгууллага. Гитлер, Сталин, Модура, Путин, Си Жиньпин нарын удирдсан төрүүд бүгд хууль ёсны байсан, учир нь тэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр зохиосон. Иймээс эдгээр төрүүд өөрийн нутаг дэвсгэртээ засаглах бүрэн эрхтэй. Хууль бусаар төрийн эрхэнд гарсан, шударга бус, олон улсын хууль дүрмэнд захирагддаггүй, империалист, расист төр засаглаж байгаа зэрэг нь тусдаа асуудал.
Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.
Хэдхэн жишээ. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус аймгийн нутагт ус ашиглахыг хориглосон захирамж гаргасан. Энэ нь км гүнд буй далайн усыг илрүүлэн ашигласантай давхцсан. Ер нь аймаг суманд үйлчилдэг хууль гэж байдаггүй. Увсын Өмнөговь сумаас усан цахилгаан станц барихыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь орон нутгийг өөрийн гэх бие даасан хуультай байх субьект болгох нийтлэг салан тусгаарлал руу түлхэж байна. Мөн цагдаагийн газраас тайван жагсаал эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг барьж хорин дураараа шоронд хийж байсан. Нийгмийн сүлжээ үзэж байгаад буруу юм бичсэн байвал тэр хүнийг баривчлан шийтгэдэг гэж цагдаагийн өндөр албан тушаалтан мэдэгдсэн. Цагдаа бол нийгмийн хэв журам сахиулдаг газар болохоос үзэл суртал хариуцсан нууц жандармын газар биш гэх мэт. Энэ талаар тодорхой хууль журам үйлчлэх болохоос аль нэг төрийн эрх мэдэлтний үүрэг даалгавар хүчин төгөлдөр биш.
Үндэсний аюулгүй байдал гэдэг томъёололд аль ч улс орон гадаадын халдлагаас хамгаалах, дотоодын үймээнээс хамгаалах, төрийн тогтвортой ажиллагааг хамгаалах гэсэн гурван зүйлийг онцолдог ба энэ хүрээнд хамаарах бусад салбарын нарийвчилсан дүрэм журмыг цааш тодотгодлог.
Гадаадын халдлага гэдэг нь шууд зэвсэгт халдлага, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн хамгаалалт, өдөөн хатгалгаас гадна Төрийн тогтолцоо, Үндсэн хуульт тогтолцоо, тусгаар тогтнол, бие даасан байдалд хохирол учруулах гэсэн гадны алив оролдлого, нөлөөллийг ойлгодог. Үүнд мөн эдийн засгийн хувьд тамирдуулах, хүн амын эрүүл мэндэд хор учруулах, байгаль орчинд аюул учруулах зэрэг элдэв санаатай оролдлогыг тооцно.
Хоёр хүчирхэг орноор хүрээлүүлсэн Монгол мэтийн жижиг орны хувьд хэрэв хөршөөс дээрх байдлаар гаднаас аюул учруулах аваас нэгдүгээрт хоёр хөршийн хоорон дахь ашиг сонирхолын хүчний балансыг тооцоолон баримтлах, хоёрдугаарт дэлхийн бусад орнуудаас дэмжлэг хүлээх, дипломат шугамаар хөршүүдтэй тохиролцох, гуравдугаарт гуравдахь хөршийн бодлогоо чанд сахих, дөрөвдүгээрт энхийг сахиулах зэрэг олон улсын ажиллагаанд байнга идэвхитэй оролцох зэрэг болно. Мөн Олон улсын элдэв байгууллагын ажиллагаанд байнга идэвхитэй оролцон өөрийн эрх ашгаа хамгаалахаас гадна ялангуя НҮБ-аас гаргаж буй тогтоол шийдвэрт үргэлж дэмжигч бөгөөд шийдвэрийг дагагч байх.
Монгол улсын хувьд стратегийн хамгийн нөлөө бүхий худалдаа болон дэд бүтэц нь Оросоос, худалдаа наймаа болон гадагш гарц Хятадаас илүү хамааралтай байгаа. Энэ бол өнөөгийн нөхцөл байдал. Энэ байдлыг огцом болон ойрын хугацаанд өөрчлөх боломжгүй учир ийм нөхцөлд бие даасан байдлаа хэрхэн тогтвортой хадгалах талаар бодлогын шийд гаргах ёстой юм.
