“Энэ чинь арабын орон мөн үү?”
Каирт томилогдож ажлаад хоёр жил хагасыг туулахдаа ажигласан, бие дээрээ мэдэрсэн, наад Персийн булангийн орнуудад бол бүр ч их мэдрэх, түүнийгээ харьцуулах бас нэгэн чухал зүйл Ливанд илт мэдрэгдэв
Ливан (3)
Каирт томилогдож ажлаад хоёр жил хагасыг туулахдаа ажигласан, бие дээрээ мэдэрсэн, наад Персийн булангийн орнуудад бол бүр ч их мэдрэх, түүнийгээ харьцуулах бас нэгэн чухал зүйл Ливанд илт мэдрэгдэв. Манай Каирт бол яг нойрон дунд үүр шөнөөр (04.30 цагт) "Аллах Акбар" ("Аллах аугаа") гээд л мөргөлийн дуу хадна. Коран судрын уншлагын дууг хотоор нэг цууриатуулна. Бейрутэд бол тэгэхгүй юм. Бейрутын өмнөд хорооллууд, палестины Сабра, Шатила хороололд л мөргөлийн дуу алсад дуулддаг гэнэ. Эргэн тойрон уулс, ой мод, хажууд цэлэлзсэн их далай, түүнд нь тэр дуу нь уусчихдаг байх гэж таамаглахад хүрэв.
Арабын орнуудад ажлын цаг, дэг нь манайхаас шөл өөр. Халуун их шатдагаас хүмүүс нь аажуу наазгай, цаг баримталдаггүй, өдөр шөнө нь солигдчихсон, санаатай биш ч худал хэлчихдэг, хэлснээсээ булзаад бултчихдаг тал бий. Түүнийгээ Аллах руугаа (тэнгэр рүү) заачихна. "Инша Аллах" ("Аллах мэдэж байгаа байлгүй дээ!") гэж нэг бэлэн зэлэн үгтэй. Бүх юман дээр хэлнэ. Харин Ливанд бол тэгэхгүй юм. Гадаадын зочид төлөөлөгчдийн хөтөлбөрийг мөргөлийн цагтайгаа зөрүүлэх гэж, үнэндээ бол лалын ёс жаягтаа захируулах гэж арабын орнуудад ядчихдаг бол Ливанд тэгэхгүй юм. Тэгж саатах явдал тохиосонгүй. Лалын шашны хууль тогтоомж аялал жуулчлал хоёр олон юман дээр шууд харшилдаг тал миний очсон Арабын орнуудад ажиглагдсан бол Ливанд тийм юм алга.
Өмнө нь намайг тэнд гуравхан хоноход тэр орны Аялал жуулчлалын сайд, Соёлын сайд нь шууд хүлээгээд авчихсан нь гадаадын зочдыг шашны шалтгаанаар чирэгдүүлдэггүйн нотолгоо байх. Мөн жижиг улс жижиг улсаа ойлгож дэмжинэ гэдгийнх нь ч илэрхийлэл байсан болов уу. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын саяхны айлчлал дээр ч мөн тэгж шуурхай, найрсаг, өөриймсөг хандана лээ. БНЛивУ-ын Ерөнхийлөгч Мишел Сулейман ноён Н.Энхбаярыг хүлээн авч уулзахаар хөтөлбөрт тусгасан байсан ч тэрээр амжаагүй. Түүнийгээ Ливан-Сирийн дээд хэмжээний уулзалт болох гэж буй, Франкофоны орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор өөрөө мордлоо гэдэг үндэслэлээр их л эелдэгээр хүлцэж уучлал хүссэн захидал ирүүлсэн баримт нэгийг хэлэх шиг. Арабын бусад оронд бол ингэнэ гэж байхгүй. Ёстой л "Инша Аллах" ("Аллах мэдэж байгаа байлгүй дээ!") гээд өнгөрөөх байх. Тэгээд бүр Ерөнхийлөгч Мишел Сулейманыг төлөөлж хүндэтгэл үзүүлэхээр тус улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд хатагтай Мона Офеише бидэнд зоог барьсан юм. “Энэ чинь арабын орон мөн гэж үү?” гэж орь дуу тавьснаа л нотлох санаатай ийм харьцуулалт хийж байна л даа.
