“Эх орончдод нулимуулж, Төр засгийн муйхар дарамт хавчлагад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч шантралгүй гүрийж яваа бизнесмен залуусаа хараад дотор цэлмэдэг.Чөмөгтэй хэдэн компанитай болчихвол хөгжил цэцэглэнэ гэж ёргидог дэврүү хөгшдийн нэг нь би” гэж үүний өмнөх нийтлэлдээ бичсэн. Одоо чирэгдэгч, шимэгч нарыг хөндөе. Ардчилал чөлөөт зах зээлийн гай гамшгийг мэдэрснээ коммунист суут онолын хаялга гэж дотроо бахархдаг хүн олшров. Гаднаа бус дотроо бахархдаг нь ардчиллын зуунаас ичсэн биз. Ардчилал чөлөөт зах зээлээр замнаад үсрэнгүй хөгжсөн улс байхад өрөнд унасан нь ч бий. Тэр нь бид. Шившигтэй ч нуух аргагүй-ил үнэн. Солонгос Сингапурыг харвал ардчилал чөлөөт зах зээлийг магтмаар, Монголыг харвал муулмаар. Үүрэндээ бужигнах үй түмэн шоргоолж-азийнхан ажилсаг агаад журамлаг. 

Тэгвэл бид? Бороо орж нар төөнөж ногоо ургаж гол урсана. Мал ногоо идэж ус ууна. Монгол хүнд оролдох ажил бага. Зайлшгүй гүйцэтгэх нэг ажил бий. Тэр нь хутгаа бариад хот руугаа орох. Тархиа дайчлах өөр хэрэгцээ гарсангүй. Ингэж амьдарсан монголчууд зах зээлийн өрсөлдөөний тоосонд булагдав. Машин комьютер телевизор хөргөгч гар утсаар өрсөлдөх тухай мэдээж яриагүй. Тийм нарийн салбараас бид байтугай орос ах шахагдсан. Таван хошуу малынхаа арьс ширийг боловсруулж чадахгүй 30 жил илжилж хаяв. Коксжих нүүрсээ угааж үнэ хүргэх арга олохгүй 20 жил мулгуутлаа. 

Урагшгүй харцуудын бизнесийг ухаангүй ноёд чөдөрлөхдөө хаа очиж гаргууд. Ухаалаг менежмент хувийн хэвшлийн овсгооноос төрдөг гэсэн. Тэр овсгооны үр үндэс нүүдэлчдийн гавалд бий эсэх нь бүрхэг. Чингисийн удам ардчилал чөлөөт зах зээлийг ашиглаж чадаагүй шившгээ хүлээхгүй бурууг хол ойрын хөршдөө чихээд түншлэх нөхөргүй хоцров. Халамжаар сонгогдох, халамжаар амьдрах хоёр ихэр юм. Манай өнөөдрийн ардчилал юм. Маргааш өдрийн дампуурал юм. Иймэрхүү шүлэг байлуу. 

Залхуугийн ходоодны мухрын хүсэл-биеэ зүдрээхгүй бэлэн хоол зооглох. Хөлс гаргах байтугай хуруугаа хөдөлгөхгүй тансаг агаад үнэгүй амтатнаар цатгалан амьдрах. Ингээд зогсохгүй баяжих. Мэдээж сул олзоор. Ийм зан ардчилал чөлөөт зах зээлд харш. Сэтгэх дасгал дутагдсанаас хатингаршиж үхэжсэн тархинд юун бизнес, юун брэнд, юун патент. Оросыг магтах, Хятадыг муулахад л дөнгөж хүрнэ. “Ажилсагт зол, лазанд хохь” зарчимтай чөлөөт зах зээлийн өрсөлдөөн залхуучуудад лай. Өрсөлдөж амь зууна гэдэг тэдэнд амьдын там.

Тийм хүмүүс чөлөөт зах зээл, ардчиллыг зүхэх нь мэдээж. Тархай, зожиг, нүүдэлч малчны бүдүүлэг зан дээр нийгмийн гэх эзэнгүй өмч, бэлэнчлэх, нэг нам, аугаа ганц жолоодогч тахин шүтдэг коммунист хэвшил чөлөөт зах зээл ардчилалтай эсрэгцэв. Гэхдээ гол түгжээ журамгүй залхаг монгол хүн. Журамлаг чанар хүний төрмөл араншин биш. Хүн адгууслаг. Хүн бүр хуулийн дор амьдарч сурснаар журамлаг нийгэм үүсчээ. 