Путины дараах Орос орон хэрхэн өөрчлөгдөхийг өнөөдөр хэн ч зөв мэргэн тааж чадахгүй. Өнөөдөртөө Оросын Монгол руу хандсан бодлогыг зөв тайлж уншин хариу реакци боловсруулах нь илүү чухал, илүү бодитой. Патрушевын толгойлсон (дарга нь Путин өөрөө) Оросын холбооны Аюулгүй байдлын зөвлөл нь Орост хамгийн эрх мэдэлтэй байгууллага. Тус байгууллагын нууц илтгэлд “Орос, Хятад нь мөнхийн нийцсэн эрх ашигтай хөршүүд биш. Хожим энэ оронтой дахин зөрчилд ороход бидэнд өмнөөс нь гаргах хөзөр бол Монгол, Казахстан хоёр юм. Иймээс энэ хоёр оронд онцгой анхаарал хандуулах ёстой” гэсэн байдаг. Энэ бол Путинаас үл хамаарсан тус улсын бодлого.
Өнөөгийн Оросын Монголд хандсан бодлого нь юутай ч хүйтэн дайны үе шиг Монголыг цэргийн полигон болгох, үзэл суртал, нийгэм, эдийн засгийн хувьд колончлох санаа зорилго үгүй. Монгол улс нь 1945 онд Зөвлөлт Хятадын гэрээгээр хоёр орныг заагласан буфер бүс байхаар тохирсон тохиролцоогоо цаашид баримтлах сонирхолтой. Энэ нь Монголд зөвхөн Хятад, Оросын эрх ашиг байх ёстой, зөвхөн энэ хоёр орны тохиролцоо хэлэлцээ гэрээ хүчин төгөлдөр байх ёстой, иймээс энэ буфер бүсд өөр улс орон, ялангуяа герполитик тоглоом тоглодог хүчирхэг гүрнүүдэд энд зай байхгүй гэж үздэг. Үүнийгээ ч Оросын Гадаад яамны сайд Сергей Лавров хэдэн жилийн өмнө Монголд айлчлахдаа тов тодорхой хэлж анхааруулсан. Иймээс л Монголыг Хятадтай тоглох хөзөр гэж үздэг.
Хятадын хувьд Монголын тусгаар тогтнолыг бүрнээ хүлээн зөвшөөрдөг учир хүйтэн дайны үеийн суртал нэвтрүүлгээр монголчуудад тогтсон ойлголт болох “ирээдүйд хятадууд Монголын өөртөө нэгтгэнэ, одоо ч ийм санаа агуулж байгаа” гэсэн сэрэмжлүүлэг нь юутай ч өнөөгийн дэлхийн дэг журмын хувьд бүтэшгүй учир хий хардлага юм. Тэгээд ч Хятад нь түүх уламжлал, бодлогын хувьд Орос шиг империалист гүрэн биш. Гэвч ХХ зууны туршид Монгол нь Зөвлөлтийн бүрэн мэдэлд байж цэргийг нь Хятадын эсрэг байрлуулан дайсагнаж байсан гашуун туршлагыг тэд мартаагүй. 1990 оноос хоёр орны дайсагнасан харилцаа намжсан боловч монголчуудын бие даасан бодлого үйлдэл нь мөнөөх буфер бүсийн баримжаанаас хэдийнээ хальсанд нэн тааламжгүй байгаа. Оросууд монголчуудыг АНУ-тай хэт ойртож байна гэж харддаг бол, хятадууд монголчуудыг Японтой хэт ойртож байна гэж харддаг. ХХ зууны туршид монголчуудын ой санамжинд тогтон үлдсэн Хятадаас болгоомжлох, улмаар дайсагнасан үзэл санаа !990 оноос хойш ч үргэлжлэн харилцан үл итгэлцэл улам лавширсан юм. Иймээс Хятадын зүгээс монголчуудын энэ үзлийг эерүүлэх ажиллагаа нэлээд идэвхитэй зохиосноор өдгөө нэлээд эерэг болж байна. Үүнд соёл боловсролын талд хүчтэй анхаарсан. Нөгөө нэг харилцаанд муугаар нөлөөлж буй зүйл Төвдийн асуудал гэж хятадууд үздэг.