Энэ орныг “Дорнын Швейцарь” гэж нэрийдэх болсон бас нэг чухал хүчин зүйл нь энэ улс араб ертөнцийн санхүү-банкны нийслэл хэмээн олон жил тооцогдсон, банк, бирж, үйлчилгээний салбар илт давуу хөгжсөнтэй нь холбоотой. Олон жилийн иргэний дайнд хамаг мөнгөө цацаад дууссан юм уу гэж ойлгодог бол тийм биш байна. Бүтээн байгуулалтыг эрчимтэй хийж байна. Гадаадад ч хөрөнгө оруулалтыг чамгүй хийжээ. Ливаны баян цагаачид гэж мөнгөний эх ундарга (ихэнхи нь христосын шашинтан) Хойд ба Латин Америк, Израиль, Франц, Европын бусад оронд тархан суурьшсан ба тэд нь хоёрдмол, зарим нь бүр гурамсан (гурван улсын харьяаллыг ингэж нэрлэбэл болох болов уу) харьяалалтай, тэр нь эх орон руугаа мөнгө цутгахад нэмэртэй гэж байв. Дотоодын хууль тогтоомж нь тийм уян хатан гэсэн санааг энд хэлээд байна. Дэлхийн номер нэг баян нь Мексикийн ливан иргэн (Билл Гейтсийг ардаа орхисон) гэж бахархан ярьж байна лээ. Биднийг урьж айлчлуулсан хуульч Жоржес Хаддад гуайн авга өвөг нь гэв үү, Батистын дэглэмийн үед Кубад Ерөнхий сайд байсан лут баян ливан иргэн гэж танилцуулсан. 2007 онд манай Ерөнхийлөгчийг Булангийн гурван улсад айлчлахаар мордоход Алвалиид хэмээх Саудын тэрбумтаны “алтан” онгоц ирж авсныг тэгэхэд хамт явсан хүмүүс санаж байгаа байх. Тэр Алвалиид бол тусгаар тогтносон Ливаны анхны Ерөнхий сайдын зээ хүү юм. Даян дэлхийд ливан хүн 20 гаруй сая бий, түүнээс 4 сая орчим нь эх нутагтаа, бусад нь тэр мексикийн ливан, энэ Алвалиид шиг олз омогтой явдаг, тэгээд ч “Дорнын Швейцарь” гэж нэрийдсэн тэр эх орондоо мөнгийг цутгаж байдаг юм болов уу гэхээр сэтгэгдлийг бидэнд үлдээсэн юм.
Ер нь хөрөнгө оруулалт эрж хайя гэхэд Ливан нь тун боломжийн газар шиг санагдсан шүү. Ганц жишээ. Ерөнхийлөгч Мишел Сулейманыг төлөөлж Ливаны Төрийн сайд хатагтай Мона Офеише бидэнд зоог барих үеэр яригдсан нэг чухал сэдэв одоо босч ирээд байна. Монголд монгол сонирхогч түнш нь байж магад гээд би бичиж байна. Сайд Офеише гуай цаашаа Хөдөө аж ахуйн сайд Кассар гэдэг хүндээ санаа өгсөн бололтой. Кассар нь худалдаа, хөрөнгө оруулалтын маш том компанийн үүсгэгч нь, тэр “Kassar SAL” компанийнх нь менежер Надине Хажжар бидэнтэй тэр орой хамт хооллосон, шинэ танил маань. Надад Хажжараас захидал ирүүлжээ. Монголын үхрийн мах маш ихээр импортоор авъя, өөр мал аж ахуйн бүтээгдэхүүн ч авч болно хэмээн Ливаны Хөдөө аж ахуйн сайд Кассарын компани нь шийдсэн юм байна. Бас нэг жишээ. Бид найз Жоржес Хаддадынхаа оройн зоогт уригдах үеэр бидэнтэй зориуд танилцахаар Оманы шейх, тэрбумтан, Оазис энержи компанийн ерөнхийлөгч Тамэр Аль Шанфари гэдэг хүн Лондонгоос ирж бидэнтэй найз нөхөд болцгоов. Тэр нөхөр Оманд нефтийн цооногууд эзэмшсэн, Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилждаг, одоо энэ хүнийг Монголд хөрөнгө оруулаач гээд би захидал төлөвлөөд сууж байна. Энэ нөхрийн урилгаар тэр Оманд нь очиж хамтын ажиллагааны эхлэл болох уулзалт хийдэг юм бил үү ч гэсэн бодол надад байна.
Одоогоор бидний төлөвлөж байгаа, Монгол-Ливаны хооронд хэрэгжүүлэхээр хүлээгдэж буй, тухайлбал монголын ардын дуу бүжгийн чуулгын багийг Бейрутэд урьж тоглуулах, тэнд нь уран зураг, гар урлалын үзэсгэлэн нээх, монгол оюутнуудыг ливаны тэтгэлгээр суралцуулах, улмаар Монголд Ливанаас анхны хөрөнгө оруулалт хийх, анхны хамтарсан жижиг үйлдвэр байгуулах, Монголоос мах тийшээ экспортлох, аялал жуулчлал хөгжүүлэх гэхчлэн ажлыг “Дорнын Швейцарь”-т цутган орж байгаа тэр их хөрөнгөний нэгээхэн хэсгээр бүтээх бидний санаа бол бодитой юм.