“Утга зохиол” сонины 1989 оны 9-р сарын 15-ны дугаарт социалист уралдааны талаар бичсэнээ толилуулъя: улс төрийн боловсролоор БНМАУ, ЗХУ-ын түвшинд дөхсөн дэлхийн ганц улс. Яг л самбо бөхийн амжилт шиг. Самбогоор хичээллэдэг орон дэлхийд Болгарыг эс тоолбол хоёрхон. Марксист ленинист мэргэд ард түмнийг “ажил хөдөлмөрөөрөө уралд” гэдэг. Уралдахдаа өрсөлдөхгүйг анхаарлуулав. Өрсөлдөхгүйгээр яаж уралдах билээ гэж хувьсгалын эхний жилүүдэд улс төрийн мэдлэггүй монголчууд бүдүүлэгтэв. Тэд социалист уралдааныг хурдан мориныхоо уралдаанаар төсөөлсөн болтой. Уралдаан гэсэн болохоор тэгж ойлгох нь бас ч аргагүй. 

Морины уралдаанаас социалист уралдаан тэс өөр, бүхэл бүтэн шинжлэх ухаан байлаа. Наад зах нь социалист уралдаан гэдэг уралдаан биш байв. Учир нь социалист уралдаан түрүүлж сүүлдэхийн нэр биш, сайн нь муугаа урагш чангаах, муу нь сайныхаа араас зүүгдэхийн нэр байв. Нэг нь нөгөөгөө чирж уралдахаар түрүүлэх өрсөлдөөн өрнөсөнгүй. Социалист уралдаан өрсөлдөөнгүйг практик дээр Монгол баталлаа. Ийм уралдаанаар хүмүүс уралдаад зогссонгүй, байгууллага, аймгаараа уралдав. Өөрөөр хэлбэл социалист уралдаанд хамрагдаагүй хүн, байгууллага, аймаг БНМАУ-д үлдсэнгүй. “Социалист ёсоор уралдахгүйгээр социализмыг байгуулж болохгүй” гэх онолоор бүхнийг өвч цэнэглэж дөнгөв. Уралдаад байлаа. Янз янзын мэргэжлээрээ бүх ард түмэн маань олон арван жил уралдлаа. Зохиолчид хүртэл өдөрт хэдэн хуудас бичдэгээрээ уралдаад таван жилийн “гавшгайч зохиолч”-оор Б.Бааст гуай шалгарав.

“Социалист зарчмаар хэрхэн уралдах” онолоо гүнзгийрүүлэхээр ЗХУ-аас өндөр цалинтай мэргэжилтэн олныг урьсан нь мэдээж. Гэвч үр дүн гарч өгсөнгүй. Сайн нь муугаа чирж гүйхэд урагшлах хөдөлгөөн удаашраад буйг монголчууд оросоор заалгалтгүй хар ухаанаараа гадарлаад байсан хэдий ч онол маань “манайд хоцрогдогч байх ёсгүй” гэж өдраас өдөрт чангарлаа. Сүүлдэгч буюу баян ходоодгүй уралдана гэсэн үг. 

Гэвч монголчууд хүн чирж уралдсанаас хүнд чирэгдэж уралдах биенд хялбарыг мэдлэгээр бус лазан угшлаараа соргог гадарлав. Тэгээд цөмөөрөө чирэгдэгч болохыг битүүхэн хичээлээ. Яагаад гэвэл чирэгч чирэгдэгч хоёрын цалин ижил. Социалист уралдааны зарчимд нэгийг баярлуулж нөгөөг гомдоодоггүй. Үүгээрээ социалист уралдаан капиталист өрсөлдөөнөөс энэрэнгүй юмсанж. Харамсалтай нь энэрэх тусам хөдөлмөрчид “чирэгдэгч” армид шургаад чирэгчид хүчин мөхөстөв. 

Чирэгдэгчдээр хөгжил ахисангүй, зогсонги байдалд орлоо. “Тэргүүний малчин”, “тэргүүний ажилчин” тэмдгээс эхлээд төрийн дээд одон баахныг үйлдвэрлэж баруун солгойгүй шагнав. Энгэр цоолсон хөөрхийс дотроос хөөрүү онгироочууд амьд плакат болж үхэхээ мэдэхгүй зүтгэлээ. Гэвч биеийн амар хараад одонгүй ч гэсэн бусадтайгаа ав адил цалин хүртээд суух нохой зантай нь олон аж. Тэднийг социалист хөдөлмөрийн баатрууд чирээд чирээд хүч хүрсэнгүй. 

Яагаад урагшаа давшихгүй байна гэсэн хурц асуулт тулгарав. Үүнд хэн буруутайв, юунаас болов? Мэдээж феодализмын бурангуй чөдөрлөж байна гэдэг онолын жинтэй дүгнэлт гарч, энэ талаар дагнах эрдэмтэн доктор олширч, бидний бас нэг бахархал-үндэсний сэхээтний үзүүлэлт өслөө. Цагаан гарт сэхээтний үзүүлэлт өндөрсөх тусам алдагдал ихэсч буйг нам засаг анзаараагүй дүр эсгэв. Чирэгдэгчдийн хөдөлмөрлөх идэвхийг эрдэмтэд өрнүүлж чадсангүй.