Хятад болон Оросын Монголд хандах хандлага, геополитик болон геостратегибодлого нь хоорондоо зарчмын ялгаатай. Хятадууд Монголыг Оросын мэдэлд дахин тэр чигээр нь алдахаас маш их болгоомжлоно. Ийм өнгөрсөн туршлага бий, энэ нь Хятадын үндэсний аюулгүй бодлогод нь маш хортой гэж тэд үздэг. Ер нь Орос Хятадын хоорондын зөрчил, дайсагнал, газар нутгийн маргаан 400 жилийн түүхтэй. Үүний хохирогч нь үргэлж Хятад байсан. Энэ зөрчил цаашид ч амь бөхтэй үргэлжлэнэ. Өнөөгийн найрамдал нь 1950-иад оны түр зуурын найрамдлын нэгэн адил урт насгүй. Хятад-АНУ-ын эдийн засаг хэдийнээ интеграцлагдсан, зөвхөн хоёр орны худалдааны эргэлт удахгүй ихнаяд долларт дөхөх ба энэ нь Оросын ДНБ-ий хэмжээ юм. Иймээс Хятадын хувьд АНУ-тай харилцаагаа лавшруулах, барьцаа чангалах, Хэт их гүрний дангаар давамгайлах санаархалд нь саад болон хориглоход нь тэдэнд Орос өнөөдөртөө хэрэгтэй.
Гэвч энэ хоёр орны дотоодын самуурал, иргэний дайн нь хөрш орнууддаа нэн хөнөөлтэй байсан. Аль алин нь түүхэндээ дотоодын иргэний дайндаа олон удаа автаж байсан. ХХ зууны иргэний дайнууд нь Монголд нөлөөлж, нэг хэсэг нь зугтан хөрш рүүгээ дүрвэж, нөгөө хэмэг нь араас нь хөөцөлдөн дайн байлдаан хийж байв. Сю Шүжан, Жан Золин, Унгерн Штэрнбэрг, Бакич, Кайгодровын цэргүүд, Шетинкиний партизанууд, Улаан цэргийн 5-р арми гэх мэт. Эдгээр гашуун туршлага дээр үндэслэн 1998 онд баталсан Монгол цэргийн номлолд хөрш орнуудын иргэний дайны үеэр хөрш орны зөвхөн төв Засгийн газартай хамтрана гэсэн заалт оруулсан билээ.
Олимпын тоглолтын үеэр талбайд Монголын тамирчид туг далбаага намируулан жагсан орж ирэхэд Оросын төв телевизийн тайлбарлагч “Монголия самая независимая страна в мире, потому что от Монголии никто не зависит” гэж байсан. Энэ нь үгэн тоглоом ашигласан доромжлол. Гэвч нэг талаас энэ нь үнэний хувьтай. Нөгөө талаас Оросын хувьд ч, Хятададын хувьд ч Монгол улс нь геополитикийн маш чухал орон зай. Монголыг эзлэн түрэмгийлэх, анекс хийх, өөртөө нэгтгэх, хуваан авах тухай энд яриагүй. Ийм яриа бол дэндүү бодит бус, ухваргүй, өнөөгийн дэлхийн улс төрийн тогтолцоо болон хүчний тэнцвэрийн талаар ойлголтгүй, хий хоосон хөөрхөл, бараг пароной гэж үзэхээр. Орос, Хятадын хувьд Монгол нь буфер бүс, өөрөөр хэлбэл хоёр орны харилцаан дахь хөзөр. Монголын тусгаар тогтнолыг аль ч тал бүрэн хүлээн зөвшөөрч буй, цаашид ч харьцангуй бие даасан байдлыг зөвшөөрнө. Ардчилсан, тусгаар тогтносон, харьцангуй бие даасан Монгол улс оршин тогтнох нь хөршүүдийн хувьд геополитик утгаараа харин ч ашигтай. Гэвч Монголын бие даасан байдал нь буферийн бүсийн зарчмаас давах, хоёр орны сонирхол дундуур өөр бусад хүчирхэг орны нөлөө шургахыг төдийлөн таашаахгүй.