Ливанд эх орноо сурталчлах, ялангуяа Монгол Улсын түүх, соёл, өнөөгийн хөгжил, гадаад харилцаа, тэр дундаа Монгол-Ойрхи Дорнодын харилцааны түүх өнөөгийн байдлыг үнэн зөвөөр ливанчуудад төсөөлүүлэх явдал нэн чухал юм. Ингэж чадвал хамтын ажиллагаа зөв гольдролоор эхэлнэ. Энэ үйлсэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын саяхны айлчлал оршил нь болж өглөө гэж үзэх үндэстэй юм. Тус орны тэргүүлэх их сургууль – Бейрут дэх Америк их сургуульд түүний уншсан лекц, мөн тэнд зочлохдоо тус их сургуулийн Ерөнхийлөгч доктор Питер Дорман (АНУ-аас сонгогдсон), Дэд ерөнхийлөгч проф.Хассан Диаб, Мэдээлэл- гадаад харилцаа эрхэлсэн захирал Хикмат Беайни нартай уулзсан явдлыг нэн олзуурхаж байна. Ялангуяа Америк их сургуулийн Дэд ерөнхийлөгч проф.Хассан Диабтай хамтын ажилллагааны асуудлаар санал солилцож, монгол оюутнуудыг тэнд суралцуулах төдийгүй, Улаанбаатарт Америк их сургууль нээхээр ярилцсаныг манай улс ажил хэрэг болгох ёстой юм. Бейрут дэх Америк Их сургууль нь 150 орчим жилийн түүхтэй, Ойрхи Дорнод дахь ууган их сургуулийн нэг бөгөөд одоо дэлхийн 67 орны залуус суралцаж байгаа, монголчууд ч очиж суралцах өргөн боломжтой хэмээн П.Дорман гуай тэр хоёр ярьж байв. “Жаран найм дахь болоод монголчууд ирж болно шүү дээ!” гэж бүр хэлсэн гээч, би бүр тэмдэглэж авсан юм. Хоёр жилийн өмнө Вашингтонд манай Засгийн газрын нэг сайд америкийн албаны хүмүүстэй уулзаж байхдаа Улаанбаатарт Америк их сургууль нээхээр ярилцаж байгаад чимээ тасарсан, түүнийг хэрэгжүүлэхэд АНУ-ын тал бэлэн байгаа гэдгийг проф.Хассан Диаб уламжилсныг энд дурдах нь зөв байх. Хэрэв Улаанбаатарт Америк их сургууль нээгдчихвэл тэр нь Азидаа анхных биш гэхэд бүс нутагтээ цорын ганц нь болоод явчихна. Бүс нутгийн орнуудаас оюутнууд цувна, манай улсын дээд боловсролын нүүр царай шал өөр болно, манай улсын нэр хүнд жин нөлөө ч өсөөд явчихна. Энэ бол мөрөөдөл зэрэглээ биш, хэрэв бид зориглобол. Сэжүүрийг нь бид Бейрутэд гаргачихаад ирлээ шүү дээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ливанд айлчлуулсан явдал бол Монголын дотоод улс төрийн үйл явдалд ямар ч хамаагүй, түүний олон улсын нэр хүнд, илтгэх чадварыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд л ашигласан хэрэг гэдгийг энэ дашрамд дурдахгүй бол хардлага хэрээс хэтрэх шинжтэй. Тэрээр Ерөнхий сайд байх үедээ 2003 онд Куала Лумпур хотод Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож тухайн үеийн Ливаны Ерөнхий сайд Рафик Хариритай дотно танилцаж, Ливанд найрсгаар айлчлахаар уригдаж байсан юм билээ. Тэгэхээр айлчлал миний томилогдохоос хамаагүй өмнө яригдсан асуудал болж таарч байна.
Тэр урилга тодорхой шалтгаанаар хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Ливаны үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хуулийн бодлогын зөвлөх, нэрт хуульч Жоржес Хаддад Засгийн газраасаа өгсөн чиглэлийн дагуу энэхүү айлчлалыг зохион байгуулж, ноён Н.Энхбаярыг саяхан урьж айлчлуулсан юм. Монгол Улсаас Ливанд хавсран суух Элчин сайдын хувиар би дагалдаж ажилласан нь тэр юм. Хэрэв П.Очирбат, Н.Багабанди нар ийм урилга заллагатай, айлчилна гэвэл би мэдээж дагалдаж айлчлах буюу айлчлалыг зохион байгуулах нь миний үндсэн үүрэг. Энд хардаад байх асуудал ердөөсөө ч байхгүй.
Монгол-Ливаны хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон боловч өнөөг хүртэл харилцааг бодит агуулгаар баяжуулсан, хамтын ажиллагаа эхлүүлсэн ямар нэг бодитой дорвитой ажил хийгдээгүй байна. Ийм нөхцөлд энэ айлчлал Ливаны улс төрчид, парламентын гишүүдтэй санал солилцох, байр сууриа илэрхийлэх, харилцан ойлголцож харилцан итгэлцэхэд яалт ч үгүй чухал алхам болсон гэж би үзэж байна. Дипломат харилцаатай улс орны тоог өсгөх нь манай Дипломат албаны нэг үндсэн үүрэг. Тэгж өсгөснөө бодит агуулгаар баяжуулж хамтын ажиллагаа эхлүүлэх нь чухам улсаа төлөөлөн суугаа Дипломат төлөөлөгчийн газрын зүй ёсны үүрэг мөн биз дээ? Энэ утгаар саяхны айлчлал, миний тэмдэглэлийг хүлээн аваарай.
unshigch