“Хөдөлмөрчдийг өдөр тутмын удирдлагаар байнга хангах шаардлага” гэсэн диссертациуд үнэд оров. “Социализмээ түргэн байгуул” гэж цаг ямагт чичлэхгүй бол ажилчин анги хөдлөхгүй шинжтэй болжээ. Залхуучууд бол тэнэгүүд биш. “Улсын ажлыг коммунист ухамсраараа хурдан чанартай хий” гэж эх орны нэрийн өмнөөс өндөр дуугаар шаардсан даргыг залхуучууд ад үзэж араандаа зуухаа мэднэ. Хэн залхуучуудад ад үзэгдэж, “шаардах” ажил эрхлэх вэ? Эх орныхоо төлөө хойш сууж доош малтагчдын хараалыг идэх эр зориг хэнд байна? 

Ганц эх оронч зүтгэлээр олонд ад үзэгдэх тэнэг ховор аж. Цалингийн нэмэгдлээр залхуучуудад ад болох хүн бол бишгүй. Ингэснээр баялаг бүтээгч ажилчин малчнаасаа хавьгүй өндөр цалинтай дарга нар үржиж суудалдаа тухлаад “цаг ямагт хөдөлмөрчдийг байнгын удирдлагаар хангах”-ын хамт орон тооныхоо цомхотголыг улаан галзуу эсэргүүцэгч-90 мянган шимэгч үүслээ.

Миний бодоход өрсөлдөөнгүй уралдаан хойш суугчдыг үржүүлж, хойш суугчид хүнд суртлын нүсэр аппаратыг томсгов. Хэрэв уралдаан маань эцэг өвгөдийн төсөөлж байснаар өрсөлдөөн байж, хэн түрүүлсэн нь илүү цалин аваад, ажил хийлгүй лазагнаж сүүлдсэн нь хоосон үлддэг болчихвол залхуучууд өлсөнө. Өлсгөхөөс өөр эм залхууд байхгүй. Тэд өлбөрч үхэхгүйн тулд хэнээр ч шаардуулж заалгахгүйгээр юуг ч ямар ч янзаар урлаж чадна. 

Тийм тохиолдолд шаардах алба хариуцсан дарга нар хэнд хэрэгтэй юм бэ? Тэдний өндөр цалинг юу бүтээсэн гэж Улсын сан хөмрөгөөс олгох вэ? Орлогын хойноос хөлсөө цувруулан уралдаж буй ажилчин анги “Шаардах ажил хэрэггүй болчихоод байхад бид тийм олон шаарддаг дарга дэмий тэжээхгүй” гэх буюу эсвэл “дарга нарыг ажилчин малчинтай адил тэгшээр өрсөлдөх уралдаанд уриалж байна” гэвэл юу гэх вэ?.. Би 31 жилийн тэртээ ийм юм бичсэн нь архивт үлджээ. 

Ийнхүү мунгинаж явсан монголчууд чөлөөт зах зээлийн адармаатай өрсөлдөөнд бүдэрснийг дээр хэлсэн. Доторх тэмцэлдээ АН сульдаж тураалд ороод Ху намаас хүч тамирын дэм гуйж, намаа хутгалсан Л.Болдын хормой дор хоног төөрүүлж яваа гэх юм. Ийм намыг хэн тоох вэ. 4-р анги төгссөн жаал их сургуульд шууд орвол мэдлэг дутна. Түүн лүгээ монголчууд ардчиллаар замнах болоогүй аж. Ардчилалд бэлэн бус сонгогчид. Хэрүүлийн бузартай АН. Ялагдал дараалах бодит шалтгаан боллоо.

Сүүлийн хоёр сонгуулиар 65-62-оор ялсан МАН-ыг муулах тэнэглэл. Хүн амын дийлэнх хуучнаа үгүйлээд бухимдуу. Тэд нэгдлийн малчин, улсын ажилчин явснаа, мөн сангийн орон сууцаа мартжээ. Социалист уралдаанд залхуучууд чирэгч бус чирэгдэгч явсныг сана. Санал өгдөг чирэгдэгч хангалттай олон тул МАН ялсаар байх болно. Чирэгдэгсдийг социалист уралдаан руугаа буц гэж шимэгчид доргиогоод, МАН хувьчилснаа хураахаар сэлэм эргүүлэв. Цүнх баригч 200 мянган шимэгч түшмэл МАН-ын талд гүйнэ. Чирэгдэгчид сонголтоо шимэгчдэд халамжаар худалдаж, шимэгчид шимсээр засаглана. Ярсхийтэл гар өргөж нижигнэтэл алга ташаад хамаг ажил гялс бүтнэ. Зоргоороо хуцагчид амаа үдүүлнэ. Нийгэм номхон морь болно. Монгол ийм дорой явах тавилантай аваас ардчилал чөлөөт зах зээл гэж сэвэх илүүц байв гэж бүү гутар. Өөрийн овсгоогоор амьдрах сортоотой үрс минь үржтүгэй! 

2020-10-25