Дөнгөж 1988 онд дайсагналаас хэвийн харилцаанд шилжсэн Хятад Монголын харилцаа нь өнгөрсөн 35 жилд үндсээрээ өөрчлөгдсөн. Монголын Хятадтай хийх худалдаа маш их өргөжсөнөөс гадна Монголын экспорт буюу мөнгө олох ганц гарц нь Хятад болсон. Хятадын хөрөнгө оруулалт үнэндээ амьдрах тэжээлийн үндсэн сурвалж болсон. Өнөөгийн нөхцөл байдалд үүнээс зайлсхийх бололцоо байхгүй. Монголд уул уурхайгаас өөр худалдах юм байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээл Хятадаас өөр байхгүй. Энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга үгүй. ЗХУ Монголын худалдааны 92%-ийг бүрдүүлж байсан, эдийн засгийг бүрэн монополчилж байсантай монголчууд эвлэрэхээс өөр аргагүй олон жилийн нөхцөл байдалтай байсантай үлгэрлэн жишиж болохуйц. Харин ялгаатай нь нийгэм улс төр гадаад бодлогын хувьд юутай ч өнөөдөртөө бие даасан бодлогоо хадгалсаар байна. Бие даасан байдлаа хадгалж чадсаар буйн өөр нэг маш том хүчин зүйл бол 1990 онд заралсан “гурав дахь хөршийн бодлого” юм. Хоёр хөрштэйгээ мөнхийн элэгсэн дотно харилцаатай байхын зэрэгцээ дэлхийн бусад бүх улс орныг мөн бас хөршөө гэж үзэн хэнтэй ч дайсагналгүй сайн харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг. Монгол улсын Үндсэн хуульд тусгасан санаагаар чөлөөт ардчилсан Монгол улс нь цэрэг улс төрийн алив талцал нэгдэл бүлэглэлд үл хамаарах тусгаар тогтносон, бие даасан, төвийг сахьсан субъект юм.
Бие даасан байдлаа цаашид сахин хамгаалж, гадаад орчноос сөрөгөөр нөлөөлөх хүчин зүйлийг багасгахын тулд дөрвөн арга хэмжээг биелүүлэх шаардлага тулгарч байна.
- Ложистик. Далайд гарцгүй, ердөө хоёрхон хөршөөр бүтэн хүрээлэгдсэн Монгол орны хувьд мөнгөтэй болох ганц арга зам нь төмөр замжуулах гарц юм. Учир нь Монголд буй байгалийн баялаг болох нүүрс, зэс, жонш, нефть нь олзвололт гэхээсээ тээвэрлэлтийн бизнис.
- Эрчим хүч. Эрчим хүчээр өөрсдийгөө бүрэн хангах нь бие даасан байдлаа хадгалах голлох хүчин зүйлийн нэг. Монгол нь эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах хангалттай нөөцтэй төдийгүй экспортлох арвин боломжтой. Нүүрсний, атомын, сэргээгдэх эрчим хүчний баялаг эх үүсвэр энд бий. Үүнд хөрөнгө оруулах, хамтран ажиллах гадны хөрөнгө оруулагчдын сонирхол ч их.
- Шатах тослох материал. Ганц орноос бүрэн хамааралтай байдлыг багасгах арга замыг хайх.
- Геологийн хайгууль. Өнөөдөр Монгол орон түүхэндээ газар нутгийн ердөө хорин хувьд нь геологийн хайгууль хийгджээ. Геологийн хайгуулиар баялагийг тогтоон бүртгэлжүүлнээр улс орны нөөц баялаг ил болж, тэр хэрээрээ зээлжих эрх эрс нэмэгдэнэ.
Тусгаар тогтносон ардчилсан, чөлөөт Монгол улс өнөөгийн бие даасан байдлаа сахин хамгаалахад дээрх дөрвөн хүчин зүйл тулгамдсан шаардлага юм. Бие даасан байдлаа хамгаалахад хамгийн чухал хэрэгслэл бол мөнгө. Мөнгөтэй байхад нийгэм эдийн засгийн бүх салбараа “солонгоруулж” болно. Мөнгөгүйгээр элдэв амлалт, мөрөөдөл, уриа лоозон, санаархал бүгд хий хоосон популизм. Нийгэм улс төр эдийн засгийн тогтолцоогоо өөрчилсөн өнгөрсөн гуч гаруй жилд дан ганц популизмаа хөгжүүлсээр олигтой дэвшилд хүрсэнгүй. Дээр тооцсон дөрвөн гол амин чухал дэвшлийн гарцыг гадны нөлөөнөөс гэхээсээ монголчууд өөрснөө популизмдаж чөдөрлөн зогсоосон. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдалд шууд утгаараа харшилсаар ирлээ.
Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.
2022.8.23